Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 413

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Н.Мөнхцэцэг,

            шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Галхүү, С.Пүрэвдорж нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М-д холбогдох 1802000000053 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

   Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

   Шүүгдэгч Б.М нь Э.Б, Ө.У, Д.О, Г.Б нартай бүлэглэж буюу хохирогч Р.Д хаана явж байгаа болохыг мэдээлэх үүрэгтэйгээр дагаж явах үүрэг гүйцэтгэхийг урьдчилан амалж дэмжлэг үзүүлэх замаар хамтран оролцож, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэн Р.Д, С.Ж нарын биед хөнгөн гэмтэл учруулах замаар хүч хэрэглэн довтолж, Р.Д хүзүүнд байсан 1.500.000 төгрөгний үнэ бүхий алтан гинжийг дээрэмдэн авсан,

мөн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 91.05 грамм хатсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 40-55 улсын дугаартай “Киа К-5” маркийн тээврийн хэрэгсэлд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:      

   Шүүгдэгч Б.М нь Э.Б, Ө.У, Д.О, Г.Б нарын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 в байрны 14 давхарт иргэн Р.Д хүзүүнд байсан 1.500.000 төгрөгний үнэ бүхий алтан гинжийг дээрэмдэн авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь:  

- Б.М эзэмшлийн 88000234 дугаараас 2017.12.06-наас 09-ний өдрүүдэд Э.Б эзэмшлийн 88158982, Д.О эзэмшлийн 86000565, Ө.У эзэмшлийн 80011778, Г.Б эзэмшлийн 80000536 дугааруудтай холбогдсон талаарх лавлагааг ирүүлсэн “Юнител” ХХК-ийн 2018.02.12-ны өдрийн 05-01/796 дугаартай албан бичиг, хавсралт /1х, хх-124-126/,

- шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр О бид 2 Б ахтай Натур худалдааны төвийн зүүн талын гэрлэн дохио дээр уулзсан. Тэгтэл Б ах “Нарантуул захын Баялаг Ундраа худалдааны төв рүү ороод 2 давхарт үнэт эдлэл зардаг 3 дахь лангуу дээр халзан толгойтой монхор хамартай хүн байна уу хараад хэлчих гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-101-102/...Би дээрмийн хэргийг гардан үйлдээгүй, уг хэргийг санаачлаагүй, гэвч дээрэм хийх гэж байна гэдгийг мэдсээр байж энэ хэрэгт хохирогчийг лангуун дээрээ байгаа эсэхийг хараад ажлаасаа гарахаар нь Б ахад хэлсэн...2017.12.09-ний өдөр Б, У бид 3 Эрдэнэт рүү яваад замдаа Дархан дээр дээрэмдсэн гинжний тасархайгаа зарж хоол унд идэж, Эрдэнэтэд очоод пиво уусан тийм учир би өөрт оногдох хохирлоо барагдуулах болно...гэх мэдүүлэг /1х, хх-119-120/,  

- гэрч Д.О  мөрдөн байцаалтад өгсөн:...Дээрмийн хэргийн оролцох оролцоог Б хуваарилсан гэж бодож байна. Хүмүүс юу хийхийг “чи ингээрэй, чи тэгээрэй” гэж Б хэлж байсан. М хохирогчийг харуулсан, У машинтайгаа ирээд тосож аваарай гэсэн. Харин Б бид гурав 14 давхар руу орж дээрмийг гардан гүйцэтгэсэн...гэх мэдүүлэг /1х, хх-65/,  

- гэрчээр Г.Б өгсөн:...Би М, Б, У нарын ятгалганд ороод энэ хэрэгт оролцсон гэж боддог. 2017.12.08-ны өдрөөс 2, 3 хоногийн өмнөөс л Б “нэг ажил байна, бүгдээрээ нийлээд хийгээдхэе” гэж ярьж эхэлсэн. Тэгээд л хэрэг үйлдэгдсэн өдөр Мөнхчулуунаар хохирогч хүнийг “ажлаасаа гараад гэр рүүгээ явахыг” нь хараад утасдаж хэлэх үүрэг гүйцэтгүүлсэн. 2017.12.08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад намайг Б, О нартай уулзсан байхад М залгасан, Б , О нар руу залгасан. Тэгээд нөгөө хүнийг ажлаасаа гараад гэр рүүгээ явж байна гэдгийг хэлсэн. Тэгээд Мөнхчулууныг ярьсны дараа Б, О бид 3 яваад 14 давхар байрны 14 давхарт гарсан...гэх мэдүүлэг /1х, хх-63/,

- гэрчээр Ө.У өгсөн:...2017.12.08-ны өдрөөс 3, 4 хоногийн өмнө цахим тоглоомын газар байх үед дээрмийн хэрэг хийх талаар анх санааг Б гаргаж...энэ дээрмийн хэргийг үйлдсэн. М оролцоо бол хохирогчийг ажлаасаа гарахыг хараад Баттулга ахад утасдаж хэлэх байсан...гэх мэдүүлэг /1х, хх-64/,

- гэрчээр Э.Б өгсөн:...Энэ дээрмийн хэрэгт М хохирогч гэх хүнийг ажлаасаа гарахыг хараад бид нарт хэлэх үүрэг гүйцэтгэсэн...М-ыг Баялаг ундраа руу яваад хараад хэл гээд би явуулсан...гэх мэдүүлэг /1х, хх-66/,

- хохирогч Р.Д мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 30 минутын орчим тараад гэр рүүгээ алхаж явсан. Ойролцоогоор 15 минут орчим алхаад байрандаа ирсэн бөгөөд цахилгаан шатанд сууж 14 давхарт гарсан. 3 эрэгтэй өөдөөс гараад ирсэн...2 нь намайг зуураад цохиж эхэлсэн. Би газар уначихсан надтай зууралдаж байх үедээ миний хүзүү рүү гар нь яваад байсан. Учир нь би нилээд өргөн алтан гинж зүүсэн байсан. Тэгээд удаагүй манай охин хаалга нээн гарч иртэл тэр 3 шууд явган шатаар доош зугатаачихсан. Би босч ирээд гинжээ хартал миний гинж тасарсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-19-20, 60/ зэрэг нотлох баримтуудаар, мөн  

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 91.05 грамм хатсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 40-55  улсын дугаартай “Киа К-5” маркийн тээврийн хэрэгсэлд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...2017.12.10-ны өдөр 22 цаг 17 минут...жолоочийн суудлын баруун талд байх хайрцаг зэргийг онгойлгон шалгаж үзэхэд... цагаан өнгийн зөөлөн цаасанд боосон хатаасан өвс мэт зүйл, ...жолоочийн эсрэг талын урд талд үзлэг хийхэд... урд талын суудлын доод талын шалавчин дээр цэнхэр өнгийн гялгар ууттай зүйл байсныг задлан үзэхэд дотор нь цэнхэр өнгийн гялгар ууттай эд зүйл байх бөгөөд гарган авч үзэхэд эхний цэнхэр өнгийн гялгар уутны ёроолд шаргал өнгийн хатаасан ургамал мэт зүйл байв.../1х, хх-2-7/,

- тээврийн хэрэгсэлд үзлэгээр хураан авсан цэнхэр уут болон зиплок түгжээ бүхий уутанд хийж, хаягласан уутны хамт нийт 91.05 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй ургалмыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1х, хх-59/,

- Б.М-ы биеэс биологийн дээж авч шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь илэрсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-15-16/

- эд зүйлд үзлэг хийн хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-56-58/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.12.28-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн химийн шинжилгээ хийсэн:“...2017.12.10-ны өдөр 4055  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хар тамхины ургамал илэрсэн гэх” гэж хаягласан шаргал өнгөтэй ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна...” гэх дүгнэлт /1х, хх-31-32/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.02.08-ны өдрийн 1709 дугаартай шинжээчийн химийн шинжилгээ хийсэн “40-55 улсын дугаартай Киа К-5 маркийн тээврийн хэрэгсэлд “өвс” хадгалсан гэх хэрэгт тээврийн хэрэгсэлд явуулсан үзлэгээр хураан авсан зиплок түгжээ бүхий уутны хамт 1.2 гр жинтэй, №99 гэж дугаарласан ургамал мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна...” гэх дүгнэлт /1х, хх-73-77/

- шүүгдэгч Б.М-ы мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ШУТИС-ийн оюутны дотуур байрны тэр хавьд байрны хашааны буланд ургасан байсан өвс гараараа шувтарч хугалж аваад цэнхэр өнгийн уутанд хийгээд У машины жолоочийн эсрэг талын шалан дээр тавьсан. Тэгээд тэр өвснөөс бага зэргийг аваад цаасанд ороогоод татах гэсэн боловч нойтон байсан учир болохгүй байсан, хэдэн удаа сороод л больсон. Ууттай өвс машин дотор л байсан. Энэ талаар Б юу ч мэдээгүй, ард талын сандал дээр унтаж байсан. У гадаа зогсож байгаад машин дотор орж ирээд “юу юм бэ” гээд л байсан би түүнд хамаагүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, хх-119-120, 121/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотдлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.М-ыг дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгчийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.   

Нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд 2 ба түүнээс олон хүнтэй санаатай нэгдэж улмаар дээрмийн гэмт хэргийн хохирогчийг хаана явж байгааг мэдээлэхийг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тухайн дээрмийн гэмт хэрэгт “хамтран оролцохдоо хамжигч”-ийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзнэ.

Харин шүүгдэгч Б.М нь хохирогч Р.Д эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэхэд “бүлэглэн гүйцэтгэгч”-ээр хамтран оролцоогүй байх тул  гүйцэтгэгч нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ “хохирогч Р.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийн төлөө давхар эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй, мөн хохирогч С.Ж эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэл, нотолгоогүй байх тул яллах дүгнэлтэд бичсэн “иргэн Р.Д, С.Ж нарын биед хөнгөн гэмтэл учруулах замаар хүч хэрэглэн довтолж, Р.Д хүзүүнд байсан 1.500.000 төгрөгний үнэ бүхий алтан гинжийг дээрэмдэн авсан” гэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд гаргасан алдаа болохыг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.      

Яллах дүгнэлтэд гаргасан тухайн алдаа нь шүүгдэгч Б.М холбогдох гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул Эрүүгийн хууль хэрэглээний бичилтийн алдаа, зөрчлийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн ба тухайн алдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй болно.   

Шүүгдэгч нь дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Р.Д 316.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн нийлмэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн хорих ял оногдуулах боломжтой.  

            2018.01.08-ны Ө.У эзэмшлийн 4055 УБТ дугаартай автомашиныг битүүмжлэх саналыг мөрдөгч гаргасан /1х, х-12/, 2018.01.10-ны битүүмжлэх тухай прокурорын тогтоол гарч, мөн өдөр тухайн автомашинд үзлэг хийсэн /1х, х-13, 02-3/, тус үзлэгээр илэрсэн “ургамал”-ын талаар яллагдагчаас мэдүүлэн авсан /1х, х-48/, мөн Б.М 2017.12.10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “зөвхөн дээрмийн гэмт хэрэг болон цагдаад баригдсан талаар мэдүүлсэн /1х, х-26-27/ байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн “хуульчилсан тайлбар”-т зааснаар буюу “шүүгдэгч Б.М гэрчээр мэдүүлэг өгч, өвсийг зааж өгсөн, өвсийг сайн дураараа шилжүүлэн өгсөн” үндэслэлээр ялаас чөлөөлөх тухай өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй /1х, х-203/,  Б.М мансууруулах эм, бодис хадгалсан тухайн 40-55  улсын дугаартай “Киа К-5” маркийн автомашиныг Ө.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үндэслэлээр Ө.У нарын үйлдсэн өөр гэмт хэрэгт битүүмжилсэн /1х, х-13/ байх тул уг автомашины битүүмжлэлийг тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй.     

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг зиплок түгжээ бүхий 90 грамм өвс, 1.5 гр жинтэй зиплок түгжээ бүхий уутанд хийсэн хатаасан ургамал зэргийг зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэв.     

Шүүгдэгч Б.М нь 2017.12.10-с /1х, хх-35-39, 43, 92-93, 98-100/ эхлэн 2018.04.10-ны /2х, хх-17-18/ өдрийн байдлаар 121 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б.М дээрэмдэх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,  

мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар  шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д  зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы эдлэх 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.М-ы цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг 90 грамм өвс, 1.5 гр жинтэй зиплок түгжээ бүхий уутанд хийсэн хатаасан ургамал зэргийг зохих журмын дагуу устгасугай.  

8. Шүүгдэгч Б.М-ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.    

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.