Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/63

 

 

 

 

 

    Т.Оад холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Цэрэндулам /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэзаяа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Т.Оад холбогдох 2519000000178 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

* .

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Т.О нь Дорноговь аймгийн * нутаг дэвсгэр Оргил дэлгүүрийн замд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Киа Бонго маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхйг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолж,

шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч Т.О баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “....миний үйлчлүүлэгч Т.Оын хувьд гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй тул прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, прокурор хүсэлтийг шийдвэрлэж торгох ял тохиролцсон боловч анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж ердийн журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. 

Т.Оын хувьд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, хувийн байдлын хувьд Т.О нь эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн * суманд хөдөө өөрийн малыг маллаж амьдардаг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт бүрэн авагдсан байгаа. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгч Т.Оад 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

6.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Т.Оад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.О нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөн прокуророос оногдуулах ялын саналын талаар харилцан тохиролцсоны дагуу хэргийг анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Анхан шатны шүүх хүлээж аваад шүүх хуралдааныг товлон зарлаад хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүгчийн захирамж 2025 оны 7 сарын 31-ний өдөр гарсан. Ингэхдээ прокурортой тохирсон ялаас үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй гэдэг үндэслэлээр шүүгчийн захирамж гарч ердийн журмаар шилжүүлэхээр болсон. Анхан шатын шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шүүх хуралдааны үед миний бие ээлжийн амралттай байсан учраас хяналтын прокурор Д.Зуунай шүүх хуралд орсон байдаг. Гол яригдах юм нь юу вэ гэхээр Т.О гэж хүн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл бололцоо бүрэн хангагдсан байхад шүүгч ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. За энийг яагаад яриад байна гэхээр ийм хэргүүд зөндөө гараад байгаа учраас л ярьж байгаа юм. Шүүгдэгч Т.Оын хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөд хэргийг хялбаршуулсан журмаар шилжүүлээд явж байсан хэргийг шүүх үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж харж байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, за түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг анхан, давах, хяналтын шатанд шилжүүлэх бүх бүх үе шат хамаарч байдаг. Энэ бүх үе шатанд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой. Өмгөөлөгчийн гомдол 2 агуулгатай байна гэж би харсан. 1 дүгээрт ялыг хөнгөрүүлэх байр суурьтай гомдол гаргасан байна. 2 дугаарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зөрчилтэй холбоотой асуудал нь өөрөө юу вэ гэдэг асуудалтай холбогдуулж гаргасан байна гэдэг үүднээс нь тайлбар гаргаж байгаа юм. Давж заалдах шат, шүүх, анхан шатын шүүхийн энэ хууль зөрчсөн шийдвэрийг зөвтгөх, цааш явуулах эрх хэмжээ байгаа учраас  буруу практик тогтож байгаа асуудлыг зөвтгөж өгөөч гэдэг байдлаар тайлбараа гаргаад байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагааг хэрэгжүүлэх этгээдээс Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэснийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцох, хариуцлага тооцох зохицуулалт нь байгаад байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ шийдвэр өөрөө хэдийгээр хүчин төгөлдөр болчихсон байгаа боловч үүнийг зөв мэтээр үргэлжлүүлээд цаашаа явуулах нь үндэслэлгүй байгаа учраас Т.Оад холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын хувьд алдаатай гарсан гэдэг үүднээс анхан шатны шүүхийн 2025 оны 8 сарын 14-ний өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай орж байна. Дээрээс нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Т.Оын овог Түмэнбаярын гэж байх ёстой байтал Л.Т.О гэж бичигдсэн байдаг. Мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тал дээр Б гэж хүний талаар бичигдээд явсан байдаг. Тэгэхээр энэ шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй бичигдээгүй ба шүүхийн шийдвэр хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, өмгөөлөгч С.Шинэбаярын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан эх сурвалжийг магадлан үзвэл:

1.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч  Т.Оыг Дорноговь аймгийн * нутаг дэвсгэр Оргил дэлгүүрийн замд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Киа Бонго маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

2.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байна.

Тухайлбал шүүгдэгч Т.О нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдийн 715 дугаар шийтгэвэр/1хх 21-23/-ийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ Киа Бонго маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн Зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн тэмдэглэл /хх2/, жолоочийн лавлагаа /хх8/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх3-4/, Т.Оын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх6/, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2024/ЗШ/715 дугаартай шийтгэвэр /хх21-23/ зэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн буюу Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, шүүгдэгч Т.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

3.Харин Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдалд хамаарах малчин, мал маллаж амьдардаг учир тогтсон нэг газарт буюу * сумын төв/1хх17-18/-д байнга байх боломжгүй бодит нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд нийцсэнгүй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай энэ үндэслэлээр шүүгдэгч Т.Оад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг,  хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох, торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж байгаа энэ өөрчлөлт нь хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байгаа бөгөөд энэ үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрлэсэн болно.  

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 буюу Эрүүгийн  хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгч Б ийг гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч өмгөөлөгч авах эсхүл авахаас татгалзсан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлтийг бичгээр гаргуулж аваагүй нь Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолд заасанд нийцээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь уг тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно,  Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх явцад ЭХХШтХ-ийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээрх нийтлэг журмыг нэгэн адил баримтална” гэж заасан байх тул цаашид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиолдолд прокурор дээр дурдсаныг анхаарч, хэрэгжүүлж ажиллавал зохино.

Энэ хэргийн тухайд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсний дараа шүүгчээс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” хүсэлтийг бичгээр авч, хэргийг ердийн журмаар  болон шүүх хуралдааныг өмгөөлөгчгүй явуулахаар тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулсан/1хх63/ нь үндэслэлтэй.   

Мөн шүүх хуралдаан товлогдсон өдөр буюу 20258 оны 8 дугаар сарын 07-ны өдөр /1хх72/ шүүгдэгч “...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох” хүсэлтийг гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч, ханган шүүх хуралдааны хойшлуулж, шүүгдэгчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангасан нь дээр дурдсан УДШ-ийн тогтоол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцэж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгосугай.” гэж,

2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2,700,000 төгрөгийн торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.МӨНХБҮРЭН

                                                      ШҮҮГЧ                      А.САЙНТӨГС

                                                      ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА