Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2016/0872/З |
Дугаар | 1063 |
Огноо | 2016-12-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1063
2016 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2016/1063 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 6 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Зи************ Б************/РД: УШ5************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С**********д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С**********ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 221 дүгээр тушаалыг илт хууль бусад тооцуулж, урьд эрхэлж байсан Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хууль бус тушаалын үндсэн дээр албан тушаалаас шилжүүлсний улмаас авч чадаагүй цалин болон төрийн албаны нэмэгдэл, унаа, хоолны мөнгө зэрэг орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын улсад төлөх ёстой байсан төлбөрийг, урьд эрхэлж байсан албан тушаалд намайг авч ажиллуулах удирдлагын шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эр************, нарийн бичгийн дарга Ж.Ун************ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...З.Б********** миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 1993 оноос 23 жил, Төрийн албанд 1975 оноос 41 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нэг жил гаруйхан хугацаа үлдээд байна.
Намайг 2016 оны ээлжийн амралт эдэлж байхад ажлаас халахаар утсаар мэдэгдсэний маргааш нь Ш.С****** даргатай уулзах үед тэрээр Хэрэг эрхлэх газрын дарга Мөнхбат Ардчилсан намын үед буюу 2012 оноос хойш ажилд авсан бүх хүнийг ажлаас хал гэсэн, тэр дотор З.Б****** гэдэг хүнийг ажлаас хал гэж надад үүрэг өгсөн, чи ажлаасаа халагд, эсвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан тушаал, цалин буурч шилжиж ажилла, чамайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цаг******тэй урьдчилаад ярилцаж тохирсон байгаа гэсэн утга учиргүй, хууль бус шаардлага тавьж тэр өдөртөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 221 тоот тушаал гаргаж түүндээ Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалтыг үндэслэж байгаа нь энэ хуулийн заалтын утга, агуулгыг илт зөрчсөн гуйвуулсан байна.
Мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж уншиж сонсгосон бөгөөд уг тушаалыг надад өгөлгүй зөвхөн өөр байгууллагад шилжүүлсэн тушаалыг өгч байгаа нь гайхширал төрүүлж байна.
Энэ тушаалыг авахаар асууж хүсэхэд тэр чамд хамаагүй, ажилгүй орхиогүй нь их юм гэж бод гэх мэтээр даапаалж, уг тушаалыг нууцалж байгаа, тушаал гаргасан өдөртөө ажлын үнэмлэхийг ордны комендатурт бичгээр үүрэг өгч, хүчээр хурааж авсан зэргийн цаана хууль бус үйлдлээ далдлах зорилго агуулж буйг шүүж гаргах хэрэгтэй юм.
Ажлаас намайг чөлөөлсөн тушаалын агуулгыг сонсож байхад илт хууль бус шийдвэр гэдэг нь бодогдож байсан бөгөөд энэ тушаалыг авсан нөхцөлд миний нэхэмжлэлд дурдагдах хууль бус эрхийн акт гэдэг нь давхар нотлогдох үндэслэлтэй байна.
Түүнчлэн намайг ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас өөрчлөх тушаал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байна.
Төрийн албан хаагч миний талаар ямар учир, шалтгаанаар урьдчилан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон Улсын Их Хурлын гишүүн, хэрэг эрхлэх газрын дарга Ж.М****** ярилцсан болох, түүний өгсөн чиглэлийг удирдлага болгож намайг ажлаас өөрчилж байгаа зэрэг нь зүйд нийцэхгүй үйлдэл билээ.
Энэ нь Ш.С****** албан тушаалаа ашиглан миний талаар бусадтай үгсэн, хуйвалдаж, хууль бус шийдвэр гаргасныг баталж байна. Тэгээд ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан ажлын зайлшгүй ямар шаардлага гарсан, би тэнд очиж ажиллах шаардлагатай эсэх гэх мэт асуудлаар огт ярилцаагүй атлаа Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэж өөртэй нь тохирсон хэмээн огт болоогүй зүйлийг болсон мэтээр гүтгэжээ. Ийнхүү шууд хамааралгүй хуулийн заалтыг надад тулгаж, Ш.С****** өөрт болон бусдын ая таалалд нийцүүлж, хууль бус шийдвэр гарган Төрийн албан хаагч намайг хохироож байгааг таслан зогсоож өгнө үү.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт би очиж ажиллахгүй байх албан ажлын, ёс зүйн учир шалтгаан бас байна.
Үүнд: Ажил албан тушаал, зэрэглэл буурахад цалингийн хэмжээ эрс буурч энэ хирээр 1 жилийн дараа тэтгэвэрт гарахад тэтгэвэр буурах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт туршилтын хугацаагаар 1 жил ажиллах нь тодорхой байна.
Би Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагын түвшинд очиж ажиллахгүй нь тодорхой, ийм албан тушаалд Засгийн газрын чиглэл, Шадар сайдын санал болгосноор томилж, чөлөөлөгддөг.
Хэрэв Хэрэг эрхлэх газрын 221 тоот тушаал хэрэгжих нөхцөлд миний ажил, албан тушаал, цалин, зэрэглэл 4-5 шатлалаар буурах нь дараах эрх зүйн актуудаар батлагдаж байгаа юм. Би одоо АА-5 шатлалаар цалинждаг бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очиж ажиллах нөхцөлд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд шинээр томилогдсон ажилтанд 1 жил хүртэл туршилтын хугацаа хэргэлнэ. Улсын байцаагч нь мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна. гэсэн журмын дагуу ТЗ-4-5 шатлалаар цалинжихаар байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааг би иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хэрэг эрхлэх газрын удирдлагаас өгсөн удирдамж, шийдвэрээр 2011, 2013, 2014 онд шалгах үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь бусадтай хуйвалдан мөнгө ашиглан улсад их хэмжээний хохирол учруулж ажлаас халагдсан, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагын нөмөр, нөөлөг дор үлэмж хэмжээний мөнгө зувчуулсан гэх мэт зүй бус, ноцтой үйлдэл гаргаж байсныг илрүүлж таслан зогсоож байсан юм.
Энэ шалгалтаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт оршиж байсан, ноцтой зөрчил дутагдлыг илрүүлж холбогдох олон тооны албан тушаалтнуудад захиргааны хариуцлага тооцуулж сахилгын шийтгэл хүлээлгэж байсан газарт намайг хүчээр шилжүүлж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл билээ.
Энэ шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг Засгийн газар, төрийн албаны нэр хүндэд сэв суулгах учир Хэрэг эрхлэх газрын удирдлагын хүрээнд ярилцаад шийдье. Шалгалтын дүнг ажилчдад танилцуулах шаардлагагүй гэж дарамталж, шалгалтын үйл ажиллагааны үндсэн зарчмаас хазайлгаж, шалгалтын дүнг үндэслэн хуулийн байгууллагад шилжүүлж нягтлуулах, холбогдох арга хэмжээ авахыг санал болгоход түүнийг бүрхэгдүүлж, займчуулж байсан.
Ийм нөхцөл, байдлын дунд намайг албан тушаал эрс бууруулж Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гүйцэтгэх албан тушаалд шилжүүлэх шийдвэр гаргаж байгаа нь шийтгэлийн хэлбэр илт агуулсан, залхаан цээрлүүлсэн үйлдэл болж байгаа бөгөөд бодит байдалд 221 дүгээр тушаал нь хууль бус, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох нь олон талаар батлагдана.
Албан ажлын зайлшгүй шаардлага гэдэг ойлголтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд олон нөхцөл, байдлаар тодорхой зааж өгсөн байна.
Би 25 жил ажилласан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олны дунд байж, 1 жил гаруйхан хугацааны дараа тэтгэвэрт гарч, цаашид Хэрэг эрхлэх газрын ахмадын хороонд бүртгэлтэй байж байгаад нүд анимаар байна.
Тушаалд дурдсан З.Б******тай өөртэй нь тохирсны дагуу гэдэг үг худал болох нь хэнд ч ойлгомжтой бөгөөд ажлаас хална, тэтгэвэрт гарахаас чинь жил гаруйн өмнө албан тушаал, цалин бууруулж, бидний удирдамжаар ажлыг нь шалгаж зөрчил, дутагдлыг нь илрүүлж холбогдох хүмүүст арга хэмжээ тооцуулж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт очиж ажилла, эсвэл ажлаас халагд гэсэн хууль бус, эрүүл бус шаардлага, дарамт, тулгалтыг хүлээн зөвшөөрдөг, тохиролцдог эрүүл ухаантай хүн байхгүй нь хэнд ч ойлгомжтой билээ.
Харин эдгээр үйлдэл нь Ш.С********** өөрийн явцуу эрх ашгийг улс төрийн нам, түүний удирдлагуудын нэр хүндээр намайг далайлган сүрдүүлж, өөрийн дураар дургих хэрэгсэл болгож байгааг давхар нотлох баримт юм. Түүнчлэн тушаалд надад шууд хамааралгүй хууль тогтоомжийн зүйл заалтыг ашиглан, сүржигнэж, хий хүч нэмэгдүүлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэл болгосон нь нэг. байгууллага татан буугдаагүй, хоёр. өөрчлөн байгуулагдаагүй, гурав орон тоо хасагдаагүй учир утгагүй зүйл болжээ.
Мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг үндэслэл болгож байгаа нь ч утга авцалцаагүй үйлдэл юм. Учир нь:3асгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 2012 оны 20 дугаар тогтоолоор Хэрэг эрхлэх газрын бүтцэд Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар баталсан, үүний дараа сая гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 10 дугаар тогтоолд Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газартай байхаар урдах тогтоолоор батлагдсан орон тоо, бүтцийн нэр, үг, үсэг цэг, таслалын өөрчлөлтгүй батлагдсан нь энэ газарт бүтцийн өөрчлөлт ороогүйг батална.
Иймд тушаалын үндэслэл болж чадахгүй юм. Энэ мэт тушаалын агуулгад шууд хамааралгүй хууль, тогтоомжийн заалтыг хэрэглэх, илт хууль бус шийдвэр гаргаж бусдыг ажил, амьдрал, албан тушаал, нэр төрөөр нь хохироодог асуудал Хэрэг эрхлэх газарт удаа дараалан гарч байдгийг надад урд тохиолдож байсан бодит жишээ батлах юм.
Иймд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С******гын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 221 тушаал нь илт хууль бус байх тул тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан Хэрэг эрхлэх газрын ХШҮДАГ-ын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалд эргүүлэн ажиллуулах шийдвэр гаргуулж, Хууль бус тушаалаар миний ажлыг үндэслэлгүй өөрчилснөөс үүдэн гарсан цалин болон төрийн албаны нэмэгдэл, унаа, хоолны мөнгө, зэрэг орлого, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын улсад төлөх ёстой байсан төлбөрийг, урд эрхэлж байсан албан тушаалд намайг авч ажиллуулах удирдлагын шийдвэр гарах хүртэлх хугацаанд жил, сар өдрөөр нь тооцуулж 100% бүрэн барагдуулж өгөхийг нэхэмжилж байгааг минь судлан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С****** итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эр****** шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
... 3асгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн баталж, тус газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн. Ийнхүү тус газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 211 дүгээр тушаалаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийн нэгжүүдийн орон тоо, ажил үүргийн хуваарийг шинээр батлагдсан бүтцэд нийцүүлэн шинэчлэн баталсан болно.
З.Б********** тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан Засгийн газрын ахлах референтээр ажиллаж байсан бөгөөд түүний Ажлын байрны тодорхойлолт-д заасны дагуу үндэсний хөгжлийн цогц бодлого, хууль, Улсын Их Хурлын болон Байнгын хорооны тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан. Харин тус газрын бүтцийг шинэчлэн баталсан Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн баталсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалын дагуу түүний эрхэлж байсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт-ийн орон тоо хасагдсан болно.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн З.Б********** өөртэй нь тохиролцсоны дагуу түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Ца**********гээс ажлын туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчийг тус байгууллагад шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1/2199 тоот албан бичгээр ирүүлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тавьсан хүсэлтийн дагуу 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож, З.Б**********ыг цаашид өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртлээ төрийн албанд ажиллах бололцоог хангах зорилгоор Ажилд шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан болно.
Өөрөөр хэлбэл, З.Б**********ын төрийн албанд ажилласан хугацаа, туршлага, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхэд 1 жилийн хугацаа дутуу байсан зэргийг харгалзан түүнийг Төрийн албаны тухай хуулийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэснийг үндэслэн түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Байгууллагын бүтэц шинэчлэн батлагдаж, З.Б**********ын орон тоо хасагдаж цаашид ажиллуулах боломжгүй болсон хэдий ч түүнийг шууд ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан 3 сарын тэнцэх цалинтай хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэрийг гаргаагүй юм.
З.Ба********** нь гаргасан нэхэмжлэлдээ ...намайг 2016 оны ээлжийн амралт эдэлж байхад ажлаас халахаар утсаар мэдэгдсэний маргааш Ш.С********** даргатай уулзах үед ..., мөн өдөртөө намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж уншиж сонсгосон, .... ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас өөрчлөх тушаал гаргаж байгаа нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байна гэжээ. З.Б**********нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд 9 дүгээр сарын 9-ний өдөр ээлжийн амралтын хугацаа дуусч, ажилдаа орсон тул түүний ээлжийн амралттай байхад ажилд шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан гэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөртэй нь тохирсон хэмээн огт болоогүй зүйлийг болсон мэтээр гүтгэсэн гэжээ. Тус газрын Тэргүүн дэд дарга З.Б**********тай уулзаж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсаны дагуу ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж, эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсантай холбоотойгоор түүнийг ажлаас чөлөөлөх нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдэж, хуульд заасан үндэслэл бий болсон учраас ажлаас чөлөөлөгдөх, эсхүл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллах боломжтой байгаа талаар хэлэхэд З.Б********** өөрөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллахыг зөвшөөрсөн учраас түүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулах тушаалыг гаргасан болно.
Нэхэмжлэгч З.Б********** тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 93.1-т иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасныг зөрчиж, дээд шатны байгууллагад хандаж гомдол гаргалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Түүнчлэн тус захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.3-т Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 55 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.
Дээр дурдсан үндэслэл, тайлбарын дагуу З. б**********ыг Төрийн албаны тухай тухай хуулийн 22.1, 27.2.4-т заасныг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 221 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнийг орон тоо нь хасагдсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй юм. Иймд З.Ба**********ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Со**********н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа:
...Нэхэмжлэгч З.Б********** нь Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам-д заасныг үндэслэн өөртэй нь тохироогүй гэж маргаж байгаа нь дараах байдлаар үндэслэлгүй байна.
1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбоотой харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж, мөн зүйлийн 22.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж хуульчилсан байна.
З.Б**********ыг сэлгэн ажиллуулаагүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн бөгөөд тохиролцох гэдэг агуулгад бичгээр зөвшөөрөл авах шаардлага тавигдаагүй. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга нь З.Б**********тай уулзаж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсаны дагуу ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж, эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсантай холбоотойгоор түүнийг ажлаас чөлөөлөх нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдөх, эсхүл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллах боломжтой байгаа талаар хэлэхэд З.Б********** өөрөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжин ажиллахыг зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гарч, уг тушаалыг өөрөө гардан авсан тухай нэхэмжлэлдээ мөн дурджээ.
2. Нэхэмжлэгч З.Б********** нь нэхэмжлэлдээ ... намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас өөрчлөх тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь З.Б********** 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд 9 дүгээр сарын 9-ний өдөр ээлжийн амралтын хугацаа дуусч, ажилдаа орсон болох нь Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас гаргаж өгсөн 2016 оны 8, 9 дүгээр сарын цагийн бүртгэлийн баримт болон З.Б**********т олгосон 2016 оны цалингийн дэлгэрэнгүй хүснэгтийн 8, 9 дүгээр сарын цалингийн тооцоогоор тус тус тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2016 оны ээлжийн амралтыг 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн эдэлсэн болохыг тодорхойлсон баримтыг шилжүүлэн ажиллуулах тушаал гарсны дараа зориуд нөхөн бүрдүүлсэн байх бөгөөд Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн хүнээр зуруулсан байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй болно.
Түүнчлэн Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нь ажилтны ээлжийн амралтын хугацааг тогтоох, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ асуудлаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад тавьж, шийдвэрлүүлэх ёстой юм.
Мөн нэхэмжлэгч нь ээлжийн амралтын хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай дурдаад шүүхэд эмнэлгийн хуудсыг гаргаж өгсөн байна. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар тухайн үедээ байгууллагын удирдлага буюу ажил олгогчид мэдэгдээгүй, холбогдох эмнэлгийн хуудсыг байгууллагад өгөөгүй тул түүний ээлжийн амралтын хугацааг сунгах үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт өгсөн эмнэлгийн хуудас нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч З.Ба**********ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр тушаалаар Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын нэгжүүдийн албан тушаал, орон тоог баталж, дээрх 2015 оны 01 тушаалыг хүчингүй болсонд тооцоод, Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газарт Хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн асуудал хариуцсан ахлах референт, Засгийн газраас үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээ, үнэлгээ болон арга зүйн асуудал хариуцсан ахлах референт гэсэн 3 орон тоог шинэчлэн баталжээ.
Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дугаартай тушаалаар нэхэмжлэгч З.Б**********ыг тус газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу өөртэй нь болон тус газартай тохирсны дагуу шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Намайг эрх зүйн чадамжгүй тушаалаар буюу тэргүүн дэд даргын тушаалаар өөр албан тушаалд шилжүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т ...утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.5 ...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-т ...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул илт хууль бус гэж, харин хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ...Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын чиг үүргийг тус байгууллагын дүрмээр тогтоодог, уг дүрмээр сэлгэн ажиллуулах, томилох, чөлөөлөх зэрэг эрхийг олгосон, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалаар орон тоо, ажил үүргийг шинэчлэн баталснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг байхгүй болсон, энэ шалтгаанаар нэхэмжлэгчтэй тохирч, шилжүүлэн ажиллуулсан, илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна, ээлжийн амралттай байх хугацаанд гаргасан гэх үндэслэлгүй, батлагдсан хуваарийн дагуу ажилд орсон байсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Маргаан бүхий Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т ...Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно, 27 дугаар зүйлийн 27.2.4 ...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 10 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.3.3-т ...хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах эрхтэй, 7.4-т хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга энэ дүрмийн 7.3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна гэж тус тус заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч З.Б**********ыг тус газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу өөртэй нь болон тус газартай тохирсны дагуу шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дүрмээр ажилтныг шилжүүлэн ажиллуулах эрх олгогдсон бөгөөд нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасан байх бөгөөд энэхүү тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч З.Б**********ыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 221 дүгээр тушаалаар шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалаар Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас З.Б**********ыг Засгийн газрын ахлах референтийн албан тушаалаас 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ.
Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Мэргэжлийн ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулж, 2016 оны 222 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд 2016 оны 222 дугаар тушаалтай холбоотой нэхэмжлэгч шаардлага гаргаагүй бөгөөд 2016 оны 221 дүгээр тушаалыг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх бус харин ч дордохоор байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлж, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч ээлжийн амралттай байх хугацаанд шилжүүлэн ажиллуулсан гэж тайлбарлан маргаж байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 81 дүгээр тушаалаар тус газрын ажилтнуудын 2016 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч З.Ба**********ыг 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын өдрөөр 29 хоног гэж тооцон амралтын хуудас олгосон байх бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн амралтын хугацаа дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч З.Б********** нь ээлжийн амралттай байх хугацаандаа буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байх бөгөөд хэрэгт авагдсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1085 дугаар албан бичиг түүнд хавсаргаж ирүүлсэн өвчний түүх болон 1004265 дугаартай эмнэлгийн хуудас /лист/ зэрэг баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байх боловч уг эмнэлэг хэвтэн эмчлүүлэх хуудсаа ажлын газартаа өгч, ямар нэгэн шийдвэр гаргуулаагүй байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнээд маргаан бүхий захиргааны акт болох Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд уг захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8624 дүгээр захирамжаар үүсгэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр товлосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссахаас өмнө шүүх хуралдааныг товлосон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б**********аас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С**********д холбогдуулан гаргасан ... Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С**********ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 221 дүгээр тушаалыг хүчингүй илт хууль бусад тооцуулж, урьд эрхэлж байсан Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хууль бус тушаалын үндсэн дээр албан тушаалаас шилжүүлсний улмаас авч чадаагүй цалин болон төрийн албаны нэмэгдэл, унаа, хоолны мөнгө зэрэг орлого, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын улсад төлөх ёстой байсан төлбөрийг, урьд эрхэлж байсан албан тушаалд намайг авч ажиллуулах удирдлагын шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА