Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 127/2018/0005/З |
Дугаар | 221/МА2018/0413 |
Огноо | 2018-07-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0413
“И н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “И н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0009 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.5, 35 дугаар зүйлийн 35.3, 35.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “И н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай “И н” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
1. Анхан шатны шүүх нь “Хариуцагч нь маргаан бүхий 21 дүгээр захирамждаа “И н” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 08-аас хойш улирал бүр буюу 6 удаа газрын төлбөрийг төлөөгүй” гэжээ. Нэхэмжлэгч “И н” ХХК-д газар эзэмшүүлэх тухай Мөрөн сумын Засаг даргын захирамж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан боловч газар эзэмшүүлэх гэрээг тухайн үед байгуулаагүй, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан байна. Иймээс нэхэмжлэгчийг 2016 оны 7 дугаар сараас эхлэн газрын төлбөрөө төлж эхлээгүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “И н” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээг 7 сарын дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийхдээ гэрээний 2.3 дугаар заалтад Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор эзэмшүүлэгчийн тоот дансанд шилжүүлж байна”, 2.4 дүгээр заалтад “Газар эзэмшүүлэх тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно” гэж тус тус заасан тул газар эзэмшигч нь гэрээг байгуулахдаа гэрээний заалт бүртэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байна. Иймд гэрээ байгуулсан өдрөөс өмнөх буюу 2016 оны 10 сарын 25-ны дотор, 2017 оны 01 сарын 25-ны дотор газрын төлбөрийг тухайн гэрээ байгуулсан өдөр төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэдгээ мэдсээр байж биелүүлээгүй нь хуульд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.5-д сумын газрын даамал “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” эрх хэмжээтэй гэж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.10-д, татварын улсын байцаагч “албан татвар, төлбөр, хураамж, алданги, торгуулийг хуульд заасан хугацаанд хурааж төсөвт оруулах” бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан. Хариуцагч нь, нэхэмжлэгч “И н” ХХК-иар газрын төлбөр төлүүлэх арга хэмжээг сумын газрын даамал авсан эсэх, газрын төлбөр төлөлтөд татварын улсын байцаагчаас хяналт шалгалт хийж, акт, дүгнэлт бичих, хариуцлага ногдуулах гэх мэт ажиллагаа хийсэн эсэхийг тогтоолгүй, зөвхөн төлбөр төлөгчийг буруутган, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэж. өрөөсгөл хандсан гэж үзэхээр байна” гэж байгаа нь үүргээ биелүүлээгүй нь хариуцлага хүлээхгүй, эрхээ хэрэгжүүлээгүй албан хаагчдыг буруутгах үндэслэлгүй байна. Хэрэв буруутай гэж үзвэл Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэхээр заасан байна. Мөн газрын даамал хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйг холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Харин газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, газар эзэмшүүлэх гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг биелүүлээгүй хэрхэн шийдвэрлэх талаар шүүх шийдвэртэй тусгаагүй нь өрөөсгөл ойлголт юм.
3. “Нэхэмжлэгч “И н” ХХК нь газрын төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлсөн байхад хариуцагч Мөрөн сумын Засаг дарга нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 21 тоот захирамж гаргаж, нэхэмжлэгч “И н” ХХК-ийг газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл дурдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд, тухайлбал, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна” гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-д заасны дагуу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг тухайн үед утсаар мэдэгдэж “И н” ХХК-ийн цахим хаягаар хүргүүлсний маргааш буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлсөн нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, газар эзэмшүүлэх гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд заасан хуульд үндэслэх зарчмыг урьтал болгож мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулсан нь хууль тогтоомжид нийцүүлэн бүхий ажиллагааг хийсэн гэж үзэж байна.
Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0009 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “И н” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/65 дугаар захирамжаар тус сумын 3 дугаар багийн нутаг Чингис хаалганы зүүн хойно шатахуун түгээх станц байгуулах зориулалтаар 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэгчтэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 00000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна.
Гэтэл Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан хугацааны дагуу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш улирал бүр буюу 6 удаа газрын төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр “И н” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, “И н” ХХК нь Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан хугацаанд буюу улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газрын төлбөрөө газар эзэмшүүлэгчийн дансанд шилжүүлээгүй боловч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу маргаан бүхий акт гарахаас өмнө газрын төлбөрт 30000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй /бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасан, газар эзэмшигч “И н” ХХК нь газрын төлбөрийг “хугацаанд нь” төлөөгүй байх боловч 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр газрын төлбөрийг төлсөн, хариуцагч энэ талаар мэдсэн буюу зөрчил арилсан байхад энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Тодруулбал, эрх бүхий албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” зөрчил нь тухайн цаг үед бодитой байхыг шаардах тул “И н” ХХК-иас газрын төлбөрийг төлсний маргааш буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр тус хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны актын хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр, “И н” ХХК болон Хэнтий аймгийн Мөрөн сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нар нь Иргэн хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс нэг жилийн хугацаатай байгуулсан байхад хариуцагч гэрээг дүгнэлгүй, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус юм.
Иймээс газар эзэмшигч газрын төлбөрөө төлж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил арилсан байхад энэ үндэслэлээр гарсан хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул “сонсох ажиллагааны талаар мэдэгдэл өгсний дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлснийг газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг биелүүлсэн гэж үзэхгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Э.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР