Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 364

 

Д.С, Э.А, Б.Г,

 Б.Ш, Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, хохирогч А.Б, шүүгдэгч Н.А, Б.Ш нарын өмгөөлөгч П.Буманзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалтай, Д.С, Э.А, Б.Г, Б.Ш, Н.Анарт холбогдох 1933000080009 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н А,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д-ийн С нар нь

Бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дагнай гэх газраас иргэн А.Б-ы 15, С.-ны 1 тооны адууг хулгайлж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, У овогт Б-н Г нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.С, Э.А нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг зарж борлуулснаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 500.000 төгрөг авч, мөнгө угаах гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, боловсролгүй, малчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б-ийн Ш,

5. Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, боловсролгүй, малчин мэргэжилтэй, урьд

Увс аймгийн сум дундын шүүхээс 2001 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Сум дундын 20 дугаар шүүхээс 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн   93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан З овогт Н-н А нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Э.А, Д.С нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 5.000.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх “... шүүгдэгч Д.С, Э.А нарыг “бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Г, Н.А, Б.Ш нарыг “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-д 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Э.А-ыг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-д 6 сарын хугацаагаар хорих ял, Б.Шт 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Б.Гд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж энэ хугацаанд гэмт хэргийн хор уршиг буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2-д зааснаар Б.Г-д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага мэргэжил арга зүйн удирдлагаар хангахыг үүрэг болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.С-д оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Э.А-д оногдуулсан 1 жил, 10 хоногийн хугацаагаар хорих ял, Б.Шт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Н.А-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 351 хоног, Н.А-н цагдан хоригдсон 17 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө буюу хулгайлсан адуу зарж олсон мөнгө болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.А-с хураан авч, шүүгдэгч Н.А-ийн, Д.Соос 500.000 төгрөг, Б.Г-аас 500.000 төгрөг хураан авч шүүгдэгч Б. Ш-н хохирлыг төлүүлж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Ш-ын “Хюндай портер” маркийн 42-02 *** улсын дугаартай 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хураан авч Б.Ш-ын хохирлыг төлүүлж Д.С-ийн “Супер Даун” маркийн улсын дугааргүй 1.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоцикпийг хураан авч улсын төсөвт шилжүүлж,

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Г-аас 3.378.950 төгрөг, Б.Шаас 3.498.950 төгрөг, Н.А-ээс 3.498.950 төгрөгийг А.Б-д, Н.А-ээс 150.000 төгрөг, Б.Шаас 150.000 төгрөгийг гаргуулах хохирогч С.-д тус тус олгож” шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох” хэсгийн 3, 4, 5 дугаар заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Н.А, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 395 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож,

Шүүгдэгч Д.С, Э.А, Н.А, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.А60 хоног, Б.Ш 43 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А гаргасан гомдолдоо “Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Н.А миний биеийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 15 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Н.А би 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэх мөнгө угаах гэмт хэрэгт огт оролцоогүй бөгөөд харин хүргэн дүү Б.Ш хүмүүс адуу зарна гэж ирсэн байна, та тарган, туранхайг нь үзээд өгөөч гэж гуйсны дагуу очиж үзэхэд туранхай адуунууд байсан. Тухайн үед яагаад адуугаа азаргаар нь тууж авчирч байгаа юм бэ гэж асуухад аав элэгний хорт хавдартай, яаралтай хагалгаанд орно гээд мөнгө хэрэг болоод байна гэсэн. Надтай адуу авчирч зарах талаар хэн ч яриагүй. Харин Э.А нь Б.Ш тай холбогдож найз нь Архангайгаас адуу авчирч зарах асуудлыг ярилцсан байсан бөгөөд адуу зарах талаар хэн ч надтай ярилцаагүй. Сайхан сумын Номгон багт Б.Ш бид хоёр очсон ба адуунууд хол байсан учир би очиж хараагүй, Б.Ш очиж ирээд туранхай байна гэсэн. Тухайн үед ямар ч гарал үүслийн тухай яригдаагүй. Би ч энэ талаар сонирхоогүй. Маргааш нь Б.Ш дахиж над руу яриад нөгөө хүмүүс адуугаа туугаад Дархан самбар дээр ирсэн байна гэнэ хоёулаа очьё гэхээр нь очиход Д.Стой уулзаад 16 тооны адуугаа 7.000.000 төгрөгөөр бодож өгнө гэхэд Б.Ш бид хоёр 5.000.000 төгрөгөөр авья өгөхгүй бол өөр хүнд зар гэхэд Д.С зөвшөөрч 5.000.000 төгрөгөөр авахаар тохиролцсон юм. Ингээд Д.С, Б.Г, Э.А нар адуугаа туугаад Б.Ш ын аавын гадаа аваачсан байсан. 16 тооны адууг 50.000.000 төгрөгөөр үнэлэгдсэний дараа Д.С, Э.А нар ченжүүд болох Б.Ш, Н.А нар хулгайн адуу гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлэг өгсөн ба харин хэрэг шүүхээс мөрдөн байцаалтад буцаж биднийг нүүрэлдүүлэн байцаахад хулгайн адуу гэж хэлээгүй гэж мэдүүлсэн байгааг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж, дүгнээгүй болно. Б.Ш бид хоёр цагдаад баригдаад адууны махнуудыг хохирогчид буцааж өгсөн. Өөрсдөө 2.000.000 төгрөгөөр хохирсон байхад тус бүрийг 3.498.950 төгрөгөөр хохирол  төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үнэхээр буруу шийдвэр болсон юм. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А, Б.Ш нарын өмгөөлөгч П.Буманзаяа хэлсэн саналдаа “... Н.А ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхэлж “хэрэгт хамааралгүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж ирсэн” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Д.С, Э.А, Б.Г, Б.Ш, Н.Анарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж, үндэслэл бүхий гарсан байна. Мөн шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Анхан шатны шүүх Н.А ийн үйлдэлд бодитой дүгнэлт хийсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.А ийн гаргасан гомдлыг үндэслэн Д.С, Э.А, Б.Г, Б.Ш, Н.Анарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар Д.С, Э.А нар нь бүлэглэн хохирогч А.Б-ы 15, С.О-ы  1 тооны адууг хулгайлж “бусдын олон тооны малыг хулгайлсан”, Б.Г, Н.А, Б.Ш нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон 16 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 5.000.000 төгрөгөөр худалдан авч “мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгийг зөв тодорхойлж зүйлчилсэн байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хамтран оролцсон хэлбэр, үйлдэл оролцоо, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Г, Н.А, Б.Ш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “заасан хөөн хэлэлцэх хугацаа” дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С, Э.А нарын цагдан хоригдсон 395 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 10 хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Н.А ийн хяналтын шатны шүүхэд гаргасан “... надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

“Мөнгө угаах” гэдэг нь хууль бусаар олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүсэл эх үүсвэрийг халхавчлах, нуун далдалж, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд /эргэлтэнд/ оруулах өргөн хүрээтэй, шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.

Шүүгдэгч Н.А нь Э.А, Д.С нарын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хохирогч А.Б-ы 15, С.Оюуны 1 тооны адууг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “хулгайн малын махыг” илтэд зах зээлийн ханшнаас доогуур үнээр худалдан авч /5.000.000 төгрөгөөр/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Э.А-ын “... Н.А ирээд чи миний машины араас машинтайгаа дагаад яв, би адуугаа туугаад явах хулгайн замыг зааж өгье гэж хэлсэн ... тэгээд адуугаа туугаад Н.А ийн зааж өгсөн айлд нь адуугаа аваачиж өгсөн”, шүүгдэгч Д.С ийн “... ченжийн машинд хоёр хүн байсан ... адуун дээрээ авч ирээд хулгайн адуу болохыг хэлсэн”, шүүгдэгч Б.Г-ы “... хамт явсан Н.А нь Дархан-Уул аймаг руу Ширээ нуруугаар дамжаад ордог хулгайн зам гэж хэлээд зааж өгсөн”, Б.Ш-ын гэрчээр өгсөн “... би энэ адуунуудыг гардаж аваагүй, Н.Аах өөрийнхөө хонь зарсан мөнгөөр авсан, би Н.Аахад хулгайн байж болзошгүй асуудалтай адуунууд юм биш үү гэж хэлэхэд дуугараагүй ... Г гэдэг ах руу 10 ширхэг адууны бичиг авмаар байна гэж ярихад таксинд дайгаад над руу өгч явуулсан” гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

Түүнчлэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.А нь “хээлтэй гүүнүүд, төл мал буюу хоёр унага” зэрэг нийт 16 тооны адууг шөнийн цагаар нядалгаанд оруулсан, гарал үүслийн бичгийг хуурамчаар бичүүлэн авсан нь тогтоогдсон дээрх үйлдлээс дүгнэхэд Э.А, Д.С нараас худалдан авсан адуунуудыг “гэмт хэргийн улмаас олсон орлого буюу хулгайн мал гэдгийг мэдсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Аийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хяналтын шатны журмаар хэргийг хянахад Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх нь шүүгдэгч Б.Гы өмнө нь “гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзлээ” гэдэг нь мөрдөн байцаалтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах талын нотлох баримт болгон ашиглаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч нь өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн зөрчил болжээ. Энэхүү хууль зөрчсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэхэд шүүх заавал хууль зүйн дүгнэлт өгч байвал зохино.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгч Б.Ш ын урьд өмнө ял шийтгэл хүлээж байсан эсэх талаар бичигдээгүй орхигдсон болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг, түүний үндсэн шинж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журам зэрэг нийтлэг үндэслэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хуульчилсан учир анхан болон давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн” гэж бичих нь зохистой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.А ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                   С.БАТДЭЛГЭР

                                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН