Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2020/01302

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01302

 

Г.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч, Д.Нямбазар Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01485 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б-ы нэхэмжлэлтэй хариуцагч Н-т холбогдох

Дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 101/Ш32019/08817 тоот захирамжаар Г.Б-, Г.П- нараас 189 279 077 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13311/, хүннү гудамж, 501 дүгээр байр, 802 тоотод тоотод байрлах 89.04 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 238 381 000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/373 тоот мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байршилтай, эрэлт хэрэгцээ ихтэй, 2014 онд ашиглалтанд орсон бөгөөд 3 цонх нь наран талдаа, 16 давхар орон сууцны 8 давхарт байрладаг учраас өндөр үнээр үнэлэгддэг. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн unegui.mn зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй 3 өрөө орон сууцууд 260 000 000 төгрөгөөс 300 000 000 төгрөгийн ханштай байна. Иймд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Виннэрвэй ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүгчийн захирамжаар Г.Б-аас 189 249 077 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19261702 дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Г.П-, Г.Б- нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13311/ хүннү гудамж, 501 байр, 802 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Г.Б-аас 500 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Хас банк ХХК-аас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон Тус компанийн дүгнэлтээр барьцааны зүйлийг 238 381 000 төгрөгөөр үнэлсэн байсныг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4/373 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Манай байгууллага албадан дуудлага худалдааны үнэлгээг зохих ёсоор явуулсан тул хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан Ү-2204063726 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13311 хүннү гудамж, 501 дүгээр байр, 802 тоот хаягт байрлах 89.04 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн бусад байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй 3 өрөө орон сууцнууд 260 000 000 төгрөгөөс 300 000 000 төгрөгийн зах зээлийн ханштай байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох Виннэр вэй ХХК үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 238 381 000 төгрөгөөр үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгсөн боловч яг тухайн байранд холбогдуулж үнэлгээ хийсэн байдал харагдахгүй байгаа юм. Учир нь үнэлж буй орон сууц ямар байр байсан, хэдэн давхар барилгын хэдэн давхарт, хэдэн цонхтой, цонх наран тал руу харсан эсэх, харах орчин, байрны эдэлгээ ямар байсан, засвар хийсэн гэх мэт зүйлс үнэлгээний тайланд тусгагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01485 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 27/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2019/08817 дугаар захирамжаар төлбөр төлөгч Г.Б-, Г.П- нарт холбогдох 189 249 077 төгрөгийг Хас банк ХХК-д төлөхөөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх5-7/

Баянзүрх дүүргийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2019/13097 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 101/ГХ2019/01089 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх4, 30, 31/

Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж 501 дүгээр байр, 802 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204063726 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19261702/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19261702/02тоот тогтоолоор тус хөрөнгийг хураажээ. /хх40, 45/

Төлбөр төлөгч нар нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 000 төгрөгөөс 580 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хариуцагч байгууллагад мэдэгдсэн, төлбөр авагч Хас банк ХХК хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх11, 47-53/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 37 тоот тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Виннэр вэй ХХК-ийг томилж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тайлангаар үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг 238 381 000 төгрөг гэж үнэлжээ. /хх54, 59-78/

Энэхүү дүгнэлтэд тусгагдсанаар барьцаа хөрөнгийн үнийг зах зээлийн харьцуулалтын аргад тулгуурлаж, өнөөгийн зах зээлийн ханшийг тогтоохдоо ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнийг судалсан байх тул нэхэмжлэгчийн орон сууцыг бодит байдалтай танилцаж, үнэлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Виннэрвэй ХХК-ийн дүгнэлтэд уг үнэлгээг ямар эх сурвалжид үндэслэсэн, үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгийн ханш хэд байгаа зэргийг тус тус судалж, дүгнэсэн байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгийг бодит үнээс доогуур үнэлсэн, хэдэн давхарт байрладаг, харах орчин, байрны эдэлгээ, засвар хийсэн зэргийг үнэлээгүй гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Жишиж буй орон сууцууд болон үнэлгээний объект нь адил төрлийн дотоод засалтай тул урсгал засвар хийгдсэн гэж үзэн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан, тухайн жишиг орон сууцнууд үнэлгээний объект болох орон сууцтай нэг хотхонд, адил байршил, стандартаар гүйцэтгэгдсэн байх тул засвар хийсэн байдлыг харгалзан үзээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/01485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД