Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 421

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э.Б-д холбогдох 1708015070258 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр байрны гадна зогсоол дээрээс иргэн Б.Бэзэмшлийн 59-09 улсын дугаартай хар хөх өнгийн Соната-2 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр байрны гадна зогсоол дээрээс иргэн Б.Бэзэмшлийн 59-09 улсын дугаартай хар хөх өнгийн Соната-2 маркийн автомашиныг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- иргэн Б.Б Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр байрны гадна зогсоолоос 59-09 улсын дугаартай хар хөх өнгийн Соната-2 маркийн авто машин алдагдсан...” гэх мэдээлэл /хх-02/

- хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн 59-09 улсын дугаартай Соната-2 маркийн автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус 2 хорооллын 84 дүгээр байрны гадна зогсоолд тавиад гэртээ орсон. Маргааш өглөө нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ гарч машин дээрээ ирэхэд миний машин алга болсон байсан. Ингээд цагдаад өргөдөл гаргасан, миний машиныг авч явсан хүн хашаа мөргөсөн гээд урд талын гупер хагарсан, радиотар нь хагарсан байдалтай байсан, машин авч явсан Баяраа гэх залуу машинд радиотар авч тавьж өгсөн, урд гупер янзлуулахад шаардагдах 120.000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-16-17/

- хохирогч А.У мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Зочид буудалдаа ажиллаж байхад 04 цагийн үед манай буудлын гадна талд дуу чимээ гараад байхаар нь цонхоор хартал нэг машин манай буудлын төмөр торон хашааг мөргөөд эвдчихсэн. Цагдаагийн машинтай хүмүүс ирээд машинаас хүн буулгах гээд байгаа бололтой байхаар нь яваад очтол манай буудлын гаднах 2 ширхэг том төмөр хашааг 59-09 улсын дугаартай Соната-2 маркийн авто машинаар дайраад эвдчихсэн. Жолооч нь машиныхаа хаалгыг онгойлгохгүй, цагдаа нар ярилцаж байгаад жолоочийг буулгаж ирэхэд их хэмжээний согтолттой 30 орчим насны эрэгтэй бууж ирсэн. Хашаа мөргөсөн залуу хашааг буцааж янзлаад хэвэнд нь оруулж өгсөн учир хашааг үнэлэхгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...гэх мэдүүлэг /хх-19-20/

- гэрч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн Замын Цагдаагийн газарт цагдаа зохицуулагчаар ажилладаг. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагаас, 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 08 цаг хүртэл шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үүрээр 03 цаг 50 минутын үед 5 шарын цагдаагийн постоос баруун тийш төв зам дагуу шалгалт хийж байхад Соната-2 маркийн 59-09 улсын дугаартай автомашин зогсохгүйгээр шууд зугатаасан. Соната-2 маркийн 59-09 улсын дугаартай автомашин “Элсэн цаг” нэртэй караокены төмөр хашааг мөргөөд зогссон байсан. Жолоочийн согтуурал шалгахад 1.91 гарч байсан тул эрүүлжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-28/

- шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн үед өөрийн найз Т очиж 2.5 литрийн нийслэл нэртэй пиво, 0.75 грын ерөөл нэртэй архийг 2-улаа хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд байсан. Надад автомашин байхгүй, зун машины гэмээр түлхүүр олсон. Тэр түлхүүрээр онгойлгосон байх...гэх мэдүүлэг /хх-58-59/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Э.Б-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Б, А.У нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөг, машины радиотар авахуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, бусад асуудал

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Э.Б-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.