| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2205021470162 |
| Дугаар | 2025/ДШМ/1053 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1053
Т.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.А-,
шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, С.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А-т холбогдох 2205021470162 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Түмэнжаргалын А-, ........., /РД:........../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.
Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10.000 төгрөгийг жолооч Д.М-эд өгөхдөө түүний нүүрэн тус газарт мөргөж, олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Т.А-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэт нэг талыг буюу хохирогчийн өгсөн мэдүүлгийг үндэслэн бусад нотлох баримт цуглуулалгүйгээр, мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж намайг ялласанд гомдолтой байна.
1. Хохирогч Х.М- нь мөрдөн байцаалтын явцад удаа дараа өгсөн мэдүүлгээ өөрчилж, зөрүүтэй худал мэдүүлсэн байдаг. Хохирогч Х.М- анхны өгсөн мэдүүлэгтээ “… би тухайн үед нөгөө залууг хүлээгээд машинаасаа буугаад зогсож байсан юм. Тухайн залуу миний машины жолооч талын хаалгаар орж ирээд намайг олон удаа цохиж байгаад зугтаагаад яваад өгсөн. Явсан хойно нь би жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвч дотор байсан бэлэн 30.000 төгрөг болон тухайн зөлуугийн өгсөн 10.000 төгрөг алга болчихсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Нийт 40.000 төгрөг орчим алдсан …” /1хх 51-53/ гэсэн, мөн түүний 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэгт “… би тухйн үед энэ хавь чинь камертай шүү гээд хэлсэн. Би 10.000 төгрөгийг нь түрийвчиндээ хийсэн байсан. Би хажуу тийшээ биеэ хамгаалаад голын хайрцаг дээр хэвтсэн байдалтай байсан. Миний түрийвч нөгөө залуу намайг цохиж эхлэх үед миний гарт байсан. Нөгөө залуу намайг цохиж эхлэх үед жолоочийн эсрэг талын суудал дээр түрийвч унасан. Хажуу талын суудал дээр байхад намайг цохиж байхдаа мөнгийг нь аваад шидээд яваад өгсөн. …” /2хх 25-27/ гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн байдаг. Хохирогчийн өгсөн дээрх мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй, холбогдолгүй мэдүүлгүүд байдаг. Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд, хохирогч Х.М- нь “тухайн залууг явсных нь дараа би жолоочийн хажуу талын суудал дээр болон тухайн залуугийн өгсөн гэх 10.000 төгрөг алга болчихсон байсан. Нийт 40.000 төгрөг алдсан.” гэж мэдүүлсэн атлаа дараа нь “хажуу талын суудал дээр байхад намайг цохиж байхдаа мөнгийг нь аваад шидээд яваад өгсөн” гэх зэрэг тогтворгүй зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагаагаар огт олж тогтоогоогүй.
Уг хохирогчийн мэдүүлгүүдээс үзэхэд түрийвч байсан бол яагаад нотлох баримт болгож аваагүй вэ?, машины гадаа маргаан үүсэж зодолдсон үйл явдал байхад машин руу намайг орсон эсэхийг, хэрвээ машин руу орсон гэхэд хохирогч М-ийн цаад суудал дээр тавьсан гэх түрийвчинд хүрэх боломжтой эсэхийг, мөн хохирогчийн өгсөн “намайг цохиж байхдаа түрийвчнээс мөнгийг нь авч шидчихээд явсан” гэх үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжтой эсэхийг тус бүр олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна.
2. Хэргийн үйл явдал болсон газрын хяналтын камерыг шалгалгүйгээр туршилтын гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримт болгон ашигласан нь хохирогч М-ийн өгсөн зөрүүтэй мэдүүлэгт үндэслэсэн байдаг. Үүнд:
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэх хохирогч М-ээс авсан “хохирогч Д.М- нь өөрийн автомашиндаа сууж байсан гэх зургийг үзүүлэв. Хохирогч нь би автомашиндаа суух гэсэн чинь нөгөө залуу суулгахгүй байсан гэх. Хохирогч нь намайг дээрэмдсэн залуу миний дээр иймэрхүү байдалтай гарсан. Намайг зодож, цохисон, миний хэвтээгүйг сайн санаж байна. Энэ үед нь би түрийвчээ хажуу талын сандал дээр унагасан байхад нөгөө залуу сандал дээр унасан түрийвчийг аваад мөнгийг нь аваад шидчихээд замын урагшаа гараад явсан” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд байдаг.
Хэрвээ дээрх туршилтын гэрэл зургийг нотлох баримтаар оролцуулж байгаа бол тухайн үйл явдал болсон газар болох KFC түргэн хоолны газрын автозогсоол, баруун талд байрлах Хаан банкны АТМ зэрэг газруудыг, 24 цагийн хяналтын камерын дүрс бичлэгээр бүрэн нотлогдох боломжтой байхад мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Надад анхнаасаа ямар нэгэн байдлаар хохирогч М-тэй маргалдаж зодолдох эсхүл түүнээс мөнгө авах санаа зорилго огт байгаагүй. Хохирогч М- гэх хүнд 25 дугаар эмийн сангийн Хаан банкны АТМ-ээс өөрийн данснаас таксины төлбөрийг авч өгөх гэтэл өнөөх такси зогссон газраасаа хөдлөөд явчихсан байсныг, би хайж KFC хоолны газрын авто зогсоолоос олж очсон. Тухайн залуу машиныхаа жолооч талдаа гараад гадаа нь зогсож байсан. Би АТМ-ээс авсан мөнгөө өгөх гээд “10.000 төгрөг болсон уу” гэж асуухад тухайн хүн над руу орилж чарлаад намайг “мөнгөгүй юм бол яах гэж таксинд суудаг пизда вэ” гэх зэргээр хараад доромжлоод байхаар нь би “ингэж доромжлуулчихаад яахаараа таньд би мөнгө өгдөг юм бэ” гэж хэлээд эргэж хараад явсан. Гэтэл тэр залуу миний араас ирж миний хоолойноос намайг боож унагаад дээрээс хоёр удаа цохихоор нь би түлхэж босоод барьцалдсанаар харилцан зодоон болсон байдаг. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад KFC хоолны газар, Хаан банкны АТМ зэрэг газруудын хяналтын камерыг шалгаж өгөөч хэмээн удаа дараа мөрдөн байцаагчид хүсэлт гаргасан боловч хүлээж авч байгаагүй. Энэ хэрэг зөвхөн нэг талын буюу хохирогчийн өгсөн зөрүүтэй мэдүүлгээр дан ганц шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэмт хэргийн шинжгүй тухайд, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй ” гэж заасны дагуу гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийг хэзээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас ямар хохирол, хор уршиг учирсныг тогтоогоогүй, Т.А-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан хэдий ч Эрүүгийн хуульд зааснаар бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх" гэмт хэргийн шинжийг буруу тайлбарласан тухайд, шүүх Т.А-ыг хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь шунахайн сэдэлтэйгээр үйлддэг бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг гэмт этгээд өөрийн өмчлөлд шилжүүлж төгсдөг. Харин дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний гол онцлог нь эрүүл мэндийн болон өмч хөрөнгийн халдашгүй хоёр эрхэд халддаг бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг шаарддаг. Гэтэл Т.А- нь хохирогчийн мөнгө болон хэтэвчийн талаар огт мэдээлэлгүй, мэдэхгүй бөгөөд хохирогч Д.М- нь 30.000 төгрөгтэй байсан талаар нотолж чадахгүй байна. Гэтэл шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалтай хэмээн үзэж 2 жилийн хорих ял оноосон нь хуульд нийцэхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Уг гэмт хэргийн шинж бүрэн хангаагүй байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үйлдэл болох тухайд, Т.А- нь 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10.000 төгрөгийг жолооч Д.М-эд өгөхдөө түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авсан гэж үзсэн байна. Гэтэл таксины жолооч 10.000 төгрөг гардаг газар 16.000 төгрөг шаардаж, 10,000 төгрөг аваагүй дээр маргаан үүссэн. Т.А- нь 10.000 төгрөг авахгүй байсан тул буцаад явсан, гэтэл таксины жолооч араас нь барьж авсан. Ингээд харилцан зодоон болж Т.А-ын зорчиж явсан таксины жолооч гомдол гаргасан.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хохирогчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан. Дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт шунахайн сэдэлтэй үйлдэгддэг гэтэл яагаад Т.А- таксины төлбөрийг төлөхөөр таксинаас буугаад Хаан банкны АТМ орсон. Мөнгө аваад яагаад ирэв энэ нь тухайн төлбөрийг төлөх хүсэл зорилготой байсныг илэрхийлж байхад шүүх дүгнэлт өгөөгүй. Т.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль ёсны байх” зарчмыг зөрчсөн тухайд, Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийг тал бүрээс нь нягт, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд: “...шүүгдэгч Т.А- нь 10.000 төгрөгийг АТМ-аас авч хохирогч Д.М-эд өгч түүний эзэмшилд шилжүүлэн өгсний дараа маргаан үүсгэж, хохирогчийг мөргөж, шанаа руу нь цохиж, машин руу түлхэж, автомашины урд суудал хэсэгт хажуу тийш харуулсан байдалтай хэвтүүлэн унагааж, дээрээс цохих зэргээр хүч хэрэглэн халдсан үйлдлээр таксины төлбөрт төлсөн 10.000 төгрөгийг буцааж авсан идэвхтэй үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж санаатайгаар төлбөрт төлсөн мөнгийг буцаан авсан нь субъектив шинжид, хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэн халдсан нь объектив шинжийг хангаж байна” хэмээн дүгнэж Т.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Т.А- нь яг аль үед хохирогчийн буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудал дээрх түрүүвчнээс мөнгийг авсан, тухайн мөнгийг яаж авсан талаар дүгнэлт хийгээгүй, тогтоогдоогүй бөгөөд уг шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй тухайд, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ДШМ/654 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалаар хохирогчийн өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн үйл баримттай тохирохгүй байгаа, хэргийн зүйлчлэл буруу, тухайн мөнгийг яаж авсан нь тодорхойгүй, нотолбол зохих үйл баримт нотлогдоогүй учир нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан. Гэвч улсын яллагч магадлалд заасан ажиллагааг хийгээгүй бөгөөд зөвхөн хохирогчоос нэг удаагийн мэдүүлгийг авсан байх бөгөөд хохирогчийн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг нь хохирогчийн хэтэвчинд нь мөнгө байсан эсэх, хэрвээ мөнгө байсан бол хэдэн төгрөг байсан, хэзээ алга болсон, хэн хэрхэн яаж авсан, Т.А-ын ямар үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа зэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, улсын яллагч яг өмнө үйлдсэн дүгнэлтээ дахин үйлдэж нэмэлтээр хохирогч Д.М-ийн худал, агуулга, үйл явдлын хувьд эрс зөрүүтэй мэдүүлгийг нэмснээс өөрөөр нэмэлт нотлох ажиллагаа хийгээгүй, нотлох баримтгүйгээр дүгнэлт үйлдсэн байна. Тус магадлалаар нэмэлт ажиллагаа хийхээр буцаасан боловч анхан шатны шүүх болон прокурор хэрэгт ач холбогдолтойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадаагүй. Т.А-ын үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй. Зөвхөн иргэн хоорондын маргаан, үл ойлголцол зөрчлийн шинжтэй үйлдэл байхад гэмт хэрэгт тооцож, яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх болон прокурор нь цагаатгах, яллах талын нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж энэ тэнцүү дүгнэлт өгөөгүй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...айдас түгшүүрийн эмгэг хэзээнээс эхэлж илэрсэн бэ гэж асуухад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ууж хэрэглэдэг болсон. Миний эмгэг хүүхэд байх үеэс буюу 13 настайгаас эхэлсэн, яг оношлуулсан нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр юм. Намайг 12 настай байхад ангийн маань охин намайг олон хүний дунд зодсон. Мөн дээд ангийн ах олон хүний дунд миний дээр сууснаас болоод ийм айдас түгшүүртэй байдаг болсон" гэх мэдүүлэг /хх 69-70/, Т-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Миний хүү даруухан, хүнтэй эелдэг харилцдаг, аливаа их тууштай, оюуны чадвар сайтай, бусадтай түргэн ойлголцдог. Тэгээд ахлах ангид байхдаа дээд ангийнхаа хүүхдүүдэд зодуулаад сэтгэл гутралтай, дуу цөөтэй, огцом уурлаад чанга чимээнд цочоод чихээ дараад байдаг болчихсон хүүхэд юм. Манай хүүгийн хувьд огцом маш түргэн ширүүн ууртай болсон ба 2022 оны 06 дугаар сард сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд айдас түгшүүрийн эмгэгтэй болсон байна гээд эмийн эмчилгээ хийлгэсэн...” /хх 58/, Т.А-ын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд “эмчийн үзлэгийн хуудас”-д F-40 Айдаст сэтгэл түгших эмгэгтэй талаар мэдээлэл /хх 85/, Т.А- нь олон улсын өвчний X ангиллаар оношлогдох боломжтой эмгэг буюу “F-40 айдсын эмгэгтэй гэсэн оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж байсан баримт хэрэгт авагдсан байна. Шинжээчийн дүгнэлтэд сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэц зан үйлийн эмгэгийн оношилгоонд тухай үед баримталж байгаа өвчний олон улсын ангилалд заасан” шалгуурыг хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай талаар хангалттай нотлогдоогүй тухайд, ... анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй тохиолдолд түүнд ашигтайгаар шийдвэрлэх талаар шүүх дүгнээгүй, анхаараагүй, уялдаа холбоог тогтоож чадаагүй байна.
Иймд Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ." гэж тайлбарласны дагуу гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байгаа тул Т.А-т ашигтай байдлаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвлхам давж заалдах гомдолдоо: “... Хавтас хэргийн 25-27 дугаар талд хохирогчоос дахин мэдүүлэг авсан бөгөөд тэмдэглэлд “.... би 10.000 төгрөгийг нь түрийвчиндээ хийсэн байсан. Араас хүрч ирээд чи яахаараа надаас мөнгө авдаг юм гээд намайг эргэж харахад миний дух хэсэг рүү нэг удаа мөргөсөн, намайг жолооч талын хаалгаар түрхэж оруулаад өөрөө машин дотор орж ирээд дээрээс цохиж эхэлсэн. Би хажуу тийшээ биеэ хамгаалаад голын хайрцаг дээр хажуу тийшээ хэвтсэн байдалтай байсан. Миний толгой бараг жолоочийн эсрэг талын суудал дээр байсан. Намайг цохих үедээ “миний мөнгө хаана байна” гээд байн байн цохиод байсан. Би нөгөө дээрэмддэг залууд хандаж мөнгө чинь түрүүвчинд байгаа гэж хэлсэн. ... согтуу хүн яаж ч магадгүй гэж бодоод “түрийвчинд мөнгө чинь байгаа шүү дээ, зүгээр яв аа” гээд хэлсэн. ... “чи муу надаас мөнгө авахгүй за” гээд дээрээс цохиж цохиж байснаа жолоочийн эсрэг талын суудал дээр унасан түрийвчнээс мөнгийг нь аваад түрийвчийг нь шидчихээд жолооч талын хаалгаар гараад .... гэх мэдүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр буюу хэрэг шүүхээс буцсаны дараа өгчээ.
Харин хохирогч гэх этгээд өмнө нь хохирогчоор мэдүүлэхдээ “... орилоод баихаар нь би түлхээд дахиж машинд суусан чинь дахиж миний машин дотор жолооч талын хаалгаар орж ирээд намайг зөндөө олон удаа цохиж байснаа зугтаад яваад өгсөн. Тухайн залууг явсны дараа би жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвч дотор байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийн өгсөн гэх 10.000 төгрөг алга болчихсон байсан.... миний хэтэвчинд бэлнээр 30.000 төгрөг байсан .... нийт 40.000 төгрөг алдсан” гэх мэдүүлэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл “намайг цохих үедээ миний мөнгө хаана байна гээд байн байн цохиод байсан, эсрэг талын суудал дээр унасан түрийвчнээс мөнгийг нь аваад түрийвчийг нь шидчихээд жолооч талын хаалгаар гараад явсан” гэх мэдүүлгийг өмнө нь огт өгч байгаагүй бөгөөд ийнхүү мэдүүлэг өгөхдөө ямар байдалтай, ямар өнгөтэй хэтэвч байсан, яаж мөнгийг авсан (эвхэгддэг, нугтдаг, цахилгаантай хэтэвч эсэх, хэтэвч нь онгойход хэр амархан эсхүл төвөгтэй болох, ямар өнгө зүстэй, ямар материалтай) зэргийг нягталж асуугаагүйгээр барахгүй тэр талаар ямар ч мэдүүлэг өгөөгүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт хохирол төлбөрийн талаар гаргасан дүгнэлтдээ... Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол шаардахгүй ч хохирогчийн түрийвчинд 30.000 төгрөг баттай байсан эсэх нь бусад баримтуудаар давхар нотлогдоогүй учир эргэлзээ бүхий байна гэж шүүх үзсэн болно гэж дүгнэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, …хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд худал мэдүүлэг өгсөн бол Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэж хуульчилсан. Нэгэнт хохирогчийн дээрэмдүүлсэн гэх мөнгөн дүн баттай байсан эсэх нь бусад баримтуудаар нотлогдоогүй гэж шүүх үзсэн бол угаасаа ямар нэг хэтэвч байсан эсэх нь бусад баримтуудаар тогтоогдохгүй байгаа нь эргэлзээгүй фактын нэг юм.
Иймд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх бөгөөд нотлох баримт нь ямар нэгэн эргэлзээгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 30.000 төгрөг байсан эсэх нь нотлогдохгүй байгаа гэх дүгнэлт нь миний үйлчлүүлэгчээс 10.000 төгрөгийг аваад түрийвчиндээ хийсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх бөгөөд тодруулбал уг мөнгийг хохирогч гартаа авсан эсэх нь нотлогдохгүй байна. Анхан шатны шүүхийн Т.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, санаа зорилгыг хөдөлбөргүй нотолж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр эргэлзээ бүхий болсон.
Учир нь аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжуүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийх учиртай.
Шүүгдэгч Т.А-, хохирогч Д.М- нарын хооронд таксины төлбөр 16.000 төгрөг болсон гэсэн тооцооны улмаас маргалдаж улмаар машины дэргэд зодсон гэх үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгссөнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авсан байхыг шаарддаггүй.
Гэм буруу нь гэмт үйлдлийн хохирол, үр дагавар нь гэмт этгээдийн хийсэн үйлдэлтэй шууд холбогдсон байх сэтгэхүйн холбогдол, ухамсарт зан үйлийн объектив талтайгаа уялдсан байх ёстой.
Дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын шинжүүд нь:
1. бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэсэн зорилго,
2. бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл,
3. хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай буюу гэмтэл, хохирол учрахыг ухамсарласан байдал,
4. хүний амь биед аюултай байдал бий болохыг болон бий болох боломжтойг урьдчилан мэдсэн,
5. энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байна.
Иймд, дээрэмдэх гэмт хэргийн субъектив заавал байх шинж нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэж “ашиглан шамшигдуулах” тусгай зорилго бүхий байх юм.
Иймд, дээрх шинжүүд нь нотлогдон тогтоогдохгүй байгааг харгалзан үзэж шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Т.А-ыг цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Прокурор М.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Д.Отгонбаяр нарын гэмт хэргийн шинжгүй, хохирол учирсан эсэх талаар маргаантай, анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаасан үндэслэлээр ажиллагаа хийгдээгүй, прокурорын яллах дүгнэлтэд өөрчлөлт ороогүй, шүүгдэгчийг цагаатгах талаар давж заалдах гомдолдоо дурдаж байна. Хоёр дугаар хавтас хэргийн 25-26 дугаар талд хохирогчоос дахин мэдүүлэг авсан талаарх нотлох баримт байдаг. Мөн 3 дугаар хавтас хэргийн 28-35 дугаар талд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгаж мөрдөгч тэмдэглэл үйлдэж, фото гэрэл зургийг хэрэгт хавсаргасан. Гэмт хэргийн эргэлзээг арилгах, бодит байдлыг сэргээн дүрслэхэд чиглэсэн ажиллагаа болсон. Уг ажиллагаа давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаахад гаргасан дүгнэлтийн дагуу хийгдсэн ажиллагаа юм. Прокурор, мөрдөгч хэргийн талаар ажиллагаа хийгдээгүй, яллах дүгнэлт өөрчлөгдөөгүй гэх асуудал хууль зүйн үндэслэлгүй байна. Гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй учраас яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг тодорхойлоогүй, яллах дүгнэлт үйлдэхдээ би шүүгдэгчийн эхийнх нь өгсөн мэдүүлгийг иш татаж оруулаагүй нь хүний эрх болон ёс зүйтэй холбоотой асуудлыг хүндэтгэж үзсэн. Шүүгдэгч Т.А- мөнгөгүй байсан эсэх талаараа тогтвортой мэдүүлдэггүй, түүнд 10.000 төгрөг байсан. Маргааш нь түүний эх шүүгдэгчид унааны мөнгө хийсэн болох нь тогтоогддог. Шүүхээс 10.000 төгрөгийг хохирлын хэмжээ гэж тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэргийн газрын камерын бичлэг хэрэгт авагдаагүй байсан. Шүүхээс оногдуулсан ял шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөлөөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10.000 төгрөгийг жолооч Д.М-эд өгөхдөө түүний нүүрэн тус газарт мөргөж, олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.М-ийн “… тухайн залуу “10.000 төгрөг л байна шдээ” гэхээр нь би 10.000 төгрөгийг аваад машин руугаа суух гэхэд нөгөө залуу цаашаа явах гэж байснаа болиод над руу буцаж ирээд, миний машины жолооч талын хаалганаас бариад “яасан асуудал байна уу” гэхээр нь би “байхгүй ээ” гэсэн чинь гэнэт миний дух хэсэг рүү нэг удаа мөргөөд, шанаа хэсэг рүү 2 удаа цохихоор нь би тухайн залууд хандаж “миний дүү болио, энэ хэсэг чинь камертай шүү, асуудал үүсгэж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд түлхээд машиндаа суугаад хаалгаа хаах гэсэн чинь намайг машинаас чирч буулгаад “би энэ хавиа бүгдийг нь мэднэ, чамайг алсан ч яадаг юм бэ” гээд орилоод байхаар нь би түлхээд дахиж машинд суусан чинь дахиж миний машин дотор жолооч талын хаалгаар орж ирээд намайг зөндөө олон удаа цохиж байснаа зугтаагаад яваад өгсөн. Тухайн залууг явсны дараа би жолоочийн хажуу талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвчин дотор байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийн өгсөн 10.000 төгрөг алга болчихсон байсан … Би “16.000 төгрөг болсон шдээ, 10.000 төгрөг биш ээ” гээд хэлсэн. Би согтуу хүн болохоор нь 10.000 төгрөгийг нь аваад өөрийнхөө автомашин руу явсан. Би 10.000 төгрөгийг нь түрүүвчиндээ хийсэн байсан. Араас хүрч ирээд чи яахаараа надаас мөнгө авдаг юм гээд намайг эргэж харахад миний дух хэсэг рүү нэг удаа мөргөж, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. …” /1хх 52-53, 2хх 26-27/,
гэрч О.Т-ын “… баруун талд чамархайн хэсэгт зөөлөн эдэд хавантай, энэ нь гэмтлийн шалтгаантай өөрчлөлт юм. … энэ нь шууд цохигдсоноос үүсэх боломжтой. Гэмтлийн шалтгаантай үүсдэг зөөлөн эдийн гэмтэл юм. …” /1хх 133-134/,
гэрч Б.Л-гийн “… осол гэмтлийн бүртгэлийн хуудаснаас харахад Д- овогтой М- гэх хүнд 2022 оны 06 дугаар сарын 14-ний 04 цагт үзлэг хийсэн байна. Тухайн хүний биед зодуулсны улмаас тархины битүү гэмтэл буюу S.06 олон улсын дугаар ангиллын дагуу урьдчилсан онош тавигдсан байна. Энэ нь гэмтэл мөн. ...” /1хх 115-116/,
Т.А-ын яллагдагчаар өгсөн “… би 10.000 төгрөгийг яг таксины жолоочид гарт нь бариулж өгсөн, хаана хийсэн талаар нь мэдэхгүй байна, ямар ч байсан маргааш өглөө нь миний халаасанд байсан. Тэр хүн намайг “болиоч ээ” гэх үедээ над руу шидсэн байж магадгүй гэж бодож байна. …” /1хх 69-70/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаар “Т.А- нь сэтгэцийн өвчингүй, өөрийн насны түвшин тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. Т.А- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 83-84/ дүгнэлт,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 09-11/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 12-18/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 28/,
Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1хх 118/
Хаан банкны 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 29/4647 тоот албан бичиг /1хх 20-21/
Т.А-ын эзэмшлийн ******* тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй лавлагаа /1хх 22/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.А-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгч Т.А- нь таксины үйлчилгээ үзүүлсэн Д.М-тэй төлбөр, тооцооны улмаас маргалдаж улмаар хохирогч Д.М-ийг таксины төлбөр болох 10.000 төгрөгийг авч тээврийн хэрэгсэлдээ суух үед нь түүнийг толгойн тус газар нь мөргөж, нүүрэн тус газарт нь цохиж, тээврийн хэрэгсэл рүү түлхэж унаган дээрээс нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж “миний мөнгө хаана байна” хэмээн түүний эзэмшилд шилжсэн 10.000 төгрөгийн таксины төлбөрийг хүч хэрэглэж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Р.Пүрэвлхам нар “… шүүгдэгчийн ямар үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж буй талаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй, хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлж нотлох ажиллагааг дутуу явуулсан, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн хохирол учраагүй байх тул дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Дээрэмдэх гэдэг нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр илээр, хууль бусаар авсан үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд энэ агуулгаар тусгалаа олсон байна. Бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар авахдаа хүч хэрэглээгүй буюу хохирогчид чиглэсэн ямар нэгэн довтолгоон хийхгүйгээр эд хөрөнгийг нь авсан бол дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжээр, харин хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон тохиолдолд гэмт санаа зорилго нь туйлдаа хүрсэн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцож хүндрүүлэх шинжээр тус тус хуульчилсан байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, дээрэмдэх үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж зөрчдөг. Тухайлбал, өмчлөх эрхэд халдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болно. Энэ тохиолдолд хохирогчийн өмчлөх эрх үндсэн шууд, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал нэмэгдэл шууд объект болно.
Хүч хэрэглэж гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно. Хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирол бодитойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь хохирогчийн амь биед аюултай нөхцөл бий болгохоор байсан бол энэхүү ойлголтод хамааруулан үзнэ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хохирогч Д.М-ийн “… наашаа алхаж байхад нь би автомашинаасаа буугаад очтол надад 10.000 төгрөг өгсөн. Би “16.000 төгрөг болсон шдээ, 10.000 төгрөг биш ээ” гэж хэлсэн. Би согтуу хүн болохоор нь 10.000 төгрөгийг нь өөрийнхөө автомашин луу явсан. Би 10.000 төгрөгийг нь түрүүвчиндээ хийсэн байсан. Араас хүрч ирээд чи яахаараа надаас мөнгө авдаг юм гээд намайг эргэж харахад дух хэсэг рүү нэг удаа мөргөж, шанаа хэсэг рүү 2-3 удаа цохисон. … намайг жолооч талын хаалгаар түлхэж оруулаад өөрөө машин дотор орж ирээд дээрээс цохиж эхэлсэн. … миний түрийвч нөгөө залуу цохиж эхлэх үед миний гарт байсан. Нөгөө залуу намайг цохиж эхлэх үед жолоочийн эсрэг талын суудал дээр түрийвч унасан. Намайг цохих үедээ миний мөнгө хаана байна гээд байн, байн дээрээс цохиод байсан. Би нөгөө дээрэмддэг залууд мөнгө чинь түрийвчинд байгаа л гэж хэлсэн. “Чи муу надаас мөнгө авахгүй за юу” гээд дээрээс цохиж цохиж байснаа жолоочийн эсрэг талын суудал дээр унасан түрийвчнээс мөнгийг нь аваад түрийвчийг нь шидчихээд жолооч талын хаалгаар гараад урагшаа зам хөндлөн гараад зугтаасан …”, гэрч О.Т-ын “… баруун талд чамархайн хэсэгт зөөлөн эдэд хавантай, энэ нь гэмтлийн шалтгаантай өөрчлөлт юм. … энэ нь шууд цохигдсоноос үүсэх боломжтой. Гэмтлийн шалтгаантай үүсдэг зөөлөн эдийн гэмтэл юм. …”, гэрч Б.Л-гийн “… осол гэмтлийн бүртгэлийн хуудаснаас харахад Д- овогтой М- гэх хүнд 2022 оны 06 дугаар сарын 14-ний 04 цагт үзлэг хийсэн байна. Тухайн хүний биед зодуулсны улмаас тархины битүү гэмтэл буюу S.06 олон улсын дугаар ангиллын дагуу урьдчилсан онош тавигдсан байна. Энэ нь гэмтэл мөн.” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Т.А-ын хохирогч Д.М-эд таксины төлбөрөө өгсний дараа буюу хохирогчийн эзэмшилд шилжсэний дараа түүнээс төлсөн мөнгөө эргүүлэн авах зорилгоор мөргөж, нүүрэн тус газарт нь цохиж, түлхэж машин руу нь оруулан 10.000 төгрөгийг эргүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Харин анхан шатны шүүхийн хохирогчийн дээрэмдүүлсэн гэх түрийвчинд байсан 30.000 төгрөгийг баттай байсан эсэх нь бусад баримтуудаар давхар нотлогдоогүй, эргэлзээ бүхий байна хэмээн дүгнэж гэмт хэргийн үйл баримтад өөрчлөлт оруулж, хохиролд тооцолгүйгээр хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байх ба энэ нь тус гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээ болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч Д.Отгонбат, С.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.А-ын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 114 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч Д.Отгонбат, С.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 114 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ