| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0412/Э |
| Дугаар | 423 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 423
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Л Б-д холбогдох 1808005210207 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь иргэн Д.С-г гэрт нь хүргэж өгөөд гарахдаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Ц-н өмчлөлийн монетан хүзүүний гинж, бугуйн цаг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 709.800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Л.Б нь иргэн Д.С нь хүргэж өгөөд гарахдаа 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Ц өмчлөлийн монетан хүзүүний гинж, бугуйн цаг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 709.800 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...Тэр 2 эрэгтэйн, 1 эрэгтэй нь ээжийн гэрийн түлхүүрийг халаасыг нь ухаж байгаад олоод гэр онгойлгож орсон гэсэн. Тэгэхээр нь би гэрт байсан эд зүйлээ бүртгэн үзтэл миний гинж 595 сорьцтой, цагиран 9.5 граммтай Солонгос эрэгтэй монетон гинж 1 ширхэг, эхнэр Ижилмөрөнгийн мөн Солонгос 4-5 граммтай 595 сорьцтой эмэгтэй гинж 1 ширхэг, эхнэрийн загасан барьсан түрийвч 1 ширхэг, мөн эхнэрийн цагаан өнгийн чулуун цаг тус тус байхгүй хулгайд алдагдсан байсан. Би ээжид тэр даруй дээрх эд зүйлсийг алга болсон байна гэж хэлсэн. Тэгтэл ээж “2-3 хоногийн дараа миний эрэгтэй гинжийг хулгайлсан хүнээс нь гэрийнх нь гадаа сахиж байгаад аваад ирлээ” гэж хэлсэн. Ээж төмөр замд айлд архи ууж байхад тэр залуу хүргэж өгье гэсэн байсан. Тэгээд ээжийг дагуулан гэрт ирээд дээрх эд зүйлс алдагдсан байсан. Би цаг, түрийвчний үнэ болох 350.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-5-6/,
- эд зүйлийн үнэлгээ /хх-33/
- гэрч Л.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17-18 цагийн үед Л.Б, С, И нартай төмөр замын автобусны буудлын дэлгүүрт таарсан. Л.Б С эгчийг хүргэж өгөхөөр явсан. Удалгүй Б над руу залгаад “...Цамбын арын 11 дүгээр байрны 7 дугаар орцонд хүрээд ирээ, С эгчийг гэрт нь оруулж чадахгүй байна” гэхээр нь И бид 2 очиход С эгч босч чадахгүй шатан дээр сууж байсан. И бид 2 С эгчийг өргөөд гэрт нь оруулж өгөөд гарсан. Тухайн үед орцны жижүүр эгч харж байсан. И бид 2 гараад явахад Л.Б гэрт нь С эгчтэй үлдсэн...гэх мэдүүлэг /хх-9-11/
- гэрч Д.С мөрдөн байцаалтад өгсөн:...Б намайг хүргэж өгөхөөр манай гэрт ирэхдээ намайг согтууг минь далимдуулаад манай хүү, бэр хоёрын монетон 2 ширхэг гинж, түрийвч, цагны хамт авсан байсан. Миний хүүгийн монетон гинжийг гэрээсээ гаргаж өгсөн:...гэх мэдүүлэг /хх-15-16/
- шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагт И, Л нарын хамт явж байтал С таараад бид 4 хамт архи уусан. 17 цагийн үед С гэр лүү оруулж өгсөн. Би гэрээс нь эрэгтэй хүний бүдүүн монетон гинж, хажууд нь байсан чулуун цаг 2-ыг аваад халаасандаа хийгээд гарсан. Энэ үед манай 2 найз гадаа намайг хүлээж байсан. Би монетон гинжийг нь гэртээ оруулж тавьчихаад цагийг нь зараад архи авч уусан. 19-ний өдөр С эгч надаас монетон гинжээ авсан. Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-43-47/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...би цагийг нь 3.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь С таараад гинжийг нь гаргаж өгсөн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Б-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Б.Ц-д гэмт хэргийн улмаас 709.800 төгрөгийн хохирол учирсан гэх ба шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудал:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусад хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б-г хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.