| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2410004410574 |
| Дугаар | 2025/ДШМ/1054 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1054
2025 09 04 2025/ДШМ/1054
В.Б-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өлзийжаргал,
хохирогч Ж-, түүний өмгөөлөгч А.Шинэгэрэл, орчуулагч Б.Отгон
шүүгдэгч В- Б-а, түүний өмгөөлөгч М.Одбаяр, орчуулагч Чуй Хай Пин
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В- Б-а, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар В.Б-ад холбогдох 2410004410574 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
В- Б-а, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, .........., РД:......., С..............
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 547 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялыг биелүүлсэн.
Шүүгдэгч В- Б-а нь хохирогч Н.А-д “юань сольж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 159.060 юань буюу 75.882.754 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байхдаа шилжүүлэн авч залилсан,
мөн хохирогч Ж-д “юань сольж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юань, нийт 300.000 юаныг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байхдаа өөрийн дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 145.486.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: В- Б-агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч В- Б-аг зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж хохирогч нарыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд 4 жилийн хугацаагаар хороих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч В- Б-агаас нийт 221.368.754 төгрөгийг гаргуулан хохирогч Н.А-д 75.882.754 төгрөг, хохирогч Ж-д 145.486.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч В- Б-а давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э-, Ж- нартай 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн зээлийн талаарх гэрээг нотлох баримтаа танилцуулалгүй орхигдуулсан байна. Мөн Э- тухайн үед над руу хандаж “150.000 юань байна. Чи миний энэ мөнгийг надад өсгөөд өгөөрэй” гэж хэлээд өгсөн. Ингээд энэ хүсэлтийн дагуу би сар бүр надад өгсөн мөнгөний өсгөсөн хүүг нь түүнд өгч байгаад 2023 оны 08 дугаар сарын сүүлээр 50.000 юаныг Э-эд буцаан өгөөд үлдсэн 100.000 юаныг Э-эд буцаан өгөөд, үлдсэн 100.000 юаныг 2023 оны 09 дүгээр сарын 20-нд Хан-Уул дүүрэгт байх тэдний гэрч бид 2 удаа ярьж зөвшилсөний эцэст зээлийн гэрээг хийсэн. Бас тухайн өдөр 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ж- нь Э-ийн гэрт ирж миний 200.000 юаныг бас өсгөөд өгөөч гэж хэлээд мөн өдөр э200.000 юаны зээлийн гэрээг хийсэн. Уг 200.000 юаныг 2023 оны 09 дүгээр сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 50, 50 мянгаар над руу шилжүүлсэн.
Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 20-ноос хойш нэг жилийн зээлийн гэрээний хугацаа дуусах үед манай компанийн хувьд алдагдал гэрч хэсэг хугацаанд мөнгөний эргэлт, эдийн засаг унаж зээлийг хойшлуулж байсан нь үнэн болно. Энэхүү асуудал нь Ж-, Э- бид гурвын хооронд ярьж тохирсон яриа, гэрээний дагуу болсон явдал юм.
Миний бие одоо хохирогч гэх Н.А-ын хохирол болох 75.882.724 төгрөг буюу 159.060 юаныг төлж барагдуулж дууссан. Мөн Э-, Ж- нарын нийт 145.486.000 төгрөгийг ярьж тохирсон гэрээний дагуу тус тус төлөхөөр байгаа юм.
Уг шийтгэх тогтоол нь гадаад улсын иргэн миний амьдралд нөхөж баршгүй хор толбо бож бизнесийн үйл ажиллагаа зогсож, мөнгөний эргэлтийг бүрэн хаасан. Мөн докторантаар сурч байгаа миний судалгааны ажилд болон цаг хугацаанд маш их сөргөөр нөлөөлж, анги хамт олон болон ажлын хамт олны өмнө нэр хүндийг минь унагаасан. Нутагт минь хүлээж буй аав, ээж 2 минь тархины цус харвалтаас болж маш хүнд хагалгаанд орсон миний аав, маш хүнд эмчилгээнд байж, өндөр зардалтай эмчилгээнд хамрагдаж болохоор тус эмчилгээний нийт зардлыг сар бүр би өөрийн орлогоор төлдөг тул энэ 4 жилийн ял миний амьдралыг болон ар гэрийн амьдралд маш их гарз хохирлыг амсуулж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү.
Би хохирогч талд мөн адил залилуулсан, Бүгд Найрамдах Хятад ард улсын цагдаа миний гадаад паспортыг хурааж авсан учраас Монголд ирж чадаагүй. Иймд намайг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Одбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.3 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, зааптад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаардаг билээ. Миний үйлчлүүлэгч В- Б-ийн хувьд БНХАУ-н иргэн тэрээр Монгол улсад 2017 оноос хойш орчуулагчийн ажил хийж, Монгол Улсын Их сургуульд докторантаар сурч байсан бөгөөд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэн 2 иргэнийг хохироосон үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, одоогоор нэг хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах шатандаа явж буйг ар гэрээс нь мэдэгдэж байгаа юм. Шүүхэд олгосон, Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг хэрэглэж, түүнд оногдуулсан хорих ялаас хасч, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.
Хохирогч Ж- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч нь хохирогч Д.М-ийн хохирол төлбөрийг барагдуулсан. Гэтэл миний хохирол төлбөрийг төлөөгүй. Гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч өдөр бүр юань солилцсон баримт гаргаж өгдөг байсан. Шүүгдэгч В- Б-агийн ярьсан зүйл бүгд худал, Монгол Улсын хуулийг дорд үзэж байна. Хятад улсад байсан нөхцөлд ийм үйлдэл гаргаж чадахгүй. Шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч А.Шинэгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шүүгдэгчээс Э- мөнгө өгсөн гэх агуулгыг шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Э- гэх хүн Ж-гийн нөхөр бөгөөд хэргийн 128-129 дүгээр талд авагдсан зээлийн гэрээг зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй. Зээлийн гэрээний хуулийн шаардлага хангаагүй. В- Б-агийн гаргаж өгсөн тооцооны бичиг гэж харж байна. Анхан шатны шүүхээс Э-эд өгсөн 100.000 юанийн асуудал дээр зээлийн гэрээ байгуулсан гэж маргаж оролцдог. “2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 100.000 юанийг зээлсэн болно. 12 дугаар сарын сүүлээр төлнө” гэх утга агуулгатай зээлийн гэрээ байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд В- Б-а 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 100.000 юань солих зорилгоор шилжүүлсэн байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр В- Б-аас Э-ийн дансанд мөнгө шилжүүлсэн ямар ч баримт байхгүй, зээлийн харилцаа байхгүй. Зөвхөн юань солиулах зорилгоор мөнгө шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дэлгэрэнгүй бичсэн. Мөн гэрч Ж- “манай нөхөр болон надтай ямар нэгэн гэрээ хийгээгүй, гэрээтэй танилцаж гарын үсэг зураагүй, В- Б-а өөрийнхөө бичсэн зүйлийг гэрээ гэж ярьж байгааг ойлгохгүй байна” гэж мэдүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн талаар гомдолдоо дурдаж байна. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Э- болон Ж- нараас юань сойлуулсан талаарх баримт хавтаст хэргийн 130, 132, 133, 229 дүгээр талд авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх боломжтой талаар гомдолдоо дурдаж байна. Гэтэл эрүүгийн хариуцлагын зорилго зорилтыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулсан. Хохирогч Н.А-ын хохирол төлбөрийг төлсөн хэдий ч Ж-д учирсан хохирол төлбөрийг төлөөгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэг нэгтгүүлэх санал гаргаж байсан. В- Б-а олон удаагийн залилах гэмт хэрэг үйлддэг нь харагдаж байна. Цаашид дахин залилангийн гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй. Мөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруу дээрээ маргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Прокурор Б.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирогч Ж-г хууль ёсны хохирогчоор тогтоосон. Хэргийн үйл баримтын тухайд юань солилцсон үйл баримт тогтоогддог. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд шүүгдэгч В- Б-а, түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В- Б-а болон түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч В- Б-а нь хохирогч Н.А-д “юань сольж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 159.060 юань буюу 75.882.754 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байхдаа шилжүүлэн авч залилсан, мөн хохирогч Ж-д “юань сольж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юань, нийт 300.000 юаныг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байхдаа өөрийн дансаар шилжүүлэн авч хохирогчид нийт 145.486.000 төгрөгийн хохирол тус тус учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.А-ын “... би өөрийн хуримтлуулсан мөнгө болон хүүхдийн хадгаламж барьцаалан зээл авсан байсан мөнгийг Хаан банкны ****** тоот данснаасаа танил Б-ийн Хаан банкны ***** тоот данс руу юань авахаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр юань авахаар 45.000.000 төгрөг, 3.300.000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 24.200.000 төгрөг, нийт 72.500.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тэгээд би В- Б-атай уулзаад Б- руу В- Б-агийн өгсөн дансыг өгсөн. Үүний дагуу Б- миний мөнгийг юань болгож 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр В- Б-агийн өгсөн Б- Г- гэх хүний ********* тоот данс руу Ю- гэх данснаас 120.000 юань шилжүүлсэн. Тухайн өдрөө Б- Хуан Жэ гэх хүний данснаас В- Б-агийн өгсөн данс руу Ч- ********* тоот данс руу 84.000 юань, 2760 юань, 72.300 юанийг нийт 159.060 юань шилжүүлсэн. Тэгээд Б- 120.000 юаныг буцаагаад миний 159.060 юань буцаж орж ирээгүй. ... Би В- Б-атай ажил руу очиход манай компани юань худалдаж авах гэж байгаа, кабелын мөнгө Хятад улс руу шилжүүлэхэд юань хэрэг болсон, манай дарга нар хүлээгээд байна гэж хэлсэн. ...” /1хх 12-13, 55-56/,
хохирогч Ж-гийн “... нөхөр бид хоёр ярилцаж байгаад хоолны газар ажиллуулах зорилготой байсан тул Б-ьсайханд хандаж юанийг төгрөгөөр солих уу гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй гэхээр нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 300.000 юань шилжүүлэн өгсөн боловч түүнээс хойш байнга шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар өнөөдрийг хүртэл ямар ч мөнгө эргүүлж өгөөгүй, намайг залилсан. ... Б-ьсайханыг тухайн үед асуудалгүй гэхээр нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 100.000 юань шилжүүлсэн. Түүний дараа Б-ьсайхан нь нэг мөсөн над руу мөнгөө шилжүүлчих гэсэн. Түүний дараа төгрөгөөр сольж өгье гэж хэлсний дагуу дахин 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.000 юань, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 юань гээд нийт 300.000 юанийг Б-ьсайханд өгсөн. ... эхний шилжүүлсэн 100.000 юанийг удахгүй өгнө, маргааш өгнө гэж хойшлуулсаар 2023 оны 09 дүгээр сар болсон ба нөхөр бид 2 дахин мөнгө солиулах хэрэг гараад Б-ьсайханаас асуутал “над руу шилжүүлчих, би нэг мөр солиод өгье” гэж хэлээд авсан. ...хамгийн сүүлийн хугацаа бол 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж хэлсэн боловч одоог хүртэл нэг ч мөнгө сольж өгөөгүй. ...” /1хх 186-187/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Н.А-ын Хаан банкны ******, ***** дугаартай дансны хуулга, В- Б-ад мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх 58-75/,
хохирогч Ж- болон В- Б-а нарын харилцсан зурвасууд болон мөнгө шилжүүлсэн баримтууд /1хх 225-235/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд В- Б-ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В- Б-агийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж хохирогч нарыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч В- Б-агийн 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Н.А-, Ж- нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “юань сольж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Н.А-аас 1 удаагийн үйлдлээр 75.884.754 төгрөгийн, хохирогч Ж-гээс 5 удаагийн үйлдлээр 300.000 юаныг тус тус авч нийт 221.368.754 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч В- Б-а нь “хохирогч Ж-г залилан мэхлээгүй, бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.
Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Хэргийн материалыг судлан үзэхэд, хохирогч Ж- нь урьд В- Б-агаар юань солиулж байсан тул түүнд итгэж 5 удаагийн үйлдлээр 300.000 юаныг солиулахаар шилжүүлсэн байтал В- Б-а нь бодит байдлыг нуун дарагдуулж, улмаар удахгүй өгнө гэж түүнийг төөрөгдөлд оруулж, хохирлыг нөхөн төлөх талаар бодитой арга хэмжээ аваагүй болох нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч В- Б-агийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч В- Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В- Б-агийн “... зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох” талаар, мөн түүний өмгөөлөгч М.Одбаярын “... ял хөнгөрүүлэх ...” талаар тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч В- Б-агийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1500 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В- Б-а болон түүний өмгөөлөгч М.Одбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В- Б-агийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 91 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч В- Б-а нь хохирогч Н.А-д 75.882.754 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.Б-