| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/12927/И |
| Дугаар | 191/ШШ2026/01572 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01572
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 191/ШШ2026/01572 | Улаанбаатар хот |
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2б хэсэг ******* *******, өөрийн байр, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 *******, 48г байр, 75 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Гэрээний үүрэг, алдангид 217,386,423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Бид 2023.07.06-ны өдөр харилцан тохиролцож 3500 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр Г-23/026 тоо гэрээ, мөн 2024 оны 8 сарын 07-ны өдөр 3000 мкуб бетон зуурмаг нийл нийлүүлэхээр тохиролцон №Г-24/030 тоот Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Тус гэрээнүүдийн дагуу дараах төлбөрүүдийг нэхэмжилж байна. Үүнд, 2023.07.06-ны өдрийн Г-23/026 тоот гэрээний дагуу манай компани 2023.07.30-ний өдрөөс 2023.10.07-ний өдөр хүртэл нийт 221,810,282 төгрөгний бетон зуурмаг нийлүүлснээс 111,186,000 төгрөгийг бэлэн төлж, үлдэгдэл 110,624,282 төгрөгийг төлөөгүй.
Дээрх гэрээний үлдэгдэл төлбөрт 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад орох Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо ******* сити апартментийн А1 сууц 8 давхарын хойшоо харсан цонхтой 48.07 мкв хоёр өрөө орон сууцыг 110,561,000 төгрөгөөр тооцон бартерт авахаар тохиролцсон боловч тус орон сууц нь хугацаандаа ороогүй.
Иймд Г-23/026 тоот Захиалгаар бетон зуурмаг нийлуүлэх гэрээ-ний 3.7-д заасны дагуу орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр тооцон 5.1 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг 2023.10.06-ны өдрөөс тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Мөн 2024.08.07-ны өдрийн №Г-24/030 тоот гэрээний дагуу 2024.09.05-ны өдөр 64,300,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 30,000,000 төгрөг бэлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 34,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд №Г-24/030 тоот Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 5.1 дэх хэсэгт заасны дагуу алдангийг 2024.11.16-ний өдрөөс эхлэн тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас мөн хэтэрсэн байна.
Иймд Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас №Г- 23/026 тоот гэрээний үндсэн төлбөр 110,624,282 төгрөг, алданги 55,312,141 төгрөг, №Г-24/030 тоот гэрээний дагуу төлбөл зохих үндсэн төлбөр 34,300,000 төгрөг, алданги 17.150,000 төгрөг, нийт 217,386,423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралданд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай хоёр удаагийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Эхний гэрээний хувьд 280 сая төгрөгийн бүтээгдэхүүн аваад үлдэгдэл 110 сая төгрөгт нь орон сууц өгөхөөр тохиролцож, орон сууц захиалгийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал орон сууц захиалгын гэрээнээс татгалзаад мөнгөө авна гэж байгаа бол манай зүгээс алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дараагийн гэрээний алдангийг бас төлөх үндэслэлгүй. Учир нь алдангийг хэрхэн яаж тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Харин дараагийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 34,300,000 төгрөг болон эхний гэрээний үлдэгдэл төлбөр болох 110,624,282 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2023 оны 7 сарын 06-ны өдрийн Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх №Г-23/026 дугаар гэрээ, 2023 оны 12 сарын 21-ний өдрийн гэрээний хавсралт, 2023 оны 12 сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгын №23/8-5 дугаар гэрээ, барилгын план зураг, 2024 оны 8 сарын 07-ны өдрийн Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх №Г-24/030 дугаар гэрээ, тооцоо нийлсэн акт,
хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 144,924,282 төгрөг, алданги 72,462,141 төгрөг, нийт 217,386,423 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд харицагчаас алданги 72,462,141 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, зохигч талууд хооронд байгуулсан 2023 оны 7 сарын 06-ны өдрийн №Г-23/023 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 110,624,282 төгрөг, түүний алданги 55,312,141 төгрөг, 2024 оны 8 сарын 07-ны өдрийн №Г-24/030 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 34,700,000 төгрөг, алданги 17,150,000 төгрөг нийт 217,386,423 төгрөг гэж тодорхойлж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан 2023 оны 7 сарын 06-ны өдрийн №Г-23/023 дугаар болон 2024 оны 8 сарын 07-ны өдрийн №Г-24/030 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгчийн 2023 оны 7 сарын 06-ны өдрийн №Г-23/023 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 110,624,282 төгрөг, алданги 55,312,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагчаас алданги 55,312,141 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, бетон зуурмаг нийлүүлсэн үйл баримт болон 110,624,282 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй.
Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 110,624,282 төгрөгт орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр орц, 8 давхарын А1 тоот орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд энэ гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзсан тул алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд 2023 оны 12 сарын 21-ний өдөр Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх Г-23/026 тоот гэрээний хавсралт №1 тоот гэрээ, 2023 оны 12 сарын 27-ны өдөр №23/8-5 дугаартай Орон сууц захиалгын гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд дээрх гэрээгээр хариуцагч ******* ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт ******* сити апартмент А1 тоот орон сууцны 8 давхарт 48,07 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.
Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.1-д захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ...тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөх ёстой үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж, 3.5-д үлдэгдэл 50 хувийг бэлэн бартерын нөхцлөөр төлж барагдуулах ба татан авсан зуурмагны бартерийн тооцоог тэглэх зарчмаар 2023 оны 8 сарын 30, 2023 оны 9 сарын 30, 2023 оны 10 сарын 30-нд тус тус бартерын зүйлийг нийлүүлэгчид хүлээлгэн өгнө гэж заасан.
Хэдийгээр талууд бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг тохиролцсон байх хэдий ч гэрээний үүрэгт орон сууц өгөхөөр тохиролцсон орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулснаар дээрх гэрээгээр тохиролцсон үнэ төлөх хугацаанд өөрчлөлт орсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
Орон сууц захиалгын гэрээгээр хариуцагч ******* ХХК нь орон сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрхгүй байна.
Иймд алдангид 55,312,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр болох 110,624,282 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгчийн 2024 оны 8 сарын 07-ны өдрийн №Г-24/030 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 34,300,000 төгрөг, алданги 17,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагчаас тооцоолол ойлгомжгүй гэх үндэслэлээр алданги 17,150,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, бетон зуурмагны үлдэгдэл төлбөр 34,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Зохигчид хэн аль нь энэ гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 34,300,000 төгрөг байгаа үйл баримттай маргаагүй бөгөөд гэрээний 5.1-д захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй... тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлнө гэж, 3.4.2-т үлдэгдэл 50 хувийг бартерт шилжүүлэн тооцуулах ба 2 сарын хугацаанд бетон зуурмаг нийлүүлэтийг зогсоож захиалагч тал 2 хоногийн дотор бэлэн бартерын зүйлийг нийлүүлэгчид шилжүүлэн өгч бартерийг тэглэх зарчмаар явна гэж, 3.6-д захиалагч бартерийн зүйлийг гэрээгээр тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд мөн бартерийн зүйл дээр талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд төлбөрийг бэлэн мөнгөөр нийлүүлэгч талд төлж барагдуулан ба энэ гэрээний 3.4.2-т заасан хугацааг удирдлага болгоно гэж тохиролцсныг алданги төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Иймд хариуцагчаас 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 34,300,000 төгрөг, алдангид 17,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-иас 162,074,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,312,141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6., 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас 162,074,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,312,141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,244,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 968,321 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА