| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0410/Э |
| Дугаар | 430 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 430
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч, хохирогч П.Г, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав,
шүүгдэгч, хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт П. Г, Б овогт Н. Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808010520318 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч П.Г нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Э-тай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Г-тэй маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Г нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Э-тай маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Т урьд нь хамт ажиллаж байсан залуутай тааралдсан. Уг залууг нисдэг таваг гэж дуудаж байсан. Т явъя гэхэд тэр залуу “чамд хамаагүй” гэхээр нь би “нисдэг таваг чамд хамаагүй” гэсэн. Бид 2 барьцалдаад автал миний өөдөөс гараараа үүдэн шүд рүү цохисон. Би өөдөөс нь 2 удаа шанаадсан. Бид 2-ыг Т салгасан. Тэгсэн миний араас өврөөсөө төмөр алх гаргаж ирээд толгойн ар дагз руу цохисон. Сүүлд нэрийг нь мэдэхэд Г гэх залуу гэж байсан...гэх мэдүүлэг /хх-12-13/
- гэрч Э.Т мөрдөн байцаалтад өгсөн:....бид 2 Г таарсан. Г “чи азтай шүү, 9 давхраас унаад доод давхартаа үлдэж байсан юм, бид нар нисдэг шар гэж нэрлэдэг, танилц” гээд хэлтэл Г, Э 2 маргалдсан. Тэр 2 заамдалцаад би салгасан. Тэгтэл Э толгойноос цус гарч эхэлсэн ба хажууд нь Г төмөр алх барьчихсан зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2813 дугаартай шинжээчийн:...Н.Э-ын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-22/
- шүүгдэгч П.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...намайг нисдэг таваг гэж юу байдгийн гэснээ “миний шилэн хүзүүн дээр 3 удаа гараараа цохисон”. Би Э нүүрэнд гараараа нэг удаа цохиж, алхаар толгойн дагз хэсэгт нэг удаа цохисон...гэх /хх-34-35/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Г-тэй маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч П.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед гэртээ харихаар явж байтал 2 залуутай таарсан. Хамт ажилладаг байсан залуу нөгөөдөө хандан “танилц нисдэг таваг гэж хочилж дууддаг юм” гэхэд нөгөөх нь “нисдэг таваг гэж юу байдаг юм, би ийм хүнтэй танилцдаггүй гээд миний шилэн хүзүүнд гараараа 2-3 удаа цохисон”. Тээд намайг шанаадсан, мөн хавсарч унагаагаад нүүр цээжинд хөлөөрөө өшиглөж дэвссэн...гэх мэдүүлэг /хх-8-9/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2813 дугаартай шинжээчийн:...П.Г-ийн биед зүүн нүдний алим, зүүн нүдний доод, уруул, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-23/
- шүүгдэгч Н.Э-ын мөрдөн байцаалтад:...Г хүзүүн дээр гараараа 2-3 алгадсан. Мөн нүүрэнд нь 2-3 удаа шанаадсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Г, Н.Э нарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын талаар харилцан тохиролцсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нарын хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бусад асуудал
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил хийдэг зэргийг нь харгалзан тус тус торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 2 сараар тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн резинэн бариултай 44 см урттай төмөр алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Г, Н.Э нарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Г, Н.Э нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г, Н.Э нарт тус бүр оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тус бүр 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн резинэн бариултай 44 см урттай төмөр алхыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г, Н.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.