Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар  2025/ДШМ/1102

 

2025             09             16                                                                                          2025/ДШМ/1102

 

М.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б-,

шүүгдэгч М.Ц-гийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2402 00000 0439 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О- овогт М-ын Ц-, ........., /РД:........./.

Шүүгдэгч М.Ц- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “*****” ХХК-иас 10 ширхэг падаанаар 516.663.040 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.666.301 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-г 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Ц- давж заалдах гомдолдоо: “…Энэ тогтоолоор М.Ц- намайг 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд миний хувьд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед ийм болчимгүй үйлдэл хийж буруутан болоод байна. Миний хувьд өрх толгойлсон, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагааг хариуцан үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Тухайн татварын төлбөрийн үүргийг миний хувьд буруу гэдгийг мэдсэн даруй төлсөн учир одоо улсад төлөх төлбөргүй юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шүүгдэгч М.Ц-гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч татвар төлсөн эсэх талаар ажиллагаа хийгдээгүй. Шүүгдэгч Татварын тухай хуульд заасны дагуу татвараа төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч М.Ц- бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг татварын тайлант жилийн хугацаанд амжиж төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтад шүүгдэгчийг хохирол хор уршгийн төлсөн талаар дурдсан атлаа татварыг төлсөн эсэх талаар тодорхой заагаагүй, мөн шүүхийн шийтгэх тогтоолын 12 дугаар заалтад шүүгдэгчийг татвар төлсөн гэж дурдсан. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн эсэх асуудлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэх шаардлагатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шүүгдэгч М.Ц-гаас нэмэгдсэн өртгийн албан татварыг эрх бүхий албан тушаалтнаас тавьсан шаардлагын дагуу төлсөн. Улсад учруулсан хохирол төлбөргүй учраас гомдолгүй байна.” гэв.

 

Прокурор Б.Очгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Шүүгдэгч М.Ц-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх агуулгатай гомдол гаргасан. Дээрх хуульд заасан хөнгөрүүлэх заалт нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал хэдий боловч улсын яллагчийн зүгээс дээрх зүйл, заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Ц-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл хангагдсан байх учиртай. Гэтэл шүүгдэгч М.Ц-гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг гэх боловч гэм буруутай холбоотой гомдол гаргадаг. Шүүгдэгч М.Ц-гийн үйлдсэн хэрэг Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, нийгмийн хор аюулын шинж чанар өндөртэй гэмт хэрэг учраас улсын яллагчийн зүгээс торгох ялын дээд хэмжээ буюу 5.400 нэгжээр торгох санал оруулсан. Гэтэл анхан шатны шүүхээс 1.500 нэгжээр торгох ял оногдуулсанд, прокурорын зүгээс шүүхэд хүндэтгэлтэй хандаж эсэргүүцэл бичээгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа шүүгдэгчийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ц- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “*****” ХХК-иас 10 ширхэг падаанаар 516.663.040 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.666.301 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б-гийн “... “*****”, “*****”, “*****” ХХК-иуд нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд байсан тул аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдсон байна. ... шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаагаар “*****” гэх аж ахуйн нэгжээс “*********” ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний хооронд нийт 10 ширхэг падаанаар 516.663.040 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөв дэх төлөх татвараа 51.666.301 төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байна. ...” /1хх 10/,

гэрч Б.Г-ын “... миний бие фэйсбүүк дээр 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр өөрийн Г- гэх фэйсбүүк хаягаас “НӨАТ-ын илүүдэл байна, зарна, чат бичээрэй” гэх зарыг байршуулсан ба зарын дагуу над руу 14-15 хүн холбогдсон ба тухайн хүмүүст бүгдэд нь НӨАТ шивнэ гэж хэлээд тухайн байгууллагынх нь регистрийн дугаар, хэдэн төгрөгт НӨАТ шивэх мэдээллийг нь аваад “*****” ХХК-ийн хүн рүү холбогдоод НӨАТ шивүүлэх компанийн мэдээлэл болон НӨАТ-ын хэмжээг хэлээд тухайн компани руу нь НӨАТ-ын баримтыг шивүүлээд мөнгийг нь өөрийн Хаан банкны ******** тоот данс руу авдаг байсан ба өөрөө тухайн мөнгөнөөс тодорхой хувийг аваад үлдэгдэл мөнгийг Хаан банкны ******** тоот “*****” ХХК-ийн М- гэх хүний данс руу шилжүүлдэг байсан. ... гүйлгээнүүд бол миний мэдүүлэгт дурдсан НӨАТ-ын падаан шивсэнтэй холбоотой юм. ...” /1хх 16-17/,

гэрч Д.Б-гийн “... “*****” ХХК-ийн М-гийн компани үйл ажиллагаа явуулдаггүй, тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан гэвэл 2022 оны 08 дугаар сард НӨАТ-ын баримт зарна гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан. ...” /1хх 21-22/,

гэрч М.М-гийн “... тус аж ахуйн нэгжүүд нь манай “***** ” гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1.5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. “*****” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн. ...” /хх 25-26/,

гэрч Х.А-ын “... ***** гэх аж ахуйн нэгжээс Б- нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл, би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний ***** дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би “*****” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй. ...” /1хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “... ***** ХХК-ийн 2022 оны и-баримтын борлуулалтад 6123201 регистрийн дугаартай “*********” ХХК нь 10 удаагийн бичилтээр борлуулалтаар тайлагнахдаа цэвэр дүн 516.663.040 төгрөг, НӨАТ 51.666.301 төгрөг, нийт дүн 568.329.350 төгрөг” /1хх 31-59/, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /1хх 62-92/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 181/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Ц-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ц-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг татвар төлөгч бөгөөд хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнаар ажиллах байх үедээ татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.Ц-гийн “*********” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд “*****” ХХК-иас 10 ширхэг падаанаар 516.663.040 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.666.331 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Ц- нь “… гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Хэдийгээр шүүгдэгч М.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас улсад хохирол учирсан байдал, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд түүнд оногдуулсан торгох ял нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” талаар гаргасан шүүгдэгч М.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1501 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                            Т.АЛТАНТУЯА

              ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ