Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

     Улсын яллагч *******

     Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

     Хохирогч *******

    Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******-д холбогдох эрүүгийн 1821002380224 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн ******* суманд ..... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........./, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг *******..... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч *******, цагдаагийн дэд ахлагч нарыг албан үүргээ биелүүлж явахад нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэн *******ийн эзэмшлийн улсын дугаартай автомашины баруун талын хойд дугуйг хутгаар хатгаж хагалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/                       

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тус суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд иргэн эд зүйл алдагдсан хэрэг гарсан. Тэгээд гэрт тухайн эд зүйлийг байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд хохирогчийн хамт гэрт нь очиход хохирогч өөрийн эд зүйлсээ таньсан. Тэр үед Т болон зүгээс хохирогчийг сүрдүүлж хутга гаргаж байсан. Тухайн үед энэ асуудлыг зүгээр өнгөрүүлсэн. Дараа нь хэсгийн цагдаа хамт гэрт дахиад очиход “хонио хариулаад явж байгаа” гэж эхнэр нь хэлсэн. Тэгээд хонь хариулж байсан газар нь очоод “хамт явах хэрэгтэй байна, байцаалт өгөх шаардлагатай байна” гэхэд “та  нар түр хүлээж бай,  би удахгүй очно” гэж хэлсэн. Тэгээд гэрийнх нь ойр очоод 30-40 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаж очиход машин явж болохгүй газар морьтой зогсоод хөдлөхгүй, “явж чадахгүй” гэж бидэнд хэлж байсан. Гэрийнх нь ойролцоо очоод тухайн мотоцикл гэрийнх нь гадаа байсан болохоор д аваад явах үүрэг өгсөн. мотоциклыг унаад би араас нь машинтайгаа хөдлөх гэж байтал Т хутга гаргаж ирээд машины дугуйг хагалсан. Над руу жижиг алх шидсэн. Мөн лантуу бариад машины цонх хагална гээд байсан. Би гартаа барьсан хутгыг нь тавиулахын тулд албан үүргийн дагуу хүч хэрэглэсэн гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 сарын 29-ний өдөр 14 цагийн орчим гэрийнхээ гадаа хониныхоо ноосыг цэвэрлэж байхад жижиг машинтай манай ******* сумын хэсгийн төлөөлөгч , цагдаа нар ирээд манай нөхөр хаана байгаа талаар асуухад би “хониндоо явсан” гэж хэлсэн. Тэгээд тухайн 2 цагдаа манай гадуур ойр орчим харж байгаад би “манай нөхөр замд чинь харагдаагүй юу” гэхэд “харагдаагүй хаагуур байгаа бол” гэж асуухаар нь “хойгуур байгаа байх” гэхэд , нар машинтайгаа хөдөлсөн. Тэгээд удалгүй манай нөхөр түрүүлээд ганцаараа ирэхээр нь манай нэг ямаа төллөх дөхсөн байсан тул би нөхрийгөө тэр ямаагаа олж ир гээд явуулсан. Нөхрийгөө явуулахад , нар манайхаас зүүн хойшоо юнителийн ******* дээр машинтайгаа зогсож байгаад манайд ирсэн. Ирээд “нөхөр чинь хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад “нөхрийгөө төллөх дөхсөн ямаагаа олж ир гээд явуулчихлаа” гэхэд , нар манай нөхрийн хойноос явсан. , нар манай нөхрийн араас яваад удалгүй эргэж ирээд манай гэрийн үүндэнд машинтайгаа зогссон. Би ноосоо түүж байгаад эргэж харахад нь манай мотоциклын дэргэд нь очоод мотоциклын арлын дугаарыг харж байгаа бололтой байхаар нь би очоод “яасан бэ, мотоцикл тулгах гэж байгаа юм уу бичиг баримтаа авч ирсэн юм уу” гэхэд нь өөдөөс “миний ажлыг чи заах болоогүй, би өөрөө ажлаа мэдэж байна” гэхээр нь би ид хандан “чи манай нөхрийг ирэхээр нь мотоцклыг шалгая гэж хэлчихээд үнэхээр бичиг баримтаа мотоциклтой тулгах гээд байгаа юм бол миний хажууд тулга” гэхэд бичиг баримтгүй ирчихээд “чи миний ажлыг заах гээд байгаа юм уу” гээд байсан. Тэгэхээр нь би ч мотоциклоо үзүүлэхгүй гээд мотоциклынхоо үрүүл хэсгээс барихад миний ажлыг заах гэж байна гээд би мотоциклоо үзүүлэхгүй гээд үрүүл хэсгээс нь зуураад байсан. Намайг мотоциклын үрүүл хэсгээс тавихгүй байхад миний гарыг тавиулах гээд гарыг маань татаж байгаад сумын цагдаа г машинаас гараад ир гэж дуудаад наад мотоциклоо асаа гэхээр нь би мотоциклынхоо үрүүлээс зуураад тавихгүй байхад , нар миний гараас зуурч байгаад тавиулсан. Миний гарыг тавиулсны дараа намайг той зууралдаж байхад нь манай мотоциклыг асаах гээд оролдож байхаар нь оос салаад мотоциклынхоо ачаа хэсгээс нь гараараа чангаагаад байж байхад мотоцикл асаад ухас хийхэд би ард нь зогсож байсан. Намайг мотоциклынхоо араас зуурч байхад ирээд миний гарыг салгахаар нь би мотоциклын арын карланы арын төмрөөс доошоо зуураад тавихгүй байхад миний гарыг татаж байгаад өчихөд би гараа тавьсан. Тэгээд мотоцикл асаагаад манай гэрээс урагш хөдлөхөд намайг тавихаар нь би гэрийн хажууд байсан лантууг авч “надад ойртоод үзээрэй” гэж хэлээд би лантуугаа барьсан чигээрээ ийн унаж ирсэн машин руу явсан. Машин дээр нь очоод дугуйг нь хагалах гэсэн чинь дугуй хагалах юм байгаагүй тэгээд халаасандаа гараа хийхэд хурганы арьс өвчиж байсан хутга байхаар нь гаргаж ирээд машиных нь баруун гар талын ар талынх нь дугуйг 1 удаа хатгаад дугуйг нь хагалахад цагдааг дуусан. нь ирэхээр нь зөрж очоод өөрийнхөө мотоциклын арын дугуйг хагалаад зугтахад манай хажуу айлын гадаа очоод барьж аваад гавлана гэхээр нь гавлуулахгүй гээд гавнаас нь барьж авахад гаваа мушгиад намайг дараад гавласан. Намайг гавлаад нь өөрийн унаж ирсэн машинаа авч ирээд , нар намайг дамжилдаад арын суудал дээр доош нь харуулаад хэвтүүлсэн. Намайг арын суудал дээр хэвтүүлээд миний хөлийг дараад суусан. Машинд суугаад миний цээж бачуураад, амьсгаадаад байхаар нь би тухайн 2 цагдаад “бие муу байна” гэж хэлэхэд намайг “байшилж байна” гээд байсан. Тэгээд сумын төв рүү ороод эмнэлэг орж үзүүлсэн. Эмнэлгийн ард очоод миний гавыг тайлсан байсан...” гэжээ. /хх 44-46/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 300 тоот дүгнэлтэд: “1. *******-н биед зүүн гарын 3-р хурууны зулгаралт, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 37/

Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 26/, /хх 27-28/ болон хохирогч ******* /хх 22-23/, шүүгдэгч ******* /хх 20-21/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 8/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 12/, Эд зүйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13/, Эмчийн тодорхойлолт /хх 33/, Яаралтай тусламжийн хуудас /хх 34/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 49/, Эд зүйлийн үнэлгээ /хх 55/, Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн Б/86 дугаартай тушаал /хх 56/, Ажлын байрны тодорхойлолт /хх 57-60, 62-66/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 сарын 08-ны өдрийн Б/298 дугаартай тушаалын хавсралт /хх 61/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч ******* албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж түүний эзэмшлийн  автомашины баруун талын хойд дугуйг хутга /зэвсэг/ хэрэглэн хагалж эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч *******ийн “...Гэтэл Т нь гэр рүүгээ гүйгээд том лантуу авч ирээд “машины чинь цонхыг хагална” гэхээр нь би утсаа асаагаад бичлэг хийгээд дөхөөд очиход халааснаасаа тонгорог хутга гаргаж миний машины баруун талын хойд дугуйг хутгаар хагалж  өөрийнхөө мотоциклын ард талын дугуйг хатгаж хагалхаар нь бид хоёр барьж аваад гарнаас хутгыг нь салгаж аваад гавалсан...” /хх 16-19/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч гийн “...Тэгээд Т нь лантуу барьж очоод машины цонхыг хагаллаа гэж орилж байгаад халааснаасаа хутга гаргаж ирээд ийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын ар талын дугуйг хагалсан...” /хх 27-28/ гэх,

Гэрч ийн “...2018 оны 03 сарын 29-ний өдөр малдаа яваад ирэхэд манай хажуу айл болох гадаа манай ******* сумын цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёр ирсэн эхнэр Т-тай хэрэлдээд байх шиг байхаар нь би гэртээ орсон...цагдаа нар Т эгчийн гарыг ард нь гавалсан машиныхаа арын суудал дээр суулгаж байсан...” /хх 26/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 8/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-11/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 12/, Эд зүйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13/, Эмчийн тодорхойлолт /хх 33/, Яаралтай тусламжийн хуудас /хх 34/, Эд зүйлийн үнэлгээ /хх 55/, Цагдаагийн газрын даргын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн Б/86 дугаартай тушаал /хх 56/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 сарын 08-ны өдрийн Б/298 дугаартай тушаалын хавсралт /хх 61/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн заналхийлж эсэргүүцэн автомашины дугуйг нь хутгаар хагалснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзнэ.

Хохирогч *******ийн эзэмшлийн улсын дугаартай “Сrista” маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын ар талын дугуйг хутгаар хатгаж хагалсан нь шүүгдэгч *******-н гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч *******-ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсэг хэрэглэн заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээр хохирогч *******ид 110000 төгрөгийн хохирол  учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 55/-гээр, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгасан болох нь хохиролд 110000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /задгай 1ш/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн 1821002380224 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн эвхэгддэг хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн *******.... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хутга хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1821002380224 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн эвхэгддэг  хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн *******.......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ