Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/1119

 

2025             09             18                                                                                          2025/ДШМ/1119

 

Ө.Н-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Т.С-гийн өмгөөлөгч Т.Пүрэвбазар,

шүүгдэгч Ө.Н-,түүний өмгөөлөгч Х.Даваахүү, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1627 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Н-ид холбогдох 2503 00114 0486 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овогт Ө-ын Н-, ........, /РД:............./,

Шүүгдэгч Ө.Н- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус загварын ****УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ө.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ийг Улаанбаатар хотын Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Н-ид мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-оос 8.637.450 төгрөг гаргуулж хохирогч Т.С-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ө.Н- нь хэрэг шийдэгдэх үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, **** тоотод оршин суудаг /түр хугацаагаар/ байсан бөгөөд одоо Сүхбаатар дүүрэгт байдаг хаяг дээрээ амьдрах болсон тул зорчих эрхийг хязгаарлах ялын үйлчлэх хүрээг Сүхбаатар, Баянгол дүүрэг болгон өөрчлүүлэх хүсэлтэй байна. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792.000 төгрөгөөр бодож тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

... Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг дүгнэсэн. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан байхад шүүх шийтгэх тогтоол гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.000 төгрөг байсан үеэр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх гомдлыг гаргасан. Уг гомдлоосоо өнөөдөр татгалзаж байна. Харин эрүүгийн хариуцлагыг өөрчилж өгнө үү гэх гомдлыг гаргаж байна. ... Шүүгдэгч Ө.Н- нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гоо сайханы мэс заслын эмч хийдэг тул үлдсэн хохирлыг төлж барагдуулах боломжтой. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Т.С-гийн өмгөөлөгч Т.Пүрэвбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ шүүх хурлын өмнөхөн 3 сая төгрөгийг хохирогчид өгсөн. Үүнтэй маргахгүй. Үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байна. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солиход татгалзах зүйл байхгүй.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоо өөрчилж байх шиг байна. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед шүүгдэгч Ө.Н- нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг байсан учраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй гэж хязгаарлалт тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Н- нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота приус загварын ****УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.С-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.С-гийн “… Төмөр замын дээд сургуулийн урд талын 3 замын уулзвараар ертөнцийн зүгээр хойноос урагшаа зам хөндлөн гарах гэрэл дохион дээр ирээд гэрэл дохио ногоон өнгөөр асахыг хүлээж зогссон. Тэгээд гэрэл дохио солигдоод ногоон өнгөөр асахаар нь би зам хөндлөн гарах гээд хойноос урагш явган хүний гарцаар зам руу орох үед миний зүүн гар талаас нэг машин ирээд мөргөсөн. Тэгээд машинд мөргүүлээд шидэгдээд унасан. …” /хх 17/,

Ө.Н-ийн яллагдагчаар өгсөн “… Төмөр замын дээд сургуулийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн эгнээгээр явж байгаад уулзварын зогсох шугам дээр зогссон. Тухайн үед чигээрээ явах улаан өнгийн гэрэл асаж байсан, тэгээд гэрэл дохио солигдоод анхааруулах шар гэрэл асахаар нь чигээрээ явах ногоон гэрэл ассан гэж бодоод урагш удаанаар хөдлөөд явж байхад уулзварын баруун талын явган хүний гарцаар замын хойноос урагш чиглэлтэй явган зорчигч гараад ирсэн, би тэр хүний хараад тоормос гишгээд машинаа зогсоохтой зэрэгцэн явган зорчигч машины баруун урд хэсэгт мөргөгдөөд унасан. …” /хх 98/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0725/2550 дугаартай “… Т.С-гийн биед дунд чөмөгт ясны хугарал, ясны эдийн няцрал, булчин дотор жийргэвч мөгөөрсөнд урагдал, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. …” /хх 43-44/,

2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 582 дугаартай “… Т.С-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” /хх 56-57/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 84-85/,

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 545 дугаартай “… жолооч Ө.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 8.9.Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Г.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” эсэн /хх 70-71/ мөрдөгчийн магадлагаа,

Дуудлагын лавлагааны хуудас /хх 7/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-15/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ө.Н-ид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ө.Н-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ө.Н-ийн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хийсэн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Т.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг төлсөн боловч явган хүний гарцан дээр зорчиж байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргээс үзэхэд түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ө.Н-ийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 464 тоот тодорхойлолтыг үндэслэн анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ялын тогтоосон бүсчлэлийг өөрчилж, шүүгдэгч Ө.Н-ийн түр оршин суугаа газрын хаягаар мөн ажлын газрын хаягаар тус тус тогтоон Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

 

Түүнчлэн, шүүгдэгч Ө.Н-ийг хохирогч Т.С-д анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлоос 3 сая төгрөгийг төлсөн талаар хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвбазар тус шүүх хуралдаанд мэдүүлж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх тул хохирол төлсөн талаар дурдах боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1627 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс ...” гэснийг “... Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс …” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

 

                          ШҮҮГЧ                                                      Ц.МӨНХТУЛГА

 

                          ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ