Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00077

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00077

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *********** аймгийн *********** сумын 14 дүгээр багийн Э.Н ХХК,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** сумын ****дугаар багт байрлах, Х.Г

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороолол, Б.А

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, **** дүүрэг, ** оршин суух, Б.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай 320/2025/01469/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С ,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б ,

Хамтран хариуцагч Б.С , Б.З  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.К омпани нь Хөвсгөл *********** ХХК, хамтран хариуцагч Б.С , Б.З  нарт холбогдуулан үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдсан. Түүний өр авлагыг нь Д.Б и эрх залгамжилж авсан. Д.Б и нь газар тариалан, мал аж ахуй үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү үйл ажиллагааны дагуу Хөвсгөл *********** ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “ЭMААХДХ”-ГАА/2015/09 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 3,6 хувийн хүүтэй буюу хүү 1,620,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг нийт 16,620,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “ЭMААХДХ”-ГАА/2015/09 дугаартай барьцааны гэрээг мөн байгуулсан. Тухайн барьцааны гэрээгээр хариуцагч Б.С , С.З  нарын нэр дээрх Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн 4 дүгээр хорооны 5 дугаар гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 80 метр квадрат талбай бүхий хувийн сууц болон мөн тоотод байрлах 000169256 гэрчилгээний дугаартай, 1045.4 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаанд тавьсан. Хариуцагч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан алданги нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 8,310,000 төгрөг болсон. Нийт зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн үнийн дүн 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 төгрөгийг тус тус Хөвсгөл *********** ХХК-иас гаргуулана. Хариуцагч Б.С , Б.З  нарын хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эмч мэргэжлээр төгсөж ирээд Хөвсгөл *********** ХХК-ийг захирал болох хариуцагч Б.С гаас худалдан авсан. Тухайн үед Хөвсгөл *********** ХХК-ийг надад зарахдаа өр зээлтэй талаараа надад хэлээгүй. Түүнээс хойш би мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлээд өдийг хүртэл ажиллаж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Хариуцагч Б.С , Б.З  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.С , Б.З  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Б.С  нь Хөвсгөл *********** ХХК-ийн захирал байх хугацаандаа буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангаас 5 жилийн хугацаатай 15 сая төгрөгийг жилийн 3,6 хувийн хүүтэй, сарын 0,3 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Зээлийн барьцаа хөрөнгөнд Б.С , Б.З  нарын нэр дээрх 80 метр квадрат бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудыг барьцаалсан. Зээл авснаас хойш зээлийн төлөлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Тухайн 15,000,000 төгрөгийг гахай үржүүлэх чиглэлээр авсан. Төв аймаг руу хүнтэй тохиролцож гахай авахаар болсон боловч шаардлага хангахгүй цөөхөн хэдэн гахай явуулсан бөгөөд энэ асуудлаас болж гахай үржүүлэх ажиллагааг эрхэлж чадаагүй учир зээлийн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг.

2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа эхэлсэн. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн хариуцагч нарт энэ талаар мэдэгдсэн зүйл байгаагүй. Тиймээс нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш буюу 2 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Д.Б ын гүйцэтгэх захирлаас 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 01/707 дугаартай албан бичгээр Г.С д олгосон итгэмжлэл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 269 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 16 дугаартай тогтоолын хуулбар, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/134 дугаартай тушаалын хуулбар, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.К -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.К и (төрийн болон орон нутгийн өмчит оролцоотой) хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Д.Б и төрийн өмчит хязгаарлагдмалхариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн 02 дугаартай хурлын тогтоол, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн хүсэлт, Хөвсгөл *********** ХХК-ийн нэхэмжлэх, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ЭМААХДХ-ГАА/2015/09 дугаартай зээлийн гэрээ, /ЭМААХДХ-ГАА/2015/09 барьцаат зээлийн гэрээ, уг гэрээний хавсралтууд, С.З ын төрсний гэрчилгээний хуулбар, Б.С гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл *********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөвсгөл *********** ХХК-ийн дүрэм, Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар баг 4 дүгээр хорооны 5 дугаар гудамжны 01 тоотод байрлах 80 метр кватрат бүхий хувийн орон сууц бүхий 000165883 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 000169256 дугаартай 1045,04 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, н.М тред ХХК хөрөнгө үнэлгээний зөвлөгөө 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 3-25 дугаар тал)

Хариуцагчаас Хөвсгөл *********** ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, Хөвсгөл *********** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Хариуцагч Б.С , Б.З  нараас 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3192 дугаартай Б.З т олгосон итгэмжлэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн байна. (хх-ийн 37, 40 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдсан. Түүний өр авлагыг нь Д.Б и эрх залгамжилж авсан. Д.Б и нь газар тариалан, мал аж ахуй үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү үйл ажиллагааны дагуу Хөвсгөл *********** ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “ЭMААХДХ”-ГАА/2015/09 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, жилийн 3,6 хувийн хүүтэй буюу хүү 1,620,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг, нийт 16,620,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “ЭMААХДХ”-ГАА/2015/09 дугаартай барьцааны гэрээг мөн байгуулсан. Тухайн барьцааны гэрээгээр хариуцагч Б.С , Б.З  нарын нэр дээрх Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн 4 дүгээр хорооны 5 дугаар гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 80 метр квадрат талбай бүхий хувийн сууц, мөн тоотод байрлах 000169256 гэрчилгээний дугаартай, 1045.4 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаанд тавьсан.

Хариуцагч байгууллагаас 15,000,000 төгрөгийн зээлээс ямар нэгэн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдэг байдлаар төлөхгүй байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, улсад хохирол учирч байгаа, татвар төлөгч нарын хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д заасны дагуу сэргээж болно. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэж заасан.

Хариуцагч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан алданги нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 8,310,000 төгрөг болсон. Нийт зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн үнийн дүн 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 төгрөгийг Хөвсгөл *********** ХХК-иас гаргуулна. Хариуцагч Б.С , Б.З  нарын хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

3.Хариуцагч төлөөлөгч Д.Б  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2016 онд Хөвсгөл *********** ХХК-ийн захирал болох хариуцагч Б.С гаас уг компанийг авсан. Тухайн үед Хөвсгөл *********** ХХК-ийг надад зарахдаа өр зээлтэй талаараа надад хэлээгүй. Түүнээс хойш би мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлээд өдийг хүртэл ажиллаж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Хариуцагч Б.С , Б.З  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.С  нь Хөвсгөл *********** ХХК-ийн захирал байх хугацаандаа буюу 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангаас 5 жилийн хугацаатай 15 сая төгрөгийг жилийн 3,6 хувийн хүүтэй, сарын 0,3 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Зээлийн барьцаа хөрөнгөнд Б.С , Б.З  нарын нэр дээрх 80 метр квадрат бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудыг барьцаалсан. Зээл авснаас хойш зээлийн төлөлт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Тухайн 15,000,000 төгрөгийг гахай үржүүлэх чиглэлээр авсан. Төв аймаг руу хүнтэй тохиролцож гахай авахаар болсон боловч шаардлага хангахгүй цөөхөн хэдэн гахай явуулсан. Энэ асуудлаас болж гахай үржүүлэх ажиллагааг эрхэлж чадаагүй учир зээлийн төлөлтийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг.

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа эхэлсэн. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн хариуцагч нарт энэ талаар мэдэгдсэн зүйл байгаагүй.

Маргааны зүйл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйл буюу зээлийн гэрээ байгаа. Зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаа үйлчилдэг. Хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

 Нэхэмжлэгч Х.К ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.К омдани нь Хөвсгөл *********** ХХК-д холбогдуулан үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, хариуцагч Б.С , Б.З  нарын нэр дээрх Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар багийн 4 дүгээр хорооны 5 дугаар гудамжны 1 тоотод байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, 80 метр квадрат талбай бүхий хувийн сууц, мөн тоотод байрлах 000169256 гэрчилгээний дугаартай, 1045.4 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэийн 000165883 дугаартай гэрчилгээнд бичилттэй Б.З (хх-ийн 20 дугаар тал) гэж бичигдсэн иргэний регистрийн дугаар Б.З иргэний үнэмлэхэд бичигдсэн регистрийн дугаартай (хх-ийн 79 дүгээр тал) тохирч байх ба хамтран хариуцагч С.З ын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр өөрчлөлт орсон нь Б.З  гэх нэрээр шийдвэрт тусгахад хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзсэн болохыг дурдав.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолоор Мал хамгаалах сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн үйл ажиллагаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг байгуулж, Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татаж буулгаж, тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон "Д.Б и" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг үйл баримтууд нь нийтэд илэрхий баримт болно.

Иймээс Х.К и нь Мал хамгаалах сангаас олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сан, Хөвсгөл *********** ХХК-ийн захирал Б.С  нар нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр *-** дугаартай Зээлийн гэрээгээр “Гахай үржүүлэгч аж ахуйг өргөтгөх” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох зориулалтаар 15,000,000 төгрөгийг жилийн 3,6%-ийн хүүтэйгээр, 5 жилийн хугацаатайгаар, Хөвсгөл аймгийн *********** сумын 5 дугаар баг, 4 дүгээр хороо, 5 дугаар гудамж 1 тоотод 80 м.кв талбайтай хувийн сууц, 1045.4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалан зээл авч, 15,000,000 төгрөгийг Хөвсгөл *********** ХХК-ийн 5890364002 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “ЭМААХДХ”-ГАА/2015/09 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн сангийн төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдлоо. (хх-ийн 12-16 дугаар тал)

www.opendata.burtgel.gov.mn сайтад 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл *********** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Доржхуяагийн Банзрагч гэж бүртгэгдсэн нь нийтэд илэрхий баримт байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигч уг гэрээнүүдийг байгуулсан болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын тухайд, Хөвсгөл *********** ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.С  нь нийт 15,000,000 төгрөг авч, төлөлт огт хийгдээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Улсад хохирол учирч байгаа, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна...” гэж, хариуцагчийн төлөөлөгч Д.Б  нь “...Би уг зээлийг авагүй. Хөвсгөл *********** ХХК-ийн худалдан авахад Б.С  надад зээл байгаа талаар мэдэгдээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж, хамтран хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З  нь “...Уг зээлийг төлөх талаар хамтран хариуцагч Б.С д мэдэгдэж байгаагүй, зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гурван жил өнгөрсөн...” гэж тус тус маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тухайн үеийн нэршилээр Мал хамгаалах сан нь Хөвсгөл *********** ХХК-д зээлийн гэрээнд заасан 15,000,000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулсанд тооцож байна.

Нэхэмжлэгч тал нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үүргээ биелүүлснээр зээлдэгч буюу Хөвсгөл *********** ХХК нь зээлийг буцаан төлөх, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч тал нь зээлийг шаардах эрх, үүрэг үүссэн байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээх эрх зүйн боломжтой байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь эрхээ зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах этгээд нь өөрөөс нь үл хамаарах буюу өөр бусад аргаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно. Тухайлбал, өөрөө өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан нөхцөл буюу энэ байдал нь гомдол гаргах боломжгүй байдлыг бий болгосон байх, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн буюу зорчих боломжгүй нөхцөл үүссэн зэрэг нь өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ энэ нь холбогдох баримтуудаар нотлогдсон байхыг шаарддаг.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь татан буугдаж, авлага, өр төлбөр нь өөр хуулийн этгээдэд шилжиж байгаа үйл явцыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй бөгөөд төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх шинжтэй байна.

Мөн уг маргааны үндсэн шаардлага нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа бөгөөд үүнээс үүдэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасантай нийцэхгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хувьд, барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилготой, дагалдах шинжтэй гэрээ бөгөөд үндсэн үүрэг болох зээлийн гэрээнээс салангид бие даасан шаардлага үүсгэх эрх зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолохоор зохицуулсан.

Нэхэмжлэгчийн шаардах эрх 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 2 жил 2 сар 24 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Х.К ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.К -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл *********** ХХК болон Б.С , С.З  нарт холбогдох, үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.К ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.К -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл *********** ХХК болон Б.С , С.З  нарт холбогдох, үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 (хорин дөрвөн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.К ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЮУНЖАРГАЛ