| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0556/Э |
| Дугаар | 444 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 444
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Т овогт Б Б
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт Б. Д нарт холбогдох 1808004860408 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Есөн-Эрдэнэ бааранд эхнэр Б.Б архи уулгасангүй гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Б.Б зүүн шилбийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Есөн-Эрдэнэ бааранд төрсөн эгч Б.Б зодлоо гэж түүний нөхөр Б.Быг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Есөн-Эрдэнэ бааранд эхнэр Б.Б архи уулгасангүй гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, Б.Б зүүн шилбийг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил тарсны дараа С хамт бааранд орсон. С нь манай дүү Л рүү залгаад улмаар Л нь бид хоёр дээр 19 цагийн үед ирсэн. Бид гурав сууж байтал манай нөхөр Б над руу утсаар залгаад нилээн халамцуу манай төрсөн дүү Д хамт ирсэн. Тэгээд бид 5 дахиж пиво, архи захиалаад суусан. Би архи, пиво ууж чадахгүй болохоор амархан согтсон, санахгүй байна. Дүү Л надад “Б ах таныг цохисон, Д эгчийг цохилоо гээд таныг өмөөрөөд Б маргалдсан, зодолдсон” гэж хэлсэн. Паабад ороход миний хөл болон нүд зүгээр байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-17-18/,
- гэрч Б.Л мөрдөн байцаалтад өгсөн:...би Б эгч, С хамт паабад уулзсан. Бид гурав хүний хоёр, хоёр пиво уусан. Эгч Б, Д нарыг дуудсан байсан. 5-уулаа 1 шил архи аваад бүгдээрээ уусан. Б ах дахиад 1 шил архи ууна гэхэд Б эгч одоо хэрэггүй гэсэн. Гэтэл Б, Б эгчийн зүүн нүд рүү гараараа цохисон. Эгч арагш савж унаад, унахдаа хөлөө эвгүй болгосон. Тэгсэн дүү Д эгч Б -г өмөөрөөд Б-тэй маргалдаж зодолдсон...гэх мэдүүлэг /хх-23/,
- гэрч С.С мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр паабад Б, Л нарын хамт сууж байтал Б, Д нар халамцуу орж ирсэн. Би удалгүй явсан. Б эгчтэй уулзахад хөл нь зүгээр байсан, намайг явсны дараа тэд нар хоорондоо маргалдсан байх...гэх мэдүүлэг /хх-25/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1657 дугаартай:...Б.Б биед зүүн хөлийн шилбэ ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...гэх дүгнэлт /хх-31/
- шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой ажил тараад 3 найзтайгаа 1 шил архи уусан. Д-н хамт паабад ороход эхнэр Б, Л, Л нар сууж байсан, бид 2 нэмэгдэж суугаад, архи пиво уусан. Нэг мэдэхэд Д-той муудалцаад барилцаж аваад зодолдсон байсан. Би эхнэр Б-с архи авч өг гээд маргаад нүүр рүү нь 1 удаа цохисноо санаж байна, би гэм буруугаа хүлээж байгаа...гэх мэдүүлэг /хх-48/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Есөн-Эрдэнэ бааранд төрсөн эгч Б.Б-г зодлоо гэж түүний нөхөр Б.Б-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:...нэг мэдэхэд эхнэрийн дүү Д-тэй муудалцаад барилцаад авсан байсан. Миний биед учирсан гэмтлийг Д учруулсан гэж бодож байна. Одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-22/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №1577 дугаартай:...Б.Бын биед зүүн чамархай, зулай, дагз, зүүн шанаа, зүүн шуу, сарвуу, баруун гарын чигчий хуруунд шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-28/
- шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...би гараараа Б-ын толгой болон нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Бас үүрээд ширээн дээр шидсэн...гэх мэдүүлэг /хх-54/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
шүүгдэгч Б.Д-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын талаар харилцан тохиролцсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Б.Д-ид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг шүүгдэгч Б.Б-т үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дид оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.