Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/1120

 

2025              09             18                                                                                         2025/ДШМ/1120

 

Д.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

шүүгдэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбуян, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1556 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2408 01114 1823 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Д-ы Ц-, ........., /РД:......../.

Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд тухайн үед үүссэн маргааны улмаас Э- гэгч рүү пивоны шил шидэх зорилготой буюу шууд санаатай идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд хохирогч Б.Б-ыг онож түүний эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Д.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц- нь хохирогч Б.Б-ын эмчилгээний зардал 1.700.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Д.Ц-гээс хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нийт 10.969.679 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.131.718 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар, Б.Б-, Д.Ц-, Л.С- нар нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд орж согтууруулах ундаа хэрэглэсэн, улмаар Д.Ц-, Л.С- нар төлбөр тооцоон дээрээс болж хоорондоо маргалдаж Д.Ц- ширээн дээр байсан пивоны шилнүүдийг авч Л.С- рүү шидэхэд Б.Б- хориглосон, улмаар Д.Ц- нь дахин ширээн дээрээс шил авч Л.С- рүү шидэх үед Б.Б- шилэнд оногдож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн мэдүүлгийг үндэслэн санаатайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, шилээр цохисон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй хэлбэрийн талаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Харин прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхээр тус тус хуульчилсан. Дээрх хэргийн тухайд Д.Ц- миний бие нь уусан архиндаа согтуурхаж Л.С-тэй маргалдан түүн рүү чиглэсэн үйлдэл хийх явцдаа хохирогч Б.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан байх боловч хохирогчийг гэмтээхийг хүссэн, хохирол, хор уршигт зориуд хүргэхийг зорилгоо болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх бөгөөд шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн шинжлэх, шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн судалсны дээр хэргийг шийдвэрлэдэг. Шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлж болох эргэлзээтэй, зөрүүтэй нотлох баримтуудыг заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой.

Иймд Д.Ц- миний биеийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй; 1.2-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1556 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт хохирогчид 1,700,000 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд дахиад 1,729,000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнээд шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч 1,729,000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх боловч уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотойгоор эмнэлэгт хэвтээгүй байдаг. Тэгэхээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болж үүссэн хохирлын зардал биш болохыг дурдаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Хэрэгт авагдсан баримтыг харахад гэрч Э-, Онон, мөн шүүгдэгч Д.Ц- нар нь “пивоны шил юм уу, архины шилийг шидсэн” гэж мэдүүлдэг. Г- хохирогч мэдүүлэхдээ “намайг цохисон” гэж мэдүүлсэн байдаг. Шүүх хохирогчийн мэдүүлгийг үндэслээд цохисон байна гэдэг дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүхээс С- гэх хүнийг гэрчээр асуух шаардлагатай, камерын бичлэгийг дахин шалгана уу гэх үндэслэлээр хэрийг дахин шалгуулахаар буцаасан боловч прокуророос нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эдгээрийг шалгаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслээд шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. С- ч юм уу, Э- ч юм уу, өөр хэн нэгэн архины шилээр хохирогчийг цохисон нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. Шидсэн гэх нөхцөл байдал тогтоогдох юм бол болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарах нөхцөл байдал байж болохуйц зүйл харагдаж байна. Магадгүй хөнгөмсөгөөр найдсан нөхцөл байдал харагдах боломжтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд пивоны шил шидэх гэхээр нь би болиулсан. Дараа нь Э-, Ц- хоёр давхралдаад унасан байхаар нь би “боль” гээд салгах гээд тонгойход намайг архины шилээр цохисон. Би 6 оёдол тавиулсан, гэмтлээс болж үүссэн сорвио арилгуулж чадаагүй байна.” гэв.

 

Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э- руу шил авч шидэх явцад хохирогч Б- оногдсон гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болоод шүүхийн хэлэлцүүлэгт энэ нөхцөл байдлууд тогтоогдсон. Шидсэн шилэнд оногдоогүй. Э-, Ц- хоёр давхралдаад унасан байхад Б- салгах гээд “болиочээ” гээд очиход шил аваад цохисон байдаг. Энэ нөхцөл байдлыг шүүгдэгчээс удаа дараа өөр өөрөөр ярьдаг. Шүүгдэгч хэргийн нөхцөл байдлыг нотлох үүрэггүй боловч анхан шатны шүүх хуралдаанд “хүн дуудах гээд хана руу шидсэн” гэж мэдүүлээд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж маргадаг. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын 9 дүгээр талд болгоомжгүй гэмт хэрэг гэж ямар үйлдэл болохыг тодорхой тайлбарласан тул давтаж тайлбарлах шаардлагагүй байх. Шүүгдэгч Д.Ц- нь гартаа барьсан шилээр хохирогчийн толгой руу нь цохиж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр юм гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шүүгдэгч Д.Ц- нь шилийг бусад руу шидсэн ч бай, шилээр цохисон ч бай шил бусдын бие махбодид ямар хохирол учруулахыг ухамсарлан ойлгох чадвартай этгээд байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанаас прокурор уу хэргийг шилжүүлэх явцад шүүгдэгч Д.Ц-гээс “гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг прокурорт гаргаж байсан болохыг дурдаж байна. Уг хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байхгүй, анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авах уу гэхэд, авахгүй уг мөнгийг хүлээн зөвшөөрч байна, бага багаар төлж барагдуулна гэсэн байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Давж заалдах гомдолдоо хохирлын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дурдаагүй атлаа өмгөөлөгч нь сая хохирол дээр маргаж байгааг гайхаж байна. Гэрч нар шилийг шидсэн үү, шилээр цохисон уу гэдэг нөхцөл байдлыг хараагүй гэж мэдүүлдэг. Хохирогч Б.Б- тухайн үед согтуу байгаагүй учир хэрхэн яаж гэмтсэн болохоо тодорхой мэдүүлсэн байдаг.” гэв.

Прокурор Д.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн. Санаатай үйлдэл гэдэг нь шууд санаатай буюу үйлдэл, үр дагаварыг хүсэж үйлддэг. Мөн шууд бус санаатай үйлдэл нь ямар үр дагаварт хүргэж болохыг мэддэг хэмжээний ухамсар сэтгэхүйтэй байдаг. Үйлдлийн үр дагавараас хэн нэгэн хүний биед гэмтэл учруулж болохыг мэддэг гэсэн үг юм. Харин үр дагавар нь хохироох гэж буй хүндээ очоогүй байх нь үйлдлийн санаатай шинжийг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Үйлдэл нь санаатай үр дагаварыг болгоомжгүй буюу хүсэж үйлдээгүй шууд бус санаатай үйлдэл гэж прокуророос дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

1. Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 3 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд тухайн үед үүссэн маргааны улмаас Э- гэгч рүү пивоны шил шидэх зорилготой шууд санаатай идэвхтэй үйлдэл хийсэн бөгөөд пивоны шил нь хохирогч Б.Б-ыг онож түүний эрүүл мэндэд духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ын “... шөнийн 23 цагийн үед баарнаас гарах гээд сууж байтал С- Ц- нар хэрэлдээд байсан. Хэсэг хугацааны дараа Ц- нь Э-тай бас хэрэлдээд гартаа барьж байсан шилтэй пивоор цохих гээд далайхаар нь би булаагаад авсан. Түүний дараа тэр 2 үсдэлцээд ширээн дээр унахаар нь болиулах гээд очтол Ц- гартаа барьсан пивоны шилээр миний духан дээр цохичихсон. ...” /1хх 8/,

гэрч Т.О-гийн “... Ц- Э-ыг гартаа барьж авсан пивоор цохих гэж байхад нь манай эхнэр Б- болиулсан юм байна лээ. Би тэр үед нь текэн дээр очсон тооцоо хийх гэж байсан. Ц- манай эхнэрийн толгой руу пивоны шилээр цохихыг хараагүй. Тооцоогоо хийх гээд очтол манай эхнэрийг Ц- пивоны шилээр цохичихлоо гээд эхнэр Б- ухаангүй хэвтэж байсан. ...” /1хх 16-17/,

гэрч Д.Ц-ийн “... тухайн үед Б- эгчийг хүнтэй маргалдсан талаар мэдээгүй, нэг харсан чинь Ц- эгч шалан дээр уначихсан байхаар нь очоод татаж босгох гэтэл би бүдэрч унаад босож очих гэсээр байтал Б- буйдан дээр уначихсан. Тэгтэл толгойноос нь цус гараад байна гэж О- Б-ын нөхөн О- текний тэнд байсан болохоор дуудаад эмнэлэг явсан. ...” /1хх 20-22/,

гэрч Л.Э-ын “... Ц- архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэнд байсан хүн болгонтой хэрүүл маргаан үүсгэж ширээн дээр байсан архи, пивыг авч уугаад байсан. Тооцооны мөнгө 200.000 төгрөг гарсан бөгөөд Ц- намайг дарамтлаад архины шил барьж авч цохиод, тэнд байсан пивоны шил авч шидээд байсан. Тэгээд над руу эхлээд нэг пивоны шил авч шидэхэд Б- эгч болиулаад дараа нь дахиад шил авч шидсэн чинь Б- эгчийг оночихсон. ... намайг тухайн бааранд байсан чинь Ц- 800.000 төгрөгийн тооцоо гарсан, түүнийгээ төл гээд намайг дарамтлаад над руу дайраад намайг үсдээд авсан. Тэгээд архины шилээр миний толгой хэсэгт цохиод пивоны шил авч шидээд байсан. ... Ц- над руу пивоны шил шидээд байсан бөгөөд Б- эгч Ц-г боль гээд тухайн шилнүүдийг авч байсан. Тэгж байгаад над руу пивоны шил шидэх үед Б- оногдсон. ...” /1хх 47-48/,

Д.Ц-гийн яллагдагчаар өгсөн “... бид хэд архи, пиво ууж байгаад би Б.Б-ын хадам эгч болох Э-тай маргалдаж байгаад пивоны шил шидтэл тухайн шил Б.Б-ын духыг оноод цус гарсан. ... би тухайн үед Б.Б- руу пивоны шил шидээгүй, харин Э- руу пивоны шил шидтэл Б.Б- нь урдуур нь ороод оногдчихсон. ... ” /1хх 88-89/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3542 дугаартай “... Б.Б-ын биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 24-25/,

2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0525/777 дугаартай “... 3542 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...” /1хх 245-250/,

2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1096 дугаартай “Б.Б-ын 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас дасан зохицохуйц хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” /2хх 2-4/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Ц-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ц-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

3. Шүүгдэгч Д.Ц-гийн хохирогч Б.Б-тай маргалдан пивоны шилийг шидэж эрүүл мэндэд нь духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин шүүгдэгч Д.Ц-гээс гэм буруу дээр марган “... би Л.С-тэй маргалдан түүн рүү чиглэсэн үйлдэл хийх явцдаа хохирогч Б.Б-ын биед хөнгөн хохирол учруулсан байх буюу хохирогч руу чиглэсэн санаатай үйлдэл гаргаагүй, түүнд болгоомжгүйгээр хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.

 

Түүнчлэн, гэмт хэргийн субъект халдлагын зүйлийг андуурч хохирол учруулах гэсэн хүндээ хохирол учруулаагүй өөр хүнд хохирол учруулж гэмт санаа бодлоо нэгэнт хэрэгжүүлсэн болохоор эрүүгийн хариуцлага, гэм буруугийн хэлбэр, зүйлчлэлд ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Ц-гийн ухамсар ба хүсэл зориг нь хүнийг гэмтээх гэсэн гэмт үйлдэл байсан буюу пивоны шил шидсэн үйлдэл нь шүүгдэгч өөрийн үйлдлийн бодит шинж чанар, нийгмийн аюулыг ухамсарлаж үйлдсэн байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ц-гийн “болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1556 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ