Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 304/ШШ2026/00137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б****** аймаг, Р******* сум, ** дугаар баг, ** дугаар баг, ******* *******, З******* **-р гудамж, *** тоотод оршин суух, Б******* овогт М*******ын Б*******ы хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Э.С*******ыг эрэн сурвалжлуулах тухай 304/2025/01108/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч нь Э.С*******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие М.Б******* нь Б***** аймгийн Р******* суманд ажиллаж амьдардаг. 2024 онд Б******* дүүргийн иргэн гэх С*******д төмс, хүнсний ногоо авч нөөцлүүлэх зорилгоор 6,000,000 төгрөг өгсөн боловч муудсан төмс хүлээн авсан. Ингээд уг хохирол болох мөнгө, дээр нь бусад нэмэгдэл зардал 1,000,000 төгрөгийг нэмээд нийт 7,000,000 төгрөг гаргуулахаар Б******* дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б******* дүүргийн шүүхээс хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг маань буцаасэн. Иймд дээрх С******* гэх иргэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Эрдэнэөлзий С******* гэх фэйсбүүк чатаар харилцсан, 99124341 дугаарт дуудлага хийсэн фото зураг /хэргийн 4-8-р хуудас/.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Б*******ы хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нь Э.С*******д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Б******* дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний хаяг тодорхойгүй гэж хариу өгсөн тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Э.С*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул та эрэн сурвалжлуулах шаардлагатай гэж хариу өгсөн гэж шүүхэд тайлбарлаж байгаа ч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд Э.С*******ын гэрийн хаяг, регистрийн дугаарын талаархи мэдээллийг хүнээс тодруулж авсан талаар тайлбарлаж, Э.С******* нь РД:СЖ83311180, гэрийн хаяг: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 1 дүгээр хороо, сургалтын задгай, 4-р гудамж, 22 тоот гэж шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

Хүсэлт гаргагч нь дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, тухайн хаяг дээрээ байгаа эсэхийг нягтлаагүй байх бөгөөд биечлэн уулзаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт нотлогдохгүй байна.

Иймд шүүх иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.С*******ыг эрэн сурвалжлах хүсэлтийг бүхэлд нь болгох нь зүйтэй.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хүсэлт гаргагч М.Б*******ы шүүхэд гаргасан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.С*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА