Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 445

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Д.М-нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д М-д холбогдох 1808011550329 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эгч Д.Ариунцэцэгийг “хүүхэд харж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн эгч Д.А “хүүхэд харж өгсөнгүй” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж зүүн нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-3/

            - хохирогч Д.А-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орой 18 цагийн үед дүү М гэрт ирээд намайг зодсон. М манайд хүүхдээ үлдээгээд явчихсан байсан, би залгаад “чи яахаараа хүүхдээ энд орхичихоод явчихдаг юм бэ” гэхэд ирээд зодсон. М миний нүүр лүү “гараараа 1-3 удаа цохиод, хүүхэд хараад өгчихгүй сүртэй пизда вэ” гээд явсан. М архи уугаагүй, эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-4-7/

            - гэрч Т.Х-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд хүү анайгийнд орж тоглое гээд байхаар нь А эгчийн хашааны үүдэнд нь буулгаад явчихсан. Араас А эгч залгаад “хүүхдээ ав, өөрсдөө хар” гээд хэл амаар доромжилсон. М, А эгчийн гэр рүү хүүхдээ авахаар орсон. Орилолдоод байхаар нь ортол М-н нүүрийг самардчихсан барьцалдаад хэрэлдээд зогсож байсан...гэх мэдүүлэг /хх-12-14/

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны шинжээчийн 3191 дугаартай:...Д.А-н биед зүүнд нүдний дээд зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1-с 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-17/

            - шүүгдэгч Д.М-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эгч А-т хүүхдээ үлдээгээд хүний машин асаах гээд явтал эгч араас залгаад “хүүхдээ ав, би чиний хүүхдийг харах албагүй” гэж маргалдсан. Би очиж хүүхдээ авахдаа маргалдаад, миний нүүрийг маажихаар нь эргүүлээд 2 цохичихсон...гэх мэдүүлэг /хх-24-27/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би хүний машин асаах гээд хүүхдээ эгчийнхээ гэрт үлдээсэн. Манай том хүүхэд эгчийн хүүхэдтэй тоглох дуртай байдаг. Гэтэл эгч миний ардаас утасдаад, хүүхдээ ав гэсэн. Тэгэхээр нь би эргэж очоод хүүхдээ авахдаа үл ойлголцол гарсан. Надад уурлаад “би чиний хүүхдийг харах албагүй” гэхээр нь би хүүхдээ авах гэтэл маажсан. Би 2 удаа эгчийн нүд рүү нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн эгч, дүүс болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

   Иймд шүүгдэгч Д.М-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх-51/ гэжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүзгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.        

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Д.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.М-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.     

            5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.           

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Д.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.