| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00072/И |
| Дугаар | 304/ШШ2026/00218 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2026/00218
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Х*******-Ө******* сум, ** дүгээр багт оршин суух Н******* овогт М*******ын М*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00072/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч М.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.М******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1968 онд төрсөн. Булган аймгийн Х*******-Ө******* суманд амьдардаг. Миний бие нь Булган аймгийн Х*******-Ө******* суманд үйл ажиллагаа явуулж байсан Х******* ******* ******* ХХК-д 2010 оны 08 дугаар сараас 2014 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дайвар бүтээгдэхүүн сортлогчоор ажиллаж байсан. Гэвч Х******* ******* ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй нь лавлагаагаар харагдаж байна. Миний бие нь дээрх хугацаанд тус компанид ажиллаж байсан боловч ажилласан жил орохгүйгээс хохироход хүрээд байна. Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу Х******* ******* ******* ХХК-д ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт болон бусад холбогдох материалыг үндэслэн миний Х******* ******* ******* ХХК-д 2010 оны 08 сараас 2014 оны 12 сарыг дуустал 4 жил 5 сарын хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг болно.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12/129 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь ******* ******* ХХК-д 2010 оны 08 сараас 2014 оны 12 сарыг дуустал дайвар бүтээгдэхүүн сортлогчоор ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа гараагүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.М*******ын М*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор ажил олгогч Х******* жаст *******-оос 2010 оны 9 сар, 2011 оны 11 сар, 2012 оны 9, 10 сар дээр шимтгэл төлсөн,
3.2. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12/129 дугаар албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн лавлагаагаар ******* ******* ХХК нь улсын бүртгэл хэвийн төлөвтэй бүртгэлтэй, Булган аймгийн Х*******-Ө******* сум, 1 дүгээр багт салбартай хуулийн этгээд болно гэжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ., 135.2.6 дэх хэсэгт хүний ажиллаж байсан байдал, 135.3 дах хэсэгт ...эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй...болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Хүсэлт гаргагч нь 2000-2014 оны хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд шүүхээр өөр журмаар олж авах боломжгүй нөхцөл байдлын талаар нотлох баримт гаргаагүй. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу шимтгэл төлөгч ажил олгогч нь ажилтны нэрээр шимтгэл төлж, тайлагнах үүрэгтэй бөгөөд уг хуулийн 16 дугаар зүйлд ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг даатгуулагч арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилсан, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дах хэсэгт заасны дагуу Х******* жаст ******* ХХК нь хуулийн этгээдийн эрхгүй байх тул ******* Агро ХХК-иас ажиллаж байсан байдалтай холбоотой баримт бичгийг шаардах боломжтой байсан. Гэвч хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* ******* компанийг хайгаад, хөөцөлдөөд олоогүй, мэдэх хүн байдаггүй ... гэх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Иймд хүсэлт гаргагч М.М*******г Булган аймгийн Х*******-Ө******* суманд үйл ажиллагаа явуулж байсан Х******* жаст ******* ХХК-д 2010 оны 09 сар, 2011 оны 11 сар, 2012 оны 09 сар, 10 саруудад тус тус дайвар бүтээгдэхүүн сортлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хангахаас татгалзаж, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н******* овогт М*******ын М*******г Булган аймгийн Х*******-Ө******* суманд үйл ажиллагаа явуулж байсан ******* ******* ХХК-д 2010 оны 09 сар, 2011 оны 11 сар, 2012 оны 09 сар, 10 саруудад тус тус дайвар бүтээгдэхүүн сортлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хангахаас татгалзсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА