Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/23

 

М.Одонбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор О.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б******* нарыг оролцуулан

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгийн даргалж хийсэн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Одонбаатарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Б******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гинжит дугуйт машины механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Х******* сумын Х******* тосгоны Д******* гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Мгийн Одонбаатар /РД:ФЖ/.

 

Шүүгдэгч М.Одонбаатар нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Х // загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, усан буу зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас М.Одонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолоор:

 

         Шүүгдэгч ******* овогт Мгийн Одонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.Одонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Одонбаатар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Одонбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон 52,6587 грамм алт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тог гаргагч дизель генераторын үнэ 7,000,000 төгрөг, алт угаагч усан бууны үнэ 13,000,000 төгрөг, экскаваторын үнэ 25,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Одонбаатараас гаргуулж “” ХХК-нд олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн, Б.Бундхорол нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

         Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Одонбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний үйлчлүүлэгч М.Одонбаатарыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагааг явуулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” мөн зүйлийн 1.2-т заасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг буруу хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Одонбаатарын гэмт хэрэг үйлдэж олсон 52,6587 грамм алт, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан х загварын экскаваторын үнэ 25,000,000 төгрөг, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмжийн үнэ 13,000,000 төгрөг нийт 48,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсан байна.

Энэ тохиолдолд гэмт хэргийн улмаас байгаль, экологид учирсан хохирол, хор уршиг байхгүй. Үүнийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Тухайн хэргийн хувьд миний үйлчлүүлэгч Одонбаатар нь газрын хэвлийд халдаагүй, өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлөөр ашигласан байсан овоолго шороог усан бууг ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилгоор овоолго шороог усан буунд хийсэн байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээр давхар нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 7.2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно...” гэж дүгнэсэн байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх энэ хуулийн 5 1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно...” гэж хуульчилсан бөгөөд шүүхэд заавал албадлагын арга хэмжээ хэрэглэ гэж үүрэг болгоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх үүрэг болгосон мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү.

2. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан талаар

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагааг явуулсан гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл хэргийн бодит байдлын хувьд миний үйлчлүүлэгч ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн, олборлох үйл ажиллагааг явуулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “...Ашигт малтмал эрэх гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг...” хийхийг ойлгоно Мөн зүйлийн 4.1.6 дахь хэсэгт “...ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх”-ийг ойлгоно гэж хуульчилсан байна.

Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч ашигт малтмалын эрэл, хайгуул хийгээгүй, геологийн судалгаа, эдийн засгийн үнэлгээг хийгээгүй болно.

Түүнчлэн миний үйлчлүүлэгчийн “олборлолт” явуулсан гэж буруутгадаг бөгөөд бодит байдал дээр миний үйлчлүүлэгч олборлолт явуулсан гэхэд эргэлзээтэй усан буугаа угсарч ажиллаж байгаа эсэхийг шалгасан байдаг бөгөөд олборлолт огт явуулаагүй усан буунд овоолготой байсан шорооноос хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл усан буугаар угаасан үйл баримт тогтоогдоогүй. Эсрэгээрээ тухайн үед очсон Булган аймгийн цагдаагийн мөрдөгч О нь бууг тэнд байсан 2 хүнээр усан бууг ажиллуулж 52,6587 грамм алтыг өөрөө гаргаж авсан байдаг. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч 2 тусдаа хүнийг ашиглаж усан бууг ажиллуулж 52,6587 грамм алт гаргаж авсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Ж, П, , иргэний нэхэмжлэгч Пүрэвсүрэн нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгээр нотлогддог. Гэтэл үүнийг миний үйлчлүүлэгч Одонбаатарыг алт угааж олборлосон мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.

Миний үйлчлүүлэгч Одонбаатар нь овоолготой байсан шороог авч усан бууг ажиллаж байгаа эсэхийг шалгасан үйлдэл нь байгаль экологид хохирол хор уршиг учруулаагүй бөгөөд гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан байна.

Миний үйлчлүүлэгч Одонбаатарын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагааг явуулсан үйлдэл нь байгаль экологид хохирол, хор уршиг учруулаагүй, нийгмийн аюулын шинж чанарын хувьд хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх тул Одонбаатарын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг буруу хэрэглэсэн гэх тухайд шүүгдэгч М.Одонбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн. Тус гэмт хэргийг үйлдэхдээ газрын хэвлийд халдаагүй боловч тухайн газарт хуучин үйл ажиллагаа явуулж байсан овоолго шорооноос авч усан буу гэх техник хэрэгсэлдээ хийж олборлолт явуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй. Албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт гэдгийг Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 166 дугаартай тогтоол, Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаартай тогтоолуудад тус тус зааж, тайлбарласан байдаг. Шүүгдэгч тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмж болох дизель генератор, алт угаагч усан буу, экскаватор зэрэг техник хэрэгслүүдийн үнийн дүн болох 45,000,000 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж тайлбарлаж байгаа ч анхан шатны шүүх хуралд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар оролцож гэм буруугийн асуудлаар маргахгүй, шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулах саналтай гэх саналыг гаргаж оролцсон. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед асуулт асуухад шүүгдэгч нь н.Б тухайн газарт бичиг баримтыг бэлэн болгохоор хөөцөлдөж байсан, тухайн бичиг баримт бэлэн болоогүй, тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх талаар хэлсэн гэх зэрэг мэдүүлгүүдийг өгсөн. Мөн шүүгдэгч тухайн үед хүмүүсээс мөнгө зээлсэн, цаг хугацаа их алдаж байсан, зээлсэн мөнгө нэхэгдээд байсан тул хамт гагнуур хийж байсан гэх 2 хүнийг явуулчихаад ганцаараа байхдаа өөрийн угсарч байрлуулсан гэх усан буунд овоолго шорооноос шороо авч, 1 удаа буудаж үзсэн, 1 удаагийн буудалтын үед багахан хэмжээний алт гарсан, гарсан алтыг нь авч шороон дотроо хийгээд дахин буудах гэж байхад нь Цагдаагийн албан хаагч ирсэн талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Эхний удаа тодорхой хэмжээний алт олборлож, 2 дахь удаагаа усан буу руу шорооны хамт хийж буудах гэж байхад нь Цагдаагийн алба хаагч ирж тухайн шороог угаалгах гэсэн боловч М.Одонбаатар татгалзсан талаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тодорхой тусгасан байна. Мөн Цагдаагийн алба хаагчаас хөндлөнгийн 2 гэрчийг оролцуулан өөрийг нь байлцуулж алтыг шорооноос угааж гаргасан талаар тодорхой тусгасан байна.

М.Одонбаатар нь тусгай зөвшөөрөлгүйгээ мэдэж байсан, тухайн газарт алт байгаа эсэхийг мэдэх зорилгоор ашигт малтмал эрэл хайгуул хийж овоолго шорооноос усан буунд шороо хийж олборлосон болох нь тогтоогдсон тул тус гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх боломжгүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор хийж гүйцэтгэж буй үйл ажиллагаа юм. Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байнагэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Одонбаатарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг х*******ттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3.Шүүгдэгч М.Одонбаатар нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Х // загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, усан буу зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон үйл баримт нь нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

4.Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч М.Одонбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Одонбаатарыг хуульд зааснаар 5,600 /таван мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний гэмт хэрэг үйлдэж олсон 52,6587 грамм алт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тог гаргагч дизель генераторын үнэ 7,000,000 төгрөг, алт угаагч усан бууны үнэ 13,000,000 төгрөг, экскаваторын үнэ 25,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж, шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийг шүүгдэгч М.Одонбаатараас гаргуулж “” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзнэ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.******* давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг буруу хэрэглэсэн, шүүгдэгч М.Одонбаатарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.  

       6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураахын зэрэгцээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулсан нь аливаа гэмт хэргээс хэн ч ашиг хүртэх ёсгүй гэсэн агуулга, үзэл санааны илэрхийлэл юм.

Анхан шатны шүүх дээрх хуульд зааснаар М.Одонбаатарын хууль бусаар 52.6587 грамм алт олборлоход ашигласан Х // загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, усан бууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар эдгээр техник, хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байх тул үнийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” зорилго болон 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.

Булган аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Одонбаатарыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Булган аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах голын гүүрний орчим тусгай зөвшөөрөлгүйгээр Х // загварын экскаватор, 125 киловаттын цахилгаан үүсгэгч дизель төхөөрөмж, усан буу зэргийг ашиглан хууль бусаар 52.6587 грамм алт олборлосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Одонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн зүйлчлэл дээр нэмж ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж гэм буруутайд тооцсон нь яллах дүгнэлтээс хальж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтаас шүүгдэгч М.Одонбаатарыг ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж гэмт буруутайд давхар тооцсоныг хасах нь зүйтэй гэж,

Мөн тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэснийг “...шүүгдэгч М.Одонбаатарт оногдуулсан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/127 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...М.Одонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэсний эрэл хайгуул гэснийг хасаж, 3 дахь заалтыг “...шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэснийг “...шүүгдэгч М.Одонбаатарт оногдуулсан 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                       Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                         . Л.ХИШИГДЭЛГЭР