| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0448/Э |
| Дугаар | 458 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 458
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-н С-д холбогдох 1708004220510 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.С нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Т.Т маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.С нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Т.Т маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Т.Т-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 11 цагт гэрт нутгийн залуу С ирээд “намайг архи ууя” гэхээр нь би түүнийг дагаж гэрт нь очсон. Надтай хамт А хамт явсан. Бид 3 С-н гэрт 750 грамм архи хувааж уусан. Би архи ууж байгаад тасарсан байсан. Нэг сэрсэн С миний цээжин дээр дэвсэж байсан. Би ухаан орж зугтаж гэртээ харьсан. Ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй, архи уугаад тасарсан байхад зодсон. Бидний хажууд өөр хүн байгаагүй, А бид хоёртой хамт архи ууж байгаад түрүүлээд явчихсан байсан. Эмчилгээ хийлгээгүй гэрээр эм тариа хийлгэж байгаад зүгээр болсон, баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-12-15/
- гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...С нь 2016 оны 09 сараас эхлэн нүүрс зардаг цэгт жолоочоор 2 жил ажиллаж байна. 2017 оны 7 сард гэртээ амрахаар явсан ба 2-3 хоноод ирсэн. Ирэхдээ хүнтэй маргалдаж зодоон хийгээд цагдаа дээр байсан гэсэн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Одоо манайд ажиллаж, амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-18/
- гэрч Ж.А-н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед гэрт С 0.75 литрийн архи авч ирээд “уух уу” гэхээр нь Түвшинжаргал ах бид 2 С-д очиж 1, 2 хундага уучихсан. Би ажилтай болохоор түрүүлээд гарсан. Т, С 2 уугаад үлдсэн. Тэр 2 хоорондоо маргалдаад С, Т-г зодчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-20/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 8931 дугаартай:...Т.Т-н биед тархи доргилт, духанд цус хуралт, шарх, зулгаралт, баруун, зүүн шанаа, шилэн хүзүү, баруун дал, мөр, бугалга, зүүн бугалга, шуу, цээж бүсэлхийн цус хуралт, зүүн хацар, эрүү, шилэн хүзүү, зүүн шуу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-22/
- шинжээч эмч Ч.Э-н мөрдөн байцаалтад өгсөн:...тархи доргилт, духанд цус хуралт шарх, баруун зүүн шанаа, баруун дал мөр, шуу, бүсэлхийд цус хуралт нь дангаар гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрх гэмтлүүд бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд байна...гэх мэдүүлэг /хх-23-24/
- шүүгдэгч Ч.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...би нилээн муудаад унтчихсан байсан, сэрэхэд А ах явчихсан, Т ах орны урд согтуу сууж байсан. Би Т ахыг “та одоо гэртээ хариа, яв” гэхэд загнаж зандраад байхаар нь “хариач” ээ гэхэд “өөдөөс хараал хэлээд босч ирээд намайг гараараа боосон. Би зөрүүлээд ноцолдож Т ахын нүүр, гар хэсэгт нь гараараа цохисон. Маргаан болоход Т ах бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Т ахад учирсан гэмтлийг би маргалдаж байхдаа учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-31-32/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ч.С-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч гомдол саналгүй /хх-51/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.С-д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.