Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00399

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00399

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *** тоотод оршин суух, Б.А

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** тоотод оршин суух, Ш.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлүүлсэн барааны төлбөр 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00307/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б  нь ** дугаар багт байрлах **** дэлгүүрт монгол бараа, мөнгөн эдлэлийн лангуу түрээслэн зогсдог билээ. Тус шүүхэд хандах болсон шалтгаан нь, зүс таних Д.Б  гэх эмэгтэй урьд удаа дараа худалдан авалт хийдэг болсоор удсан байсан учир миний итгэлийг олсон байсан.

Тийм учир тэрээр 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний лангуун дээр хүрч ирээд надаас дараахь барааг авсан. Үүнд:

- Монгол цамц 6 х 70,000 = 420, 000 төгрөг

- Хөөврөн цамц 2 х 160,000 = 320, 000 төгрөг

- Мөнгөн хослол 1 х 150,000 = 150, 000 төгрөг

- Мөнгөн хослол 4 х 100,000 = 400, 000 төгрөг

- Хонины ноосон өмд 1 х 50,000 = 50, 000 төгрөг

- Хонины ноосон плаж 1 х 100,000 = 100, 000 төгрөг

- Хүүхдийн хонины ноосон цамц 3 х 60,000 = 180, 000 төгрөг

- Нарны тос 1 х 40,000 = 40, 000 төгрөг

- Үнэртэй ус 1 х 50,000 = 50, 000 төгрөг

- Хүүхдийн подвалк 1 х 20,000 = 20, 000 төгрөг

- Хүүхдийн цамц 1 х 30,000 = 30, 000 төгрөг

Нийт: 1,800,000 төгрөгийн барааг зээлээр худалдан авч, 2 хоногийн дараа өгнө, тухайн үед миний дансанд 2 сая төгрөг орж ирэх юм гэж хэлээд авсан.

Гэвч, Д.Б  нь хэлсэн, ярьсандаа хүрэлгүй өдийг хүрч байгаа бөгөөд эхлээд мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлдэг байснаа сүүлдээ өгөх боломжгүй боллоо гэх мэтээр ойлгомжгүй зүйлийг ярих болсон.

Иймд миний итгэлийг алдан, хохироож буй Д.Б оос зээлүүлсэн барааны мөнгө 1,800,000 төгрөгийг минь гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.Д.Б  миний бие Д.Б ийн нэхэмжилж буй 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь Н.Д.Б од холбогдуулан зээлүүлсэн барааны төлбөр 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б т төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 (дөчин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Д.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Б т олгохоор тогтов.

Хариуцагч Н.Д.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д.Б од холбогдох, зээлүүлсэн барааны төлбөр 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б т төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 (дөчин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Д.Б оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Б т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Д.Б  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                             С.ОЮУНЖАРГАЛ