| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0449/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 459
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Э-т холбогдох 1808008930193 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны АТМ-д иргэн Д.Н-ы эзэмшлийн виза картыг уншуулан 340.000 төгрөг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт банк”-ны АТМ-д иргэн Д.Н-ы эзэмшлийн виза картыг уншуулан 340.000 төгрөг авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-2/
- хохирогч Д.Н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ очиход Э хүүхдийн хамт манайд ирсэн байсан. Э “дүү, ээжтэйгээ маргалдчихлаа, гэрээсээ гараад ирлээ, танайд хэсэг байж байдаг юм уу” гэхээр нь би “тэгээ тэг” гэсэн. Манайд хоноод маргааш 07-ны өдөр 16 цагийн үед “хүүхдийн памперс дуусчихлаа, яах уу” гэхээр нь би мөнгөгүй байгаа юм байлгүй гээд “миний картыг уншуулаад дэлгүүрээс памперс авчих” гэсэн. Э дэлгүүр ороод памперс авчирсан. Тухайн үед картаа аваагүй мартсан байсан. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр картнаасаа мөнгө авах гэсэн боловч 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 340.500 төгрөгийн зарлага гарсан байсан. Э миний картнаас зөвшөөрөлгүй уншуулж авсан байсан...гэх мэдүүлэг /хх-16-17/ ...Би Э-т мөнгө зээлээгүй. Миний картнаас зөвшөөрөлгүй 340.000 төгрөг авсан байсанд гомдол гаргасан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан...гэх мэдүүлэг /хх-18-19/
- Д.Н Хаан банкны дансны хуулга /хх-48/
- гэрч Б.Н-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н-ы гэрт ороход Н-ы охин А, танихгүй нэг эмэгтэй хүүхдийн хамт байсан. Тэр эмэгтэй Н-с “хүүхдийн памперс дуусчихлаа” гэсэн. Тэгсэн Н-н өөрийнхөө картыг өгөөд “хүүхэддээ памперс авчих” гэсэн. Тэр эмэгтэй ээжийн картын аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-20/
- шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н эгчийнд очсон. Тэндээ хоноод 07-ны өдөр Н эгч карт уншуулаад хүүхэддээ памперс аваарай гэхээр нь дулгүүр орж памперс, боорцог, пиво авсан. Орой тэднийхээс явсан ба замдаа Голомт банкны АТМ-ээс 340.000 төгрөг уншуулж авсан. Н эгчийн картнаас авсан мөнгөөрөө ахуй хэрэглээндээ үрээд дуусгасан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Н эгчид 340.000 төгрөг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-32-33/
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-9/
- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 06-ны өглөө би ээжтэйгээ муудалцаад гэрээсээ гараад Н эгчийнд очсон. Н эгч картаа өгч намайг дэлгүүр явуулсан. Би картнаас нь мөнгө аваад, авсан мөнгөөрөө эм, тариа аваад дууссан. Хохирлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Э бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 340.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-54/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Энь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.