| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2206 02582 0947 |
| Дугаар | 2025/ДШМ/1079 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 11.1, 17.2.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/1079
2025 09 10 2025/ДШМ/1079
Т.М-, О.Б-, Д.С-,
Д.С- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Ө.Учрал,
шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Д.С-, Д.С-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1417 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.М-, О.Б-, шүүгдэгч Д.С-, Д.С-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.М-, О.Б-, Д.С-, Д.С- нарт холбогдох 2206 02582 0947 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө- овгийн Т-ийн М-, ......., /РД:......../,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/509 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
2. С- овгийн О-ын Б-, ..............., /РД:........./,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2019/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн,
3. Э- овгийн Д-ын С-, ........., /РД:.........../,
4. Э- овгийн Д-ын С-, ......., /РД:............/;
Шүүгдэгч Т.М-, О.Б-, Д.С-, Д.С- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” гэх нэртэй амралтын газарт “найз охин явуулахгүй хоргоосон” гэх шалтгаанаар хохирогч А.Н-ы нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч О.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” амралтын газраас А.Н-ы унаж явсан хохирогч А.Ү-гийн эзэмшлийн **** УБЧ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас урд хэсгээр шороонд суулгаж, урд буфер болон урд гэрэл зэрэг эд зүйлсийг эвдэлж, хохирогчид 1.592.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.М-, Д.С-, Д.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.М-, Д.С-, Д.С-, О.Б- нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М-д 4 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С-, Д.С- нарт тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Б-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.С-, Д.С- нарт шүүхээс оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жил 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан О.Б-д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-, Д.С-, Д.С-, О.Б- нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.М-, Д.С-, Д.С-, О.Б- нарын тус бүр 199 хоног цагдан хоригдсон хоногийг, тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.М-, Д.С-, Д.С- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч О.Б-оос 4.637.554 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Н-д 4.145.554 төгрөгийг, хохирогч А.Ү-д 492.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад энэ хэрэг дээр 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хурлаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж байсан. Гэтэл дахин шийдвэрлэхдээ 4 жилийн хорих оноож миний эрх зүйн байдлыг маш их дордуулаад байна. Би 1 ой 1 Сартай нялх хүүхэдтэй, миний ээж тал харваж, миний асрамжид байдаг. Би ажил хөдөлмөрөө хийж сурч боловсорч, гэр бүл амьдралынхаа төлөө зүтгэх хүсэлтэй байдаг. Иймд та бүхэн миний цаашдын ирээдүйн хүсэл зорилгыг минь харж үзэж, надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 1 нас 5 С-ай хүүхэдтэй, хөдөлмөр эрхлэх чадамжгүй ээжтэй, эхнэрийн хамт амьдардаг. Гэм буруутай эсэхдээ маргаж хохирогч А.Н-д өгөх хохирлыг өгөөгүй учраас 5 жил 8 сар хорих ял авсан. Шүүхээс намайг зохион байгуулсан гэж үзсэн. Үйлдэл оролцоог салгаж шийдвэрлэх боломжтой байсан. Хохирогчийн мэдүүлэг, гэрч М-, Е- нарын мэдүүлгүүдийг үндэслэл болгож үзвэл тухайн гэмт хэрэгт миний оролцоо үйлдэл байхгүй мэт харагдаж байгаа. Гэвч би Х-, Б- гэдэг 2 хүнтэй хэрэг болсны дараа хувийн байдлын улмаас маргалдсан тул миний эсрэг мэдүүлэг өгсөн байна. Мөн С- нь М-ыг өмөөрч намайг бүх зүйл дээр хэлдэг ба үнэн зөвөөр нь мэдүүлэг өгөөч гэж хэлэхээр М-, Б- 2 адилхан Оргилын хэний нь ч хэлсэн яадаг юм бэ гэж үл тоомсорлож мэдүүлгээ өгсөн байдаг билээ. Миний бие нь 2024 оны 502, 2025 оны 1417 дугаар шийтгэх тогтоолуудаар 2 удаа шийтгүүлж өнөөдрийг хүртэл нийт 236 хоног цагдан хоригдож байна. Иймд та бүхэн хохирлоо төлж барагдуулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргах зүйлгүй болсныг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие бурхан болсон аав, ээжийнхээ нэрээр андгайлан, тухайн өдөр болсон үйл явдал, мөн хэн юу гэж хэлснийг нэг нэгэнгүй бичиж сууна. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагт хичээлээ тараад О.Б-, Б-, М-, С- бид 5 Б-ын гэр лүү явж хамт утсаар тоглохоор очсон. Гэрт нь тоглож байгаад Б-ын найз охин гэх Э- нь Б-ын утас руу байн байна залгаад байсан. Бид хоёр гэр лүүгээ явж байтал Б- над руу залгасан. Утсаа авахад Б- “манай найз охиныг цуг яваад авчихаад ирье” гэсэн. Тэгээд сэтгэлтэй юм бол цуг явчих гэсэн. Бид хоёрыг Жуковын хойд зам дээр такси барьж байна хүрээд ир гэсэн. Бид тав явж байхдаа асуудал үүсвэл зодоон цохион хийхгүй шүү гэж хэлсэн. Биднийг явж байхад Б- нь М- руу залгаад хаана явж байгааг асуугаад байсан. Улиастайн уулзвар дээр М- такситай ирсэн. Амралтын газрыг хайж 30-40 минут алхсан. Б- Э-тэй ярьж явсан. Бид зургаа амралтын газрыг ололгүй буцаад төв зам руу гарч ирэхэд Э- өөдөөс алхаж байсан. Бид долоо амралтын газар луу явж байхад хохирогч Н-, Х- хоёр “Тоёота приус 20” загварын автомашинтай хажуугаар явж өнгөрөхөд О.Б- “энэ нөгөө хэд чинь байна” гээд орилоод араас нь гүйцгээсэн. Очиход М-, М- хоёр түрүүлж очиж М- шилээр хохирогч Н-ыг цохиж байсан. М- нь хохирогч Н-ыг цохих гээд далайхад Н- бултаж холдоод Б- хохирогч Н-ыг түлхэхэд газар зоосон дугуйнд тээглээд унасан. Х- нь амралтын газраас хүн дуудна гээд гүйсэн. Намайг харахад С- М-ыг холдуулсан. Би Б-ыг татаад барьж байхад С- ирээд хохирогч Н-ы толгойг тэвэрч аваад больцгоо гээд хашгираад М- очоод С-гийн гэдэс рүү нь өшиглөөд чирээд холдуулсан. С- бид хоёр Н-ыг гэр лүү түшээд оруулсан. С-, М- хоёр орж ирээд Н-аас “чи манай найз охинтой унтсан уу” гэж асуухад хохирогч “шаачихдаг байж дээ” гэхэд М- гүйж очоод Н-ы цээж рүү өшиглөсөн. Б- гараа гар утасны цэнэглэгчээр ороогоод цохисон. Би болиулаад эргэж харахад М- түшлэгтэй сандал барьж аваад хохирогч руу дайрсан. Тэгэхэд С- урдуур нь ороод сандлыг нь авч буцааж газар тавиулсан. Бодит болсон явдал энэ. Дүү бид хоёр салгах үйлдлийг 3, 3 удаа хийсэн. Анх явахдаа бид хоёр зодоонд оролцохгүй гэж хэлж байсан. Би архи дарс хэрэглээгүй байсан. Хичээлийн хажуугаар авто угаалга, барилга, техник, зах дээр худалдагч гэх мэт бүх л ажлыг гололгүй хийж амьдралын төлөө зүтгэж ирснийг ах, эгч нар минь мэднэ. Би хэрүүл маргаанаас хол явахыг хичээдэг. Дүү бид хоёр хохирогчид тодорхой хэмжээгээр туслаагүй бол юу ч болж мэдэх байсан. Анхан шатны шүүх хийгээгүй хэргийн төлөө 2.9 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байгаа тул цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруу дээрээ маргадаг. Гэрч М-ийн мэдүүлэг нь “хохирогчийг хэн яаж зодож байгааг хараагүй” гэсэн байдаг. М-ын мэдүүлэг “хохирогч Н-, С-г шаачихгүй яав даа гэж хэлдэг, би уурлаад цээж хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд С- намайг болиулсан”, гэрч Б- нь М- модон сандал барьсан гэдгийг мөн намайг болиулсан гэдгийг шүүх хурал дээр бүгд нотолдог. М- хохирогч Н-ыг аваад гэрт үлдсэн гэж худал мэдүүлдэг. Гэвч хохирогчийн 3 удаагийн мэдүүлгийг уншиж үзвэл машин хөдлөөд явж байх нь тод сонсогдсон, намайг үргэлжлүүлж зодсон, тэр үед амьсгалахад бүр хэцүү болж байсан, тэр хүнийг амралтын газрын хүмүүс орж ирээд боль гээд болиулж цагдаад хүлээлгэж өгсөн гэдэг. Зургаар таньж олуулах ажиллагаа дээр бүгдийг хэлдэг. Яагаад бүх хүн явсны дараа М- гэдэг хүн хохирогчийг зодчихоод яллагдахгүй яваад байгаа юм бол. Анх яллах дүгнэлт үйлдэхэд М- татагдсан байсан. Харин намайг анх яллах дүгнэлт үйлдэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар татаж байсан атлаа яагаад гэнэт Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн татаад байгааг ойлгохгүй байна. Гэрч Б- мэдүүлэхдээ “хэн хэн яг яаж хэдэн удаа цохисныг хараагүй” гэдэг. Бид нарыг шавсан байдалтай гэсэн болохоос зодож цохисон гээгүй. Гэрч С-гийн мэдүүлэг “шилээр цохисон гэдэг нь яг үнэндээ миний бие С- нь хоёр шил хавсарч хагалж больцгоо гэж орилсон. С- нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр орохдоо худал мэдүүлэг удаа дараа өгсөн байдаг. М-, Б- хоёрыг хүртэл адилхан О-ын аль нь ч яадаг юм гэж хэлдэг. Үнэн зөвөөр мэдүүлгээ өгөөч гэж гуйхад “би үнэн ч бай худал ч бай эхний мэдүүлгээ өгнө” гэдэг. С- нь тэр үед М-ын найз охин байсан. Энэ хоёр нийлж нэгнийгээ өмөөрч удаа дараа худал мэдүүлэг өгдөг. Шүүх эмнэлгийн дүгнэлт “хохирогч Н-ы биед дүгнэлт хийж, гэмтлийн зэрэг тогтоохдоо бичгээр үйлдсэн зүйлийг л үзэж хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Хэрэв хохирогч 2022 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд Улсын 2 дугаар эмнэлэгт хүргэгдэн хэвтсэн бол 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс гарсан байдаг нь ойлгомжгүй. Гэрч нарт эрх үүрэг тайлбарлан хууль сануулж мэдүүлэг авсан байсан. Гэтэл яагаад удаа дараа худал мэдүүлэг өгөөд байгаа гэрч нарт хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Би үнэхээр гомдолтой байна. Хэрэв миний ихэр С- бид хоёр тэнд зодоон болж байхад болиулж салгаагүй бол, хэрэв хохирогч одоо амьд байхгүй байж мэдэх байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Ямар хүмүүс нь хүн зодчихоод худал мэдүүлэг өгөөд, зодоогүй юм шиг иргэн болж яваад байгааг ойлгохгүй байна. 2024 оны 753 дугаартай магадлал дээр Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, нэмэлт ажиллагаа явуулж, ээдрээ төвөгтэй байдал арилаагүй гэж буцаасан. Гэтэл нэмэлт ажиллагаа явагдаагүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг гуйж байна. Би маш их гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-, Д.С- нарын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.С-, Д.С- нарыг бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг: Шүүгдэгч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх урьд нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд “хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хэрхэн хамтран оролцож бүлэглэсэн талаар яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд заагаагүй, хэн хэрхэн яаж, хэнд, ямар хохирол учруулсныг тодорхой заах” гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2660 дугаартай шүүгчийн захирамж хавтаст хэргийн 157-р талд, 208-р талд Яллах дүгнэлт авагдсан байгаа болно. Тэгэхээр 40 хуудас нотлох баримт хэрэгт шинээр авагдсанаас ач холбогдол бүхий ямар ч ажиллагаа хийгдээгүй. Тухайлбал: 4 яллагдагчаас дахин, 2 гэрчээс дахин мэдүүлэг авсан , ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, яллах дүгнэлт ийм л ажиллагаа хийгдсэн.
Хоёр: Хэргийн талаар хийгдвэл зохих ажиллагааг хангалтгүй, бүрэн гүйцэд хийгээгүй төдийгүй нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэх тухайд:
1. Тухайн үед Э-, М-, С-, С-, Б- нар насанд хүрээгүй байсан. Тэднээс насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг авахдаа “насанд хүрээгүй гэрчид мэдүүлэг авахын өмнө үнэн зөвөөр мэдүүлэг өгөхийн чухлыг тайлбарлаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаар бүгдэд нь насанд хүрээгүй хохирогч гэж ойлгуулж, тайлбарлаж “насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгөв” гээд байгаа нь хууль бус, ноцтой зөрчил. Түүнчлэн, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоод өөр хүн байлцуулаад мэдүүлэг авах жишээтэй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгийн агуулга, мэдүүлгүүд үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, үнэн зөв хэмээн үнэлэх боломжгүй байсан. Гэтэл үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө эргэлзээгүй, илт зөрөөтэй мэдүүлэг үгүй байна” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.
2. Хавтаст хэргийн 18-р талд “хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д: 6 дугаартай хүн намайг гэрт заамдаад сэгсэрч байхад 1 эсхүл 2 дугаартай хүний нэг нь “энэ ямар овоо пизда вэ” гэж хэлээд гүйж ирээд өшиглөсөн. Босоо, хэвтээ аль нь тодорхойгүй. 1 дугаартай нь С-, 2 дугаартай нь С- гэсэн бичилт байх боловч эсрэгээрээ 1 дугаартай нь С-, 2 дугаартай нь С- байх ба энэ баримтыг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 /таньж олуулах/ 3-т гэрч, хохирогч, яллагдагч нь түүнд харуулсан хүн,... орон байрнаас аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана” гэсэн заалт зөрчигдсөн. 3 дугаартай хүнийг амралтын газрын хүмүүс барьж үлдээд цагдаад хүлээлгэж өгсөн гэх ба энэ нь М-, гэтэл М- /хх 66/ “Н-ыг яаж ингэж үлдээхэв дээ гэж бодоод цагдаа нар иртэл Н-тай хамт байсан” гэж мэдүүлж. /мэдүүлгийн зөрүүтэй/ Амралтын газрын хүмүүс гэх хүмүүс хэн байв, энэ үнэн юм уу. Хохирогч /хх 39-40/ “удаагүй гаднаас нэг 40 гаран насны эгч нөхрийн хамт орж ирээд салгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлгээр өөр 2 хүн салгасан асуудал тодорхой болсон. Яагаад эдгээр хүмүүсээс тодруулах ажиллагаа хийж, хохирогч ямар байдалтай байсан талаар мэдүүлэг аваагүй, үүнд шүүх дүгнэлт өгөөгүй.
3. Шилний асуудал яригддаг, хэргийн газрын үзлэгт “ач холбогдол бүхий мөр илрээгүй” гэдэг ба хагарсан, хагараагүй шилнүүд, цустай орны даавууг хэрэгт бэхжүүлж аваагүй байдаг.
4. М- хэрэг гарсны маргааш нь “би үлдээд зодсон” гэж хэлсэн байдаг. Энэ тал дээр огт ажиллагаа хийгээгүй. Энэ нь хохирогчийн анхны мэдүүлгээр нотлогдоно /хх 35/. Тэрээр миний машиныг асаагаад унаад хөдлөөд явж байгаа нь тод сонсогдсон. Намайг үргэлжлүүлээд ...зодсон надад ямар ч тэнхэл байхгүй байсан. Тэр амралтын газарт байсан нэг ах эгч хоёр гэрт орж ирээд боль гэж хэлээд болиулсан. Энэ байдалд дүгнэлт хийхэд хохирогч хэний, үйлдлийн улмаас хүнд гэмтэл авав гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Шүүх хохирогчийн анхны эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн мэдүүлэгт ач холбогдол өгсөнгүй. Түүнчлэн “шинжээчийн дүгнэлт, гэрчүүд тодорхой мэдүүлсэн, мэдүүлгүүдийн хооронд ноцтой төөрөгдөх, эргэлзэх, илт зөрүүтэй мэдүүлэг үгүй байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Тухайлбал, хэргийн бодит байдлыг нотлох баримтуудад үндэслэн мэдүүлгийн зөрүүг арилгаж зөв тогтоогоогүй. М- гэрт цээж рүү нь өшиглөхөд үүсэв үү, гэрч С-гийн мэдүүлгээр “М- гүйж ирээд 1 удаа жийсэн”-ээс үүсэв үү, хохирогчийн мэдүүлгээр араас хатуу гуталтай хүн өшиглөсөн гэх /М-, М- 2 хатуу ултай гуталтай байсныг бүгд гэрчилдэг/, гэрт үлдээд үргэлжлүүлэн зодсон М- учруулав уу, хохирогчийн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан хүн нь М-. Гэтэл энэ тал дээр огт ажиллагаа хийгээгүй эргэлзээтэй, илт зөрүүтэй мэдүүлгүүд байсаар байхад үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг яллах дүгнэлтэд “...найз охиныг явуулахгүй, хоргоосон” гэдэг бол анхан шатны шүүх “үл ялих зүйлээр шалтаглан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 1-рт: С-, С- нарын найз охидууд биш, 2-рт: С-, С-ийн тухайд энэ гэмт хэргийг үйлдэх ямар ч шалтгаан байхгүй байсан төдийгүй анхнаасаа зодоон болвол оролцохгүй шүү гэдгээ хэлж байсан, 3-рт: С-, С- нар иргэний үүргээ биелүүлж зодооныг болиулах, салгах үйлдлийг 3x3 удаа хийж байсан. Шүүхийн хэлэлцүүлэг дуусахад иргэдийн төлөөлөгч ч “шүүгдэгч нараас нэгнийгээ болиулах салгах оролдлого хийсэн гэж үзэж байна” гэж хэлсэн нь шийтгэх тогтоолд авагдсан байгаа болно. 4-рт: Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжаа зөв зааж мэдүүлсэн мэдүүлэг бол түүний өгсөн анхны мэдүүлэг /хх 35/ “миний машиныг асаагаад хөдлөөд явж байгаа нь тод сонсогдсон. Намайг үргэлжлүүлээд ... зодсон надад ямар ч тэнхэл байхгүй байсан, тэр амралтын газар байсан нэг ах эгч хоёр орж ирээд боль гээд болиулсан” гэх энэ мэдүүлэгт заагаад байгаа хүн нь М-. Гэтэл энэ байдалд хэрэг буцсан үед ямарч тодруулга хийгээгүй, гэрчээс мэдүүлэг авах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж мөрдөгчийн даалгавар дээр бичигдсэний дагуу М-ийн дахин өгсөн мэдүүлэгт “Н-ыг хэн шилээр цохисныг мэдэхгүй. Гэрт ороод юу болсон талаар асуухад надад С-, С- хоёрын нэг нь М- энэ хүнийг ийм болгоод хаячихлаа гэсэн, тэгсэн М- наадахыг чинь алчихсан ч яадаг юм гэчихсэн сууж байсан” гэж өмнөхөөсөө өөрөөр мэдүүлдэг /хх 190/ ч үүнд ч бас ач холбогдол өгөөгүй. 5-рт: Гэрч С- “Н-ыг М- бид 2 гэрт оруулсан” гэж өмнөхтэйгөө адил худлаа хэлдэг. /хх 189/ М- нь “2 ихэр Н-ыг гэрт оруулж ирсэн”-ийг /хх 172/ гэрчилдэг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл яагаад мөрдөн байцаах ажиллагааг бүрэн хийхгүй байна вэ, мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимагаас болоод хэнд нь ял завшуулаад, хэнд нь эрүүгийн хариуцлага тооцно вэ. Гэрч гэх Э- нь Б-ын найз, С- нь М-ын найз, Б-, М- 2 хохирогчийг зодох шалтгаантай байсан төдийгүй, санаатайгаар хохирогч руу довтолсон, Б- /1 хх 174-176/ яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ ”Би Н-ыг зүүн дээд талын далных нь тэр орчимд нэг удаа өшиглөсөн” гэх, М-ын өгсөн /1 хх 104/ гэрчийн мэдүүлэгт “...би уурлаад Н--Одыг орны булан дээр суусан байхад нь цээж хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд намайг С- болиулсан” гэж хохирогч руу чиглэсэн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн, С-ийг болиулах үйлдэл хийснийг ч нотолсон. С-ыг шил авч хагалаад одоо болиоч гэж орилсныг нь ч Б- гэрчилдэг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг миний үйлчлүүлэгчийн тухайд зөв дүгнээгүй, гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байх шаардлагыг хангаагүй, нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдлууд тэр дундаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр ч биелэгдээгүй.
Гурав: Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг аваагүй, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй атлаа өсвөр насны хүүхдүүдэд эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөл байдал үүсээд байхад хэргийн бодит байдлыг нотлохын тулд тухайн гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэнийг, хэрхэн хамтран оролцож бүлэглэсэн талаар яллагдагчаар татах болон яллах дүгнэлтэд заагаагүй” гэх тухайд:
1. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулаагүй,
2. Өмнөх яллах дүгнэлтээр ...нар нь бүлэглэж...зодож... хүнд гэмтэл учруулсан гэж байсан бол сүүлийн яллах дүгнэлтэд хүн тус бүрээр бичихдээ “үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн” ...нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэдэг. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж бол хүнд гэмтэл учруулахаар шууд санаатай халдсан, идэвхтэй үйлдэл, гэмт этгээдийн үйлдэл хохирогчид учруулсан хүнд гэмтлийн хоорондын бодит хамаарал, шалтгаант холбоотой байхыг шаардана. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч нарын бүгдийнх нь хохирогчийн цээжин хэсэг рүү олон удаагийн дэвсэлж, өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой” гэж дүгнэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шийтгэх тогтоолд: “...хэд хэдэн гэрчүүд тодорхой мэдүүлсэн” гэж дүгнэхдээ хохирогч Н-ы “намайг гэр лүү хоёр ихэр С-, С- нар хөлнөөс чирч оруулсан, ... хажуунаас С- миний цээжний зүүн талд үсэрч ирээд маш хүчтэй өшиглөсөн тэр үед амьсгалахад улам хэцүү болж байсан,... хэдэн удаа яг хаана өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна” гэсэн нотлох баримтыг үндэслэлээ болгосон нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Хохирогчийн анхны мэдүүлэгт /1 хх 35/ “тэдгээр хүмүүс бидний амарч байсан гэр лүү чирч оруулсан” гэдэг бол гэрч С- /1 хх 92/ “Н-ыг М- бид 2 сугадаж оруулсан”, М- шүүхийн хэлэлцүүлэгт “2 ихэр хохирогчийг гэр лүү өргөж оруулсан” гэдгээр хангалттай үгүйсгэгдэнэ. “... Хажуунаас С- миний цээжний зүүн талд үсэрч ирээд маш хүчтэй өшиглөсөн” гэх ба ийм үг хохирогчийн мэдүүлэгт огт байхгүй. Тэрээр /1 хх 39/ 2 дахь удаагаа мэдүүлэхдээ “цагаан цамцтай эрэгтэй миний цээж рүү хүчтэй жийсэн” гэдэг ба М- анхнаасаа “хохирогчийг орон дээр сууж байхад нь цээж рүү нь жийж унагасан” гэдгээ мэдүүлдэг. Гэрч С- ч “М- сууж байсан сандал дээрээсээ босоод гүйж ирээд Н-ы гэдэс хэсэгт 1 удаа өшиглөсөн” гэж мэдүүлдэг ба шүүхийн буруутгаад байгаа энэ мэдүүлэгт дурдагдаад байгаа үйл явдал гэр дотор болсон билээ. Гэрч С-гийн мэдүүлгийг үгүйсгэх нотолгоо: М-ын найз охин, тэрээр 4-5 С-ай жирэмсэн байсан, шүүхийн хэлэлцүүлэгт С- сандлыг салгасан гэдэг бол гэрч С- би сандлыг болиулсан, С- Б- 2 цээж нүцгэн Н--Одыг зодсон, газар унагаагаад дэвсэж байхад нь С- газар байсан шилээр толгой руу нь цохисон мэтээр мэдүүлдэг бол, М- “би ногоон цамцаа Б-д өмсүүлсэн” гэж байхад С- “Б- улаан цамцтай орж ирсэн” гэх мэтчилэн хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй зүйлүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлсэн. С- хүүхдийн эцгийг өмөөрөх нь мэдээж, түүний эрхийн асуудал. Насанд хүрээгүй гэрч Б-ийн “...Н- газар хэвтсэн байдалтай, Б-, М-, С-, С- нар шавсан байдалтай байсан. Хөл гараараа цохиж байсан” гэх мэдүүлгээр нотлогдсон мэтээр дүгнэсэн. Б- харанхуйд тэдний хэн нь, хаана нь хөл гараараа цохисныг нотлоогүй, зөвхөн шавсан байдалтай байсан гэдгийг л нотолсон байдаг. Гэрч Х-ын “С-, С- хоёрын нэг нь надад хандаж ...утгатай зүйл яриад байсан” гэжээ. Х-ын энэ мэдүүлэг тэдний гэм буруутайг нотлохгүй төдийгүй, хэрэг гарах үед миний 2 үйлчлүүлэгч хоёулаа насанд хүрээгүй байсан. Шинжээчийн дүгнэлтээр Н-ы биед учирсан хүнд гэмтэл нь, шинжээч Н.Туяагийн “...нэг буюу олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлгээр хохирогчид учирсан хүнд гэмтэл нэг удаагийн буюу М-ын цээж рүү нь хүчтэй өшиглөсний улмаас үүсэв үү, хатуу ултай гуталтай хүний өшиглөлт /тухайн өдөр М-, М- нар хатуу ултай гуталтай байсныг шүүхийн хэлэлцүүлэгт болоод хохирогчийн мэдүүлгээр нотлогддог/-өөс үүсэв үү, “М- үлдээд үргэлжлүүлэн зодсон, надад ямар ч тэнхэл байгаагүй, нэг ах, эгч 2 гэрт орж ирээд боль гэж хэлээд болиулсан” гэх хохирогчийн анхны мэдүүлгээр М-ийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан уу, хэний үйлдэл уг хүнд гэмтэл учрахад шалтгаант холбоотой байв гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Бүлэглэн гүйцэтгэхэд гүйцэтгэгч тус бүрийн үүрэг, оролцоо их чухал. Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хэрхэн хамтран оролцож бүлэглэсэн талаар яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд заагаагүй байна” гэсэн. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг зөв тогтоогоогүй, өмнөх хүчингүй болсон шийтгэх тогтоолоор “хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” гэх шинжийг хангасан гэж байсан бол энэхүү шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч С-, С- нарыг “хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн атлаа “бүлэглэн” бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.
Дөрөв: Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрх зүйн хэрэглээний үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон бодит байдлыг тогтоох зарчмын хэм хэмжээнүүдийг тус тус хуульчлан заасан. Иймд дээрх үндэслэлүүд болон ажиллагаануудыг шүүхээс гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дахь хэсэгт зааснаар Д.С-, Д.С- нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн үйлчлүүлэгч Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Урьд анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж байсан. Сүүлийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчид 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Өмнөх шийтгэх тогтоолд Т.М- болон миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Т.М- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Тиймээс Т.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. 2024 оны 07 дугаар сард давж заалдах шатны шүүх хуралдаан болж, миний бие тус шүүх хуралдаанд оролцсон. Миний үйлчлүүлэгч О.Б- тухайн үед хохирогч, гэрч нарыг мэдүүлэг зөрүүтэй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч н.С- өөр мэдүүлэг өгсөн. Хэргийн оролцогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг бүрэн нотолж, тогтоогоогүй байсан. Давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих зүйлсийг нотолж, тогтоогоогүй байна” гэж дүгнэсэн. Хохирогчид учирсан хүнд гэмтлийг яг хэн учруулсан, тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хэрхэн, яаж бүлэглэсэн, тэдгээрийн үйлдэл оролцоог нь нотлогдоогүй гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Хэргийг анхан шатны шүүх рүү буцаасны дараа ажиллагаа хийж, шүүгдэгч нараас тус бүр 1 удаа, гэрч н.С-, н.М- нараас мэдүүлэг авч, нотолбол зохих байдлыг нотолсон мэтээр дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Нотлох баримтуудтай танилцахад мэдүүлгийн зөрүү арилаагүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй, миний үйлчлүүлэгчийг буруутай гэдгийг нотолсон баримтгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай санал нийлэхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шинжээчээс мэдүүлэг авахад “цээжний зүүн хэсэг буюу ард, хажуу хэсэгт хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, өшиглөх үед үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Тухайн үед н.М- ажлын хатуу гуталтай байсан. Бүгд шавсан байх үед миний үйлчлүүлэгч хохирогчийн ард биш толгой хэсэгт байсан. Хамгийн анх зодооныг эхлүүлж, барьцалдсан хүн нь Т.М- байсан. Энэ нь таньж, олуулах ажиллагаагаар тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч “дараа нь хоцорч, гүйж ирсэн” гэж мэдүүлсэн. Хохирогчийг эхэлж гадаа, дараа нь гэрт, сүүлд нь машинтай явсны дараа зодсон гэсэн 3 хэсэг үйл явдал байгаа. Энэ 3 хэсэг үйл явдал дунд хохирогч яг хэзээ нь тухайн гэмтлийг авсан бэ гэдгийг тогтоогоогүй. Хохирогч “олуулаа зодсон” гэдгээр бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн магадлалыг анхан шатны шүүх биелүүлээгүй. ... Хохирогчоос 28.927.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Тухайн баримтуудын зарим нь баларсан, яг хэдэн төгрөгийн баримт гэдэг нь тодорхойгүй байсан. Анхан шатны шүүх хохирогч талын хэлсэн дүнгээр нь хохирлыг тогтоосон. 28.927.000 төгрөгөөс онгоцны тийзний мөнгийг хасаж, шүүгдэгч тус бүрээс төлүүлэхээр шийдвэрлэсэн мөнгөн дүнг хууль ёсны биш гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны зардал 6.000.000 төгрөг байсан. Хохирогч дөнгөж ажилд орж, ажилласан эсэх нь тодорхойгүй байсан мөртлөө ажлын газрын тодорхойлолт авчирч өгсөн. Анхан шатны шүүх ийм үндэслэлгүй баримтад тулгуурлан шүүгдэгч нараар хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирлыг бодит, шаардлага хангасан баримтыг үндэслэж гаргасан бол миний үйлчлүүлэгч хохирлыг бага багаар хуваан төлөх боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч авто машины хохирол дээр маргадаггүй, мөн гэрт гар утасны цэнэглэгч ороогоод цохих гэж оролдсон үйлдэл байдаг. Шинжээчийн дүгнэлтэд хүнд гэмтлээс гадна хөнгөн гэмтлүүд байгаа. Миний үйлчлүүлэгчийг зодоонд оролцсон гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэхээр бол зүйлчлэлийг хөнгөрүүлж, цагдан хорих байрнаас суллаж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. А.Н- эхлээд Солонгос Улс руу, дараа нь Ирланд руу эмчилгээнд явсан. Одоогоор эмчилгээ нь зогссон байгаа. Биеийг нь ажиглаж, ямар эмчилгээ тохирч байгааг харж, дасгал хөдөлгөөн хийгээд үзсэний дараа эмчилгээ хийнэ гэдэг. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ү-гийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус гэмт хэрэг гарснаас хойш 3 жил гаран өнгөрч байна. Хэрэг гарсны дараа н.М- л хэргийн газраас баригдсан. Шүүгдэгч Т.М- баригдахгүй байж байгаад сүүлд нь баригдан цагдан хоригдсон. Т.М-ыг цагдан хоригдох хугацаанд бусад хэргийн оролцогчид ярилцан бүгд Т.М-д хэрэг хүлээлгэхээр тохиролцсон. Хохирогч өөрөө хэн хэн цохиж, зодсон талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. ... Зодооныг салгасан 2 хүн орж ирэх үед А.Н- арай хийж амьсгалж байсан. Хохирогч “би тэр үед үхэл гэдгийг мэдэрсэн, тэр 2 хүнд “надад туслаач” гэж арай хийж хэлсэн” гэж хэлдэг. Үүний дараа зодоон болоогүй. А.Н- нь “зодоонд нэг хүн оролцсон гэж хэлээгүй, 4-5 хүн оролцсон” гэж хэлсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд нэг хүн нэг цохилтоор тус гэмтлийг учруулсан гэдэг зүйл байхгүй. Шинжээч “нэг болон олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр учирсан” гэж мэдүүлсэн. Хэргийн оролцогчид хэн нэг нь нэг удаагийн үйлдлээр цохисон гэсэн бол нэг удаагийн үйлдэл яригдана. Гэтэл ийм зүйл байдаггүй. Гэрч н.Б- “Д.С-, Д.С-, Т.М-, О.Б- нар А.Н-ыг хөлөөрөө болон гараараа цохиж байсан” гэж мэдүүлсэн. Д.С-, Д.С- нар зодооныг салгасан гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэрч н.С- зодоон болж байхад ганцаараа хохирогчийг дарж хэвтэн хамгаалсан. Т.М- ганцаараа хохирогчийг зодож байсан бол жижиг биетэй тул түүнийг холдуулах боломжтой байсан. Олон хүн зодож байсан учраас биеэрээ дарж хэвтсэн. А.Н- “тал талаас намайг зодсон, гэр лүү өргөж биш чирч оруулсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчид хохирогчтой хүнлэг бус харьцсан. Д.С-, Д.С- нар хохирогчийг цохиогүй гэдэг баримт хэрэгт байхгүй. Т.М-, гэрч С-, Б- нар хэргийн оролцогчдын үйлдэл оролцооны талаар мэдүүлсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч А.Н-ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдлээрээ санаатайгаар нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх “бүлэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан” гэж үзэж, шүүгдэгч нарт ял оногдуулсан нь үндэслэлтэй. Д.С-, Д.С- нар шил хагалсан, тус гэмт хэрэгт ямар хамааралгүй гэж байна. Шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж, хохирогчийг газар хэвтсэн байхад тойрч зогсоод тал талаас нь цохиж, зодсон гэдгийг хохирогч мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч С-, Х-, Н- нар оролцсон. М- ганцаараа том, хар гуталтай очиж, хохирогчийг өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан мэтээр ярьж байна. М-ийн өмнөх мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт гэмт хэрэг үйлдсэн хүмүүс явснаас нь хойш цохиж, зодсон асуудал яригдаагүй. Ганцаараа үлдээд, хүмүүстэй хамт байж байгаад явсан. Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй, мэдүүлгийн зөрүү байхгүй. Шүүгдэгч “би шилээр цохиогүй, айлгах гэж шил хагалсан” гэж мэдүүлдэг. Гэрч Х- нь “С-г Т.М- барьчихсан байсан. О.Б- дээр нь гарч цохисон. 2 ихэр хажууд нь очиж, цохиж байсан. Тал талаас нь цохиж байсан учраас би айгаад зугтаагаад явсан” гэж тодорхой мэдүүлсэн. Хохирогчийн биед учирсан гэмтэл тус бүрээр нь ялгах боломжгүй. Эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Т.М-, О.Б-, Д.С-, Д.С- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, “найз охин явуулахгүй хоргоосон” гэх шалтгаанаар хохирогч А.Н-ы нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр...” -ийг заавал дүгнэх учиртай.
Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүдэгч Т.М-, О.Б-, Д.С-, Д.С- нарын хэний, хэдэн удаагийн цохих, өшиглөх үйлдлийн улмаас хохирогч А.Н-ы биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан хүнд гэмтэл учирсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай.
Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчим бүрэн бодитой хэрэгжих бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн, гэм буруутай хүнд ялыг ялгамжтай оногдуулах буюу ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд чухал ач холбогдолтой юм.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд яллах талын ач холбогдол бүхий гэрч О.С-гийн мэдүүлгүүд нь хохирогч болон бусад гэрч нарын мэдүүлгүүдээс эрс зөрүүтэй байдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа буюу тэдгээртэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, мэдүүлгүүдийг зөрүүг арилгах боломжтой байхад уг ажиллагааг хийгээгүй, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ДШМ/753 дугаартай магадлалыг биелүүлээгүй байна.
Иймд хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбоотой шүүгдэгч Т.М-, О.Б-, Д.С-, Д.С- нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1417 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.М-, О.Б-, Д.С-, Д.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ М.АЛДАР