Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0395

 
     

У.М нарын 73 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.М, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.Ш нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан давж заалдах гомдлоор, У.М нарын 73 иргэний нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч У.М, Ю.М, Р.Э, З.Х, Э.Х, Р.А, Г.Э, С.Н, Ц.Г, Д.Э, Б.Т, Ц.Э, М.О, Г.М, Б.У, Э.З, Н.Н, Б.У, Ж.Б, Г.Б, М.Ц, Б.Х, Б.Э, Н.Э, Г.Х, Б.Ө, А.О, А.Б, Э.Ц, Б.Т, Ж.Ц, Ц.Т, Б.Г, Б.Х, С.З, Э.У, Б.Г, Д.О, Ж.Б, Ө.С, О.Д, Х.Б, Д.Б, Ч.Т, Н.У, Г.Г, О.М, Ж.Ө, Б.Ц, Б.Г, С.Б, Ж.Д, Х.О, Н.О, Э.Ш, Д.Г, Б.М, Е.Е, Б.А, Ц.Б, Б.Н, Б.А, Т.О, П.У, А.М, А.А, Л.Б, Б.Ч, Б.Б, Д.Ц, Э.Т, Г.О, Б.Г нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын жирэмсний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

   Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар давж заалдах гомдолдоо: “Нэг. Нэхэмжлэгч У.М нарын 73 иргэдээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн байна.

Буянт-Ухаа боомтод ажиллаж байсан хилийн цэргийн албан хаагчдыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлэн ажиллуулсан байдаг.

Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь цэргийн бус энгийн байгууллага учир албан хаагчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу албан журмын даатгалд хамруулж мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл тооцож, cap бүр тайлагнан ажиллаж байсан байна.

Улмаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдан гарч уг хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно” гэж заасан байна. Дээрх Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь нэхэмжлэгч нарын 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар 01-ний өдөр хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцох талаар хуульчилсан эрх зүйн зохицуулалт бөгөөд дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгох эсэх асуудлыг зохицуулаагүй болно.

Мөн эрх зүйн зохицуулалтын улмаас бүтцийн өөрчлөлтөд орж нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгох талаар Нийгмийн даатгалын тухай хуулиар болон бусад хуулиар хуульчлагдаагүй учир төрийн захиргааны байгууллагаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглодог тул нэхэмжлэгч нарт буцаан олгох боломжгүй тухай хариу өгсөн билээ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуулийн дэлгэрэнгүй тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчмыг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

“...Эрх зүйт төрийн зарчмын дагуу хууль дээдлэх ёсыг төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан билээ. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагын тухайд дараах шаардлага тавигддаг байна.

Захиргаанаас хуулийг зөрчсөн аливаа нэг үйлдэл хийхийг хориглоно.

Захиргаанаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглоно...” гэж тус тус тайлбарлан заажээ.

Иймд манай байгууллагын шийдвэр нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх заалттай нийцэж байгаа тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёр: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг нарийвчилсан хууль гэж дүгнэн, хууль буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн алба хаагч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг.

Гэтэл нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг дурдаагүй, “...нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн байна.

Нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар нарийвчлан зохицуулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд шийдвэрлэгдэхээр байна. Мөн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн нийтлэг эрхийг хуульчилсан байтал анхан шатны шүүх нь уг хуулийн 5 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан хэмээн дүгнээд, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд огт дурдагдаагүй, хуульчлагдаагүй зүйлийг бичиж улмаар үндэслэлгүй дүгнэлт гарган хууль буруу тайлбарлаж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмаа зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймээс анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

   Нэхэмжлэгч У.М, Ю.М нар нь нэр бүхий иргэдийг төлөөлөн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын жирэмсний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

   Хилийн боомтын тухай хууль 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдан, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөнөөр Хилийн боомтод харьяалагдан Хилийн цэргийн албан хаагчаар ажиллаж байсан нэр бүхий албан хаагчдыг иргэний байгууллага буюу  Гадаадын иргэн харьяатын газарт шилжүүлэн ажиллуулснаар нэхэмжлэгч нэр бүхий иргэд цэргийн албан хаагч биш болжээ.

   Харин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хилийн боомтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болгож, уг хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн байна.

   Улмаар Монгол Улсын хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай 8 дугаар зүйлийн 8.3.5 дугаар заалт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны А/07 дугаар тушаалыг тус тус үндэслэн Гадаадын иргэний харьяатын газраас шилжиж ирсэн хилийн цэргийн албан хаагчдыг буюу нэхэмжлэгч нарыг цэргийн албан хаагчаар албан тушаалд томилжээ.

   Харин Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, уг хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно” гэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль батлан гаргаснаар нэхэмжлэгч иргэдийн Гадаадын иргэн харьяатын газарт энгийнээр ажилласан жилийн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцхоор болжээ.

   Дээр хууль батлагдсанаар “иргэд иргэний байгууллагад ажилласан жилийг хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцсон хууль баталсан тул иргэний байгууллагад ажиллаж байх хугацаандаа төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газар, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс гаргах ёстой” гэсэн үндэслэлээр маргаж байгаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

   1. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ” зааснаар нэхэмжлэгч нарын өмнө ажиллаж байсан Хилийн боомтын газар нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд биш, харин нэхэмжлэгч нарыг шилжүүлэн ажиллуулсан Гадаадын иргэний харьяатын газар нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг юм.

   Нэгэнт хууль тогтоох байгууллагаас дагаж мөрдөхөөр гаргасан Хилийн боомтын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч иргэд нь Гадаадын иргэн харьяатын газарт шилжиж ажиллах тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ” гэж зааснаар Гадаадын иргэний харьяатын газар нь ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авч нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх үүргээ хүлээх, даатгуулагч мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй юм.

   Нийгмийн даатгалын хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

   Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч иргэд нь цэргийн алба хаагчаар ажиллаж байх хугацаанд тэдний эрх зүйн байдал, түүн дотроо тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой болон бусад эрсдэлийг Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэм хэмжээгээр зохицуулдаг байсан бол иргэний байгууллагын ажилтан болсноор нэхэмжлэгч иргэдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой бусад эрсдэлийг хамгаалах эрх зүйн зохицуулалт нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар зохицуулагдах бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарыг тухайн иргэний байгууллага буюу Гадаадын иргэн харьяатын газарт ажиллаж байх хугацаанд учирч болох эрсдэлийг төрөөс олгох тэтгэмжийг даатгалын санд төвлөрүүлж, хохирлыг нөхөх зорилго бүхий эрх зүйн хамгаалалт юм.

   Нөгөөтэйгүүр, Гадаадын иргэн харьяатын газарт энгийнээр ажиллаж хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцох зохицуулалт Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаагүй учраас Монгол Улсын Их Хурал нь Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, уг хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно” гэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль батлан гаргасан зөвхөн нэхэмжлэгч иргэдийн ажилласан жилийн хугацааг тооцохтой холбоотой эрх зүйн зохицуулалт юм. Түүнээс нэхэмжлэгч иргэдийн өмнө Гадаадын иргэний харьяатын газарт энгийнээр ажиллаж хугацаандаа Нийгмийн даатгалын хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үүргийн хүрээнд албан журмын даатгал буюу нийгмийн даатгалын шимтэл төлсөн шимтгэлийг буцаан олгохыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулаагүй байна.

   Тодруулбал, энгийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын санд төвлөрүүлэн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагчид /нэхэмжлэгч иргэд/ буцаан олгох талаар Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол байхгүй тул нэхэмжлэгч нарын энгийн байгууллагад ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцсон гэсэн үндэслэлээр тэдний нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл буюу мөнгийг тэдэнд буцаан олгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.М, Ю.М, Р.Э, З.Х, Э.Х, Р.А, Г.Э, С.Н, Ц.Г, Д.Э, Б.Т, Ц.Э, М.О, Г.М, Б.У, Э.З, Н.Н, Б.У, Ж.Б, Г.Б, М.Ц, Б.Х, Б.Э, Н.Э, Г.Х, Б.Ө, А.О, А.Б, Э.Ц, Б.Т, Ж.Ц, Ц.Т, Б.Г, Б.Х, С.З, Э.У, Б.Г, Д.О, Ж.Б, Ө.С, О.Д, Х.Б, Д.Б, Ч.Т, Н.У, Г.Г, О.М, Ж.Ө, Б.Ц, Б.Г, С.Б, Ж.Д, Х.О, Н.О, Э.Ш, Д.Г, Б.М, Е.Е, Б.А, Ц.Б, Б.Н, Б.А, Т.О, П.У, А.М, А.А, Л.Б, Б.Ч, Б.Б, Д.Ц, Э.Т, Г.О, Б.Г нарын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын жирэмсний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР