Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 998

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Тооромт овогт Пүрэвийн Ган-Очир /РД:ЦЭ74012614/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Чонос овогт Дармаагийн Ганцэцэг /РД:УХ64050205/ 

Гуравдагч этгээд: Олонх овогт Пунцаагийн Нарангэрэл /РД:УК65062011/

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт 100 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал, Д.Янжинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээд Д.Ганцэцэг, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Хишигбаяр, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Миний бие 2006 онд иргэн Өлзийбаяраас Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, зах зээлийн ханшаар нь гараж /тоосгон/ худалдаж авсан. Энэ үед тухайн гаражийг худалдсан иргэн нь нэлээд хэдэн жилийн өмнөөс буюу 2000 оноос эхэлсэн гаражийн зориулалтаар ашиглах газрын төлбөр тогтоосон актын дагуу эзэмшиж ирсэн иргэн байсан. Түүнийг үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн Газрын албатай АКТ №2007 15/02 тоот Газрын төлбөр тогтоох акт үйлдэн, түүний дагуу хууль ёсоор зориулалтаар нь эзэмшиж ирсэн. Энэ газарт надаас гадна бусад хүмүүс ч гараж эзэмшдэг.

Бидний үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар учраас тухайн газрыг нь гаражийн зориулалтаар эзэмшүүлсээр ирсэн атлаа яагаад давхардуулан бусдад олгоод байгааг нь эс зөвшөөрч миний зүгээс Нийслэлийн Засаг Дарга н.Бат-үүлд хандан, биднээс ч газрын төлбөр аван ашиглуулаад байдаг, Д.Ганцэцэгээс ч төлбөр аван үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлнэ гээд байгаагийн учрыг нь тодруулж, сүүлд гарсан захирамжаа хүчингүй болгох нь зүйтэй гэсэн гомдлыг өгсөн байгаа. Гэтэл тус газраас хариу өгөхгүй байсаар бүртгэл хяналтын карт гэсэн бичиг гаргаж өгөхдөө: “шүүхээр хянагдаж буй асуудал дээр бид ямар ч хариу өгөхгүй гэсэн” гэж хэлсэн. 

Анх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд энэ эс үйлдлийг эс зөвшөөрч нэхэмжлэл өгөхөд, Засаг даргын хариунд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гээд хүлээж аваагүй, миний бие өвчтэй байсан учир шалтгаанаа баримтаар нотолж хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт гаргахад, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7971 дүгээр захирамжаар миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн юм.

Иргэний шүүхэд гаргаж өгсөн материалаас нь үзэхэд, эдгээр хүмүүст үйлчилгээний зориулалтаар буюу барилга барихад нь зориулж бусдын газрыг олгосон байх юм. Нийтийн орон сууцанд ийм ойрхон байрлалд үйлчилгээний газар олгох нь угаасаа хууль тогтоомжоороо буруу биз дээ. Энэ хүмүүс барилга барих гээд манай гаражид тулгаж газар ухчихсан байгаа. Тэгээд яагаад ер нь 1,8-хан жилийн хугацаатай газар олголт явагдаж байдаг юм бэ, төрийн байгууллагын байр суурь, та нар өөрсдөө шүүхээр чөлөөлүүлж авч чадвал чад гэсэн байдалтай харагдах юм.

Үйлчилгээний зориулалтаар нь олгож байгаа нь зөв эсэхийг давхар хянаж өгөөч. Захиргааны байгууллагын гаргаж өгсөн захиргааны актын дагуу эзэмшиж байна.

Гэтэл Ганцэцэг, Нарангэрэл нар нь намайг иргэний хэргийн шүүхэд өгч, миний гараж байрласаар атал албадан нүүлгэх нэхэмжлэл гаргасан. Би харин Захиргааны хэргийн шүүхэд хандаж, эхлээд, эдгээр хүмүүст олгоод байгаа газар олголт хууль ёсны эсэхийг хянуулж байж, дараа нь хэн нь ямар эрхтэй вэ гэдэг талаар иргэний шүүх авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар иргэн Б.Цэрэннадмидад Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14 дүгээр байрны зүүн урд талд байрлуулан 100 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/501 дүгээр захирамжаар 2 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан байна.

Дараа нь иргэн Б.Цэрэннадмид нь өөрийн төрсөн охин Д.Ганцэцэг, хүргэн П.Нарангэрэлд газар эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлт гарган, холбогдох материалыг бүрдүүлэн өгсөний дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар 1 жил 8 сарын хугацаатайгаар 100 м.кв газрын газар эзэмших эрх нь шилжсэн байна.

Газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэргийн материалуудаас үзэхэд тухайн газрын эзэмшигч байсан Б.Цэрэннадмид нь уг газраа ашиглах гэтэл нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй гараж барьсан тул газраа чөлөөлүүлэхээр харьяа дүүргийн Газрын алба болон иргэний шүүхэд хандаж байсан талаар дурдсан байна.

Нэхэмжпэгч Г.Ган-Очир нь Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1, 27.4-д заасныг зөрчсөн тул тухайн газар дээр газар эзэмших эрхгүй бөгөөд өөрийнх нь хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Гуравдагч этгээд Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч С.Хишигбаярын гаргасан тайлбартаа: “...Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар 100 м.кв газрыг 1.8 жилийн хугацаатайгаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон.

Тус газрыг анх миний ээж Б.Цэрэннадмидад Нийслэлийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшүүлэхээр мэдэгдэл хуудас өгч барилга. байгууламжаа барьж дууссаны дараа газар ашиглах, эзэмших гэрчилгээг олгох нөхцөлтэй байсныг нэгж талбайн хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэг болон тухайн үеийн Хот байгуулалт, газар ашиглалтын удирдагуудын баталсан инженерийн зургийн хамт олгосон байна. Өнгөрсөн хугацаанд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөр /газар эзэмших гэрчилгээ болон гэрээг сунгахад өнгөрсөн бүх хугацааны газар эзэмших гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг нэгтгэж өгдөг/-ийг тухайн улирал, жил бүрт хийсэн ба Нийслэлийн өмч харилцааны газарт зохих хууль журмын дагуу хандаж газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж байсан. Тухайн үед уг газар дээр хувь хүмүүс зөвшөөрөлгүй гражийн эзэн болох Г.Ган-Очирт хуулиар олгодсон ямар нэгэн газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг байхгүй, хэрвээ эдгээр бичиг баримт байсан бол Нийслэлийн өмчийн харилцааны газар давхардуулж газар олгохгүй байсан. Граж барьсан тул барилгын ажлаа эхлүүлж чадаагүй болно. Өнгөрсөн хугацаанд газрын маргаантай асуудлаар Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараалан, мөн Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд хандсан боловч холбогдох эзэн нь олдохгүйн учраас асуудлыг шийдэж чадахгүй өдий хүрсэн.

Энэхүү эзэн олдохгүй асуудал нь хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүй барьсан гаражийг гар дамжин худалдаж, худалдан авсанаас болсон ба өдий хүртэл нэр бүхий этгээдүүд заль хэрэглэж Монгол Улсын шүүх байгууллага, Нийслэл болон Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны газруудыг төөрөгдүүлж ирсэн нь харамсалтай байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамж нь Монгол Улсын Газрын тухай хуулийн зүйл, заалтуудыг хангаж байгаа гэж үзэж байна. 

Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дээрх иргэний нэхэмжлэлийн асуудлыг зохих хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсье” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.Ган-Очирын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн зүгээс “...маргаан бүхий миний үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газар” гэж, хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгчийн граж нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч П.Ган-Очир нь 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн С.Өлзийбаяраас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны зүүн талд байрлах 2 номерын гражийг 2,950,000 төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд энэ үед газар эзэмших гэрчилгээ байхгүйг нэхэмжлэгч мэдсэн гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн болно.

Улмаар 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албатай Газрын төлбөр тогтоох 2007 15/02 тоот актаар гражийн 18 м.кв газрыг ашиглах газрын төлбөр 11000 төгрөгийг жил бүр төлөхөөр акт байгуулсан байна. 

П.Ган-Очир нь 2007, 2008, 2009 онуудад газрын төлбөрөө төлж тооцоо нийлсэн болох нь уг актын хавсралтаар тогтоогдож байх бөгөөд 2010 оноос хойш С.Өлзийбаяр, П.Ган-Очир нар нь газрын төлбөрөө төлөөгүй болох нь шүүхээс Баянзүрх дүүргийн газрын албанд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.  

Нийслэлийн Засаг даргын 2002 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14 дүгээр байрны зүүн урд талд байрлуулан 0,01 га газрыг иргэн Б.Цэрэннадмидад 5 жилийн хугацаатай газар ашиглуулах эрх олгож, 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9 тоот мэдэгдлээр Б.Цэрэннадмидад уг газрыг олгосон болохыг мэдэгдсэн байна. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 179 дүгээр захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жил, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/501 дүгээр захирамжаар хугацааг 2 жилээр тус тус сунгасан байна. 

Б.Цэрэннадмид нь дээрх газраа өөрийн төрсөн охин Д.Ганцэцэгт шилжүүлэхээр 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, Д.Ганцэцэг нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн нөхөр П.Нарангэрэлийн хамт уг газрыг шилжүүлэн авах хүсэлтийг гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн 1 жил 8 сарын хугацаатайгаар эзэмшүүлэхээр шилжүүлэн олгосон байна. 

Б.Цэрэннадмид нь 2002 оноос хойш газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, тооцоо нийлсэн, гуравдагч этгээд нар нь мөн газрын төлбөрөө төлсөн нь Нийслэлийн газрын албанаас газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар болон хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд П.Нарангэрэл, Д.Ганцэцэг нарын эзэмшиж буй 100 м.кв газар нь П.Ган-Очирын эзэмшиж байгаа гэх гражийн 19 м.кв газартай 2 м.кв газраар давхцаж байна гэсэн дүгнэлт ирсэн байх бөгөөд П.Ган-Очирын гаражийн газартай бүхэлдээ давхцаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт холбогдох 100 м.кв газар эзэмших эрх олгосон хэсгийг  хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх бөгөөд Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр бүхэлдээ давхцаагүй 2 м.кв газраар давхцаж байгаа нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсэг бүхэлд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагад маргаан бүхий газар нь худалдаа үйлчилгээний зориулалтаар тусгагдсан байх ба 2006-2008 оны Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гражийн зориулалтаар газар ашиглуулах талаар тусгагдаагүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх хөрөнгө буюу гражийг худалдаж авсан гэж байгаа ч түүний доорх газрыг албан ёсоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эзэмшиж, ашигладаггүй, өмчилдөггүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаан бүхий захиргааны актын улмаас хөндөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.  

Иргэн Б.Цэрэннадмидын зүгээс маргаан бүхий газрыг чөлөөлүүлэх талаар Нийслэлийн газрын албанд 2006-2007 онд хандсан, улмаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандахад “хариуцагчийн нэр хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан 2009 оны 582 тоот захирамж гарсан байх ба энэ асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандахад “...уг газар дээр иргэдийн зөвшөөрөлгүй барьсан гараж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү...” гэсэн хариуг 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/2397 дугаар албан бичгээр хүргүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 614, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1920 дугаар албан бичгүүдээс тус тус дүгнэхэд гараж эзэмшигчдийн нэр бүртгэл зөрүүтэй хөтлөгдсөн байх тул гуравдагч этгээдийг газар чөлөөлүүлэх талаар шаардлагыг удаа дараа гаргаж байсан байна гэж шүүх үзлээ. 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/892 тоот мэдэгдлээр Бага таян ХХК-д “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 автомашины граж барихыг зөвшөөрсөн...” гэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүд мэдүүлснийг үндэслэн шүүхээс Бага таян ХХК-ийн захирлыг гэрчээр асууж, уг албан бичгийг холбогдох байгууллага, архиваас шаардахад хадгалагдаагүй байсныг дурдах нь зүйтэй.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 3.1.4-д “газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.5-д "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж зааснаас тус тус үзэхэд нэхэмжлэгч Д.Ган-Очир нь маргаан бүхий газрыг гражийн зориулалтаар 2006 оноос эхлэн ашиглаж байсан хэдий ч 2010 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, энэ талаар газрын төлбөрийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс 1996 оноос хойш граж байсан газарт Нийслэлийн Засаг дарга 2002 онд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж маргаж байгаа хэдий ч нэхэмжлэгч П.Ган-Очир нь өөрийн ашиглаж байгаа гражийн доорх газрыг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлээгүй, холбогдох баримт буюу холбогдох шийдвэр гарсан нь нотлогдохгүй байхын зэрэгцээ Газрын харилцаа геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг болон шинжээчийн дүгнэлтээр бүртгүүлээгүй нь тогтоогдож байна.

Гуравдагч этгээдүүдийн хувьд анх газар эзэмших эрх нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд /1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцогдсон/ заасан журмын дагуу анх үүссэн байх бөгөөд уг хуулиар газар эзэмших эрхгүй, зөвшөөрөлгүй хэдий ч бодитоор эзэмшиж, газрын давхцалтай эсэхийг тогтоох үүрэг хариуцагч Нийслэлийн Засаг даргад хүлээлгээгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 45 дугаар зүйлийн 45.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганцэцэг шинжээчийн зардал болох 514991 /Таван зуун арван дөрөв мянга есөн зуун ерөн нэг/ төгрөгийг Геомеп ХХК-ийн дансанд урьдчилан төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ган-Очирын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт 100 м.кв газар олгосон  хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

         

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА