Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 185/2016/0095/Э |
Дугаар | 711 |
Огноо | 2016-11-08 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 711
У.Мягмарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Анхбаяр,
Ялтан У.Мягмарийн өмгөөлөгч Н.Мандах,
Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан У.Мягмар, түүний өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2016 2400 0663 дугаартай У.Мягмарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тариачин овгийн Улаанхүүгийн Мягмар, 1995 оны 7 дугаар сарын 25-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэнэ зам” ХХК-д замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Бага Нарангийн 13-72 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АБ95072518/,
У.Мягмар нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр, 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Судалт” төвийн зүүн талын замын зорчих хэсэгт 07-06 УНЦ улсын дугаартай “Toyota Carina” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Очирбатыг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: У.Мягмарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У.Мягмарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь зааснаар У.Мягмарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, У.Мягмар нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Очирбатын нэхэмжлэлээс 447.517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашдын эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг, У.Мягмар нь төлөх төлбөргүйг дурдаж, У.Мягмарын 949852 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, У.Мягмарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан У.Мягмар давж заалдах гомдолдоо: “...миний бие санамсар болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож байна. Мөн би хохирогч Д.Очирбатад эмчилгээний зардалд зориулан 1.267.000 төгрөг төлсөн нь шүүхээс намайг хохирлоо бүрэн төлсөн гэж тогтоосон.
Би одоогоор эхнэр, 1 нас 8 сартай хүүхдийн хамт амьдарч байсан ба эхнэр гэртээ хүүхдээ асардаг тул ажил хийж өөрийгөө болон гэр бүлээ тэжээх боломжгүй. Гэр бүл маань ямар ч санхүүгийн эс үүсвэргүй хэцүү байдалд амьдарч байгаа.
Иймд ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Ялтан У.Мягмарын өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор У.Мягмарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна. У.Мягмар болон өмгөөлөгчийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн хувьд маргаагүй ба шийтгэх тогтоолд дурдсанчлан анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, чин санаанаасаа гэмшсэн, эмчилгээний зардал буюу хохирлын мөнгийг давуулж бүрэн төлсөн зэрэг хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцсон ч шүүхээс оногдуулсан ял улсын яллагчийн ялын шүүмжид өгсөн саналаас ч хэмжээний хувьд их байгаа нь ял шийтгэл хүндэдсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хэдийгээр хохирогчид учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9715 дугаар дүгнэлтээр энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарах талаар дурдсан ч эрүүгийн хэрэг шүүхэд ирсний дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаар болон эмчилгээний зардлын баримтуудыг гаргаж өгсөн боловч энэхүү үйл байдал шийтгэх тогтоолд тодорхой дүгнэгдсэн.
У.Мягмараас зам тээврийн осол болсон өдрөөс эхлэн эмчилгээ, тарианы зардлыг боломжийн хэрээр төлж байсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эмчилгээний зардал болон хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал зардлыг нь төлөх талаараа илэрхийлж байсан ч шүүх хохирол арилаагүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болжээ. Иймд дээр дурдсан давж заалдах гомдлуудын үндэслэлүүдийг судлан үзэж ялтны хувийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлаж биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, У.Мягмарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан. У.Мягмарт оногдуулсан ял шийтгэл тохирсон. Хохирогчийн ирүүлсэн гомдол саналгүй гэх баримтыг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, У.Мягмарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
У.Мягмар нь 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдөр, 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Судалт” төвийн зүүн талын замын зорчих хэсэгт 07-06 УНЦ улсын дугаартай “Toyota Carina” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Очирбатыг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Очирбатын “... “Судалт” төвийн харалдаа замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш, явган хүний гарцаар хөндлөн гарч явсан. Тэгээд урдаас хойшоо явах чиглэлийн зорчих хэсэг рүү ороод алхаж байтал нэг машин тулаад ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би явган хүний гарцаар явж байсан...” /хх 15-18/ гэх,
Ялтан У.Мягмарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 65-68/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Д.Очирбатын биед баруун чамархайн ар хэсэгт хөхлөг сэртэн дайрсан хугарал, хугарлын харалдаа баруун чамархайн хэсэгт хатуу хальсны дээр цус хуралт, баруун дагз хэсэгт хатуу хальсны доор цус хуралт, баруун дух, зулай, чамархай хэсэгт цус хуралт, няцрал, аалзан бүрхүүл цус харвалт, баруун чихний дэлбээг тойроод зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганд цус хуралт, баруун ташаанд зулгаралт, баруун дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна…” гэсэн 9715 тоот шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,
Сүхбаатар дүүргийн Замын Цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн “… “Тоёота Карина” загварын 07-06 УНЦ дугаарын автомашины жолооч Улаанхүү овогтой Мягмар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэг “явган хүний цохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, явган зорчигч Доржмаа овогтой Очирбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх 49-50/,
Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх 7-8, 11-12/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10, 13/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 38/, эд мөрийн баримт /хх 40/, хохирогч Д.Очирбатын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 21-30/, хохирлын баримтууд /хх 111-124, 135-136/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
У.Мягмарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтан У.Мягмарын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан У.Мягмарт тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө ялтан У.Мягмар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Д.Очирбатад сайн дураар нөхөн төлсөн болох нь хохирогч Д.Очирбатын хохирол авсан тухай баримт, мөн түүний давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.
Ялтан У.Мягмар нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Очирбатын “…гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 4.000.000 төгрөг авсан, У.Мягмарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү…” гэсэн бичгийн хүсэлт, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос “...У.Мягмарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой...” гэсэн тайлбар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд ялтан У.Мягмарын “…ялыг хөнгөрүүлж өгнө үү…”, түүний өмгөөлөгч Н.Мандахын “…хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх У.Мягмарт оногдуулсан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг хэрхэн тоолох талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ орхигдуулж бичсэн байх тул энэ тухай тогтоолд нэмэлт заалт оруулах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Улаанхүүгийн Мягмарт оногдуулсан 1 /нэг/ 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хариуцуулсугай.” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар У.Мягмарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай...” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан У.Мягмар нь нийт 47 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
3. Ялтан У.Мягмар хохиролд нийт 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ