Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00385

 

Н.Оргилмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06289 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар магадлалтай,

         Н.Оргилмаагийн нэхэмжлэлтэй,

         М.Энхбаярт холбогдох        

          Зээлийн гэрээний үүрэгт 43 991 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл болон 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан авах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив, өмгөөлөгч Н.Энхчимэг нарын гаргасан тайлбарт: “Н.Оргилмаа миний бие М.Энхбаяртай 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “Зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан болно. Талуудын байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусгавар болсон ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш М.Энхбаяр нь үүргийн гүйцэтгэлийг хангаж, зээлийн өр төлбөрийг барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй өдийг хүрч байна. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь сарын 5 хувийн хүү болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр заасан ба Н.Энхбаяр нь тус гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 009 000 төгрөгийг хүүнд төлсөн байна. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй хүү 6 991 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар алданги 9 000 000 төгрөг, нийт төлөх үнийн дүн 40 991 000 төгрөг болсон байна. 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг огт хангаагүй болно. Иймд М.Энхбаяраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 43 991 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, өмгөөлөгч С.Энхтуяа нарын гаргасан хариу тайлбарт: “Хариуцагч М.Энхбаяр нь нэхэмжлэгч Н.Оргилмаатай 2012 оны эхээр танилцсан бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөгийг анх зээлэн авсан байдаг. Уг мөнгийг зээлж авахдаа талууд ямар нэгэн бичгийн гэрээ хийлгүйгээр амаар тохиролцож аман гэрээ хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй гэрээ нь хүү авах эрхгүй байхад Н.Оргилмаа нь аман гэрээний дагуу зээлсэн 25 000 000 төгрөгөөс сарын 10 хувийн хүү бодон, сүүлдээ төлж чадаагүй хүүнээс хүү бодож, зарим тохиолдолд төлөгдөөгүй хүүн дээр зээлийн гэрээг байгуулж байсан. Тухайлбал, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М.Энхбаярын охин Б.Аззаяаг дагуулан гарч 10 000 000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээг хийж, түүнээсээ хүү бодсоор 85 000 000 төгрөг боллоо хэмээн уг мөнгөн дээр дахин зээлийн гэрээг охин Б.Аззаяатай нь байгуулсан байдаг. 85 000 000 төгрөгийн зээлийн хүүг мөнгө хүүлэгчид төлнө гэдэг М.Энхбаярын гэр бүлд асар хүнд байсан төдийгүй, өдөр бүр хүүгээ нэхэмжлэх тэдний дарамтнаас болж 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн амьдарч байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон зоорь /13180/ Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт байрлах 61.2 м.кв, 2 өрөө орон сууцаа 85 000 000 төгрөгт шилжүүлэн өгч өөрсдөө гудамжинд гарсан байдаг. Хариуцагч М.Энхбаярыг хууль, бичиг үсэг мэдэхгүйг нь далимдуулж, анх өгсөн 25 000 000 төгрөгөө хэд нугалан хүүлж, түүндээ түүний орон сууцыг шилжүүлэн авч, гадаа гудамжинд гэр бүлийнх нь хамт хөөж, М.Энхбаярыг хөлний хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байх үед нь гаргасныг дахин дахин дурдахыг хүсэж байна. Тухайн үед буюу байр шилжүүлэн өгөх үед дээр дурдагдсан байр нь “Хас банк” ХХК-ийн лизингтэй байсан бөгөөд үлдэгдэл нь 57 125 000 төгрөг байсан байдаг. Яг тухайн үед уг мөнгийг төлөх санхүүгийн боломжгүй байсан учир “Хас банк” ХХК-д Н.Оргилмаа 57 125 000 төгрөгийг төлсөн байдаг. Ингэхдээ 30 000 000 төгрөгт нь М.Энхбаярын гэрт байсан бүх тавилгыг үнэлж үзээд худалдан авсан бөгөөд 2 000 000 төгрөгийг буцаагаад Н.Оргилмаад бэлнээр өгсөн, үлдэх 25 000 000 төгрөгийг Н.Оргилмаагаас М.Энхбаярт зээлсэн хэмээн талууд 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Дээрх 57 125 000 төгрөгийн задаргааг Н.Оргилмаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд 201525011758 дугаартай эрүүгийн хэрэгт өгсөн Н.Оргилмаагийн мэдүүлгээр нотлогдох бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын 2676 дугаар тогтоолоор тогтоогдсон байдаг. Н.Оргилмаа нь М.Энхбаярт 42 489 998 төгрөгийг бодитоор зээлсэн бөгөөд үүн дээр байрны зөрүүнд хийсэн зээлийн гэрээ буюу 25 000 000 төгрөг, нийт 67 489 998 төгрөгийг өгсөн. Харин хариуцагч М.Энхбаярын хувьд Н.Оргилмаад 57 137 000 төгрөгийг дансаар шилжүүлж, дээр нь 85 000 000 төгрөгийн үнэтэй байраа шилжүүлэн өгч, нийт 142 137 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байдаг. 2015 оны 05 дугаар сарын эхээр талууд уулзах үед М.Энхбаяр би чамд илүү мөнгө өгчихсөн учраас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 25 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний дагуу 15 504 000 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй 9 496 000 төгрөг болоод түүний хүүг миний илүү төлсөн мөнгөнөөс хасаад бүх зүйл дуусгавар болж байгааг хэлж талууд ойлголцсон байдаг. Гэтэл 2015 оны 06 дугаар сараас эхлэн М.Энхбаярыг хүнд гэмт хэрэгт гүтгэн цагдаагийн байгууллагаар олон удаа шалгуулж, дарамтлуулан сүүлдээ үнэн мөн нь илрэх үед 74 647 002 төгрөгийг илүү авсан нь хөдөлшгүй баримтаар тодорхой байхад 43 991 000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Хариуцагч нь анх Н.Оргилмаагаас 25 000 000 төгрөгийг аман гэрээний үндсэн дээр зээлсэн. Түүнээс хойш cap бүр уг 25 000 000 төгрөгийн хүүг төлж ирсэн боловч явцын дунд төлбөрийн чадвар муудаж, сарын хүүгээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Тэр үед зээлдүүлэгч Н.Оргилмаа нь төлөөгүй хүүгээс нь нэмж хүү бодсоор 2014 оны 10 дугаар сард “70 000 000 төгрөг болсон шүү” яаралтай төл гэсэн. Тухайн үед зээлдэгч М.Энхбаяр нь хөлний хагалгаанд орж яах ч аргагүй эмнэлэгт байсан бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдал болоод сэтгэл санааны байдал ч хүнд байсан. Улмаар зээлдүүлэгч Н.Оргилмаа нь анх зээлсэн 25 000 000 төгрөгөөсөө хүү, хүүнээс нь хүү бодсоор 70 000 000 төгрөг гэж амаар тооцоод зээлдэгч М.Энхбаярын охин Б.Аззаяаг дагуулан явж 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 3231 тоот зээлийн гэрээгээр 60 000 000 төгрөг, мөн өдрөө 3232 тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг зээлсэн мэтээр мөнгө аваагүй атлаа зээлийн гэрээг нотариатад хийлгүүлсэн. Эхний нотариат 60 000 000 төгрөгийг зээлж байгаа юмуу, бэлнээр зээлнэ гэсэн байна мөнгөө гаргаад тавь гэхэд Н.Оргилмаа уурлан гарч яваад өөр нотариат дээр очиж зээлээгүй, амаар тохиролцож 25 000 000 төгрөгийг зээлээд түүнээсээ талыг нь авчихсан атлаа 25 000 000 төгрөгийн хүүнээс хүү бодсоор байгаад хууль бусаар мөнгөний тоог өсгөж 70 000 000 төгрөгийн авлагатай болсон. Уг мөнгөө зээлийн гэрээ болгон хууль бусаар баталгаажуулсан. Бодит байдал дээр анх амаар байгуулсан гэрээний үндсэн дээр авсан мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан байдаг. Үүний дараа том охин Б.Аззаяа нь 60 000 000 төгрөгийн хүүг cap бүр яаж төлөхийн бэ гээд сэтгэл санааны хувьд хүнд болж, зээлдэгч М.Энхбаярын биеийн байдал ч муу байсан тул арга буюу 85 000 000 төгрөгийн үнэтэй өөрийн шинээр захиалан авсан 2 өрөө байраа охин Б.Аззаяатай байгуулсан Н.Оргилмаагийн аваагүй 60 000 000 төгрөгт тооцон, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг “Хас банк” ХХК-д төлүүлэхээр тохиролцсон. Гэтэл уг 25 000 000 төгрөгөө зээлийн гэрээ хэмээн М.Энхбаяраас хүү, алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл М.Энхбаяр өөрийн 2 өрөө байраа зах зээлийн ханшаар буюу 85 000 000 төгрөгт тооцон Н.Оргилмаад зарахаар болж уг мөнгөнөөсөө охин Б.Аззаяагийн 60 000 000 төгрөгийн төлбөрийг хасаад үлдэгдэл 25 000 000 төгрөгийг “Хас банк” ХХК-д Н.Оргилмаа төлөхөөр тохиролцсон. Тухайн үед М.Энхбаярын уг байр “Хас банк” ХХК-ийн лизинд 57 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг мөнгийг Н.Оргилмаа төлснөөр байрыг шилжүүлэн авсан. Уг 57 000 000 төгрөгөөс Н.Оргилмаа нь М.Энхбаяраас 30 000 000 төгрөгт тооцон уг байрны бүх шинэ тавилгыг шилжүүлэн авч, “Хас банк” ХХК-д төлсөн үлдэх 27 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг М.Энхбаяраас тухайн өдрөө бэлнээр авч үлдэгдэл 25 000 000 төгрөгийг нэмж “Хас банк” ХХК-д төлөхөөр болсон. Ер нь бодит байдал дээр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл М.Энхбаяр нь Н.Оргилмаагаас 42 489 998 төгрөг зээлчихээд, түүний төлбөрт 57 462 000 төгрөгийг Н.Оргилмаад дансаар, түүний аавд бэлнээр 1 500 000 төгрөг, 1 000 000 орчим төгрөгийн сэлбэг, мөн 85 000 000 төгрөгийн 2 өрөө байраа өгч өөрөө юу ч үгүй хоцроод байна. Энэ хугацаанд амаар тохиролцож зээлсэн мөнгөө өндөр хүүтэй авч хүү төлөлгүй удахад хүүгээс хүү бодож бас цагдаагаар айлгаж ирсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3818 тоот зээлийн гэрээг баталсан Баянзүрх дүүргийн нотариатч Ш.Алтай, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн нотариатч Х.Цогзолмаа, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг баталсан Баянзүрх дүүргийн нотариатч Г.Хужаа нарын нотариатын үйлдлүүд нь Нотариатын үйлдэл хийх зааврын 14.6, Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлд “тэмдэглэл үйлдэж баримт бичигт хавсаргана.” гэж заасныг зөрчсөн байна. Тиймээс дээрх 3 үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь 85 000 000 төгрөгийн үнэтэй байрыг 30 000 000 төгрөг хэмээн татвараас зайлсхийх зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь мөн дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд М.Энхбаярын Н.Оргилмаад зарсан байрны төлбөрийн нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр болохоос зээлсэн мөнгө биш юм. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө өгөөгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгө шилжүүлээгүй буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн дээр дурдсан 3 гэрээг хүчин төгөлдөр буст тооцохоос гадна, орон сууцыг 85 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон ч 60 000 000 төгрөгийг одоо болтол өгөөгүй тул уг мөнгийг буцаан олгуулах эсвэл дээр дурдсан орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

           Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: “Н.Оргилмаа нь М.Энхбаяртай охин Б.Аззаяагаар нь дамжуулан танилцаж зээлийн гэрээний харилцааг 2012 оноос эхлүүлэн зээлийн гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр эхлүүлж байсан. Тухайн үед М.Энхбаяр банк болон эрх бүхий этгээдээс зээл авахад шаардлага хангахгүй тул барьцаагүйгээр зээл олгож өгөөч гэж удаа дараа гуйж зээл авч байсан. Зээл төлөх хугацаа болоход зээлээ төлөхөөс зайлсхийж, хуурч мэхлэх арга хайж байна. Талуудын хооронд байгуулж буй гэрээний утга, агуулгыг чөлөөтэйгөөр хуульд нийцүүлэн, харилцан тохиролцсоны үндсэн дээр тухай бүрт зээлийн гэрээг байгуулж байсан. Хариуцагч М.Энхбаяр нь гэрээний утга, агуулгыг ойлгож хэлцэл хийсэн тул үндсэн зээл болон түүний хүүг төлөхгүй гэж үзэх үндэслэлгүй юм. М.Энхбаяр нь талуудын хооронд үүссэн маргаантай асуудлаар шүүх болоод цагдаагийн байгууллагуудад бичиг үсэг мэдэхгүй гэж хэлж, ямар нэгэн байдлаар тодорхойлох зүйлийг гаргаж өгч байгаагүй. Хэргийн материалд авагдсан материалуудаас үзвэл банк, улсын бүртгэл төлөөллийн харилцаанд орж буй итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг бүхий л харилцаанд уг харилцааны утга болоод агуулгыг ойлгож гарын үсгээ зурж батлуулж байсан нь харагддаг. М.Энхбаярын банктай үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээний харилцаа тогтоосон, түүнтэй холбогдох бусад харилцаанд оролцож байснаас үзвэл бичиг үсэг мэддэг болох нь батлагдана. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр, хүсэл зоригийг бодитоор илэрхийлсэн болно. М.Энхбаяр нь зээлийн гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч утга агуулгыг нь бүрэн ойлгож байсан нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 01 дүгээр сарын 30-ны өдөр, 02 цугаар сарын 15-ны өдөр, 02 дугаар сарын 28-ны өдөр, 03 дугаар сарын 15-ны өдөр, 03 дугаар сарын 30-ны өдөр, 04 дүгээр сарын 15-ны өдөр, 04 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 2014 оны 10 сарын 16-ны өдөр байгуулагдсан 25 000 000 төгрөгийн зээлийн хүүд 625 000 төгрөгийг төлж байснаас нь давхар харагддаг. Хүсэл зоригийн илэрхийллээ талууд гаргасан ба хүчин төгөлдөр хэлцлийг ямар нэгэн журам, зааврыг үндэслэн хүчингүй болгох үндэслэл байхгүй болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06289 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаяраас 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оргилмаад олгож, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 991 000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байраа буцааж авах, уг байрыг буцааж өгөх боломжгүй бол байрны төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан авах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377 905 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаяраас 62 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оргилмаад олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06289 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаяраас 3 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Оргилмаад олгон, үлдэх 40 991 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...М.Энхбаяр нь нэхэмжлэгч Н.Оргилмаагаас 2012 оноос эхлэн зээл авч авсан зээлээ тухай бүрт нь буцаан төлдөг байсан нь нэхэмжлэгч Н.Оргилмаа болон хариуцагч М.Энхбаяр нарын мэдүүлэг, дансны хуулгаар нотлогддог юм. 2012 оноос хойш хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар Н.Оргилмаа нь М.Энхбаярын данс руу 42.489.998 төгрөг шилжүүлж, М.Энхбаяр нь мөн Н.Оргилмаагийн дансруу 57.112.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байдаг юм. Нэхэмжлэгч болон хариуцагч нар тухай бүртээ зээлийн гэрээг бичгээр байгуулдаггүй байсан тул хэдэн төгрөгийг хэдэн сарын хугацаатай хэдэн хувийн хүүтэй зээлдүүлдэг байсан нь тодорхойгүй байдаг юм. Нэгэнт тодорхой зээлийн гэрээ байхгүй ч М.Энхбаярын Н.Оргилмаад дансаар шилжүүлсэн мөнгө нь түүний Н.Оргилмаагаас авсан мөнгөнөөс 14.662.002 төгрөгөөр илүү байгаа юм. Мөн М.Энхбаяр нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах Наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот 61.2 м.кв 2 өрөө 85.000.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Н.Оргилмаад зээлийн төлбөрт шилжүүлэн өгсөн болох нь М.Энхбаярын тайлбар, Н.Оргилмаагийн тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна. Түүнчлэн Н.Оргилмаа нь дээрх 2 өрөө байрыг шилжүүлэн авахдаа М.Энхбаярын уг байраа Хас банкинд барьцаалж авсан байсан 57.100.000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг. Энэ тайлбарыг нь М.Энхбаяр мөн үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг учир М.Энхбаярын Хас банкинд төлөх ёстой 57.100.000 төгргийг нь Н.Оргилмаа төлж байрыг нь шилжүүлж авсан байна гэж үзэх бүрэн боломжтой бөгөөд энэ талаар ямар нэгэн маргаан, эргэлзээ байхгүй байна. Дээрх байдлуудаас /хэрэгт авагдсан нотлох баримтуудаас/ үзэхэд Н.Оргилмаа нь М.Энхбаярт 42.489.998 төгрөг зээлдүүлсэн нь дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна. Мөн М.Энхбаярын Хас банкинд байсан 57.100.000 төгрөгийн зээлийг төлсөн болох нь хоёр талын тайлбараар нотлогдож байна. Иймд Н.Оргилмаа нь М.Энхбаяраас дансаар шилжүүлсэн 42.489.998 төгрөг, Хас банкин дахь зээлийг нь төлсөн 57.100.000 төгрөг, нийт 99.589.998 төгрөгийг хуулийн дагуу шаардах эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Харин М.Энхбаярын тухайд Н.Оргилмаад дансаар 57.112.000 төгрөг шилжүүлэн өгч 85.000.000 төгрөгийн 2 өрөө байраа өгч, мөн уг 2 өрөө байрныхаа тавилгыг 30.000.000 төгрөгөнд бодож өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар нотлогдож байна. 2 өрөө байрныхаа тавилгыг 30.000.000 төгрөгөнд бодож өгсөн болохоо М.Энхбаяр тайлбарладаг бөгөөд үүнийг нь Н.Оргилмаа үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг. Энэ нь талуудын шүүхэд өгсөн тайлбаруудаар нотлогдож байгаа учир ямар нэгэн эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжтой. Эндээс үзэхэд М.Энхбаяр нь Н.Оргилмаад дансаар 57.112.000 төгрөг, 85.000.000 төгрөгийн байр, 30.000.000 төгрөгийн тавилга, нийт 172.112.000 төгрөгийг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл Н.Оргилмаа нь хуулийн дагуу 99.589.998 төгрөгийг шаардах эрхтэй байтал үндэслэлгүйгээр 172.112.000 төгрөгийг шаардан авсан байгаа нь Иргэний хуульд заасан гэрээний тэгш байдлын зарчим алдагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр М.Энхбаярын зүгээс Н.Оргилмаад үндэслэлгүйгээр 72.522.002 төгрөгийг илүү төлсөн байгаа ч гэсэн илүү төлсөн бүх мөнгөө нэхэлгүйгээр зөвхөн 2 өрөө байрныхаа одоогийн зах зээлийн үнэлгээтэй уялдуулан 60.000.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн байгаа. М.Энхбаярын хувьд Н.Оргилмаагаас 60.000.000 төгрөгийг шаардах эрх нь Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлээр үүсч байгаа болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлт хийсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалын 8 дугаар хуудасны 2 дахь догол мөрөнд "... нэхэмжлэгч нь 2014 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл ямар үндэслэл, тооцооллоор М.Энхбаярт 85.000.000 төгрөгийн зээлийн өр хуримтлагдсаныг баримтаар нотлоогүй байна” гэсэн дүгнэлт хийсэн мөртлөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Мөн магадлалын 9 дүгээр хуудсанд "... М.Энхбаяраас өөрийн өмчлөлийн орон сууцыг хүсэл зоригийн дагуу зээлийн төлбөр хааж Н.Оргилмаад шилжүүлснээ үгүйсгээгүйгээс гадна өмчлөх эрхийг Н.Оргилмаад шилжүүлэн бүртгэсэнтэй маргаагүй байна” гэсэн дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл М.Энхбаяр нь хоёр өрөө байраа өөрийн хүсэлт зоригийн дагуу бус үндэслэлгүйгээр Н.Оргилмаад шилжүүлсэн байна гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан байтал шүүхээс хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж М.Энхбаярын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Оргилмаа нь хариуцагч М.Энхбаярт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 6 991 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3 000 000 төгрөг, нийт 43 991 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг буцааж авах, байрыг буцаах боломжгүй бол байрны үнийн төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, үүрэг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр, мөн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 3 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь хэрэгт авагдсан ба хариуцагч татгалзлаа 25 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу бодитоор шилжүүлэн аваагүй, харин 3 000 000 төгрөгийг авч, буцаан төлсөн гэх үндэслэлээр гаргажээ.

    Хариуцагч М.Энхбаяр нь 2012 оноос хойш аман болон бичгийн хэлцлээр нэхэмжлэгч Н.Оргилмаагаас мөнгө зээлж, хүүтэйгээр буцаан төлж ирсэн байх бөгөөд Н.Оргилмаагийн ХААН банк дахь 5020759900 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, М.Энхбаярын мөн банк дахь 5069045866 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан байна.

          Нэхэмжлэгч Н.Оргилмаа нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулах болсон нөхцөл байдлыг тайлбарлахдаа “2012 оноос хойшхи М.Энхбаярын төлбөл зохих зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 85 000 000 төгрөг болсон ба зээлдэгчийн өөрийнх нь хүсэлтээр түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг төлбөрт шилжүүлэн авсан, ийнхүү шилжүүлэх үед Хас банкны лизингийн төлбөрийн үлдэгдэл 57 100 000 төгрөгийг төлөөд 30 000 000 төгрөгөөр тавилгыг худалдан авахаар тооцож, үлдэх 25 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан” гэснийг хариуцагч М.Энхбаяраас үгүйсгэж, “зээлийн төлбөрийг төлөх зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг 85 000 000 төгрөгт тооцон Н.Оргилмаад худалдсан тул Хас банкинд 30 810 ам.доллар буюу 57 100 000 төгрөгийг Н.Оргилмаа төлсөн, үлдэх хэсэг нь зээлийн төлбөрт тооцогдсон” гэж тайлбарлан маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг буцааж авах, байрыг буцаах боломжгүй бол байрны үнийн төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

     Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, талуудын тайлбар зөрүүтэй,  2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар хэрхэн мэтгэлцсэн нь ойлгомжгүй, зээлийн гэрээний үүргийн хэмжээ болон биелүүлэх үүргийг тодорхой болгох нь маргаанд ач холбогдолтой байна.

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 6 дугаар байрны 43 тоот хаягт орших 61.2 м.кв, 2 өрөө байрыг буцааж авах, байрыг буцаах боломжгүй бол байрны үнийн төлөгдөөгүй зөрүү 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааны аль үүрэгт, хэрхэн хамаарч байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 236 дугаар зүйлд заасан нөхцөл үүссэн эсэхэд хууль хэрэглэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:    

         1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/06289 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч М.Энхбаяр хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ЗОЛЗАЯА

                                                    ШҮҮГЧ                                                 Д.ЦОЛМОН