Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1097

 

2025            09            11                                                                                    2025/ДШМ/1097

 

Ө.Ү-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч Ө.Ү-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/334 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар прокурорын эсэргүүцлээр Ө.Ү-ад холбогдох 2408 02209 0461 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- бухт овгийн Ө-ын Ү-, .........., /РД: ........../;                        

Шүүгдэгч Ө.Ү- нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 22 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт хохирогч Ц.У-гаас өөрийн эзэмшлийн Голомт банкны картаа төлбөр тооцоо хийлгэхээр картын нууц үгээ хэлж өгснийг буцааж өгөлгүйгээр авч явж, Ц.У-гийн эзэмшлийн Голомт банкны ********* тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд 8 удаагийн үйлдлээр нийт 1.391.100 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Ү-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө.Ү-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ө.Ү- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Д.Рэгзэдмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ “хохирогч шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх тул прокуророос зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэл тохирсон гэж үзэж Эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ” гэж илтэд алдаатай, хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Ө.Ү-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийн эрхийг бус, хохирогч Ц.У-гийн төлбөр тооцооны хэрэгсэл болох картаас мөнгө буюу бусдын эд хөрөнгийг завшсан нь тогтоогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан” хэмжээ хязгаарыг хэтрүүлж, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдаагүй “эд хөрөнгийн эрхийг завшсан” гэх өөр агуулга бүхий гэмт хэргийн шинжийг нэмж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Голомт банкны АТМ-234 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг нотлох баримтаар шинжлэн судалж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй” гэж бичсэн ба шүүх эд мөрийн баримтыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй, алдаатай шийдвэр болжээ. Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/334 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Ү- шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.  

Шүүгдэгч Ө.Ү-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн талаар прокурорын шатанд ял тохирсон. Эсэргүүцэлд заасан үндэслэлийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч прокурортой тохирсон ялаа авсан, гэм буруугийн талаар маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг залруулах буюу алдаатай байгаа хэсгийг засах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ө.Ү- нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 22 дугаар байранд үйл ажиллагаа явуулах хоолны газарт хохирогч Ц.У-гаас өөрийн эзэмшлийн Голомт банкны картаа төлбөр тооцоо хийлгэхээр картын нууц үгээ хэлж өгснийг төлбөрийн тооцоог нь хийгээд буцааж өгөлгүйгээр авч явж, уг данснаас 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд 8 удаагийн үйлдлээр нийт 1.391.100 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.У-гийн “... Би найз Ө.Ү-тай уулзаад ресторанд орж цагаан архи захиалж уусан. Тэгээд хэдэн цагт ресторанаас гарснаа санахгүй байна. ... Ө.Ү-тай ресторанд сууж байхдаа би виза картаа өгөөд нууц дугаараа хэлээд тооцоо хийлгэсэн. ... АТМ-ийн бичлэг үзлээ. Бид 1984-1985 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд нэг хэлтэст цуг ажиллаж байсан Ө.Ү- гэх хүн байна. ...” /хх 18-20/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Ү-ын яллагдагчаар өгсөн “... Тухайн үед би У-гийн картыг өөрийнх нь зөвшөөрснөөр нэг удаа уншуулж тооцоо хийсэн бөгөөд надад картны нууц дугаараа хэлж байсан. Тэгээд би картыг нь тэр чигтээ аваад явсан байсан. ... Би Хархорины Хаан банкны АТМ-д хоёр удаа уншуулж, 500.000 төгрөгөөр 1 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа тус тус мөнгө авсан. ...” /хх 51-53/ гэсэн мэдүүлгүүд,

Голомт банкны АТМ-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... Тухайн камерын бичлэгийг тоглуулахад бор царайтай, богино шингэвтэр халимаг хар үстэй, ойролцоогоор 40-45 орчим насны эрэгтэй хүн, хар бараан өнгийн хувцастай гаднаас орж ирж АТМ-ээс гүйлгээ хийж буй дүрс бичлэг байв. ... Тухайн иргэн нь хоёр удаагийн гүйлгээгээр АТМ-ээс бэлэн мөнгө аваад цүнхэндээ хийгээд явж байв. ...” гэснээр болон уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 32-37/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, хохирогч Ц.У-гийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх 13/, Ц.У-гийн эзэмшлийн Голомт банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансны хуулгад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх 26-31/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 40, 64/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ү-ыг хохирогч Ц.У-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох банкны виза картыг ашиглан 1.391.100 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх шүүгдэгч Ө.Ү-ын хүсэлтийг хүлээн авч, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  “... шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”,  мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан “... хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заавал тусгах шаардлагыг бүрэн хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэн, шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулав.

            - Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад бусдын эд хөрөнгийн “эрх”-ийг завшсан мэтээр прокурорын яллах дүгнэлтэд тусгаагүй гэмт хэргийн шинжээр гэм буруутайд тооцсон,

             - Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэргийг зөвтгөв.

            Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “... хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх тул ...” гэж ташаа бичсэнийг цаашид анхаарвал зохино.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  ноцтой зөрчсөн гэх хуулийн агуулгад хамаарахгүй байх тул эсэргүүцлээс “шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/334 дүгээр шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завсан ...” гэснийг “... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ...” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, ...” гэснийг “... хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хадгалж,  ...” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Д.Рэгзэдмаагийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаар эсэргүүцлээс “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР