Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 462

 

  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,     

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,    

            Иргэдийн төлөөлөгч Б.Солонготуяа,

            Улсын яллагч Д.Цолмон,  

            Хохирогч Ш.Д, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,  

            Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708000000061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, -

 

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 20 минутын орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуугаар өөрийн төрсөн эцэг 57 настай Ш. Б-y үеэл дүү болох Ц.У-г загналаа гэх шалтгаанаар зүүн гуян тус газар нь хутгалж алсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:       

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, дуудлага өгсөн бүртгэл, тусламжийн үзлэгийн тэмдэглэл /1х, хх-5-7/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-8-9, 12-23/,

            - цогцсонд хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, хх-24-29/

            - хохирогчийн төлөөлөгч Ш.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байтал манай найз хүүхэн болон О, С гээд 2 хүүхэн манай гэрт ирж хоол идээд бид 3 хамт тавилгын дэлгүүр орчихоод ирье гээд гарсан ба нөгөө дэлгүүр нь хаалттай байсан учир орж чадаагүй. Тэгээд манай найз хүүхэн О миний төрсөн өдрийн бэлэг гээд надад 40.000 өгсөн ба тэрүүгээр нь бид 3 нэг шил архи аваад С гэрийн гадаа уусан ба тухайн үед С машин барьж байсан учир архинаас уугаагүй. Тэгээд О бид 2 нөгөө архийг нь хувааж уугаад тэндээсээ  гэр, гэр рүүгээ харьцгаасан. Тэгээд би гэртээ ирсэн чинь манай нөхөр Б манай эгч Нямхүүг захаас аваад орж ирсэн. Би тэр үед нь хоолоо хийж байсан ба Б-д миний төрсөн өдөр гээд О надад 40.000 төгрөг өгсөн,”миний хөгшин дэлгүүр ороод нэг шил 0.5 л архи аваад ир” гээд манай нөхөр 0.5 л Ерөөл архи авчирсан. Тэр архийг нь манай хажуу талын айлын А манай нөхөр бид гурав хувааж уусан. Тэгээд хоолоо хийж байх үед А гэр рүүгээ орохоор нь араас нь ороод эргээд гараад ирсэн чинь манай хүү Х гаднаас гэртээ орж ирсэн байсан. Энэ үеэр манай нөхөр Б У гээд манай дүүгийн хүүхэдтэй зурагтын удирдлага булаацалдсан юм шиг байна лээ. Тэр үед нь манай нөхөр цохиод авсан юм шиг байна лээ.Тэгээд би цаад өрөөнөөс гарч ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж хэлсэн. Би Х руу хандаж “аав чинь Уг цохиж зодоод байна” гэж хэлсэн. Тэгтэл Х аав руугаа яагаад та хүүхэд рүү дайраад байгаа юм гэж хэлээд дайрсан юм шиг байна лээ, би тэр үед нь хүүхэд айлгачихна гээд гэрээс гарчихсан байсан. Тэгтэл Х удалгүй гэрээс “ээжээ би хүн алаад хаячихлаа ш дээ гээд орилоод” гараад ирсэн. Тэгэхээр нь би гэрт ортол манай нөхөр Б гал тогооны хөргөгчийн ханыг түшээд суусан гуянаас нь цус гараад тогтохгүй байсан. Би өөрийнхөө гар утаснаас хүүхдүүд болох Ч, Э хоёр луу яриад энд бөөн юм болоод байна хүрээд ир гэж дуудсан. Манай гэрт хар иштэй заазуур 1 ширхэг, шар иштэй заазуур 1 ширхэг, маслын хар иштэй хутга 1 ширхэг, ногоо арилгадаг арзгар хутга, улаан өнгийн иштэй хутга, шар өнгийн иштэй жижиг хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн иштэй хайч, хар иштэй жижиг хутга 1 ширхэг байдаг. Өөр ямар нэгэн хутга байхгүй. Эдгээр хутганаас хар өнгийн иштэй жижиг хутга одоо болтол олдохгүй байна. Би нөхөртэйгээ 1985 онд гэр бүл болсон. Талийгаач нь 1980 оноос илгээлтээр замын цагдаагийн газар цагдаагаар орж 1997 он хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа Чойр, Замын-Үүд, Зүүнбаян зэрэг газруудад шилжин ажиллаж байсан. Өөрөө дутагдлаар ажлаасаа гарсан. Түүнээс хойш ажил эрхлээгүй. Талийгаач нь ажилгүй болсноос хойш архи их уух болсон.Тэгж байгаад хүүхдүүд том болоод арай гайгүй болсон. Нэг хэсэг архи их уусан. Архи уухдаа айхтар агсам согтуу тавих нь гайгүй. Жаахан над руу үглээ болчихдог хүн. Хэнтэй архи уугаад байдгийг нь мэдэхгүй. 20 дугаар хорооны хавиар байдаг болон гудамжны хүмүүстэй л уучихдаг юм шиг байгаа юм. Гэр орныхоо юмыг хулгайлж аваад уугаад явчихдаг л байсан. Өөр ч гаж буруу зангүй хүн байсан. Эрүүлдээ бол ямар нэгэн буруу зангүй хүн байсан. Б.Х нь 1987 оны 9 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотын 2-р төрөхөд манай 2-р хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр цэцэрлэгээр хүмүүжиж 1995 онд Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд элсэн суралцаж 2003 онд 8-р анги төгссөн санагдаж байна. Эзэмшсэн мэргэжил байхгүй. Орбитын 05-р ангид цэргийн алба хаасан. Өөрөө хувиараа машин тэрэг сонирхож хүний машин тэрэг засалцаад л, хувиараа л өөрийгөө болгоод явдаг хүүхэд. Эхнэр авч гэр бүл болоогүй, бидэнтэй хамт амьдарч байсан. Одоо 30 настай. Нэг их архи уугаад байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгээ уучихсан байдаг. Уучихаараа агсам, согтуу зан гаргаж байгаагүй.../1х, хх-41-42/...Олон жил ханилсан ханиа цаг бусаар алдсандаа харамсаад барахгүй байна. Аль аль талдаа л хэцүү байна. Гэр бүлийн хүрээний асуудал учраас гомдол санал хүсэлт байхгүй. Талийгаачийн дүү нар нь намайг хохирогчоор оролцохыг зөвшөөрсөн. Гэр бүлийн энэхүү нөхцөл байдлыг үнэлж үзэж хуулийн дагуу хөнгөнөөр шийдэж өгнө үү. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-43-44/

            - гэрчээр Ш.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би хажуугийн айлд ороод ирэх хооронд нөхөр Б, У нар нь удирдлага булаалцалдаад Б Уг гараараа цохиод байж байсан. Хүүхэд яагаад цохиж байгаан  гээд Хыг гаднаас дуудсан. Х аавтайгаа барьцалдаж аваад тэр чигээрээ гал тогооны өрөөнд орж ирсэн. Би хүүхдүүдээ хажуу айлд оруулаад гэртээ орж иртэл Х “таниас болж би аавыгаа алчихлаа ш дээ” гээд орилоод гэрээсээ гараад явсан. Б цус алдаад газар ухаангүй байсан. Зүүн талын зузаан гуяны хэсэгт хайчаар дүрсэн бололтой цус их алдсан байсан. Би тухайн үед сандарсан байсан, хэн түргэн тусламж дуудсаныг мэдэхгүй байна. Ц.У нь тархины сааталтай, 13 настай, хэл ярианы хөгжил муутай хүүхэд, сүүлийн 2 жил манайд амьдарч байгаа...гэх мэдүүлэг /1х, хх-33-37/,  

- насанд хүрээгүй гэрч Ц.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...Хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, орой болчихсон байхад зурагтаар М ахын хүүхэд 3 настай Анар хүүхэлдэйн кино үзнэ гээд би болохоор өөр сувагаар өөр хүүхэлдэй үзэх гээд байсан. Тэгсэн талийгаач ах удирдлагаа өгч бай гээд надаас булааж авсан. Анарт хүүхэлдэй үзүүлэх гээд надаас удирдлага булааж авсан. Би тэгэхэд нь өөдөөс нь хэрэлдсэн. Юу гэж хэрэлдсэнээ одоо санахгүй байна. Би хашгирсан. Тэгээд би гараад явсан. Гэрт Нямхүү эгч, Анар, Ч ахын охин 7 настай Амина, талийгаач Б ах нар байсан. Би гараад явчихсан. Тэгээд хажуу айлдаа ороод байж байгаад буцаад гэртээ ороход гэр их заваан, цус болчихсон байсан. Би цусыг цэвэрлэсэн. Б ахын гуянаас цус гарч байсан. Х ах гэрт байж байсан. Талийгаач Б тэр өдөр архи уугаагүй байх, мэдэхгүй байна, архи ууж байхыг нь хараагүй. Х ах эрүүл байсан. Д эгч гэртээ байсан. Би яг хэрэг болох үед байгаагүй. Хажуу айлд байсан. Х миний гарсаны дараа гэртээ орсон байх...гэх мэдүүлэг /1х, хх-59-60/,

            - гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 22 минутад миний утас руу манай ээж Д утсаар залгаад “гэрт хэрүүл зодоон болоод байна хүүхдүүд чинь айж уйлаад байна чи хурдан ир“ гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гэрээсээ хувцсаа өмсөөд гараад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн 2-6 тоотод аав Бийн гэрт такси бариад яваад очсон ба аавын хашааны гадна манай төрсөн ах Чийн машин байсан. Гэр рүү яваад ортол үүдний буюу гал тогооны өрөөнд манай төрсөн дүү М, мөн ах Ч нар аавын хөлийг даавуугаар боогоод сууж байсан. Би хажуугаар нь ортол аавын зүүн хөлний гуя хэсгээр их цус алдсан боосон байсан нь нэмэргүй цус алдаад байсан. Тэгэхээр нь би цус гараад байсан шархын дээгүүр даавуугаар нь чангалуур тавиад боолт хийгээд, түргэн дуудсан уу гэж асуусан чинь дуудсан гэж ах хэлсэн. Тэрнээс хойш 2-3 түргэн рүү залгасан тэр үед аавыг ухаантай байгаа эсэхийг шалгасан чинь ухаантай байсан түүнээс хойш түргэн удаад ирээгүй. Би ааваас юм асуусан чинь ярьж чадахгүй ч толгойгоороо дохиод байсан ба царай нь цонхийсон хөлс нь цувсан байсан. Тэгээд би ахтайгаа түргэн ирэхгүй бол эмнэлэг рүү  аваад явъя, их цус алдсан байна царай цонхийсон байна гэж хэлээд, мөн энэ үедээ 103 луу залгаад түргэний эмчтэй ярьтал “дуудлагыг чинь хүлээгээд авчихсан” гэж хэлээд утсаа таслаад байсан. Аягүй их цус алдсан байна ерөөсөө аваад явъя гээд дүүтэйгээ аавыг өргөөд ахынхаа машины ард хэвтүүлээд аваад явсан ба замдаа түргэн лүү залгасан чинь дуудлага чинь Хан-Уул руу явсан байна, одоо буцаачээ дахин түргэний машин явуулъя гэж хэлсэн одоо яаж тэгэх юм бэ энэ хүнийг бид нар аваад явж байна аа ухаангүй болчихлоо зүрх нь цохилоод байна аль эмнэлэг дээр авч очих юм бэ гэж асуугаад, ойрхон 14-р төв дээр очиж болох уу гэсэн чинь болохгүй шууд гэмтэл рүү яв гэж хэлсэн.Тэгээд дахин түргэн лүү залгаад хаана нөгөө машин чинь явж байгаа юм бэ заагаад өг эсвэл гар утасны дугаарыг нь өг гэж хэлсэн чинь 7029-тэй нэг дугаар өгсөн, тэр нь ерөөсөө авахгүй байсан мөн нэг дугаар луу залгаад авсан хаана явж байгаа юм гэж асуусан чинь Саппоро дээр явж байна та нар хаана явж байгаа юм гэж хэлсэн тэгэхээр нь би Цамбагарав дээр явж байна гэж хэлээд замдаа тааралдсан. Түргэний эмч аавыг маань үзээд найдваргүй өнгөрчихсөн байна гэж хэлсэн, тэгэхээр нь би та нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй юм уу наад хүн чинь дөнгөж саяхан зүрх нь цохилж байсан гэж хэлсэн чинь эмч одоо ямар ч найдваргүй гэж хэлсэн. Тэгээд  Баянгол дүүргийн цагдаагийнхан, араас нь Шүүх эмнэлэгийн машин ирээд түүний араас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн ирээд зураг хөрөг аваад Шүүх эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,

            - гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн 20 айлын 2-6 тоотод байх хаяганд бүртгэлтэй боловч 2010 оноос эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хуучин Цэргийн хотхоны 11-3 тоотод хадмын байранд оршин сууж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эхнэр, 2 хүүхдийн хамт зах орж хичээлийн хэрэгсэл, хувцас цуглуулаад аавынхаа Хангамжийн 20 айлын 2-6 тоотод байх амины байшингаар нь ороход аав ээж 2, дүү Х, М, М-ын эхнэр болох Х, хүү А \3 настай\ ээжийн эгч Н, ээжийн ахын охин болох Цэрэннүровын хүүхэд У \12 настай эмэгтэй\, нарын хамт байсан. Аав, ээж, дүү Х нар халамцуу архи уусан байдалтай байхаар нь би эхнэр хүүхдийн хамт аавын гэрт 10 орчим минут болоод гэртээ харих гээд гарсан. Гэртээ хариад байж байтал миний  дугаарт дүү Х \хоч Б\ 20:22 цагт залгахаар нь би утсаа аваагүй. Үүнээс 4 минутын дараа ээж Д залгаад “аав, Б дүү 2 чинь хоорондоо хэрэлдээд маргалдаад зодолдоод байна” гэж ярихаар нь би яах гэж архи дарс ууж хоорондоо хэрэлдэж зодолдоод байгаан гэж хэлээд утсаа салгатал, манай дүү Э  20:26 цагт залгаад “гэрт хэрүүл зодоон болоод байна аавын хөл гарнаас цус гарсан байна гэнэ, та очих гэж байна уу, би очих гэж байна” гэхээр одоо очлоо гээд гэрээс гарах гэж байтал бэр дүү Х залгаад “Та яаралтай ир аавын хөлнөөс цус гараад байна эмнэлэг явах хэрэгтэй болчихлоо“ гэхээр нь гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 3660 улсын дугаартай Тоёота Приүс машиндаа суугаад аавын гэрт 20:33 цагт ороход аавын зүүн хөлний бүдүүн гуя орчмоос нилээд их хэмжээгээр цус гарсан байдалтай байхаар нь шууд яаралтай түргэн тусламжийн 103 төвд 20:33, 20:37, 20:39 цагуудад дуудлага өгсөн. Тэгтэл гаднаас над руу утсаар ярьсан дүү Э гаднаас орж ирэн хараад 103 дуудлага дахин өгөөд хөнжлийн даавуу урж аавын хөлний цус гарч байгаа хэсгийг боосон. Үүнээс хойш 20-30 минут хэртэй хугацаанд103- г шаардахад танайх руу явсан гэхээр нь эмнэлэг рүү аваачиж өгье гэж яриад аавыг дүү Э, дүү М-ын хамт дамжлан гаргаж ирээд машины хойд талын суудлыг унаган ор болгон аавыг хэвтүүлээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Цамбагарав орчимд очоод манай гэр рүү явж байсан эмнэлэгийн машинтай таараад уулзаад аавыг үзүүлэхэд нас барсан байна гэсэн. Талийгаач, Х 2-нь нэг гэрт амьдардаг болохоор хоорондоо ахуйн хүрээний бага зэрэг хэрэлдэж маргалддаг байсан. Урьд нь хоорондоо маргалдаад нэг нэгийгээ цохисон гэж ярьдаг байсан. Манай талийгаач эцэг архи уухаараа агсам согтуу тавидаг, ер нь архи их талдаа уудаг...гэх мэдүүлэг /1х, хх-48-50/,

            - гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед найз Ө-тай уулзсан. Манай эхнэр хүүхэд тусдаа байдаг бөгөөд тэр өдөр над дээр ирсэн. Тэгэхэд Ө-тай уулзаад салхинд гаръя гэж ярьсан. Ө эхнэр хүүхдээ аваад би эхнэр хүүхдээ аваад түүний машинтай Баруунсалааны уул руу гарсан. Ингэж явахдаа гэр бүлээрээ жаахан архи уух байсан тул машин бариулахаар ах Х-ыг авч явсан. Баруун салааны уул руу 13 цагийн үед л очсон байх. Тэгээд тэнд хорхог хийж идээд сууж байгаад 2 том пиво, 1 шил архи уусан. Х ах болохоор машин барих тул уугаагүй. Гэхдээ нэг пиво уусан байна уу даа. Хорхог юм идээд орой буцахад гайгүй болчихно гээд гуйсаар байгаад нэг пиво уусан. Буцахдаа Баруун салааны тэнд байх айлд Ө эхнэр хүүхэдтэйгээ үлдэхээр болоод Х ах манай эхнэр хүүхдүүд бид нар такси бариад гэртээ ирсэн. Бид нар гэгээ тасраад харуй бүрий болж байхад ирсэн. Тэр үед 20 цаг өнгөрөөд 21 цаг дөхөж байсан болов уу. Тэгэхэд манай гэрт ээж Д, аав Б, ээжийн эгч Нямхүү, ах Эын 7 настай Б, 4 настай Энхдөлгөөн, манайд амьдардаг У нар байсан. Манай хажуу айлын хүүхдүүд гэртээ тоглож байхаар нь би 3 настай хүү М-г оруулж тоглуулсан. Би эхнэртэйгээ байшингийн ард гадаа ор засаад тэнд байж байсан. Тэгээд дахин гэрт ороогүй байж байхад гэрт гэнэт орилолдоод шуугилдаад явчихсан. Яваад ороход аав гал тогооны цонхны хана налаад сууж байсан хөлнөөс нь цус гарч байсан. Яасан, юу болсон бэ гэхэд Х ах пийшингийн хажууд уйлаад зогсож байсан. Тэр юм ярихгүй уйлаад байсан. Би түргэн дуудсан юм уу түргэн дуудаач ээ гээд Х ах бид 2 хөлийг нь боосон. Тэгээд тэр боож сууж байгаад би цагдаа дуудна гээд явсан. Тэгээд ах буцаж орж ирээгүй. Би том ах Ч рүү ээжийн утсаар залгаж ярьсан санагдаад байна. Болсон асуудлыг хэлсэн. Ах надад түргэн дуудсан юм уу гэхэд дуудсан гэсэн бөгөөд удалгүй хүрээд ирсэн. Ч ахыг ирэхэд Э ах ч цугтаа ороод ирсэн. Тэгээд бид 3 боолтыг нь чангалаад түргэн удаад байна гээд өөрсдөө аваад явъя гээд Ч ахын машины хойд талд Э ах бид хоёр өргөж оруулаад тэр 2 аваад явсан. Тэгээд аав замдаа нас барсан гэсэн. Би юу болсныг тухайн үедээ мэдээгүй. Би байшингийн ард гадаа эхнэртэйгээ юм яриад сууж байсан. Жаахан уучихсан болохоор гэр рүүгээ орохгүй байгаад байсан. Хутгалах үед нь хажууд нь байгаагүй, хэрүүл маргаан болж байна гэж мэдээгүй. Ер нь бол хэрүүл маргаан болсон зүйл мэдэгдээгүй. Х ах аавтай ямар нэгэн маргаан болоод байдаггүй, тэр голдуу хөдөө хүний машин бариад явчихдаг болохоор байдаггүй, аавтай маргалдаад байдаггүй л хүн. Би сайн мэдэхгүй. Нямхүү, У нар гэрт байсан байх. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг орох үед Х ах гартаа юм барьсан байсан эсэхийг анзаараагүй. Би ч харах сөхөө байгаагүй. Аавын хөлнөөс цус гараад би сандраад түүн рүү очсон. Сүүлд сураг сонсоход хар жижиг хутгаар л хутгалчихсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /1х, хх-51-53/  

            - гэрч Л.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би ажлаа тараад “Энхжин” худалдааны төвөөс орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ иртэл манай гэрт манай ээж А, манай хүүхэд Х.Ө, манай эгчийн хүүхэд А.М, Э ахын 2 хүүхэд, М-ын нэг хүүхэд байсан. Гэртээ байж байтал Д эгч Б буюу Х-ыг гараад явчихлаа. Түргэн дуудсан юм уу? гээд би гайхаад гараад хартал М, М-ын эхнэр Х 2-той Х хамт зогсож байсан. Х утсаар “би аавыгаа хутгалчихлаа” гээд уйлаад орилоод зогсож байсан. Би яг хэнтэй ярьж байсныг нь мэдээгүй. Би М, Х 2-г гэртээ ороод байж бай, би Хыг тайвшруулаад араас чинь яваад оръё гээд баруун талд байдаг сагсан бөмбөг тоглодог шийд рүү дагуулаад тэнд бид 2 мөн манай хүүхэд бид 3-уулаа хамт байсан. Х бид 2 тамхи татаад би Х-ыг яах гэж архи уусан юм бэ? аавыгаа яасан юм бэ? яг юу болсон юм бэ? гэж асуусан. Х би аавыгаа хутгалчихлаа. Би ямар тэнэг хүн бэ гэж хэлээд өөрийнхөө цээж рүү гараараа цохиод уйлаад байсан. Жоохон сууж байгаад Х ганцаараа яваад өгсөн. Би хүүхдээ аваад буцаад гэртээ орсон. Х өөрийнхөө хар өнгийн “Нокиа” гар утсаараа хүнтэй яриад сууж байсан. Би аавыгаа хутгалчихлаа. Би шоронд явах байх аа. Би их харамсаж байна. Би ямар тэнэг хүн бэ? би одоо цагдаа дээр очлоо. Өөрийгөө сайн бодоорой гээд ярьж байгаад утсаа тасалсан. Би архи уусан байгааг нь хараагүй. Хөдөөгүүр том машин бариад яваад өгдөг учир гэртээ байдаггүй. Хааяа гэртээ ирээд хэд хонож байгаад буцаад хөдөө явчихдаг. Х нь ямар нэгэн муухай зан авиргүй, дөлгөөхөн, тайван зантай хүн. Би тэдний хэрэлдэж зодолдож байгааг нь харж байгаагүй. Б ах архи, согтууруулах ундаа үе үе хэрэглэдэг байсан. Архи уусан үедээ хүнээс хэрүүл өддөг. Түргэн ууртай зантай, өөр хүн болчихдог байсан. Архи уучихаараа Уг загнаад тархи толгой болон нуруу руу нь цохиод байдаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-54-55/

            - гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би хэрэг болох үед байгаагүй. би 5 хүүхэдтэй, миний доороос 3 дахь, дээрээс 3 дахь охин болох Ц.У нь манай авга эгч Дгийнд сүүлийн 3-4 жил амьдарч байгаа. Учир нь манай охин У нь бага тархины нарийсал оноштой эрүүл мэндийн шалтгаантай сургуульд сурч байгаагүй хүүхэд. Тэрээр 2013 онд төрсөн эцэг Л хүчиндүүлсэн гэх асуудлаар хохирогч болсон. Энэ хэргийн улмаас эцэг нь цагдан хоригдож шалгагдаж байдаг бөгөөд ар гэрийн шалтгаанаар эгч Д-гийнд байлгадаг байсан. Улсын Мөрдөн байцаах албанд хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст хэрэг нь шалгагдаж байгаа. Миний охин У нь сэтгэцийн хөгжил дутмаг боловч дээрх хэргийн улмаас удаа дараалан сэтгэцийн шинжилгээнүүдийг хийлгэж байсан. Дээрх шинжилгээний дүгнэлтүүдээр үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж гардаг. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэрэг болсон учир би талийгаачийн ажил явдалд ирээд буцахдаа охиноо аваад явчихсан. Шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж дуудуулсан учир одоо авч  ирээд байна. Өмнө болсон хэргийн учир удаа дараалан шинжилгээ хийлгэж байсан тул тэр шинжилгээний дүнг үндэслэн дахин шинжилгээ хийлгэхгүйгээр шийдүүлэх хүсэлтэй байгаа. Учир нь төлбөрөөс авахуулаад ар гэрийн гачигдал их байна. Би охиноо өөрийн харсан үзсэн зүйлээ өөрийнхөө хэмжээнд хэлж чадна гэж үзэж байна. Би Х-ыг ийм хэрэг хийчих хүн гэж үзэхгүй байна. Багаас нь өсгөсөн хүний хувьд зан байдлын хувьд сайн мэднэ. Ширүүн аашгүй, архи дарс уугаад байдаггүй, хаа нэг уучихдаг л байх, хөдөө ажлаар явчихдаг байхаасаа байхгүй нь их байдаг, гэр орондоо агсам согтуу тавиад байдаггүй л хүн. Талийгаач Б нь хааяа архи уухаараа үглэдэг хүн болохоос муу зангүй хүн байсан. Архи уухгүй үедээ гэр орны ажилд сайн, хоол ундаа хийгээд л байдаг сайн хүн байсан, миний хүүхдүүдийг өвөө нь гээд эрхлүүлээд явдаг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-56-59/

            - шүүх сэтгэц эмгэг судлалын 506 дугаартай:...Ц.У нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.У дээрх сэтгэцийн эмгэг нь төрөлхийн болно.../1х, хх-215-223/

            - гэрч Ш.Н мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай хүргэн Б бид 18-19 цагийн орчим Хархорин захаас ирсэн. Би зүгээр суухаар гээд Хархорин зах дээр тор зарж суудаг. Тэр өдөр Б намайг авах гэж очоод бид 2 цугтаа гэртээ ирсэн. Би мэдрэлийн группт байдаг учир төрсөн дүү Д-гийн асаргаанд байдаг.Тэгээд бид 2 гэртээ ирэхэд Д хоол хийгээд байж байсан. Талийгаач Хархорин захаас надтай ирэхдээ цоо эрүүл архи уугаагүй байсан. Хаана хэзээ архи уусныг нь мэдээгүй. Би том өрөөндөө хоол ундаа идчихээд зурагт харж байгаад унтчихсан байсан. Тэгэхэд гэрт Э-ын хоёр хүүхдүүд ирчихсэн тоглоод байж байсан. Намайг захаас ирсний дараа Х гаднаас орж ирсэн. Тэр архи уугаагүй эрүүл байсан. Хэрэг болох үед би унтчихсан байсан, юунаас болж маргалдаж муудалцсан, хаана нь гэмтэл учруулсан гээд юу ч мэдээгүй, манай хэд ч надад юм хэлээгүй. Би унтаж байгаад сэрээд гарч бие засаад хажуу айл руу орсон. Тэр үед цагдаа ирсэн. Яагаад ирснийг нь мэдээгүй. Маргааш нь босоод зах руу явж тор зарна гэхэд манай дүү Д та явж хэрэггүй, Б нас барсан гэж хэлсэн. Ингэж анх түүнийг нас барсан гэдгийг мэдсэн. Өмнө нь надад тайлбарлаж хэлсэн хүн байхгүй. Би Х-ыг архи уусан байна гэж мэдээгүй, зүгээр л явж байсан. Б-ийг хутгалагдах үед том өрөөнд зурагтын өмнөх том хар сандал дээр зурагт харж байгаад унтчихсан байсан. Тэр үед энэ асуудал болсон байсан. Би унтаж байсан байх. Намайг сэрэхэд Б байгаагүй. Тэр үед эмнэлэг явчихсан байсан юм шиг байна лээ. Д гэрт байгаагүй, гадаа байсан. Би сэрж босоод шууд гараад бие засчихаад хажуу талынхаа айл руу ороод суусан. Тэгээд тэнд байхад цагдаа ирсэн. Яагаад ирснийг нь асууж сураглаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-61-63/

            - Шүүх сэтгэц, эмгэг судлалын 888 дугаартай:...Ш.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн өвчингүй байсан. Ш.Н-гийн хяналтын картанд Наследственная миапатия дитсрофия өвчний учир группид байдаг баримт байна. Ш.Н нь өвчний учир группэд байдаг гэх баримт байна. Ш.Н нь гэмт хэрэг үйлдлийн талаар үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.../1х, хх-142-143/

            - гэрч Б.А мөрдөн байцаалтад өгсөн:...Би охин, хүргэн, зээ нарын хамт амьдардаг бөгөөд 2017 оны 05 сараас Б ахын хажуу талынх нь байшинг түрээслэж амьдрах болсон. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 18-19 цагийн орчим Хархорин захаас Б ах, Н эгчийг аваад ирсэн. Тэгэхэд Д гэртээ хоол хийгээд байж байсан. Намайг Д дуудахаар нь явж ороход үүднийхээ амбаарт тэр хоёр нэг шил 0.5 л архи задлаад байж байсан. Тэгээд бид юм ярьж суугаад архийг уусан. Би гэртээ хоёр зээгийн хамт байсан бөгөөд тэдэн рүүгээ орсон. Намайг гэртээ орсноос хойш хүүхдүүд нь ирээд байгаа бололтой байсан. Би 20 цагийн орчим бие засахаар гарахад хашаанд хүүхдүүд нь тоглочихсон, Х хоёр дүүгээ одоо болж байна шүү даарчихна ороорой гэж хэлээд зогсож байсан. Тэгэхэд Хыг ирчихсэн байна гэж мэдсэн. Х архи дарс уучихсан байна гэж мэдэгдэхээр харагдаагүй. Тэгээд удаагүй байж байтал 2 ачаа дагуулаад Д ороод ирсэн. Удалгүй тэднийд амьдардаг У араас нь орж ирсэн. Д удалгүй манайхаас гараад гэртээ орсон. Тэгээд удалгүй түргэн дуудаарай гээд муухай бахирсаар ороод ирэхэд нь би гайхаад хэнд түргэн дуудах юм бэ гэхэд Б бие муудчихлаа гэсэн. Тэгэхээр нь 103 луу залгаад хаягийг нь хэлсэн чинь наадах хаягаар өгсөн дуудлагыг хүлээж авсан гэж хэлсэн. Тэр үед 20:30 цаг болж байсан болов уу. У гадагшаа гараад орж ирэхдээ Ч ах ирж байна гэж байсан. Би ч цонхоор харахад Ч-ийн машин ирчихсэн байсан. У надад хэлэхдээ Ч ах, Э ах 2 Б ахыг эмнэлэг рүү аваад явах гэж байна гэж хэлсэн. Яачихсан юм бэ, сая түргэн дуудаад байсан биз дээ  гэхэд мэдэхгүй ээ гэж хэлсэн. Би тэр үед гэрээс ер гараагүй. Хэрэг төвөг болсон гэж мэдээгүй. Чийн машин гараад явж байгаа харагдсан, удалгүй цагдаагийн машин ирсний дараа хутга шөвөгний хэрэг болсон талаар ойлгож мэдсэн. Б Хархорин захаас ирэхээс өмнө архи дарс уусан асуудал байгаагүй. Харин 19 цагийн орчим Б, Д бид гурав нэг шил 0.5 л архи хувааж уусан. Өөр архи дарс уусан асуудал байхгүй байх. Би орой 20 цагийн орчим бие засахаар гарах үед хашаанд Х дүү Э-ын хүүхдүүдтэй байж байсан. Тэр үед харахад архи уусан гэхээр харагдаагүй. Би архи уусан гэж бодохгүй байна. Чийг машинтайгаа аавыгаа аваад явсаны дараа Нямхүү эгч манайд орж ирсэн. Би юу болоод түргэн болоод яачихваа гэхэд тэр мэдэхгүй гэж хэлсэн. Өөр зүйл түүнтэй яриагүй. Тэр уг нь гэртээ л байсан юм шиг байна лээ, хэрэг болох үед яг хаана байсан талаар нарийн хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1х, хх-64-66/

            - гэрч Г.Г мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг өнгөрч гэрт нь хүргэж өгсөн. Би хашааных нь үүдэнд ирж байхад тэр хашаанд эмэгтэй хүн чангаар орилох чимээ гарсан. С дотогшоо орчихоод ирье гээд орсон. Би хашааных нь үүднээс баруун тийшээ байрлалтай зогсоод байж байтал нэг залуу гарч ирсэн. Тэрээр сагсны шийдний тэнд очоод суусан. Тэр залуу надаас тамхи асуусан. Би тамхи байхгүй гэхэд ахдаа хэдэн ширхэг тамхи аваад ирээч гээд 2000-3000 төгрөг өгсөн. Надтай цуг С очиж уулзсан. Би дэлгүүрээс 10 гаран ширхэг тамхи ширхэгээр аваад очсон. Буцаж ирэхэд байсан газраа сууж байсан. С ч цуг байсан. Тамхи татчихаад тэр залуу хойшоо нарийн гудамжаар гараад явсан. Тэр залуу архи уучихсан халамцуу байсан. Хаана уусныг нь мэдэхгүй. Гэрээсээ гарч ирэхдээ л архи уучихсан байсан. Тэр гэрээсээ анх гарч ирэхдээ архи үнэртэж байсан бөгөөд 2000-3000 төгрөг өгөөд тамхи, 200 гр шилтэй архи аваад ирээч гэхээр нь би дэлгүүр очоод өөрөө мөнгө нэмээд тамхи 200 гр Хараа архи авчирч өгсөн. 0.5 л гэж худал хэлж байна. 200 гр жижиг шилтэй архи авчирч өгсөн юм. Тэгээд тэр архиа өөрөө уусан. Ер нь дунд зэргийн согтуу байсан. Айхавтар ухаанаа алдсан согтуу байгаагүй, бага зэрэг халамцуу байна гэж харсан. Ер нь архи уучихсан байгаа нь мэдэгдэж байсан. Тэр аавыгаа хутгалчихлаа гээд уйлаад байсан. Тэр архиа уучихаад хойшоо нарийн гудамжаар ороод явсан...гэх мэдүүлэг /1х, хх-70-72/

            - гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн Сэлбэ-113 чиглэлд жолооч, цагдаагаар 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэхдээ эргүүлийн офицер ахлах дэслэгч Б.Зын хамт Сонгинохайрхан дүүргийн 20, 32-р хороодын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэсэн. 20 цаг өнгөрсөн багцаагаар 20 цаг 30 минутын орчим Хэлтсийн Жижүүрийн албанаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн 20-2-6 хүн цус алдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу явж очиход “цус алдсан гэх хүнийг нь түргэний машин дуудаад хүлээж чадалгүй өөдөөс нь машинтай аваад явчихсан” байсан. Хэрэг болсон гэх айлд гэрийн эзэгтэй байсан. Хутгалсан хүний ээж  нь гэх эмэгтэй байсан бөгөөд юу болсон юм бэ гэхэд гэр бүлийн маргаан болоод хоорондоо хэрэлдээд манай хүү уурандаа аавыгаа хайчаар хатгачихсан гэсэн. Хүүхэд чинь хаана байна гэхэд гараад явчихсан олдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдийнхээ утсаар яриад хаана байгааг нь тодруулж асууж өг гээд З-н утсаар тэр эгчийг хүүтэй нь яриулаад хажуунаас нь сонсож байхад хүү нь байгаа газраа хэлэхгүй байсан. Тэгэхээр нь хойд талынх нь гудамжинд хүн орилоод байгаа чимээ сонсоод З бид хоёр тэр эгчид утсаа битгий тавиарай яриад байгаарай гэж хэлээд нөгөө чангаар орилоод байгаа хүн рүү явж очиход аавыгаа хутгалсан гэх залуу утсаар яриад наад цагдаа нар чинь худлаа ярьж хүн барьж авах гэж байгаа, одоо бүгдийг чинь ална гэх утгатай зүйл яриад ууртай байж байсан. Тухайн үедээ гэмшиж уйлсан шинж байгаагүй, нилээн догширсон шинж байдалтай байж байсан. Тэгэхэд араас нь очиж барьж авсан. Тэр залуу архи уучихсан халамцуу байсан. Тэр залуу аавыгаа нас барсан талаар ч сонсоогүй байсан болохоор та нар намайг бариад авах шаардлага байгаа юм уу, аав өглөө гомдолгүй гэж хэлээд л би гарчихна шүү дээ гэж байсан. Юу болсон юм бэ гэж асуухад тэднийд амьдардаг эгчийнх нь хүүхэд болох дүү охин байдаг. У гэж хэлж байсан санагдаж байна. Тэр охиныг аав нь зодохоор нь аавтайгаа хэрэлдээд жоохон гэр бүлийн маргаан болсон гэж хэлсэн. Тэгээд манай аав яаж байгаа бол нэг утсаар ярья гэж гуйгаад байсан. Иимэрхүү л яриа машин дотор болсон. Тэгээд түүнийг шууд жижүүрийн албанд авчирч хүлээлгэн өгсөн. Тэр хутгалуулсан хүн нь замдаа нас барсан гэж З бид 2 мэдсэн боловч өөрт нь хэлээгүй...гэх мэдүүлэг /1х, хх-73-75/

            - гэрч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн Сэлбэ-113 чиглэлд эргүүлийн офицероор үүрэг гүйцэтгэсэн. Надтай цуг жолооч цагдаагаар дэд ахлагч О үүрэг гүйцэтгэсэн. Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороодын нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж ажилласан. Тэр өдөр 20 цаг өнгөрсөн байхад Хэлтсийн жижүүрийн албанаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Хангамжийн 20-2-6 тоотод хүн цус алдаад байна гэсэн дуудлага ирсний дагуу хурдан шуурхай явж очиход цус алдсан гэх хүнийг нь түргэний машин дуудаад хүлээж чадалгүй өөдөөс нь машинтай аваад явчихсан байсан. Хэрэг болсон гэх айлд хутгалуулсан хүний эхнэр нь гэх эмэгтэй байсан бөгөөд юу болсон юм бэ гэж болсон явдлын талаар тодруулж асуухад гэр бүлийн маргаан болсон гэж хэлсэн. Гэрт нь яваад ороход ширээн дээр нь улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хайч, цустай даавуу зэрэг зүйлүүд байсан бөгөөд шалыг арчиж цэвэрлэсэн байдалтай байсан. Хутгалуулсан хүний эхнэр нь гэр бүлийн маргаан болсон юм, манай хүү уурандаа аавыгаа хатгачихсан юм шиг байна, гуянаас нь их цус гараад манай хүү ирээд аваад явсан гэсэн. Хутгалсан хүн нь хаана байгаа юм бэ гэж асуухад гараад зугатчихсан гэж хэлсэн. Ээжтэй нь яриад зогсож байхад дуудлага өгсөн, аавыгаа эмнэлэг рүү аваад явсан залуу миний утас руу залгаад, аав эмнэлэг хүрч чадалгүй нас барчихлаа, манай дүүг олж аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэрт нь хандаж танай том хүү ярьж байна, дүүгээ олж уулз гэж хэлж байна гээд яг нас барсан гэж хэлэлгүйгээр тайвшруулж ярилцсан. Тэгээд өөрийнхөө утсаар хутгалсан гэх залуу руу залгуулахад ахиад тэр тэрийг ална аа гээд 2 хүний нэр хэлээд орилоод байгаа сонсогдсон. Тэгэхээр нь утсаа битгий тавиарай яриад байж байгаарай гээд гэрээс нь гарахад нөгөө орилоод яриад байгаа хүний дуу хойд талынх нь гудамжинд сонсогдохоор нь би ээжийг нь машиндаа суулгаад, -г гудамжны нөгөө талаас нь явуулж хоёр талаас нь очих байдалтайгаар зохион байгуулж очсон. Тэгэхэд тэр залуу алаг машин харчихаад нарийн гудамж руу зугатаахаар нь хойноос нь хөөж барьж авсан. Тэр залуу тухайн үедээ би аавтайгаа маргалдаад хутгаар хатгачихсан, миний аав маргааш гомдолгүй гээд авчихна ш дээ гээд ярьж байсан. Ээж нь ярихдаа Х гэх хүү нь гэр бүлийн маргаанаас болоод аавыгаа хутгалчихлаа гэж л тайлбарлаж хэлсэн. Тэгээд бидний хажууд 10-аад насны У гэртээ байх үедээ чамаас болж ийм асуудал боллоо гээд загнаад байсан. Х-ыг гаднаас орж ирэхэд тэднийд байдаг, аав ээжийнх нь нэгнийх нь дүүгийн хүүхэд нь юм шиг байна лээ, У гэх охиныг аав нь зодож байхад нь орж ирээд өмөөрөөд хэрүүл маргаан үүссэн юм болов уу гэж ойлгосон. Тэр охины талаар нарийн мэдээлэл аваагүй, тэдний ярианы байдлаас үзэхэд тэр У гэх охин тэднийд амьдардаг юм шиг байна лээ. Тэр залуу баригдах үедээ архи уучихсан халамцуу байсан. Тэр залуу аавыгаа нас барсан талаар ч сонсоогүй байсан бөгөөд шаардлага эсэргүүцэх байдалтай байсан. Тэрээр та нар намайг бариад авах шаардлага байгаа юм уу, аав өглөө гомдолгүй гэж хэлээд л би гарчихна ш дээ гэж ярьж байсан. Тэгээд түүнийг шууд жижүүрийн албанд авчирч хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /1х, хх-76-79/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1726 дугаартай шинжээчийн:...Ш.Б-ийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрхи оношид дурьдагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ, гэмтлийг ямар ч байрлалд авах боломжтой. Задлан шинжилгээгээр зүрхний архаг цус хомсрох өвчин, зүрхний булчингийн зузаарал, томрол, элэгний жижиг зангилаат хатуурал өвчтэй байсан нь тогтоогдсон ба эдгээр нь нас барахад нөлөөлөөгүй болно. Ш.Б нь хурц цус алдалтын улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ. Ш.Б нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Ш.Б нь АВО системээр В   (III) бүлгийн цустай байжээ...гэх дүгнэлт /1х, хх-82-85/

            - шинжээч эмч М.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Цогцосны зүүн гуяны урд дунд гадаргад босоо ташуу байрлалтай хурц төгсгөл нь дээд талдаа /11:30 минутын байрлалд/ мохоо төгсгөл нь доод талдаа /17:30 минутын байрлалд/ байрласан урдаас арагш, үл мэдэг баруун дээш чиглэлтэй 12 см орчим гүн явж, гуяны гүн артерын буюу гадна уруудах салааны 2/3-ыг зүсэж гэмтээсэн 7.5*3.5 см зах ирмэг тэгш, хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан. Энэ гэмтлийн улмаас цус алдаж, хурц цус алдалтын шоконд орж нас барсан. Артерийн судас гэмтсэн үед маш хурдан цус алдалт явагддаг учир гэмтэл авсан даруй эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол маш хурдан цус алдаж нас барна. Артерийн цус алдалтын үе нь маш хурдтай явагддаг учир маш хурдан шоконд орно. ...5-10 минутын хооронд цус алдаж шоконд орох боломжтой.../1х, хх-79-80/...Босоо байхад нь учруулах боломжтой, суугаа байхад нь учруулах боломж багатай. Босчихсон байх үед нь доороос дээш чиглэлтэй хутгалагдсан шарх байгаа юм гэх мэдүүлэг / 2-р хавтас, х-106/,

            - шүүх сэтгэц эмгэг судлалын 868 дугаартай: ...Б.Х нь гэмт хэрэг үйлдэх болон үйлдэхээс өмнө сэтгэцийн өвчингүй байсан. Тухайн үед өөрийн хийж буй үйлдлийг зөв, ойлгож, удирдах чадвартай байсан байна. Б.Х нь сэтгэцийн өвчингүй байна...гэх дүгнэлт /1х, хх-137-138/,

- шинжээчийн дүгнэлт...Б.Хын цусанд 2,1 промилл спиртын агуулаж илэрсэн нь согтолтын дунд зэрэг болно /1х, х-130/, 

            - ял шалгах хуудас /1х, хх-181/,

            - шүүгдэгч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хангамжийн 20 айлын 2-06 тоотод байх хашаанд 20:00 цагийн орчимд төрсөн дүү М, Э нарын хүүхдүүдтэй тоглож байхад ээж Д гарч ирээд “аав чинь бие муутай Уг загнаад, зодоод байна, чи орж болиул” гэхээр нь гэр лүүгээ ороход аав Б гал тогооны өрөөнд суучихсан У аавын урд зогсоод уйлчихсан байсан. Аав түүнийг загнаад байсан. Тэгэхээр нь “та өнчин хүүхэд яагаад зодож байдаг юм бэ, боль” гэхэд аав өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ” гээд гарч явах гэхэд нь би түүнийг айлгах гээд ширээн дээр байсан хутгаар чичсэн. Тэгэхэд түүний зүүн гуянд хатгасан. Тухайн үед У хар иштэй жижиг хутгаар төмс арилгаж байсан юм байна лээ. Тэгэхэд аав гал тогооны шалан дээр суусан бөгөөд түүний гуянаас их цус гарсан. У цусыг нь цэвэрлэсэн. Би айгаад, сандраад гадагш гарсан.  Эргэж ороогүй, гадаа гадаа гудманд сууж байхад хажуу айлын охин над дээр ирээд “Ч ах ирээд эмнэлэг аваад явлаа” гэж хэлсэн. Тэгээд цаашаа явж байтал цагдаа ээжтэй хамт ирээд намайг бариад авсан. Аавыг хутгалах үед хажууд У л байсан. Том өрөөнд ээж, Нямхүү нар байсан...гэх мэдүүлэг /1хх, хх-161-164/

            ...2017 оны 08 дугаар сарын 29-ний орой хашаа дотроо 20:00 цаг өнгөрч байхад ээж гэрээс гарч ирээд “аав чинь Уг загнаад зодоо байна гэхээр нь яваад ороход У пийшингийн хойд талд уйлчихсан сууж байсан, аав гал тогоонд хөргөгч ширээ хоёрын дунд сууж байсан. Би яагаад хүүхэд загнаж зодоод байгаа юм бэ гэхэд “би загнаж зодсон юм уу” гэж байсан, “тэгээд ээжийг асуухаар нь одоо ороод ирэх байх гэсэн. Би Уг ногоо арилгачихаарай гээд хэлсэн байсан боловч У арилгаагүй байхаар нь би өөрөө ногоогоо арилгах гээд сууж байхад аав гарах гээд байхаар нь би яах гэж байгаа юм бэ гээд баруун гартаа хутгаа барьсан чигээрээ гараа алдлаад ширээ хөргөгч хоёрын дунд хаасан, аав буцаад суусан. Би буцаад суухаар нь суучихлаа гээд гараа буцаад татаж автал аав ухасхийгээд босох гэхэд нь гараа алдлаад түлхтэл аав хутганд оногдоод арагшаа сандлаа түлхээд бөгсөөрөө газар суучихсан. Би яачихав гэхэд гуянаас нь цус гарч эхэлсэн. Уг алчуур аваад ир гэхэд шалны алчуур авчирсан. Гаднаас Ч ах орж ирсэн. Би аавыгаа санаатай хутгалаагүй гэж хэлэх гээд байгаа юм. Би жаахан согтуу байсан, яаж бодсон төрсөн ах дүү биш хүнийг өмөөрч төрсөн аавыгаа хутгалж алах вэ. Анх орж ирээд яачихсан юм бэ, түргэн дуудсан юм уу гээд загнахаар нь би айгаад гэрээсээ гараад явсан. Тэр өдөр ээж, аав хоёр архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-165-166/,

Шүүхийн хэлэлцүүлэгт:..2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би найзынхаа машиныг бариад М, Х, Д нартай хамт салхинд гарсан. Очоод 2-3 лааз пиво уусан. Орой буцаж ирээд хашаанд байж байтал ээж гарч ирээд аав чинь Уг зодоод байна, болиулаад өг гэж хэлсэн. Намайг гэрт ороход аав Уг загнаад, цохиж байсан. Би ороод аавд “та яах гэж мэдрэл муутай хүүхдийн тархи, толгой руу нь цохиж байдаг юм бэ” гэж хэлээд аавыг сугадаж өргөөд гал тогооны өрөөнд оруулаад хөргөгчний дэргэд байсан сандал дээр суулгасан. У гараад гүйгээд явсан байсан, аав амандаа үглээд сууж байсан. Би хоол хийхээр төмс арилгах гээд төмс арилгадаг жижиг хутгыг аваад сууж байтал аав Угийн ардаас гарж хэрүүл хийх гээд ухасхийгээд босохоор нь би зогсоох санаатай хутгатай гараараа хаатал ийм зүйл болсон. Би хутгатай гараас айгаад зогсох болов уу гээд хаатал аав Утай хэрэлдээд ууртай байсан байх шууд урагшаа дайраад хутгатай гар руу орсон. Надад аавыгаа хутгалах санаа зорилго байгаагүй. Мөн намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь хохироосон гэж үзэж байгааг би ойлгохгүй байна. Аавын гуянаас цус гарахаар нь орилсон. Орилоход хамгийн түрүүнд М орж ирсэн. Дараа нь Х орж ирсэн. Би халааснаас утсаа гаргаад түргэн тусламж дууд, болохгүй бол Ч ахыг дууд гэж хэлээд Хд утсаа өгсөн. Х миний гарнаас утас, хутга хоёрыг аваад гарахаар нь М бид хоёр аавын хөлийг боосон. Аавын хөлийг боогоод сууж байтал Ч ах орж ирээд намайг загнаад байхаар нь би “би ямар албаар хутгалсан юм уу, өөрөө хэрүүл хийгээд гарах гэхээр нь хориглотол ийм зүйл болчихлоо” гэж хэлээд уурлаад зөрөөд гарсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 20 минутын орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн эцэг 57 настай Ш.Бийг үеэл дүү болох Ц.У-г загналаа гэх шалтгаанаар зүүн гуян тус газар нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- хохирогч Ш.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр О, С бид уулзсан...О миний төрсөн өдрийн бэлэг гээд надад 40.000 өгсөн ба бид 3 нэг шил архи аваад С гэрийн гадаа уусан...С машин барьж байсан учир архинаас уугаагүй...Гэртээ ирээд О 40.000 төгрөг өгсөн гээд 0.5 л Ерөөл архи нөхрөөр авчруулж, хажуу айлын А хамт уусан...А гэр рүүгээ орохоор нь араас нь ороод эргээд гараад ирсэн чинь манай хүү Х гаднаас гэртээ ирсэн байсан...Энэ үеэр манай нөхөр Б У гээд манай дүүгийн хүүхэдтэй зурагтын удирдлага булаацалдсан юм шиг байна лээ...Тэгээд би цаад өрөөнөөс гарч ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм гэж хэлсэн. Би Х руу хандаж “аав чинь Уг цохиж зодоод байна” гэж хэлсэн. Тэгтэл Х аав руугаа яагаад та хүүхэд рүү дайраад байгаа юм гэж хэлээд дайрсан юм шиг байна лээ, би тэр үед нь хүүхэд айлгачихна гээд гэрээс гарчихсан байсан. Тэгтэл Х удалгүй гэрээс “ээжээ би хүн алаад хаячихлаа ш дээ гээд орилоод” гараад ирсэн...гэрт ортол манай нөхөр Б гал тогооны хөргөгчийн ханыг түшээд суусан гуянаас нь цус гараад тогтохгүй байсан.../1х, хх-41-42/,

- насанд хүрээгүй гэрч Ц.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн:...Хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, орой болчихсон байхад...3 настай А хүүхэлдэйн кино үзнэ гээд би болохоор өөр сувгаар өөр хүүхэлдэй үзэх гээд байан чинь талийгаач ах удирдлагаа өгч бай гээд надаас булааж авсан...Би тэгэхэд өөдөөс нь хэрэлдсэн. Юу гэж хэрэлдсэнээ одоо санахгүй байна. Би хашгирсан, тэгээд гарч явсан...Гэрт Н эгч, А, Ч ахын охин 7 настай А, талийгаач Б ах нар байсан...Хажуу айлдаа орчихоод буцаад гэртээ ороход гэр их заваан, цус болчихсон байсан. Би цусыг цэвэрлэсэн. Б ахын гуянаас цус гарч байсан. Х ах гэрт байж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-59-60/,  

            - шүүгдэгч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 20:00 цагийн орчимд төрсөн дүү М, Э нарын хүүхдүүдтэй тоглож байхад ээж Д гарч ирээд “аав чинь бие муутай Уг загнаад, зодоод байна, чи орж болиул” гэхээр нь гэр лүүгээ ороход аав Б гал тогооны өрөөнд суусан...”та өнчин хүүхэд яагаад зодож байдаг юм бэ, боль” гэхэд аав өөдөөс “чамд ямар хамаатай юм бэ” гээд гарч явах гэхэд нь би түүнийг айлгах гээд ширээн дээр байсан хутгаар чичсэн. Тэгэхэд түүний зүүн гуянд хатгасан...цус их гарсан...Би айгаад, сандраад гадагш гарсан.../1хх, хх-161-164/...Би яагаад хүүхэд загнаж зодоод байгаа юм бэ гэхэд аав “би загнаж зодсон юм уу” гэж байсан, “тэгээд ээжийг асуухаар нь одоо ороод ирэх байх” гэсэн...би ногоогоо арилгах гээд сууж байхад аав гарах гээд байхаар нь би яах гэж байгаа юм бэ гээд баруун гартаа хутгаа барьсан чигээрээ гараа алдлаад ширээ хөргөгч хоёрын дунд хаасан, аав буцаад суусан...дахин босох гэхэд нь гараа алдлаад түлхтэл аав хутганд оногдсон...Би яачихав гэхэд гуянаас нь цус гарч эхэлсэн. Уг алчуур аваад ир гэхэд шалны алчуур авчирсан. Би жаахан согтуу байсан...тэр өдөр ээж, аав хоёр архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-165-166/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1726 дугаартай шинжээчийн:...Ш.Б-ийн цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрхи оношид дурдагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ, гэмтлийг ямар ч байрлалд авах боломжтой...Ш.Б нь хурц цус алдалтын улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ. Ш.Б нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...гэх дүгнэлт /1х, хх-82-85/,

            - шинжээч эмч М.Э-ын:...Цогцосны зүүн гуяны урд дунд гадаргад босоо ташуу байрлалтай хурц төгсгөл нь дээд талдаа /11:30 минутын байрлалд/ мохоо төгсгөл нь доод талдаа /17:30 минутын байрлалд/ байрласан урдаас арагш, үл мэдэг баруун дээш чиглэлтэй 12 см орчим гүн явж, гуяны гүн артерын буюу гадна уруудах салааны 2/3-ыг зүсэж гэмтээсэн 7.5*3.5 см зах ирмэг тэгш, хатгагдаж зүсэгдсэн шархтай байсан. Энэ гэмтлийн улмаас цус алдаж, хурц цус алдалтын шоконд орж нас барсан.../1х, хх-79-80/...Босоо байхад нь учруулах боломжтой, суугаа байхад нь учруулах боломж багатай. Босчихсон байх үед нь доороос дээш чиглэлтэй хутгалагдсан шарх байгаа юм гэх мэдүүлэг /2х, х-106/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Х-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:         

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

            Шүүгдэгч нь өөрөө гартаа хутга барьж, хутгаа барьсан чигтээ хохирогчийн эсрэг үйлдэл хийсэн улмаар тухайн хутганы ир үзүүртэй хэсгийн шууд чиглэсэн бөгөөд тодорхой хүч шаардсан үйлчлэлээр хохирогчийн зүүн гуян тус газарт ташуу байрлалтай хурц төгсгөл нь дээд талдаа /11:30 минутын байрлалд/ мохоо төгсгөл нь доод талдаа /17:30 минутын байрлалд/ байрласан урдаас арагш, үл мэдэг баруун дээш чиглэлтэй “12 см орчим гүн явж, гуяны гүн артерын буюу гадна уруудах салааны 2/3 хэсэг зүсэгдсэн...хутганы чиглэл хохирогчийг босоо байх үед нь доороос дээш чиглэлтэй үйлчилсэн болох нь нотлох баримтын эх сурвалжтай /1х, х-79-80, 2х, х-106/, тухайн нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй, түүнчлэн хохирогч нь өөрийн зүүн гуя хэсгээ шүүгдэгчийн гарт буй хутганы ир үзүүр хэсэг рүү санаатайгаар чиглүүлэн хүчилж тийнхүү 12 см гүн дүрэгдэхэд хүргэсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрийн шууд бус санаа, идэвхтэй үйлдлээр тухайн хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэж үзнэ.    

            Шүүгдэгч нь хохирогчийн амин бус газар хутгалсан, өөрийн аавыг алах сэдэлт зорилго байгаагүй гэж мэдүүлсэн нь түүнд холбогдох хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй болно. Учир нь шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тодорхойлохгүй, харин түүний гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга, хэрэгсэл, үйлдлийн идэвх, шинж чанар, үйлдлээ хэрэгжүүлсэн газар орон зай, бусад нөхцөл байдлыг бодитой үнэлэх ёстойгоос гадна гэмт этгээдийн үйлдлийн арга хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн арга, хэрэгсэл зэргээс хамааран хүний биеийн аль нэг хэсэгт ноцтойгоор халдсан тохиолдолд хүний амь эрсдэх үндэслэлтэй тул хүний биеийн эд эрхтнийг амин ба амин бус гэж ялган зааглаж гэмт хэргийг зүйлчлэх үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар /1х, х-42, 49, 52, 62, 163/ шүүгдэгч, амь хохирогч 2 эцэг, хүү бөгөөд 1 гэрт хамт амьдардаг байх ба шүүгдэгч нь өөрийн эцгийнхээ эсрэг ноцтой хүч хэрэглэсэн, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримтгүй тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба амь хохирогч өмнө нь шүүгдэгчийн үеэл дүүг загнасан эсэх асуудал нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд гэр бүлийн гишүүн, 21 дүгээр зүйлд эцэг, эх, хүүхдийн эрх, үүргийн талаар, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Насанд хүрээгүй гэрч Ц.У...3 настай А хүүхэлдэйн кино үзнэ гээд би болохоор өөр сувагаар өөр хүүхэлдэй үзэх гээд байсан. Гэтэл Анарт хүүхэлдэй үзүүлэх гээд талийгаач ах удирдлагаа өгч бай гээд надаас булааж авсан. Би тэгэхэд нь өөдөөс нь хэрэлдсэн. Юу гэж хэрэлдсэнээ одоо санахгүй байна. Би хашгирсан. Тэгээд би гарч явсан гэсэн /1х, х-59-60/ байтал хохирогчийн төлөөлөгч нь бага бус хэмжээгээр согтуурсан байхдаа бодит байдлыг буруугаар төсөөлөн таамаглаж (У гээд манай дүүгийн хүүхэдтэй зурагтын удирдлага булаацалдсан юм шиг байна лээ. Тэр үед нь манай нөхөр цохиод авсан юм шиг байна лээ /1х, х-41-42/) Х руу хандаж “аав чинь Уг цохиж зодоод байна” гэж хэлсэн нь, мөн шүүгдэгч нь бодит байдлыг нягтлалгүй буруугаар төсөөлж хүлээн авсан, согтуурсан байсан нь /1х, 51-53, 165-166, 130/ тус тус тухайн гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.  

Дээр дурдсан нотлох баримтын эх сурвалж, үндэслэлийн хүрээнд дүгнэхэд  шүүгдэгч нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн тухай шүүгдэгч нарын өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.      

Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ходоодоо тайруулсан болон бусад хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-д заасныг журамлан хорих ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй хэмжээний ял оногдуулж өгөхийг санал болгосон боловч   шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.5-т заасан үндэслэл, журам үйлчлэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Тус хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн фудволк, хүрэн өнгийн ботинк, хар биеийн тамирын өмд, саарал эрээн турсик, саарал хос оймс, саарал эрээн дотуур өмд зэргийг буцаан олгож,  

            - хар өмдний тасархай, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 2 хэсэг, 180 см урттай уяа, цус мэт зүйлээр бохирлогдсон шалны алчуур, боолтонд хэрэглэж байсан 4 хэсэг даавуу, уяа, ерөөл архины шил 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн иштэй хайч 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны /1х, хх-152/ өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон 278 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.   

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Б.Х-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Шүүгдэгч Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 12 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Хын эдлэх 12 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х-ын цагдан хоригдсон 278 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

            5. Хохирогч хохирол нэхэмжлээгүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх хар иштэй 1 ширхэг хутгыг устгаж, амь хохирогчийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн фудволк, хүрэн өнгийн ботинк, хар биеийн тамирын өмд, саарал эрээн турсик, саарал 1 хос оймс, саарал эрээн дотуур өмд зэргийг хохирогчийн төлөөлөгчид буцаан олгож, хар өмдний тасархай, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 2 хэсэг, 180 см урттай уяа, цус мэт зүйлээр бохирлогдсон шалны алчуур, боолтонд хэрэглэж байсан 4 хэсэг даавуу, уяа, ерөөл архины шил 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн иштэй хайч 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгасугай.    

 

            7. Шүүгдэгч Б.Хыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.     

 

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.     

 

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.