Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01501

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01501

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00829 дугаар шийдвэртэй, Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй, Хаан банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, М.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Шинэбаярын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Хаан банк ХХК-ийн Тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаалаар ажлаас халагдсан болно. Хаан банк ХХК-д 14 жил ажиллахдаа жил бүрийн авсан зорилт, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, тус газрын үйл ажиллагааг Монгол Улсын хууль, тогтоомж, Банкны дотоод дүрэм, журмын хүрээнд зөв зохистой удирдан зохион байгуулж, банкны хугацаа хэтэрсэн, муу актив барагдуулах ажлыг сайжруулж, хөгжүүлсээр ирсэн нь тухайн жил бүрийн газрын зорилт, төлөвлөгөө, тайлан тэдгээрийн биелэлтийн тоо баримтаар нотлогдоно. Гэтэл Хаан банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүний хүсэлтийн дагуу Дотоод аудитын газрын Тусгай активын газрын үйл ажиллагаанд ээлжит бус хэсэгчилсэн аудитын шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хийж, тайлан гаргасан бөгөөд уг тайланд намайг банкны дотоод дүрэм, журмыг ноцтой зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр буруутгасан. Ажлаас халах тушаалд заасан үндэслэлийг бодит байдалд нийцэхгүй буруу ташаа үндэслэл гэж үзэж байна. Жил бүр аудитын ээлжит шалгалтыг хийдэг бөгөөд 2017 оны ээлжит аудитын шалгалт 04 дүгээр сард хийгдсэн атал яагаад ээлжит бус шалгалт хийх болсон, улмаар зохих ёсоор хийгдсэн ажлыг хулгай, луйвар мэт харагдуулах, хүч оруулсан, баримтгүй зүйлээр ишлэл хийж байгаа нь тус банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханы ёс зүйгүй шаардлагатай холбоотой юм.

ТАГ-ын захирал, байцаагч нар 2004 оноос буюу байгуулагдсан үеэс журмын дагуу урамшуулал авч байсан. Ийнхүү чанаргүй зээл, хүү бусад өр авлага, тэнцлийн гадуурх муу активыг төлүүлэх, банкны зээлийн эрсдлийг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн явцад эрсдэл үүссэн зээлүүдийг төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргээ биелүүлэхдээ ТАГ-ын үйл ажиллагааны журам, /2015 он/, ТАГ-ын захирал, зээлийн байцаагчид урамшуулал тооцох, олгох журам, /2015 он/ болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж урамшуулал авсан болно. Тусгай активын газрыг Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх арилжааны банкууд ажиллуулдаг бөгөөд тэдгээрийн ажиллах, урамшуулал авах журам нь нийтлэг нэг үндэслэлээр зохицуулагддаг болохыг дурдах нь зүйтэй. Иймд Хаан банк ХХК-ийн Тусгай активын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд үндсэн цалин болох 2 850 000 төгрөгөөр тооцон гаргуулах, Хаан банк ХХК-ийн ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, Хаан банк ХХК-ийн ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг тус тус хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХААН банк ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.Шинэбаяр нь Хаан банк ХХК-ийн Тусгай активын газарт захирлын ажлын байранд ажиллаж байсан бөгөөд тэрээр Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Иймд байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 тоот тушаалаар цуцалсан. Э.Шинэбаярын гаргасан зөрчлийг Хаан банк ХХК-ийн Дотоод аудитын шалгалтаар тогтоосон бөгөөд энэхүү зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм. Хаан банк ХХК-ийн ТАГ-ыг Э.Шинэбаяр нь удирдан ажиллаж байх үед ТАГ нь Хаан банк ХХК-ийн Аудитын газрын удаа дараагийн шалгалтаар үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай буюу С үнэлгээ авсан. ТАГ-ын үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж дүгнэсээр байхад тус газрын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт сайжрахгүй байгаа буюу ТАГ-ын бүртгэлд байх зээлийн үлдэгдлийн дүнгээр 104 тэрбум төгрөг, зээлийн хүүг оруулан тооцоход 153 гаруй тэрбум төгрөгийн муу зээлд ажиллагаа хийгдэхгүй байгаа тул Хаан банк ХХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан нь ТАГ-ын захирал Э.Шинэбаяр, Хууль эрх зүйн газрын захирал Э.Хосбаяр нараас тайлбар авч, улмаар ТАГ-ын хариуцаж буй зээлийг төлүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсан тул ТАГ-ын үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавьж шалгуулсан. 

Хаан банк ХХК нь ажилтандаа зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл олгодог. Энэхүү зээлийн хөнгөлөлтийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд эдлэх эрхтэй байдаг. Хэрэв хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд тухайн үед мөрдөгдөж байгаа харилцагчийн зээлийн хүүд үл маргах журмаар шилжихээр зохицуулагдсан байдаг. Э.Шинэбаяр нь энэхүү зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан ба ажиллаж байх хугацаандаа хөнгөлөлтийг эдэлж байсан. Иймд Э.Шинэбаярт зээлийн гэрээгээр олгосон зээлийн хүүг хэвээр хадгалах үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй, Хаан банк ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан Э.Шинэбаярын нэхэмжлэлтэй, Хаан банк ХХК-д холбогдох, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ30/14 дүгээр Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, ЗГ31/14 дүгээр Ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/201642640594 дүгээр Барьцаат зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Шинэбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Шинэбаяр, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын давж заалдах гомдолд: Шүүх ажлаас халах тушаалд дурдсан зөрчлүүдийн 4 дэх зөрчлийг шийдвэртээ тусгаагүй нь энэхүү зөрчил нотлогдоогүйг харуулахаас гадна нотлогдсон гэж үзээгүй. Иймд хэвийн төлөгдөж байгаа зээлийг хаагдахад уг зээлийг төлүүлсэн гэж тайлагнаж үндэслэлгүйгээр өөрөө урамшуулал авсан, гэснийг шүүх ноцтой зөрчилд тооцоогүй байна. Мөн зөрчил нь хөдөлмөрийн гэрээний ямар ноцтой зөрчилд хамаарах, ямар зөрчил нь нотлогдож байгаа, ямар зөрчлийг аудитын дүгнэлтээр ноцтойд тооцож дүгнэлт гаргасныг анхаараагүй. Түүнчлэн 6, 7-д заасан зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.18, 5.7.21-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байхаас гадна бусад зөрчлүүд нь Хаан банк ХХК-ийн Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайлангаар шалгасан зөрчилтэй тохирохгүй байна. Ажил олгогч Хаан банкны Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайланд үндэслээгүй тохиолдолд тусгайлан зөрчлийг шалгаж, зөрчил гаргагчаас тайлбар авах ёстой. Гэтэл ажил олгогчийн ажлаас халсан тушаалд аудитын дүгнэлтээр ноцтой зөрчилд хамруулаагүй. Энэ тохиолдолд ажил олгогч аудитын дүгнэлтэд дурдаагүй үйлдлүүдийг ноцтой зөрчилд тооцон ажлаас халах нөхцөлд тусгайлан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад үндэслэж ажлаас халах боломжтой. Ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэхэд шүүх анхаарах учиртай. Ажил олгогч Хаан банкны Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайланд үндэслэн ТАГ-ын захирал Э.Шинэбаярыг ажлаас чөлөөлсөн бөгөөд дээрх үндэслэл болгосон Дотоод аудитын газрын тайлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байхад шүүх илт зөрүүтэй дүгнэлт гаргажээ. "Хаан банк ХХК-ийн Дотоод аудитын газар Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайланг гаргахдаа дотоод аудитын дүрэм баримтлалгүйгээр дотоод аудитын газар хүсэлт гаргах эрх хэмжээгүй этгээдийн өгсөн чиглэлээр хэсэгчилсэн, захиалгат аудит хийсэн нь Хаан банк-ийн дүрэм болон дотоод аудитын дүрэмд нийцээгүй байна.

Мөн энэхүү аудитын тайланг гаргахдаа аудитын баримт хамрагдах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх байдлаар тодорхойлсон боловч ДАГ-аас ТАГ-ын үйл ажиллагаанд хийсэн сүүлийн 5 удаагийн /жилийн/ аудитаар С үнэлгээтэй байсан гэж хамруулсан, Сүүлийн 4 жилийн ТАГ-ын балансаас зээл төлүүлсэн мэдээлэл /хүснэгт №2/, 2014 оноос хойш ТАГ-ын ажилтнуудын авсан урамшуулал, Нийгмийн даатгалын шимтгэл, Арованна ХХК-ийн Төрийн банк ХХК-аас авсан 1.9 тэрбум төгрөгийн зээл нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хэвийн төлөлттэй байна гэх мэтээр хугацааны хувьд жишээ нь сүүлийн 5 жилийг хамруулж, бусад банкинд байгаа зээлийн төлөлтийг аудитын баримт хамрах хугацаанаас хэтрүүлж цуглуулж хэт субьектив байдлаар хандсан байгаа нь аудитын дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй бөгөөд шүүх нь үндэслэлгүй дүгнэлт гаргажээ.

Гэтэл Дотоод аудитын дүгнэлтийн муу активыг төлүүлсэнтэй холбоотой урамшуулал, зардлын хяналт хэсэгт зааснаас харахад дүрэм, журмын боловсронгуй биш байгаад Э.Шинэбаяр буруугүй бөгөөд нэгэнт Тусгай активын газар ажилласан нь нотлогдоод эрх бүхий этгээдүүд журамд заасны дагуу урамшуулал олгосон асуудлыг нотлох шаардлагагүй байхаас гадна журам боловсронгуй биш байгааг нэхэмжлэгч нотлох шаардлагагүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э.Шинэбаярын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээх нэхэмжлэлийг хариуцагч Хаан банк ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Хаан банк ХХК-ийн Тусгай активын газрын захирлаар ажиллаж байгаад тус компанийн Хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/3940 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан байна.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 83 дугаар зүйлийн 83.8, Хаан банк ХХК-ийн дүрмийн 5.1, 5.2, Хаан банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5 дугаар тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг тус тус үндэслэсэн байна. Тэрээр нэхэмжлэгч Э.Шинэбаярыг ажлын байрны давуу байдлаа ашиглан Тусгай активын газраас төлүүлээгүй, барагдуулаагүй зээлийг муу актив төлөгдөлтийн тайланд тусгаж, бодит бус тайлан гаргасан, удирдлагыг бодит бус мэдээллээр хангасан, Тусгай активын газрын захирал, байцаагчид урамшуулал тооцох, олгох журмыг зөрчиж, үндэслэлгүйгээр өөрөө урамшуулал авсан, удирдлага дахь зээлийн байцаагч нарыг илүү урамшуулал авахад хяналт тавьж, ажилтнуудыг оновчтой удирдлагаар хангаагүй, Тусгай активын газрын баланс дахь зээлүүдийг төлүүлэхээр хангалттай ажиллаагүй гэж үзсэн байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэргийн 9-17 дугаар талд Хаан банк ХХК-ийн Тусгай активын газрын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн аудитын тайлан авагдсан байх бөгөөд уг тайланд 2017 онд Тэдмэнт ХХК, Дөл түшиг ХХК, Арованна ХХК-аас төлөгдсөн нийт 7 738 017 606 төгрөгийг Тусгай активын газраас төлүүлснээр зээлийн тайланд тусгаж, зээлийн байцаагч нарт 61 938 864 төгрөгийн, өөртөө 38 690 089 төгрөгийн урамшуулал авч, бодит бус тайлан гаргасан, гүйцэтгэх удирдлагыг бодит бус мэдээллээр хангасан, ажлын гүйцэтгэлийг бодит бусаар үнэлүүлсэн, банкнаас үндэслэлгүйгээр урамшуулал авсан, зээлийн байцаагч нарыг урамшуулал авахад нь хяналт тавиагүй, ажилтнуудыг оновчтой удирдлагаар хангаж чадаагүй, баланс дахь зээлийг хангалттай төлүүлээгүй зэрэг зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүдийг хариуцагч нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.18, 5.7.21-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гэж үзснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү ажилласнаар хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс буюу түүний бүрдэл хэсэг болох урамшуулал авах эрх үүснэ.

 

Хариуцагч нь Тэдмэнт ХХК, Дөл түшиг ХХК-аас төлөгдөх зээл хөрөнгө оруулалтаар, Арованна ХХК-аас төлөгдөх зээл Төрийн банкны зээлээр төлөгдсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, тэрээр хариуцагчийн тайлбарыг няцаасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлээгүй байна.

 

Тусгай активын газрын үйл ажиллагаанд ХААН банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хүсэлтийн дагуу аудит хийгдсэн байх ба энэ нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1, 84.4.3, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7, Хаан банк ХХК-ийн Дотоод аудитын дүрмийн 4.1.3, Хаан банк ХХК-ийн дүрмийн 6.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн Хаан банк ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ажилтны энгийн орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан өарьцаат зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээх нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

Талууд дээрх гэрээ хэрэгжих нөхцлийг тусгайлан тохиролцсон, тодруулбал зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүд шилжүүлэн тооцно гэж тохиролцсон байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч Хаан банк ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, зээлийн гэрээг хэвээр хадгалж үлдээх тухай нэхэмжлэгч Э.Шинэбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ