Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 464

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Улсын яллагч А.Мөнхзул,

Шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Н-н П-т холбогдох 1808013290508 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.П нь 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 20 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр Б-н хүзүү, нүүр, нуруун тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.П нь 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 20 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр Б.Б-н хүзүү, нүүр, нуруун тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цагийн орчим би гэрийнхээ гадаа ирээд хашаандаа машинаа байрлуулчихаад, хашааны хаалгаа хаагаад зогсож байтал 2 танихгүй эрэгтэй хүн дуудахаар нь яах гэж байгаа юм гэхэд “уулзъя” гэхээр нь би “уулзах шаардлага байхгүй” гэсэн. Хөгшин, залуухан эрэгтэй 2 байсан ба залуухан эрэгтэй нь манай хашаа руу орох гээд байхаар нь “яах гээд байгаа юм бэ” гэхэд “дүүгийнхээ гэрт оръё” гэсэн. Тэгэхээр нь би “манайх энд амьдардаг, архичин минь архиа зөв шингээ” гээд цааш түлхсэн. Тэр 2 цаашаа явж байхдаа та нарыг ална аа, муу сайн пизданууд гээд орилоод байсан. Тэгээд би хашаанаасаа гартал залуухан эрэгтэй нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр хүний хувцаснаас зуурсан. Тэгээд ноцолдож байгаад, тэр залуу миний нуруу гар руу гараараа нэлээн олон удаа цохисон. Манай гэрийнхэн гарч ирсэн. Тухайн үед миний нуруу толгой өвдөж, хүзүү улайсан байсан. Өөр гэмтэл байхгүй...гэх мэдүүлэг /хх-10-11/

- гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал аав Б гэрийн гадаа орилох чимээ гарсан. Би гартал хашааны хойно хадам ах П, манай аав Б, О, Б нар байсан. Аав Б, ах П-ыг барьчихсан зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Бямбадорж “энэ хүн намайг зодсон гэж П ах руу зааж байсан”, удалгүй 2 цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-16/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 3389 дугаартай:...Б.Б-н биед хүзүүний зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-25/

- шүүгдэгч Н.П-ын:...Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр орой хурал тараад хамт ажилладаг хэдэн хүнтэй нэг шил архи уусан. Тэндээсээ Олзвой ахын гэрт очсон. О ах манай дүүгийнд очъё гээд, дүү Н-н хашааны гадаа ирсэн. Гадаа нь зогсож байтал манай дүүгийн амьдардаг хашаа руу нэг машинтай хүн  орохоор нь би тэр хүнийг дуудсан. Хашаа руу орох гэтэл тэр залуу “чи айл андуураад байна, согтуу толгой минь” гэхэхэр нь би “тэр залуутай маргалдаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон”, тэр залуу намайг заамдсан. Тэгэхээр нь тэр залуугийн бие рүү хэд хэдэн удаа цохисон. Нилээн удаан ноцолдсон...гэх мэдүүлэг /хх-58-59/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.П-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй /хх-64, 66/ гэжээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Н.П нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Н.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.П-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.П нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.