Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/00849

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/00849

 

 

 

 

Д.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 101/ШШ2018/00285 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Золзаяад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46 440 413 төгрөг гаргуулах үндсэн, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь хариуцагч Ц.Золзаяатай найз нөхдийн холбоотой их, бага хэмжээгээр удаа дараа мөнгө зээлдэн авч, буцаан өгдөг байсан. Ц.Золзаяа нь 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22 100 ам.долларыг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 6 сарын хугацаатай, cap бүр 3.8 хувийн хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн төлөхөөр тохирсон. Ц.Золзаяа зээлийн хүүд нийт 19 000 000 төгрөг өгснийг тухайн үеийн ам.долларын ханш 2 475 төгрөг орчим байсныг 2 000 төгрөгөөр бодож 9 500 ам.доллар буцаан авсанд тооцсон.

Энэ мөнгөнөөс өөр мөнгө буцааж өгөхгүй удсан. Түүнээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мөнгөө нэхсэн. Ингээд бид тооцоо нийлэхэд үндсэн зээл 22 100 ам.доллар, 6 сарын хүү 5 034 ам.доллар, нийт 27 134 ам.доллар болох байснаас хүүд өгсөн 9 500 ам.долларыг хасч 17 634 ам.долларын үлдэгдэлтэй. Үүн дээр алданги болох 8 817 ам.долларыг нийлүүлэн нэмж тооцвол нийт 26 451 ам.доллар төлөх байснаас алдангийг хасч 17 634 ам.доллар авахаар болж 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ" байгуулсан. Энэхүү гэрээгээр уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусгах, зээлийн хүүд cap бүр 200 000 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон юм. Гэтэл Ц.Золзаяа үүнээс хойш зөвхөн хүүд 200 000 төгрөг төлөөд бусад мөнгийг өгөөгүй хугацаа хэтрүүлсэн. Удаа дараа шаардуулсны эцэст 2017 оны 06 дугаар сарын 13-нд 12 000 000 төгрөг өгснийг тухайн үеийн Монгол банкны ханш 1 ам.долларыг 2 375 төгрөгөөр тооцоход 5 052 ам.доллар болсон. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 12 582 ам.доллар, 2017 оны 05 дугаар capын 30-ны өдрөөс хойшхи хугацааны алданги болох 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.долларыг Монгол банкны 2017 оны 10 дугаар capын 10-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 2 460.68 төгрөгөөр тооцож нийт 46 440 413.64 төгрөгийг Ц.Золзаяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Ц.Золзаяа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 22 100 ам.долларыг Д.Нарангэрэлээс хүлээж аваагүй бөгөөд үүнийг хүлээн авсан гэх үйл баримт тогтоогддоггүй.

Ц.Золзаяа нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Нарангэрэлээс 7 000 ам.долларыг 1 сарын хугацаатай зээлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 ам.долларын хүү болох 352 ам.долларыг төлж, 7 000 ам.доллар дээр нэмж, 10 000 ам.долларыг зээлж авсан бөгөөд нийт 17.000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй зээлж авсан болно. Ингээд зээлдүүлэгч Д.Нарангэрэл 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Золзаяаг дуудаж уулзаад, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй, энэ хугацаанд чи надад зээлийн хүү төлөх ёстой, хэрвээ чи төлнө гэвэл хоёулаа одоо, өмнөх зээлийн төлбөр тооцоог нэмж гэрээ хийе гэж хэлсэн. Үүний дагуу Д.Нарангэрэлтэй 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Энэхүү 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Ц.Золзаяа нь 22 100 ам.долларын зээл аваагүй болно. Харин Д.Нарангэрэлээс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 7 000 ам.доллар, 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 10 000 ам.доллар, нийт 17 000 ам.долларын зээлийн гэрээний төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 5 100 ам.доллар төлснөөс 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний 1 сарын зээлийн хүү болох 646 ам.доллар, үлдэгдэл 4 454 ам.доллар нь үндсэн төлбөрөөс хасагдаж, зээлийн үндсэн төлбөр /17.000-4454=12.456/ 12 546 ам.доллар, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 600 ам.доллар,  2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 250 ам.доллар тус тус төлсөн нь 12 546 ам.доллараас хасагдаж /12546-850=11.696/ зээлийн үндсэн төлбөр 11 696 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бэлэн 10 000 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн ам.долларын ханш 1 989 төгрөгөөр тооцож 5 027 ам.доллар болох бөгөөд /11.696-5027=6.669/ үлдэгдэл 6 669 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 4 900 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монгол банкны ханш 1992 ам.доллараар тооцоход 2 459 ам.доллар төлөхөд үлдэгдэл /6669-2479=4210/ үлдэгдэл 4 210 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 100 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн ам.долларын ханш 1 995 ам.доллараар тооцоход 551 ам.доллар /4210-551=3659/ үлдэгдэл 3659 ам.доллар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2 800 000 төгрөг төлсөн нь тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2 026 ам.доллараар тооцоход 1 382 ам.доллар /3659-1382=2277/ зээлийн үлдэгдэл 2 277 ам.доллар, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 12 000 000 төгрөг төлсөн, Монгол банкны ханшаар 2 372 ам.доллар байснаар тооцож үзэхэд 5 059 ам.доллар болсныг зээлийн үлдэгдэл төлбөр 2 372 ам.доллараас хасч тооцсон. Дээрх эргэн төлөлтөөс үзэхэд Ц.Золзаяа нь харин ч зээлдүүлэгч Д.Нарангэрэлд 2 687 ам.долларын илүү төлөлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Д.Нарангэрэлээс авсан 17 000 ам.долларын зээлд, зээлийн гэрээний дагуу төлөх ёстой 1 сарын хүүний төлбөрт 646 ам.доллар, харин үндсэн төлбөрт 19 782 ам.доллар, нийт 20 428 ам.долларын зээлийн төлөлт хийсэн. Гэтэл зээлдүүлэгч Д.Нарангэрэл нь 2015 оны 04 сарын 10-ны өдөр 22 100 ам.долларын зээлийн гэрээний үүрэг шаардаж хууль бусаар мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Ц.Золзаяа нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Д.Нарангэрэлээс 7 000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан байна. Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 ам.долларын хүү болох 352 ам.долларыг иргэн Д.Нарангэрэлд төлж, нэмж 10 000 ам.долларыг зээлж авсан бөгөөд нийт 17 000 ам.долларыг, 1 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй зээлж авсан.

Ингээд зээлдэгч Ц.Золзаяа нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдүүлэгч Д.Нарангэрэлд зээлийн эргэн төлөлтөд 5 100 ам.долларыг төлж барагдуулсан, талууд энэ талаар маргаагүй. Дээрх төлбөр нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тохиролцсон 17 000 ам.долларын 1 сарын хүү /3,8%/ болох 646 ам.доллар нь зээлийн хүүнд суутгагдаж, үлдэгдэл 4 454 ам.доллар нь үндсэн төлбөрөөс хасагдаж зээлийн үндсэн төлбөр /17.000-4454 ам.доллар/ нийт 12 546 ам.доллар үлдэх ёстой билээ.

Гэтэл зээлдүүлэгч Д.Нарангэрэл нь зээлдэгч Ц.Золзаяаг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуудан уулзаж 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөд нэг ч төгрөг төлөөгүй, энэ хугацаанд чи надад зээлийн хүү төлөх ёстой, хэрэв чи төлнө гэвэл хоёулаа одоо өмнөх зээлийн төлбөр тооцог нэмж, гэрээ хийе гэж хэлсний дагуу Д.Нарангэрэлтэй 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийсэн байна. Энэхүү талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь бодитой биш, зээлийн гэрээний гол нөхцөл болох 22 100 ам.долларыг Ц.Золзаяад зээлдүүлэх, гэх гэрээний гол нөхцөл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй. Ц.Золзаяа нь зээлдүүлэгч Д.Нарангэрэлээс 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 21 000 ам.долларын зээл аваагүй юм.

Харин зээлдүүлэгч Д.Нарангэрэл, зээлдэгч Ц.Золзаяа нарын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хийгдсэн 17.000 ам.долларын зээлийн гэрээний нөхцөлийг шинэчлэн хийсэн гэх боловч 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 000 ам.долларын зээлийн гэрээ нь зөвхөн 1 сарын 3.8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ юм. Гэтэл зээлдүүлэгч уг гэрээний дагуу зээлдэгчээс төлсөн 5 100 ам.долларыг бүхэлдээ зээлийн гэрээний хүүд суутгаж, 17 000 ам.долларын зээлийг 22 100 ам.доллар болгон өсгөж, зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 281.1, 282.3 дах заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд зээлдэгч Ц.Золзаяа, зээлдүүлэгч Д.Нарангэрэл нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчиж хийгдсэн ... хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт: Зээлдэгч Ц.Золзаяагийн мөнгө зээлэх хүсэлтийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр уулзаж сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож 22 100 ам.долларын зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаатайгаар сарын 3.8 хувийн хүүтэй, хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр биеэр байлцаж нотариатаар баталгаажуулан хуулийн шаардлага хангасан хэлцлийг хийж гарын үсэг зурсан болно. Мөн зээлийн төлбөрийг хугацаанд нь биелүүлээгүй учир 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлэх мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан бөгөөд хэрэгт нотлох баримтаар оруулсан болно. Хариуцагч Ц.Золзаяа нь удаа дараа янз бүрийн дүнтэй зээл авч байснаа хольж хутган нийлүүлж сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Иймд хариуцагч Ц.Золзаяагийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Золзаяагаас үндсэн зээлийн үлдэгдэл 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Нарангэрэл болон Ц.Золзаяа нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч Д.Нарангэрэлээс 366 400 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Золзаяад олгож, нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390 153 төгрөг, хариуцагч Ц.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366 400 төгрөгийг тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь урд зээлдэн авсан зээлийн гэрээг болон түүний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрүүдийг шинээр зээлдэн авсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй авсан зээлтэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй. Талууд сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан. Мөн цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч рүү зурвас бичсэн байдаг. Иймд тухайн өдөр хариуцагч нь төлбөрийг буцаан төлөхөд төлбөр тооцооны маргаангүй байсныг илтгэж байна. Хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарт дурдсан 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой баримт байхгүй. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 22 100 ам.долларыг зээлсэн өдөр нь нэхэмжлэгчийн нөхөр Б.Доржсэмбийн төрсөн өдөр байсан бөгөөд дээрх үйл баримтыг нотлох гэрчүүдийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь хариуцагч Ц.Золзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 582 ам.доллар, алданги 6 291 ам.доллар, нийт 18 873 ам.доллар буюу 46 440 413.64 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хэрэгт 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларыг 6 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээ авагдсан, хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 19 000 000 төгрөг буюу 9 500 ам.доллар, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 11 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх 37-40/

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 22 100 ам.долларыг хүлээн аваагүй, өмнө нь авсан зээлийн үлдэгдлийг тооцоолон гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ. Тэрээр 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 100 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгчид мөнгөн төлбөр төлж байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд өмнө нь талууд зээлийн гэрээний харилцаатай байсан нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагч нь уг гэрээг өмнөх зээлийн үлдэгдлийн үндсэн дээр байгуулсан гэх тайлбараа эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

Зохигчид 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцож, хариуцагч нь 17 634 ам.долларыг 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор төлөх, энэ хугацаанд сарын 200 000 төгрөгийн хүү төлөхөөр тохиролцон тооцоо нийлж, мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх, хугацаа, хариуцлагын талаар тохиролцон гэрээ байгуулжээ. Хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн тооцооллыг нэхэмжлэгчтэй нийлж байсан болох нь түүний фэйсбүүк, мессенжэр хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 88-89/

 

Хариуцагч нь дээрх гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн монгол банкнаас зарласан ам.доллартай харьцах ханш 2 375 төгрөгт шилжүүлэн 5 052 ам.долларт тооцож, үндсэн зээл 17 634 ам.доллараас хасч үлдэх 12 582 ам.долларын үүргийг хариуцагчаас шаардсаныг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тооцоо нийлэх, мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 6 291 ам.доллар шаардах эрхтэй боловч талууд зээлийн гэрээг ам.доллараар байгуулсан, зээлийн хүү өндөр зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан алдангийн хэмжээг багасгах боломжтой байх тул хуулиар тогтоосон дээд хэмжээний 50 хувиар алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч Ц.Золзаяагийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн үүрэг 12 582 ам.доллар, алданги 3 145 ам.доллар, нийт 15 727 ам.долларын төлбөрийн үүргийг Монгол банкны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ам.долларын ханшаар төгрөгт шилжүүлэн хариуцагчаас 38 683 500 төгрөг гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Талуудын хооронд байгулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/00285 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Золзаяагаас 38 683 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 756 913 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

2    дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Нарангэрэл, Ц.Золзаяа нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 10 өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж

3    дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Нарангэрэлийн төлсөн 390 153 төгрөг, хариуцагч Ц.Золзаяагийн төлсөн 366 400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Золзаяагаас 351 367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нарангэрэлд олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ