Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 465

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Б.Мөнгөншагай,

            хохирогч С.Ц Н.Г,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М Б-д холбогдох 1703000010117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 05 цаг 20 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Партизанаас Батсүмбэр явах замд М.Пажеро маркийн 73-79 улсын дугаартай автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин согтуугаар жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчин замын хажуу руу онхолдож зорчигч С.Ц Н.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

- 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/  

- хохирогч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний орой 19 цаг болж байхад гэрээсээ эхнэр Н.Г найз М.Б нарын хамтаар Улаанбаатар хот руу Ө гээд 10-н жилийн нэг ангийн найзындаа ирээд найранд орцгоосон. Тэгээд тэндээ орой 21 цагийн үед ирээд эргээд 02 цаг өнгөрч байхад манай найз М.Б машин жолоодоод би машины жолоочийн хажуу талд суугаад манай эхнэр машины хойд талд суугаад явсан. Ингээд явж байгаад онхолдсон байсан. Би найранд нилээд уусан байсан ба машинд дөнгөж ороод унтаад өгсөн. Осол хэрэг яагаад хэзээ гарсан тухай сайн мэдэхгүй байна. Би нилээд согтуу байсан. Хамрын яс хугарсан байсныг янзлуулсан тархинд цус хурсан байсан. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Бид нар М.Б-г машин жолоодож яваа уулгаад хэрэггүй гээд айраг л ууж байсан. Эхнэр бид 2 эмнэлэгт байсан учраас яг хэдэн төгрөг гарсныг бол сайн мэдэхгүй байна. М.Б-гийн талаас тусламж үзүүлсэн гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдол санал алга...гэх мэдүүлэг /хх-14-15/,

- хохирогч Н.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 8  дугаар сарын 31-ний орой 18 цаг өнгөрч байхад би гэрээсээ нөхөр С.Ц найз М.Б нарын хамт Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Тахилтад байдаг нэг ангийн найз Ө очсон. Тэднийх буюу Ө-н хурим болоод шөнө 02 цаг өнгөртөл сууцгаасан. Маргааш өглөө бид нар ажилтай байсан тул шөнө 02 цаг өнгөрч байхад сум руугаа гарсан. М.Бг архи уулгаагүй ба Улаанбаатар хотоос гараад Тахилтаар даваад 61-н гарам руу давдаг хэсгээр засмал замд нийлээд явж байгаад би нэг хэсэг унтчихсан байсан. Тэгээд нэг сэртэл машин онхолдож байгаа мэдрэгдээд бие өвдөөд би машинаас буугаад зогсож байсан. Энэ үед манай нөхөр газарт хажуу тийшээ хараад хэвтчихсэн байсан. Ингээд би утсаа хартал ашгүй цэнэгтэй байсан учраас ах руугаа яриад Улаанбаатар хот руу машинд суугаад гэмтэл дээр ирсэн. Тэгээд шууд эмнэлэгт хэвтсэн. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Би хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Миний элэг 70% бяцралтай, 2 хавирга зөрүүгүй хугаралтай, нурууны яс зөрүүтэй хугаралтай, тархиндаа цус хуралттай, хүзүүний яс зөрүүгүй хугаралтай, уушиг бяцралтай гэсэн. Биед хүнд гэмтэл учирсан гэсэн. Бид гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Бид нар багаасаа нэг ангид 10 дугаар анги төгстөлөө хамт байсан. Илүү дутуу зан байхгүй ер нь сайн залуу. Одоогоор нарийн тооцоогүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-26-28/,

- шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №11208 дугаартай шинжээчийн:...Н.Ганцэцэгийн биед элэгний баруун дэлбэнгийн 5, 6, 7, 8-р сегментийн язрал, урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт /1л, 200мл/, баруун талын 10-р хавирга, зүүн талын 12-р хавирганы хугарал, баруун уушигны доод дэлбэн, зүүн уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийд цус хуралдалт, хүзүүний 7-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн суурь хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-54/,

- шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №11209 дугаартай шинжээчийн:...С.Ц биед дух ясны хугарал, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, хамрын нуруу, баруун, зүүн хацар, уруулд зулгаралт, зүүн нүдний зовхинд шарх, баруун нүдний алим, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээр гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-56/,

- 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн:...М.Пажеро маркийн 73-79 улсын дугаартай автомашины жолооч М. Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а дахь “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна... гэх магадлагаа /хх-59/

- шүүгдэгч М.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би найз С.Ц Н.Г нар Улаанбаатар хотруу хамт явчихаад ирье гээд байхаар нь өөрийнхөө нэр дээр байдаг М.Пажеро маркийн 73-79 дугаартай автомашиныг жолоодоод Төв аймгийн Батсүмбэр сумаас гараад Тахилтаар давж орж ирсэн. Тэгээд найз Ө-н хуриман дээр сууж байгаад эргээд 02 цаг нилээд өнгөрч байхад гараад эргээд Батсүмбэр сум руугаа гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа мөн Тахилтаар эргэж даваад нэг хэсэг явж байгаад замын хажуу руу онхолдсон. Осол хэрэг гарсан газрыг би өөрөө заасан. Би найран дээр сууж байхдаа нэг аяга айраг уусан байсан. Ухаан санаа бол зүгээр байсан. Би нэг их согтуу байгаагүй. Дансаар 900.000 төгрөг, бэлнээр 500.000 төгрөг гаргаж өгөөд байгаа. Согтуугаар машин жолоодож болохгүй гэдгийг би мэднэ. Би өөрийгөө гайгүй байх гэж бодоод машин жолоодсон юм. Гаргасан алдаагаа үнэхээр ухамсарлаж байна. Гайгүй гэж бодож болохгүй юм байна. Шүүх эмнэлгийн болон мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна...Нөгөө талаас одоо ямар нэг санал хүсэлт байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-67-68/

            - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ...М.Пажеро маркийн 73-79 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан М овогтой Б-г драйгер багаж ашиглан шалгахад 0,27% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэх тэмдэглэл /хх-9/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч М.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний шөнө 05 цаг 20 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, партизанаас Батсүмбэр явах замд М.Пажеро маркийн 73-79 улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн, 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчин замын хажуу руу онхолдож зорчигч С.Ц Н.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-...М.Пажеро маркийн 73-79 улсын дугаартай автомашины жолооч М-н Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а дахь “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна... гэх магадлагаа /хх-59/

- 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа... М овогтой Б драйгер багаж ашиглан шалгахад 0.27% тоон үзүүлэлт илэрсэн.../хх-9/,  

- Н.Г, С.Ц нарын бие махбодид тус бүр хүнд гэмтлүүд учир тухай шинжээчийн дүгнэлт /х-54, 56/,

- хохирогч С.Ц:...тухайн үед осол хэрэг яагаад хэзээ гарсан тухай сайн мэдэхгүй. Би нилээд согтуу байсан. Хамрын яс хугарсан, тархинд цус хурсан байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/,  

- хохирогч Н.Г:...нэг сэртэл машин онхолдож байгаа мэдрэгдээд бие өвдөөд би машинаас буугаад зогсож байсан. Миний элэг 70% бяцралтай, 2 хавирга зөрүүгүй хугаралтай, нурууны яс зөрүүтэй хугаралтай, тархиндаа цус хуралттай, хүзүүний яс зөрүүгүй хугаралтай, уушиг бяцралтай гэсэн...гэх мэдүүлэг /хх-26-28/,  

- шүүгдэгч М.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би найз С.Ц Н.Г нар Улаанбаатар хот руу хамт явсан. Найз Ө хуриманд сууж байгаад эргээд 02 цаг нилээд өнгөрч байхад гарсан. Тахилтаар эргэж даваад нэг хэсэг явж байгаад замын хажуу руу онхолдсон. Би нэг их согтуу байгаагүй. Би өөрийгөө гайгүй байх гэж бодоод машин жолоодсон Гаргасан алдаагаа үнэхээр ухамсарлаж байна...эх мэдүүлэг /хх-67-68/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч М.Б-г согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас С.Ц Н.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч М.Б нь хохирогч нарт нийт 3.000.000 төгрөг /хх-80-82ар талд, шүүхийн хэлэлцүүлэгт/ төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, гэхдээ хохирогч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.    

 Шүүгдэгч М.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 700885 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.   

Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 132 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:         

 

            1. Шүүгдэгч М.Б-г согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас С.Ц Н.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч М.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

5. Шүүгдэгч М.Б нь 132 хоног цагдан хоригдсон, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нар нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

             6. Шүүгдэгч М.Б-гийн 700885 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

             7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

             8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.