| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2503 00000 0165 |
| Дугаар | 2025/ДШМ/1099 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1099
2025 09 11 2025/ДШМ/1099
Ц.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Т.Мөнхбадрах,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1791 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503 00000 0165 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ц-ийн Г-, .........., /РД: ......../,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар 23-ны өдрийн 855 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ц.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 37 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны замд, “Тоёота приус” загварын **** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тэс ШТС-д түгээгч ажилтай, түгээгүүрийн хажууд цас шүүрдэж явсан явган зорчигч Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ц.Г-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Г-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Г-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-оос 11,880,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г- нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б- гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Ц.Г- нь 2503000000165 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдон тээврийн цагдаагийн албанд шалгагдаад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ганцхан намайг гэм буруутайд тооцож ялласныг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:
1. Ослын бодит байдал: Ц.Г- миний бие 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 13 цаг 35 минутын орчимд ... тээврийн хэрэгслээ жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад бензин авах зорилгоор ямар ч хориглосон замын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учир “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС руу тээврийн хэрэгслийнхээ хурдаа хасаж зүүн эргэх үйлдэл хийхэд тээврийн хэрэгсэл эргэсэн чиглэлдээ явалгүй тээврийн хэрэгслийн төвөөс зугтах хүчний нөлөөгөөр тэнцүү үйлчлэгч хүчнийхээ чиглэлд гулгаж инерцээрээ явахад нь миний бие тээврийн хэрэгслийнхээ чиглэлийг өөрчлөх болон зогсоох арга хэмжээ авсан боловч чиглэл өөрчлөгдөлгүй, зогсолгүй тэр чигтээ гулгаж тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүйгээр замын бордюр давж ороод уг ШТС-д ажлын байран дээрээ үүрэгт ажлаа хийж байсан ажилтан Б.Б-г мөргөж осолд орсон. Энэ осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.20 заалтуудтай бүрэн нийцдэг. Үүнийг анхан шатны шүүх судалж, мэтгэлцэж өгөөгүйд гомдолтой байна.
2. Ослын шалтгаан нөхцөл: Уг осол гарсан шалтгаан нь Ц.Г- миний бие тухайн үед тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад зүүн гар тийш эргэсэн үйлдэл байсан. Энэ үйлдэл нь эрх зүйн гурван үндсэн шалтгаантай.
- 3амын голын давхар цагаан шугам цас мөсөн хучлагад дарагдаад харагдахгүй, давхар цагаан шугам тасархай зураастай эсэх нь мэдэгдэхгүй болсон байсан.
- Осол болсон газар замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаардаг. Замын зэргэлдээх нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрмийг баримтлах хуулийн заалттай. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр хоёр гарцтай байж болно. Аль нэг гарцыг нь орох нөгөө гарцыг гарах зориулалттайгаар зохион байгуулсан бол гарах гарцын зорчих хэсэг дээр сөрөх
- хөдөлгөөнийг хориглон 2.1 замын тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д заасанчлан МNS4596 стандартад заасны дагуу хэрэглэх ёстой. Гэтэл байршуулсан 2.1 тэмдэг нь уг стандартын байж болох бүх заалтыг зөрчсөн байсан.
3. Уг осол гарсан ШТС Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 зүйлийн /а/ заалтыг зөрчсөн байсан. Эдгээр гурван хууль бус зүйлс Ц.Г- миний биеийг тухайн үед тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад зүүн гар тийш эргэж болохгүй гэдэг мэдээллийг надад өгөх ёстой байсан ч гурвуулаа хууль зөрчсөн байсан нь уг мэдээллээ надад өгөөгүй учраас осол гарсан. Эдгээр гурван хууль бус зүйлийн ядаж аль нэг нь хууль ёсны байсан бол надад зүүн эргэх сэдэл төрөхгүй уг осол гарахгүй байсан. Анхан шатны шүүх хурлаар энэ гурван асуудлын зөвхөн эхнийхийг хэлэлцэж давхар цагаан шугам цас мөсөн хучлагад дарагдаад харагдахгүй болсныг мэтгэлцээнээр тогтоосон ч Ц.Г- миний биеийг буруутгасанд гомдолтой байна. Миний бие Үндсэн хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.2.1-д заасанчлан Эх орноороо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан саадгүй зорчих эрхтэй шүү дээ. Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд зөвхөн замын тэмдэг тэмдэглэгээгээр зөвшөөрөгдсөн газраар тээврийн хэрэгсэл явна гэдэг заалт байхгүй харин замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээний утгыг зөрчиж болохгүй гэдэг заалтууд байдаг. Гэм бурууг шүүх үед эргэлзээ төрвөл шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэнэ гэдэггүй билүү.
4. Нотлох баримт судлуулах тухайд: Уг осол гарсан өдрөөс эхлээд л ослын бодит байдлыг тогтоох, мэргэжлийн шинжээч томилуулж уг ослыг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шалгуулах хүсэлтүүд гаргаж байсан ч мөрдөн шалгах ажил, прокурор, анхан шатны шүүхийн аль ч шатанд хүлээж аваагүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан /...нотлох баримтыг шалгуулах.../ заалтаар хамгаалагдсан миний язгуур эрхийг ноцтой зөрчсөн. Үүнд:
3.1 Замын голын давхар цагаан шугам цас мөсөн хучлагад дарагдаад харагдахгүй болж Ц.Г- миний биед зүүн эргэх хориотой гэх мэдээллийг өгөх ёстой байсан ч уг мэдээллээ өгөөгүй. Энэ нь тухайн замыг хариуцагч байгууллага Авто замын тухай хуулийн 23.3.1 дэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 заалтууд тус тус зөрчигдсөн байсан. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтуудаар тооцогдож авагдсан тухайн үеийн фото зургууд, камерын бичлэгийг одоо байгаа үеийн фото зураг, камерын бичлэгүүдтэй харьцуулах замаар тогтоож болох байсныг шалгаж өгөөгүй.
3.2 Тухайн осол болсон “Тэс Петролиум” ХХК-ийн ШТС Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.6 заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 зүйлийн /а/ заалт, ШТС-ийн байршилд тавигдах стандарт, галын аюулгүй байдлын норм, норматив, Аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн сургалт зохион байгуулах норм, норматив, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1 дэх заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 14.1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь заалт гэх мэт маш олон хууль эрх зүйн зөрчилтэй байсныг шалгаж өгөөгүй нь Үндсэн хуулиар хамгаалагдсан миний эрхийг зөрчсөн. Иймд Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ц.Г- миний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлж өгнө үү.
5. Шинээр үүсэх нөхцөл байдал: Анхан шатны шүүх хурал дээр хавтаст хэргийн 79, 80 дугаар хуудсуудад тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч М.Бямбадэмбэрэлийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон Ц.Г- миний биед мөрдөгч М.Бямбадэмбэрэлийн үзүүлж танилцуулж гарын үсэг зуруулж хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан камерын бичлэгээс шал өөр хаанаас хэн ямар зорилготой оруулж ирсэн нь тодорхойгүй, ямар засвар өөрчлөлт оруулсан нь тодорхойгүй, Ц.Г- миний бие үзэж танилцаагүй камерийн бичлэг оруулж ирж анхан шатны шүүх хуралд ашигласанд гомдолтой байна.
6. Прокурорын яллах дүгнэлт: Тээврийн прокурор Ц.Ганцэцэг нь ослыг бодит байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд хуульд заасан бүр арга хэмжээг аваагүй, нотлох баримт шалгаж өгдөггүй, яллах дүгнэлтэд техникийн алдаа удаа дараа гаргасан, яллах дүгнэлтийг гараараа засдаг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын эсрэг яллах дүгнэлт бичсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.11-т “Явган зорчигч”-ыг /...зам дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад.../ гэж тодорхой заасан байхад мушгин гуйвуулж ямар ч хуульд байхгүй үндэслэл бий болгон ажлын байран дээрээ үүрэгт ажлаа хийж байсан хохирогчоор тогтоогдсон Б.Б-г явган зорчигч болгон хууль өөрчлөөд биччихдэг зэрэг бүдүүлэг алдаа гаргасан тээврийн прокурор Ц.Ганцэцэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж миний бие үзэж байсныг анхан шатны шүүх мэтгэлцээндээ оруулаагүйд гомдолтой байна.
7. Миний бие зорчиж явсан замын арчилгааг хариуцсан байгууллага мөн “Тэс Петролиум” ХХК-ийн осол болсон ШТС зэрэг байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гарсан байхад ганцхан намайг шүүж буруутгасанд гомдолтой байна. Иймд дээрх асуудлуудыг бүхэлд нь хянаж миний биеийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Г-ийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, зөв зүйтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ц.Г-ийн хувьд хуульд зааснаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хохирлыг бүрэн төлж, түүнээс ч илүү барагдуулаад явж байгаа. Хохирогч гомдолтой байдаг гэсэн зүйл ярьж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн хохирлыг барагдуулж байгаа. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Учир нь, тус гэмт хэргийн тухайд зарим зам тээврийн осолтой адил А цэгийн маргаантай нөхцөл байдал байхгүй. Энэ гэмт хэрэг нь камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа. Мөн шүүгдэгч давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн зам нь гэр лүүгээ явдаг олон замын нэг зам нь гэж дурдсан. Жолооч бүр Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зам орчны үзэгдэлтийг харгалзан, зогсоох боломжтой тодорхой хурдыг сонгож явах ёстой. Шүүгдэгч нь тухайн замыг огт мэдэхгүй биш, гэр лүүгээ зорчдог байсан. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотойгоор хохирлыг би ганцаараа хариуцахгүй гэсэн зүйлийг дурддаг бөгөөд сүүлдээ шатахуун түгээх газарт ажлаа хийгээд цас шүүрдэж байсан явган зорчигчийн буруу мэтээр тайлбарладаг. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй талаар дурддаг. Шатахуун түгээх газар болгон анхааруулах самбараа байршуулсан, орох, гарах гарцтай байдаг. Тэгэхээр шүүгдэгч нь урсгал сөрж буюу чиглэлээ өөрчлөн үргэлжилсэн цагаан шугамыг давж, улмаар шатахуун түгээх станцын орох биш, гарах гарцаар нэвт явж хохирогчийг мөргөсөн нөхцөл байдал нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Г- нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 37 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны замд, “Тоёота приус” загварын **** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тэс ШТС-д түгээгч ажилтай, түгээгүүрийн хажууд цас шүүрдэж явсан явган зорчигч Б.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Б-гийн “...Би 12 цагийн үед талбайн гаднах цасаа цэвэрлэхээр гараад түгээгүүрийн урд талын замыг цэвэрлээд байж байхад нэг машин урсгал сөрөөд хашлага даваад орж ирээд миний зүүн хөлийг түгээгүүртэй хавсарган мөргөж унагаасан. Машиныхаа урд талаар мөргөсөн. ...” /1 хх 16/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Б-гийн биед зүүн шилбэний шаант, тахилзуурын ил хугарал, зөөлөн эдийн дутмагшил бүхий шарх, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд ... амь насанд аюултай тул ...хохирлын хүнд зэрэгт хамаарна.. ...” гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ЕГ0725/1889 дугаартай дүгнэлт /1 хх 62-63/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Б-гийн сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.. ...” гэсэн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2054 дугаартай дүгнэлт /1 хх 230-231/,
Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн “....жолооч Ц.Г- нь Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 1.4-т заасны дагуу “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалт, 1.3-т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалт, 11.5-т заасны дагуу “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан бий болсон байх үндэслэлтэй. ...” гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0000136 дугаартай магадлагаа /1 хх 85/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... Бичлэгт “Тоёота приус 20” маркийн **** УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч нь Тэс ШТС-н баруун талын замаар баруунаас зүүн чиглэлд явж Тэс ШТС-н зүг рүү урсгал сөрж зүүн эргээд бага зэрэг шарвалтын байдалтай ШТС-н хянах самбарын ертөнцийн зүгээр урд талын орчмыг цэвэрлэж байсан хохирогч Б.Б-г машины урд талаараа хянах самбартай хавсарч мөргөж байгаа харагдана. ...” гэсэн болон уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 79-80/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 4-9/, хохирогчийн хохиролтой холбоотой баримтууд болон түүний хөлийн гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 208-228/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Түүнчлэн, шүүх шүүгдэгч Ц.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж, ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ц.Г-оос “... хөдөлгөөнийг хориглон 2.1 замын тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 7.1-д заасанчлан МNS4596 стандартад заасны дагуу хэрэглэх ёстой. Гэтэл байршуулсан 2.1 тэмдэг нь уг стандартын байж болох бүх заалтыг зөрчсөн байсан. ... ШТС Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 зүйлийн /а/ заалтыг зөрчсөн... тухайн замыг хариуцагч байгууллага Авто замын тухай хуулийн 23.3.1 дэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 заалтууд тус тус зөрчсөн. ... миний бие үзэж танилцаагүй камерийн бичлэг оруулж ирж анхан шатны шүүх хуралд ашигласанд гомдолтой. ... прокурор Ц.Ганцэцэг нь ослыг бодит байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд хуульд заасан бүр арга хэмжээг аваагүй, нотлох баримт шалгаж өгдөггүй, яллах дүгнэлтэд техникийн алдаа удаа дараа гаргасан, яллах дүгнэлтийг гараараа засах зэргээр удаа дараа алдаа гаргасан. ... замын арчилгааг хариуцсан байгууллага мөн “Тэс Петролиум” ХХК-ийн осол болсон ШТС зэрэг байгууллага Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гарсан байхад ганцхан намайг шүүж буруутгасанд гомдолтой тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г-ийг “жолоодон явсан тээврийн хэрэгслээ зүүн эргэх үйлдэл хийсний улмаас тээврийн хэрэгсэлд шарвалт, гулгалт үүсэж улмаар зогсоох арга хэмжээ авсан боловч тээврийн хэрэгслийн хурдаа сонгож явж чадаагүйн улмаас зогсож чадалгүй хохирогч Б.Б-г мөргөсөн” гэж хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй зөв тогтоожээ.
Замын хөдөлгөөний Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 11.5-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэх заалтууд нь жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо заавал сахин биелүүлэхээр тогтоосон үүрэг болгосон заалт юм.
Дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоосон ба хэрэгт авагдсан баримтуудаар замын тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хэрэглээгүй, шатахуун түгээх газар болон тухайн замыг хариуцсан байгууллага дүрэм зөрчсөн гэх нотлох баримт хэрэгт алга.
Прокуророос Ц.Г-т холбогдох хэрэгт 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 197, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197А дугаартай прокурорын яллах дүгнэлтүүд тус тус үйлдсэн, уг яллах дүгнэлтүүдийг гараар засварласан, удаа дараа техникийн алдаа гаргасан гэх зөрчил байхгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1791 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР