Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 үгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох 1816001680077 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт Б-ийн З.

Шүүгдэгч Б.З-ын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Тахийн тал гэх газар иргэн Ч.Н-ийг зодож, түүшин ясны хугарал, 21, 22-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт буюу биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Зодолдох гээд тавихгүй байсан. Тэгэхээр нь явах гээд мотоцикль дээр суухад араас хүрээд ирсэн. Дуудаад байхаар нь “мотоцикль дээрээс бууж очоод яагаад байгаа юм бэ? ахын дүү” гэж асуухад би тантай юм яриагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь одоо бүгд явж амаръя гэж хэлээд явах гэтэл араас юм хэлэхээр нь би цохичихсон... Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна...”  гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Н-ийн “...Но ах намайг хоёулаа зодолдох уу гээд байхаар нь би та нар бөөнөөрөө нийлж зодох гээд байгаа юм уу гээд бага зэрэг уурлаад мотоциклийнхоо хажууд очоод хугарсан толийг нь аваад дэрс рүү шидэх гэтэл З, Но хоёр чи төмөр барьж дайрах гэж байна уу гээд З ах миний зүүн нүдний орчим цохиод авсан. Би гарыг нь барьж аваад та яаж байгаа юм гэхэд ах нь дүүгээ цохихгүй гээд гараа тавиулснаа удалгүй гэнэт хажуу талаас ам руу хүчтэй цохисон. Миний амнаас цус гараад би амаа дараад байж байтал Золжаргал би угаасаа цохино гэсэн бол цохино гэж байсан. Ч ах З чи яаж байгаа юм шүдийг цөм цохичихлоо шүү дээ гэж байсан. Тэгээд намайг Ч ах аваад Тахийн талын хуучин эмчээр ажиллаж байсан О эгч дээр очиж үзүүлэхэд наадах чинь аймар гэмтсэн байна, сум орж  үзүүл гэхээр нь би Ч ахыг та намайг сум хүргээд өг гээд мотоциклийн араар нь суугаад гэрээрээ орж хувцас давхарлаж өмсөөд шууд сумын төв рүү явсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ5-6/,

Гэрч Ж.Ч-ын “...Н мотоциклийнхоо толгойг барьчихсан зогсож байсан юм, тэгээд З-ын өмнөөс очоод тэр хоёр юм яриад зогсож байсан. Нэг мэдсэн тас гээд цохих чимээ гараад З Н-ийг цохиод авсан. Би очоод Н-ийг барьж авахад миний шүдийг цохичихлоо гэсэн харахад амнаас нь цус гарч байсан. Мотоциклийн гэрэл тусгаад харсан чинь үүдэн 2 шүд нь цаашаа чихэгдсэн байсан. Тэгээд бид нар сандралдаад би мотоциклио асааж Тахийн талын хуучин эмчээр ажиллаж байсан О эгчийн гэрт очиж Н-ийг үзүүлэхэд яаралтай сумын төв явж үзүүл гэж хэлсэн. Тэгээд би Н-ийг араараа суулгаж аваад гэрт нь очиж нэг дээл өмсүүлээд шууд сумын төв рүү явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ10-11/,

Гэрч Б.Б-ийн “... 14 цагийн үед сумын төвөөс манай зээ За над руу утсаар ярьж З хүн зодоод сумын төв дээр ирсэн байна, одоо аймаг явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хүү З-тай утсаар ярьсан чинь би Н-ийг цохичихсон, үүдэн 2 шүдийг нь гэмтээсэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ12-13/,

Гэрч Б.Но-ийн “...З над дээр ирэхэд З-ын гар нь цус болчихсон хүрээд ирсэн. Тэгээд би Ч, Н 2 дээр очиход 2 шүд нь хойшоогоо болчихсон байсан. О эгч дээр очиж үзүүлэхгүй бол болохгүй гээд хэлэхэд Ч, Н 2 явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ15-16/,

Гэрч С.О-ийн “... Шөнө унтаж байсан Ч, Н 2 манайд орж ирсэн. Н ам руугаа цохиулчихлаа та үзээд өгөөч гэхээр нь үзэхэд шүд нь цаашаа булгарчихсан  байсан. Тэгээд намайг татаад тэгшлээд өгөөч гэхээр нь би наадах чинь болохгүй, удвал өвчин орж халуурна. Сумын эмнэлэг яв гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ20/

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаартай “... 1. Ч.Н-ийн биед түүшин ясны хугарал, 21, 22-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ24-25/, №3631 дугаартай өвчний түүх зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З-ын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг Тахийн тал гэх газар иргэн Ч.Н-ийг  зодож, түүшин ясны хугарал, 21, 22-р шүдний хугарал, уруулд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт буюу хүндэвтэр зэргийн  гэмтэл учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч Б.З-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 250 / хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугарсан 2 ширхэг шүд, буйлны ясны 2 ширхэг хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.З-д буцаан олгож,  хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдоогүй, хохиролд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ийн З-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 250 /хоёр зуун тавь / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.З-д сануулсугай.

4. Хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдоогүй, хохиролд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ТЕ00000000 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.З-д буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугарсан 2 ширхэг шүд, буйлны ясны 2 ширхэг хэлтэрхий зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгасугай.

6. Шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА