Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар  2025/ДШМ/1100

 

2025            09            11                                                                                       2025/ДШМ/1100

 

Ү.Т-, Г.Б-,

 Н.Ө-, Г.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

цагаатгагдсан этгээд Ү.Т-, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар,

цагаатгагдсан этгээд Г.Б-, түүний өмгөөлөгч Д.Цолмон,

цагаатгагдсан этгээд Н.Ө-ын өмгөөлөгч П.Еркебулан,

цагаатгагдсан этгээд Г.Э-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1704 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ү.Т-, Г.Б-, Н.Ө-, Г.Э- нарт холбогдох 1808 03305 1182 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Х- овгийн Ү-ын Т-, .........., /РД: ........./;  

2. О- овгийн Г-гийн Б-, ......., /РД: ........./;  

3. Ю- овгийн Н-ын Ө-, ........, /РД: ........./;  

4. Х- адуут овгийн Г-ын Э-, ........, /РД: .........../;  

цагаатгагдсан этгээд Г.Б- нь “********” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “**********” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т- уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “********” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

цагаатгагдсан этгээд Н.Ө- нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна” мөн зүйлийн 17.2.3-д “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна”, мөн зүйлийн 17.4-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина”, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.11-д заасан “Бүх ажиллагсад нь ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, гутал, хувийн хамгаалах хэрэгслээр хангагдах бөгөөд ажил гүйцэтгэх үедээ заавал хэрэглэх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, сантехникийн болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, даралтат сав, шугам хоолойн тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулах, шалгалт авах, өдөр тутмын зааварчилга аваагүй ажилтныг бие даан ажиллуулахгүй байх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд дотоодын хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “**********” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т- уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “********” ХК-ийн өмчлөлийн шугам задарч, биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

цагаатгагдсан этгээд Г.Э- нь “********” ХК-ийн сантехник, дулааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “**********” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т- уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “********” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт,

цагаатгагдсан этгээд Ү.Т- нь “********” ХК-ийн сантехникчээр ажиллаж байхдаа Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж, шугам хоолойд уур хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “**********” ХХК-ийн сантехникийн засварчин ажилтай П.Т- уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “********” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-, Н.Ө-, Г.Э-, Ү.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-, Ү.Т-, Н.Ө-, Г.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ү.Т-, Г.Б-, Н.Ө-, Г.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Ү.Т-, Г.Э- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Г.Б-, Ү.Т-, Н.Ө-, Г.Э- нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1.260.000 төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэр бүхий шинжээч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй Г.Б-, Ү.Т-, Н.Ө-, Г.Э- нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 1704 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч Г.Б-, Н.Ө-, Г.Э-, Ү.Т- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Г.Б-гийн үйлдлийн талаар: Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Гантөмөрийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “********” ХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна” гэсэн дүгнэлтийг гаргасан. /1 хх  241-244/ Яллагдагч Г.Б- компанийн гүйцэтгэх удирдлага болох нь хэрэгт авагдсан компанийн хуулийн этгээдийн лавлагаагаар, харин Г.Э- нь дулааны асуудал эрхэлсэн дулааны инженер болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тус тус тогтоогддог бөгөөд яллагдагч Г.Б-, Г.Э- нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасан “Шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөх" гэснийг хэн аль нь зөрчсөн. Тодруулбал яллагдагч нар нь дулааны инженер мэргэжилтэй ба яллагдагч Г.Б- нь ажлын байрны чиг үүрэгт тусгагдсанаар осол болсон шугамд техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна. Хэрэгт авагдсан гэрч Н.Нарантуяагийн “Би тус “********” ХК-д хуучнаар Мах комбинат гэж байхад 1982 онд дулааны инженерээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Тэр өдөр буюу 07 дугаар сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан тул миний бие амарч байсан өглөө 08 цаг өнгөрч байхад манай нөхөр Баяраа мөн тус компанид цахилгаанчин хийдэг түүний утас руу ажилчин нь залгаад дулааны канал /сувгаас их хэмжээний уур гараад байна гэж хэлсэн би тэгээд ажил дээрээ 09 цаг өнгөрөөгөөд ирэхэд уурын 400-ын хаалтыг хаасан юүлэгчийг онгойлгосон байдалтай байсан ээлжийн слесариар Т- буух гээд Пүрэвдорж ээлж авах гээд байж байсан. Намайг ирэхэд каналд /сувагт/ ууранд хүн түлэгдэж доошоо харсан байдалтай хэвтэж байна амьд биш юм шиг байна гэж манайхан ярьж байсан тэр үед нь эмнэлэг цагдаа хоёр ирсэн байсан мөн мэргэжлийн хяналтын 2 байцаагч ирсэн намайг хамт оръё гэхэд цагдаа үзлэг хийж байна гээд оруулаагүй. Цагдаагийн үзлэг дууссаны дараа мэргэжлийн хяналтын 2 байцаагчийн хамт канал руу орсон ороход уур намдсан, чийгтэй ус ихтэй байсан. Манай компанийн 400-ийн уурын шугамаас тус хашаанд байрлах 8 байгууллага уур авч ашигладаг. Үүнээс “Улаанбаатар спирт” ХХК, “**********” ХХК хоёр нэг шугамаас уураа авдаг түүний уур авдаг 400-ийн шугамын каналын тойрог дээр 400-ийн шугамын гагнаас дээгүүрээ задарч уур алдсан байдалтай байсан, уг ууранд түлэгдсэн талийгаачийг би ажил дээрээ ирээд нас барсан байна гэдгийг нь мэдсэн “**********” ХХК-ийн засварчин залуу байсан гэсэн. Манай компанийн дулаан каналд их засвар ер нь хийгдэж байгаагүй миний ажилд орсноос хойш хийгдээгүй, харин манай байгууллагаас уур ус дулаан авч байгаа байгууллагууд өөрсдөө орж урсгал засвар үйлчилгээгээ хийдэг. 2000 онд байх уг 400-ийн уурын хоолойн саяны осол гарсан газрын шугаман дээр байрлах 2 хаалт эвдэрсэн байсан. Тэгээд тэр үед засварлах гээд 2 хаалтыг засварлах боломжгүй байсан учраас “******” ХХК нь өөрсдийн зардлаар 2 хаалтыг тойруулан тойруулга шугамыг 150-ийн хоолойгоор татсан. Үүнээс өөр урсгал засвар хийгдээгүй уг хоолойн анх 1968 онд ашиглалтад орсон гэж ярьдаг. Намайг ажиллаж байх хугацаанд болох 1982 оноос хойш уг цехэд хүн осолдсон болон түлэгдэж байсан тохиолдол ч гарч байгаагүй. Уг канал руу 4-р цахилгаан станцтай гэрээ хийсэн бүх байгууллагын инженер техникийн ажилчид мөн станцын ажилчид орох эрхтэй. Тус цех рүү орох эрх бүхий ажилчдыг журамласан журам заавар байхгүй. Гадны хүн орох боломжгүй. Үүдэн дээрээ уг нь гадны хүн орохыг хориглоно гэсэн улаан тэмдэг байсан одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Цехийн дүрэм, уур систем ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар гэж байгаа харин журам гэж байхгүй. 400-ийн хоолой гэж одоо бол стандарттай харин манайд ашиглаж байгаа хоолойг Германчууд тавьсан гэж ярьдаг ямар нэгэн бичиг баримт байхгүй ашиглалтын хугацааг мэдэхгүй. Манайд мэргэжлийн байгууллагын шалгалт орж байгаагүй. Улсын бүртгэлд орсон дулааны шугам бол мэргэжлийн байгууллагаас шалгалт орж байх ёстой манайх улсын бүртгэлд ороогүй. Манайх 4-р цахилгаан станц руу уур хаалгах талаар албан бичгийг 1-2 хоногийн өмнө явуулж байж 4-р станцаас мэргэжлийн хүн ирж манай ажилчинтай хамт уурыг нээж хаах ёстой байдаг. Манай байгууллага уур хаах талаар албан бичиг өгөөгүй учир нь манай үйлдвэр баярын өдрүүдээр ажилласан болохоор уураа хаалгаагүй, Манай цех өдөр тутам аюулгүй ажиллагааны журам танилцуулж гарын үсэг зуруулдаггүй харин аюулгүй ажиллагааны зааварчилга амаар өдөр бүр өгдөг. Сард нэг удаа аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. 2018 оны 07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд аюулгүй ажиллагааны зааварчилга танилцуулаагүй. Амралтын өдөр байсан” гэсэн мэдүүлэг /1 хх 80-86/, /“********” ХК-ийн дулааны инженер/ гэрч Д.Г-ийн “Фото зургаар үзүүлж байгаа хоолой нь стандартад нийцэж байгаа эсэх цаашид ашиглах боломжтой эсэхийг металл шинжилгээний дүгнэлтээр тодорхойлох ёстой. Үүнийг эрх бүхий металл судлалын лабораторид хийдэг энэ шалгалт нь 4 жил тутамд нэг удаа хийгддэг энэ шалгалтыг тухайн объектын өмчлөгч жишээлбэл “********” ХК өөрөө хийлгэх үүрэгтэй. Тухайн байгууллага нэгж нь баяр амралтын өдрөөр болон олон хоног амрах үед уурын хаалтыг тухайн дулааны узельдээ хаах нээх эрхтэй байдаг боловч удаан хугацаагаар ажиллахгүй тохиолдолд хангагчид буюу манай станцад мэдэгдэж аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй энэ гэрээний 3.11-т зааснаар “хэрэглэгч нь гэрээнд заасан дулааныг эрчим хүчийг авахгүй буюу өөрчлөлт орох /уур хаалгах нээлгэх/ тохиолдолд ажлын 1-ээс доошгүй хоногийн өмнө хангагчид албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Энэ нь уурыг хэрэглэхгүй 4-өөс дээш цаг болоход тухайн шугам хоолой усаар дүүрч үүний дараа уурыг нээхэд усан цохио үүсэх аюултай байдаг учир шугам хоолойг нээхэд маш болгоомжтой хандах ёстой”, үүнийг тухайн байгууллагын слесариуд мэдэх үүрэгтэй сургалтад суусан байх ёстой. Мөн уурын шугамтай харьцаж байгаа слесариуд нь даралтад сав шугам хоолойтой ажиллах сургалтад хамрагдаж үнэмлэх авсан байх ёстой. “**********” ХХК нь баяр амралтын өдрүүдээр уурын шугамыг хаах нээх талаар манай байгууллагад албан бичиг ирүүлээгүй харин уг хашаанд байрлах “******” ХХК нь баярын 5 өдөр уур хэрэглэхгүй талаар албан бичиг ирүүлж уураа хаалган лацдуулсан нээх талаар мөн албан бичиг өгч нээлгэсэн. Манай зүгээс хаах нээх тохиолдолд тухайн уур хэрэглэх тоног төхөөрөмж нь аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх хаалт шугам хоолой нь үлээлтгүй байгаа эсэх гэх мэтэд үзлэг шалгалт хийдэг тухайн байгууллага нь хаалтаа нээж уураа авдаг. Дулаан уурын шугамын узель рүү тухайн байгууллагын слесариуд 2 дээш хамт орох үүрэгтэй байдаг. Манай байгууллагаас “********” болон “**********” ХХК-иуд болон уг хашаанд үйл ажиллагаа явуулж манайхаас уур авдаг байгууллагуудад 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр засварын ажил хийлгэх уурыг хаах талаар албан бичиг хүргүүлэн засварын ажлыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагаас 18 цаг хүртэл хийлгэж, уг осол гарсан 400-ийн хоолойг “********” ХК-иар засуулж үйл ажиллагааг хэвийн горимд оруулж уураар хангаж эхэлсэн. Манай зүгээс гэрээнд зааснаар уураар хангах үүргээ биелүүлэх үүднээс засварын ажлыг хийх боломжийг гаргаж, уурыг хааж засварыг хийлгэн, хэвийн горимд оруулсан болохоор дээрх байгууллагууд нь гэрээний 2.10 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж болно. Ослын дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага гаргана. Энэ осол нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, мэргэжлийн бус хүн уур хаах, нээх үйлдлийг хийсэн, тухайн шугам хоолой нь их хуучирсан зэрэг шалтгаанаас үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг, /1 хх 97-98/, /Дулааны 4 дүгээр цахилгаан станцын борлуулалтын менежер/ зэрэг авагдсан байна.

Тухайн “********” ХК-ийн тухайн уурын канал дотор байрлах 400-ын уурын шугамыг 1968 оноос хойш ашиглаж байгаа, дээрх осол урьд өмнө нь тухайн шугам дээр гарч байсан, тухайн шугам хоолойнууд нь хуучирч муудсан, осол болоод байгаа шугамыг ашигласан цагаасаа анхнаасаа засвар үйлчилгээ огт хийдэггүй, гэрчилгээ авч байгаагүй, паспорт хөтлөгддөггүй, техникийн үзлэг хийлгэх, бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл аваагүй, улсын бүртгэлд бүртгүүлэлгүй менежментийн гэрээгээр шугамыг бусад аж ахуй нэгжүүдэд ашиглуулдаг байсан бөгөөд удирдлагын зүгээс хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас осол гарсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Г.Б-гийн дээрх эс үйлдэхүй нь талийгаач П.Т- нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой тул шүүгдэгч Г.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Н.Ө-ын үйлдлийн талаар: Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Г-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “**********” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна” мөн зүйлийн 17.2.3-д “Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт” мөн зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна”, мөн зүйлийн 17.4-д Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна” гэж заасныг зөрчиж, аюул, эрсдэлтэй /даралтад сав, уур усны шугам хоолойг аюулгүй ашиглах/ ажлын байранд ажиллах ажилтныг аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг сэргийлэх арга барил эзэмшүүлэх, аюулгүй ажиллагаанд сургаж бэлтгээгүй, тухайн ажил үүрэгтэй холбоотой зааварчилгаа өгөөгүй ажилд оруулсан байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм МNS-4969:2000-ийн стандартад заасан шаардлагын дагуу аюулгүй ажиллагааны 3 шатны /урьдчилсан, давтан, өдөр тутмын/ зааварчилгааг өгөх шаардлагатай байдаг. Амь хохирогч П.Т-д ажлын байрны давтан зааварчилгаа /Даралтат сав шугам хоолойн ашиглалт/ болон өдөр тутмын зааварчилгаа /2018 оны 07-р сарын 15-нд/ өгөөгүй байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг. /1 хх 137-139/ Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад “**********” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал болон дулааны асуудал хариуцсан инженер томилж ажиллуулаагүй, амь хохирогч П.Т- нь сантехникийн слесарийн 3 дугаар зэргийн үнэмлэхтэйгээс бусад даралтад сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцах ажиллах эрхийн үнэмлэх аваагүй, ажлын байрны өдөр тутмын болон давтан зааварчилгаа аваагүй, сургалтад хамруулаагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, “**********” ХХК нь ажилтнаа мэргэшлийн чиглэлээр болон аюулгүй ажиллагааны чиглэлээр сургаж дадлагажуулаагүйн улмаас талийгаач П.Т- нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой тул Н.Ө-ыг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх байнгын комисс байгуулах тухай тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан томилох тухай тушаал, талийгаач П.Т-ийн ажилд томилох тухай тушаал /1 хх 203/, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөл байгуулж тоног төхөөрөмжийн зааварчилгаа батлах тухай тушаал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын судлан бүртгэх байнгын комисс байгуулах тухай тушаал, менежментийн гэрээ, сервитутын гэрээ, хариуцлагатай жижүүр томилох тухай тушаал, цагдаагийн байгууллагад 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 676 дугаартай албан бичиг зэрэгт Н.Ө- “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан байна. Мөн “**********” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагаар Н.Ө- ажиллаж байсан болох нь тогтоогдсон. /4 хх 201-202/ Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг”, 4.1.9-д “Хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ” гэж хуульчилсан. Хэрэгт авагдан бичгийн баримтуудаар амь хохирогч П.Т-ийг ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээг Н.Ө- гаргаж, батлан, гарын үсэг зурж баталгаажуулсан, тухайн цаг хугацаанд гүйцэтгэх удирдлагаар буюу гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан болох нь лавлагаагаар тогтоогдсон, амь хохирогчийн хувьд ажил олгогч нь Н.Ө- байхад шүүхээс “**********” ХХК-ны гүйцэтгэх захирлаар тус компанийн үүсгэн байгуулагч, 85 хувийн хувьцаа эзэмшигч эцсийн өмчлөгч Н.Өлзийбаяр ажиллаж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Г.Э-ын үйлдлийн талаар: Дулааны инженер Г.Э- нь ажлын байрны чиг үүрэгт тусгагдсан хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас талийгаач П.Т- нас барсан хохирол, хор уршигтай шууд шалтгаантай холбоотой тул Г.Э-ыг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлгүй. Учир нь: Дулааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, мэргэшсэн шинжээч Г.Г-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2018-26 дугаартай дүгнэлтэд “********” ХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”-д заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Яллагдагч Г.Б- компанийн гүйцэтгэх удирдлага болох нь хэрэгт авагдсан компанийн хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байгаа, мөн Г.Э- нь дулааны асуудал эрхэлсэн дулааны инженер болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогддог ба яллагдагч Г.Б-, Г.Э- нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Даралтат сав шугам, хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх”, Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасныг аль аль нь зөрчсөн, яллагдагч Г.Б-, Г.Э- нар нь дулааны инженер мэргэжилтэй, яллагдагч Г.Б- нь осол болсон шугамд техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг хариуцна. Яллагдагч Г.Э- нь хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, түүнийг цагаатгах хууль үндэслэлгүй юм.

4. Ү.Т-ы үйлдлийн талаар: Хохирогч Б.Ц-гийн “Манай нөхөр Т- нь “**********” ХХК-д сантехникийн слесариар 2017 оны 12 дугаар сард ажилд орж 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Нөхөр Т- ээлжид гарч 24 цагаар ажилладаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн орчимд ажилдаа яваад маргааш өглөө нь буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өглөө ээлжээс бууж ирэх байсан боловч намайг Ар гүнтэд лагерт байхад “**********” ХХК-ийн слесарь гэх хүн утсаар яриад та хаана байна, таныг очиж авъя, манай ажил дээр уур гарч осол болоод Т- ах нас барсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 62, 64-65/, гэрч А.Б-ын “2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд үйл ажиллагаагаа зогсоогоод халуун уураа хаасан. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед би хоносон ээлжийн сантехникчид хэлэхдээ өнөөдөр байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ тиймээс халуун уураа нээх хэрэгтэй байна гэсэн тэгээд манай сантехникч ороод халуун уураа нээх гэж байгаад ийм асуудал болсон байна” гэсэн мэдүүлэг /1 хх 66-70/. Гэрч Ч.Т-ы “Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “**********” ХХК-ийн сантехникийн ажилтан 08 цаг 20 минутын үед ирээд “Халуун уураа авах гэсэн юм” гээд намайг дагуулаад орсон. Тэгээд бид хоёр сантехникийн цехийн доошоо ороод нөгөө хүн уурын хаалтаа нээсэн чинь зүүн талын буланд байсан уурын шугам нь гагнасан хэсгээрээ задраад халуун уур гараад ирсэн. Тэгээд би нөгөө ах руу “Гүйгээрэй” гэж хэлээд цаашаа гүйсэн. Тэгсэн чинь халуун уур бүрхээд юу ч харагдахгүй болохоор нь би доошоо суугаад мөлхөж яваад цехийн хөөсөнцрөөр битүүмжилсэн хэсгийг цөмлөөд гадагш гарсан” гэсэн мэдүүлэг /1 хх 71-72/, Гэрч П.Б-ийн “Цехийн жижүүр Т- гарч ирээд шугам задарсан байна уурын шугамаа хаачихлаа орсон хүн нь гарч ирэхгүй байна гэж хэлсэн. Т- хэлэхдээ би уурын хаалтаа арай гэж хаалаа, наагуур бол хүн харагдахгүй байна, ороод хэрэггүй байх хүн орохын арга алга хэсэг байж байвал уур нь багасна гэж хэлсэн. Тухайн хүн нас барсан байна гэж түргэний эмч хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 хх 75-77/, гэрч Н.Н-гийн “... өглөө 08 цаг өнгөрч байхад манай нөхөр Б- мөн тус компанид цахилгаанчин хийдэг түүний утас руу ажилчин нь залгаад дулааны канал сувгаас их хэмжээний уур гараад байна гэж хэлсэн, би ажил дээрээ 09 цаг өнгөрөөгөөд ирэхэд уурын 400-ын хаалтыг хаасан юүлэгчийг онгойлгосон байдалтай байсан ээлжийн слесариар Т- буух гээд П- ээлж авах гээд байж байсан. Намайг ирэхэд каналд /сувагт/ ууранд хүн түлэгдэж доошоо харсан байдалтай хэвтэж байна амьд биш юм шиг байна гэж манайхан ярьж байсан... “******” ХХК, “**********" ХХК хоёр нэг шугамаас уураа авдаг тэдний уур авдаг 400-ийн шугамын каналын тойрог дээр 400-ийн шугамын гагнаас дээгүүрээ задарч уур алдсан байдалтай байсан, уг ууранд түлэгдсэн талийгаачийг би ажил дээрээ ирээд нас барсан байна гэдгийг нь мэдсэн “**********” ХХК-ийн засварчин залуу байсан гэсэн.... Уг канал руу 4-р цахилгаан станцтай гэрээ хийсэн бүх байгууллагын инженер техникийн ажилчид мөн станцын ажилчид орох эрхтэй. Тус цех рүү орох эрх бүхий ажилчдыг журамласан журам заавар байхгүй. Гадны хүн орох боломжгүй. Үүдэн дээрээ уг нь гадны хүн орохыг хориглоно гэсэн улаан тэмдэг байсан одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Цехийн дүрэм, уур систем ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар гэж байгаа харин журам гэж байхгүй” гэсэн мэдүүлэг /1 хх 80-86/, гэрч Д.Г-ийн “... Уурыг хэрэглэхгүй 4-өөс дээш цаг болоход тухайн шугам хоолой усаар дүүрч үүний дараа уурыг нээхэд усан цохио үүсэх аюултай байдаг учир шугам хоолойг нээхэд маш болгоомжтой хандах ёстой, үүнийг тухайн байгууллагын слесариуд мэдэх үүрэгтэй сургалтад суусан байх ёстой. Мөн уурын шугамтай харьцаж байгаа слесариуд нь даралтат сав шугам хоолойтой ажиллах сургалтад хамрагдаж үнэмлэх авсан байх ёстой. Дулаан уурын шугамын узель рүү тухайн байгууллагын слесариуд 2-с дээш хүн хамт орох үүрэгтэй байдаг. Энэ осол нь Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн, мэргэжлийн бус хүн уур хаах, нээх үйлдлийг хийсэн, тухайн шугам хоолой нь их хуучирсан зэрэг шалтгаанаас үүссэн байх боломжтой үүнийг мэргэжлийн байгууллага болох мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргаж эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн мэдүүлэг /1 хх 97-98/, гэрч Н.Ө-ын “... “**********” ХХК нь Дулааны цахилгаан станцтай гэрээ хийж “********” ХК-иас уур авдаг. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “**********” ХХК-ийн ээлжид гарч байгаа слесариас бусад хүмүүс бүгд амарсан болохоор уур ус ашиглаагүй. Тиймээс “********” ХК-иас уурын 400-ийн шугамаас манай “**********” ХХК руу уур дамжуулдаг шугамын хаалтыг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хаасан. Өөрөөр хэлбэл манай “**********” ХХК өөрийн компани руу уур нийлүүлж байгаа хэсэгтээ уурын хаалтаа хаасан. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай слесарь Т- хаасан уурын хаалтыг нээхээр явж байхад нь “********” ХК-ийн уурын 400-ийн гагнаас хэсгээс задарч халуун уур ихээр гарснаас болж хохирогч Т- ууранд түлэгдэж нас барсан. Ер нь жижиг компаниуд нь уурыг өөрийн хэсэг дээр хааж, нээж байдаг бөгөөд төв шугамыг хаах шаардлага гарсан тохиолдолд төв шугамыг хариуцсан компани албан ёсоор дулааны станцад мэдэгдэж мэргэжлийн хүмүүс ирүүлж, нээж, хаах ёстой” гэсэн мэдүүлэг /1 хх 99-101/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1583 дугаартай дүгнэлт /1 хх 123-124/, Ү.Т-ыг засварчнаар томилсон тушаал болон ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, слесарийн үнэмлэх, даралтат сав, шугам хоолой, хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах эрхийн үнэмлэх /1 хх 179-181, 194-196, 198/, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар танилцуулсан баримт, ажлын байрны тодорхойлолт /1 хх 203-208, 209-219/, Даралтат сав, уур, усны шугам нээж, хаах аюулгүй ажиллах зааварчилгаа /1 хх 224-230/, шүүгдэгч Г.Б-гийн “Ү.Т- тухайн үед сантехникийн слесариар ээлж хариуцан ажиллаж байсан. Ү.Т- нь “**********” ХХК-ийн нэг хаалтыг буруу онгойлгож осол гаргасан” гэх мэдүүлэг /6 хх 153/ зэрэг баримтууд авагдсан. Дээрх бичгийн баримтуудаар Ү.Т-, амь хохирогч П. Т- хоёр Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед ... П.Т- ууранд цохиулж биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ү.Т- амь хохирогч П.Т- хоёр нь өөр өөр компанийн ажилтнууд бөгөөд тус компаниудын уурын шугам нэг бөгөөд заагийн схем зургаар тусгаарлагдсан байдаг хэдий ч ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтоор дулааны уур хаах, нээх хэвийн ажиллагааг хариуцах, осол аваарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй ажилтан бөгөөд сантехникийн слесарийн ажил нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар журамлагдсан, холбогдох дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтуудаар заасан ажил үүргийг гүйцэтгэхдээ хайнга хандаж уурын шугамд дэлбэрэлт үүсгэх нөхцөлийг бүрдүүлсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Ү.Т-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дэх заалтад зааснаар “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзэж байна.

5. Цагаатгах тогтоолд Г.Б-, Г.Э- нарын үйлдэл нь “Техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадалгаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, уур, ус, дулаа хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж осол гараагүй, харин хүний буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээч дүгнэлтээр тогтоогдсон байна” гэж дүгнэсэн атлаа Ү.Т-ы үйлдэлд “Шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, тухайн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтад тулгуурлан тогтоох байтал өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан гэж шинжээчийн дүгнэлт хууль зөрчиж гаргасан, дүгнэлт нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй байсан талаар агуулгын хувьд өөр байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч П.Т-ийг буруутай үйлдэл хийсэн талаар огт дүгнээгүй байхад хүний буруутай үйлдлээс болж осол гарсан гэж шүүх үзсэн атлаа талийгаачтай хамт ослын газар руу орсон Ү.Т-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ү.Т-ы үйлдэл нь уг шугам задарч осол гарсантай шууд шалтгаан холбоогүй, яллаж буй үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ДШМ/262 дугаартай магадлалаар “2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1379 дугаартай шийтгэх тогтоолыг хянаад “Ү.Т-ы үйлдэл, эс үйлдэхүйд дүгнэлт хийсэн атлаа Г.Б-, Н.Ө-, Г.Э- нарын үйлдэл, эс үйлдэхүйд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байхаас гадна тухайн гэмт хэргийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тусгалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийн цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэж дүгнэн шийтгэх тогтоолын Ү.Т-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн талаар дурдаагүй болно. Ийнхүү шүүгдэгч Г.Б-, Г.Э-, Н.Ө- нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дэх заалтад зааснаар “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/1704 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ү.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Тухайн үед би ямар ч хаалтанд хүрээгүй, хаалт нээгээгүй бөгөөд өөрсдийн шугамыг хариуцаж ажилладаг болохоор тус компани хаалтанд хүрэх эрх байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ү.Т-ы өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа  тайлбар нь таамаг төдий байна. Хоёулаа орсон учраас хаалт нээсэн байх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн шинжээч эмч н.Г-ийн дүгнэлтэд Ү.Т-ыг шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээг аваагүй байна гэж буруутгасан. ... Тухайн шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлаж тусгай мэдлэгийн хүрээнд гаргаагүй дүгнэлт болсон. ... гэрч н.Б-, н.Н-, н.Ө-, н.П- нарын мэдүүлгээр “**********” ХХК нь өөрийн эзэмшлийн шугам хоолойд уур өгч, хаах ажлыг өөрийн компанийн ажилтнуудаар гүйцэтгүүлдэг байсан нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, “********” ХХК-ийн сантехникүүд энэ үйлдлийг хийдэггүй байсан. Мөн Ү.Т- нь “**********” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, цалин авдаг ажилтан нь биш. Мөн “**********” ХХК-ийн эзэмшлийн уурын шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдэл хийх эрх бүхий этгээд биш юм. Мөн прокуророос амь хохирогч энэ осол гарсан цэгээс хол зайтай байсан гэсэн. Гэтэл тухайн газарт уурын шугам задраад халуун ирж байгаа тохиолдолд хүн тэр яг осол болсон цэг дээрээ байгаад байхгүй, ямар нэгэн байдлаар амиа аврахын тулд хөдөлгөөн хийсэн байж ч болно. Ү.Т- нь амь хохирогчийг уурын даралтат сав, шугам хоолойтой ажиллах эрх бүхий сургалтад сууж үнэмлэх авсан эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд үүнийг нь шалгах эрх бүхий субъект биш. Харин “**********” компани амь хохирогчийг тус ажлын байранд шаардлага хангасан гэж ажилд авсан байх гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хүйтэн усны шугамыг хааснаас болж тухайн осол гарсан гэж үзэж байна. Үүнийг хэн хийсэн гэдгийг мэдэхгүй байна. “**********” ХХК болон “********” ХХК-ийн хооронд уурыг хэрэглэх гэрээ байхгүй. Уурын шугамаас уур авах бүрд тусдаа уурын гэрээ хийдэг. Тухайн гэрээний дагуу уур авах бол станцаас хүнийг нь дуудаад зэрэг нээсэн бол энэ осол гарахгүй байсан. Прокурор эсэргүүцэлдээ намайг засвар хийгээгүй гэж буруутгасан. Гэтэл тухайн осол нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан. Мөн гэрээний дагуу тухайн ажлыг “**********” ХХК-ийн хийх ёстой ажил бөгөөд энэ талаар Эрчим хүчний тухай хуульд тодорхой заасан. Анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Б-гийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Мөрдөн шалгах ажиллагааны явцад “********” ХХК-ийн хашаанд байрлах дулааны уурын шугам хоолойг задрах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч н.Г- 26 дугаартай шинжээчийн дүгнэлтийг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 25 дугаартай дахин дүгнэлтийг тус тус гаргасан. Эдгээр дүгнэлтүүдээр дулаан уурын шугам хоолой задарч осол болсон шалтгаан нөхцөлийг уг осол нь цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрмийн 2.9 дүгээр зүйлийн 19 дэх хэсэгт заасныг зөрчиж, шугам хоолойд уур өгч халаах залгах үйлдлийг буруу хийж, уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй нь шугам хоолой задрах шалтгаан хүчин зүйл болсон гэж дүгнэсэн. Тухайлбал, шинжээчийн 25 дугаартай дахин дүгнэлтэд осол гарсан уг шугам хоолойн зориулалтыг өөрчилсөн, зориулалтын бусаар ашигласан, засварласан, тоноглосон эсэх талаар хариулах боломжгүй. Учир нь, тухайн шугам хоолойг ашиглалтад оруулахын өмнө, мөн ашиглалтын үед хийгдсэн техникийн магадлал, үзлэг хийж байсан эсэхийг тогтоох баримт бүртгэл, хэргийн материалд байхгүй. Уг осол нь цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн 2.9.18, 2.9.10-г тус тус зөрчиж шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж, уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ аваагүй нь шугам задрах шалтгаан хүчин зүйл болсон гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцэлд бичигдсэн “********” ХХК-ийн удирдлагын зүгээс хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалж уг осол гарсан гэж шинжээчийн дүгнэлтэд дурдаагүй. Харин хүний буруутай үйлдлээс шалтгаалж уг осол гарсан гэсэн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэлтээ гаргасан. Иймд прокуророос миний үйлчлүүлэгч Г.Б-гийн талаар бичсэн эсэргүүцлийн хэсэг үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс хэргийн талаар бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Ө-ын өмгөөлөгч П.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын гаргасан эсэргүүцлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгчийг тухайн осол болох үед “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэдэг үндэслэлээр түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, “**********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан аж ахуйн нэгж байгууллагын захирал, эзнээр Н.Ө-ын төрсөн эгч Н.Ө-, түүний нөхөр н.Б- нарт бүртгэлтэй болох нь улсын бүртгэлээс ирүүлсэн компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримт болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон. Түүнчлэн “**********” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг Н.Ө-ын төрсөн эгч хариуцаж ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. Мөн “**********” ХХК-д н.А- гэх хүн хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн ажил албан тушаалыг давхар эрхэлж байсан нь тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэргийн нотолбол зохих байдал болох тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотлогдож тогтоогоогүй байна гэдэг үндэслэлээр Н.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор эсэргүүцэлдээ 2 аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагааны улмаас хүний амь нас хохирсон гэсэн дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2 аж ахуйн нэгжийн 1 болох “**********” ХХК-ийн буруутай үйлдлээс болж талийгаач нас барсан гэдгийг нотолсон, тогтоосон ямар нэгэн баримт болон шинжээчийн дүгнэлт байхгүй. ... Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ослын бодит шалтгааныг үнэн зөв тогтоосон бөгөөд тухайн осол хүний буруутай үйлдлээс болж гарсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, уурыг холбож салгах үйлдлийг холбогдох дүрэм журмынх нь дагуу хийгээгүйгээс олон хоног хуримтлагдсан байсан хүйтэн усыг зайлуулахгүйгээр шууд халуун уур тавьснаас болж тухайн осол болсон гэдгийг зөв тогтоосон. Мөн 400-гийн шугам буюу төвийн шугамаас уур авч байгаа үндсэн шугам байдаг. Тухайн үндсэн шугам нь “********” ХХК-ийн өмчлөлийн үндсэн хөрөнгө гэдэг нь нотлогдсон. “**********” ХХК нь тухайн 400-гийн шугамаас 150 гэсэн нарийсгасан шугамаар салаалж өөрийнхөө үйлдвэрт уурын шугам татсан үйл баримт нотлогдсон. Мөн төвөөс ирж байгаа 400-гийн крантыг нээх, хаах асуудал. Манай компанийн буруутгаад байгаа 150-ийн крантыг нээх, хаах асуудлууд нь 2 тус тусдаа өөр өөр асуудал яригдаж байгаа. Талийгаач өөрийнхөө ажлын байран дээрээ хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл,150-ийн шугамын крантыг нээх үйлдлийг хийх гэж явж байгаад тухайн ажлын байрны цэгээс наана буюу 45 метрийн зайд доошоо харсан байдалтай араасаа ууранд цохиулсан байдалтай нас барсан гэсэн үйл баримт нотлогдсон. Энэ нь тухайн уур 400-гийн шугамын крантыг нээснээс болсон. “**********” ХХК-ийн эзэмшлийн салаалж уур аваад байгаа 150-ийн крантыг нээсэн үү, хаасан уу гэдэг асуудал яригдана. Гэтэл мөрдөн шалгах ажлын явцад “**********” ХХК-ийн эзэмшлийн 150-ийн крант огт хөндөгдөөгүй гэдгийг крант дээр байгаа параметрийн камерын бичлэгээр тогтоогдсон. Мөн хэрэгт байгаа гэрээ нь уур худалдах, худалдан авах гэрээ. Мөн “**********” ХХК нь “********” ХХК-тай “**********” ХХК-ийн өмчлөлийн 400-гийн шугамаар дамжуулж уур авна, ашиглана. Ингэснийхээ төлөө сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлнө” гэсэн гэрээг талууд бичгээр үйлдэж баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулсан менежментийн гэрээгээр тухайн уурын шугамын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа зэрэг байдлыг тухайн шугамын эцсийн өмчлөгч болох “********” компанид хариуцна гэсэн хэд хэдэн заалтууд байдаг. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Прокуророос намайг тухайн үед “********” ХХК-ийн уур хариуцсан сан техникийн инженер байсан, эрх бүхий албан тушаалтан байсан гэж үзээд гэм буруутайд тооцдог. Гэтэл би тухайн үед сан техникийн слесарь байсан бөгөөд манай инженерийг н.Н- гэдэг хүн байсан. Миний хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан бөгөөд тухайн гэрээнд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би инженер болж байсан. Гэтэл тухайн осол 2018 оны 07 дугаар сард гарсан бөгөөд би тухайн осол болсноос хойш 6, 7 сарын дараа инженер болсон. Иймд би хариуцлага хүлээх ёстой хүн нь биш. ...” гэв.

 Цагаатгагдсан этгээд Г.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүй ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлд дараах 3 үндэслэлээр тайлбар хэлье.

1. Г.Э-ыг прокурорын эсэргүүцэл болон дүгнэлтэд дурдсанаар “********” компанийн сантехникийн дулааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн зааснаар даралт сав, шугам хоолой зохих журмын дагуу туршиж, тохируулах, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ашиглах зөвшөөрөл авсан байх гэсэн. Мөн уур ба халуун усны шугам хоолой, төхөөрөмжийн аюулгүй ажиллах дүрмийн 5.1-д заасан шугам хоолойн паспорт хөтөлж, ашиглалтын талаар бүртгэл хөтлөөгүй, мөн засвар үйлчилгээ хийгээгүй гэсэн үндэслэлээр буруутгасан нь нотлогдоогүй. Олон хоног наадмын амралтын үеэр ажиллаагүй байсан бөгөөд нээхдээ буруу халуун уурыг нээсний улмаас усан цохио үүссэн. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон холбогдох гэр нарын мэдүүлгээр нотлогддог. Тиймээс үүнд миний үйлчлүүлэгч Г.Э-ын ямар үйлдэл буруутай үйлдэл байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл засвар үйлчилгээ хийгээгүй, паспортжуулаагүйгээс болж энэ хэрэг гараагүй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар миний үйлчлүүлэгч 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сантехникийн засварчнаар ажиллаж байсан нь нотлогддог. Тухайн үед сантехникийн дулааны инженерээр н.Н- гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед манай тэмцээн болж байсан учраас удирдах багтаа авахын тулд Г.Э-ыг тоглодог учраас түр тушаал гаргасан талаар Г.Б- тайлбарласан. Г.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр сантехникийн инженерээр томилогдсон. ... Дээрх үндэслэлүүдээр миний үйлчлүүлэгч Г.Э-ыг тухайн шугам хоолойг баталгаажуулаагүй, сертификат аваагүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Прокуророос Г.Б-г “********” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, мөн Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасныг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийлгэх, техникийн магадлагаа хийлгэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглах зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас,

Н.Ө-ыг “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3, 17.3, 17.4, 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1.8, 35 дугаар зүйлийн 35.1, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16, Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 1.2.11-д заасныг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, сантехникийн болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, ажлын онцлог байдалд тохирсон тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, даралтат сав, шугам хоолойн тоног төхөөрөмжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулах, шалгалт авах, өдөр тутмын зааварчилга аваагүй ажилтныг бие даан ажиллуулахгүй байх, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд дотоодын хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас,

Г.Э-ыг “********” ХК-ийн сантехник, дулааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Эрчим хүчний сайдын 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тушаалаар батлагдсан “Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 5.1.1-д заасныг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур, ус, дулаан хангамжийн байгууламж, үйлдвэр цехийн сантехникийн тоног төхөөрөмж, шугам хоолойн их болон урсгал засварын ажлын төлөвлөгөө /график/ гаргаж батлуулах, төсөв төлөвлөгөөний дагуу угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг хянах болон зохион байгуулах, биелэлтийг хангуулах, сантехникийн тоног төхөөрөмжийн гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас,

Ү.Т-ыг “********” ХК-ийн сантехникчээр ажиллаж байхдаа Монгол улсын түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм”- ийн 2.9.18, 2.9.19-д заасныг зөрчиж, шугам хоолойд уур хоолойд уур өгч халаах, залгах үйлдлийг буруу хийж уурын шугамд үүссэн усыг зайлуулах арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний акт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн уур ус дулаан сантехникийн цехийн усан сан, барилга доторх ба газар доорх канал сувгийн дулааны узель, тоног төхөөрөмж, дулаан солилцох аппарат бойлуурууд, даралтат сав, шугам хоолой, винтель хаалт зэрэгт үүссэн, гэмтэл саатлыг үзлэг хийж илрүүлэх, оношлох, засварлах, хэмжилт тохиргоог хийх үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” ХК-ийн хашаанд байрлах дулааны шугам сүлжээнд “**********” ХХК-ийн сантехникийн засварчин П.Т- уурын шугам хоолойг нээх ажил үүргийг гүйцэтгэх явцад “********” ХК-ийн өмчлөлийн шугам задарч биеийн нийт гадаргуугийн 70-80% хамарсан II зэргийн түлэгдэл, амьсгалын дээд замын түлэгдлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Ү.Т-ыг “**********” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан биш бөгөөд “**********” ХХК-ийн эзэмшлийн уурын шугам хоолойд уур өгч халаах, залгах үйлдэл хийх үүрэг хүлээсэн субъект биш гэсэн үндэслэлээр, Г.Б-, Г.Э- нарын эс үйлдэхүйн улмаас дулаан уурын шугам хоолой задарч осол болоход нөлөөлөхөд шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй гэсэн тус тус үндэслэлээр Г.Б-, Г.Э-, Ү.Т- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Г-ийн гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Н-2018-26 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх  241-244/, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 05-017/25 дугаартай Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Бадмаа, М.Ууганбаатар, Б.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дахин дүгнэлт /3 хх 243-249/, гэрч А.Б-ын мэдүүлэг /1 хх 66-70/ зэрэг болон хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж Г.Б-, Г.Э-, Ү.Т- нарыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Ө- ажиллаж байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар /4 хх 201/ тогтоогдсон талаар, цаашлаад  “**********” ХХК буюу ажил олгогч байгууллага нь Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сургалт зохион байгуулах үндсэн дүрэм, Цахилгаан станц дулааны шугам сүлжээний дулаан-механик тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм зэргийг зөрчсөний улмаас тус компанийн засварчин П.Т- уурын шугамын хоолойг нээх ажил үүрэг гүйцэтгэх явцдаа түлэгдлийн улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон талаар дүгнэсэн атлаа түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлдээ Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ялласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” нь тогтоогдоогүй буюу нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж, зөрчилтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Энэ байдал нь цагаатгагдсан этгээд Н.Ө-ын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн осол гаргахад “**********” ХХК-ийн ямар албан тушаалтан хяналт тавих ёстой байсан талаар, хэний буруутай, үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас уг осол хэрэг гарч, хүний амь нас хохирсон хэргийн үйл баримтыг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэж дүгнэв.  

             Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1704 дүгээр цагаатгах тогтоолын Н.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэ талаар прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1704 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... Юлаа овогт Н-ын Ө-, ...” гэснийг, 2, 3, 5, 7 дахь заалтын “... Н.Ө-, ...” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

2. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Н.Ундрахын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр прокурорын эсэргүүцлээс Н.Ө-д холбогдох хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                              С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                              М.АЛДАР