| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03613/И |
| Дугаар | 191/ШШ2026/00416 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/00416
2026 01 06 191/ШШ2026/00416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... тоотод оршин суух, С.......ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, С...... дугаар давхарт байрлах, .... констракшн ХХК /РД:....../-д холбогдох
Гэрээнээс татгалзаж, 127,513,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Зо нь хариуцагч .... констракшн ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Зо нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр .... констракшн ХХК-тай ПЗ-С-01/3-03 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Улаанбаатар хотын,... тоот байрыг авахаар захиалсан.
Байрны 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23,970,000 төгрөг нийт 43,970,000 төгрөгийг .... констракшн ХХК-ийн Төрийн банкны 383000044603 тоот дансанд шилжүүлсэн.
Тус гэрээг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулсан бөгөөд уг байрыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Гэвч үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, гэрээнд заасан хугацааг хэтрүүлж өнөөдрийг хүртэл огт баригдаагүй, суурь нь цутгагдаагүй байна.
Би уг байрны төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ХААН банк ХК-аас 24,300,000 төгрөгийн зээл авч хийж байсан. Гэтэл гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс болж одоог хүртэл уг зээлийн төлбөр, хүүг төлж хохирсоор байна.
Бид удаа дараа очиж уулзаж үүрэг гүйцэтгэх хугацааг урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоох талаар ярьсан боловч санхүүгийн хүндрэлд орсон гэсэн шалтаг хэлж, үүргээ огт биелүүлээгүй ямар нэгэн үр дүн гарахгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид ч энэ гэрээний үүрэг биелэгдэхгүй болох нь тодорхой болсон учраас уг гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгчийн төлсөн 42,295,000 төгрөг нь инфляцийн өсөлттэй холбоотойгоор одоо 2 өрөө орон сууц худалдан авахад хүрэлцэхгүй болж байгаа учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үнийн зөрүүг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар тус нэхэмжлэлийн шаардлагыг 127,513,000 төгрөг болж нэмэгдүүлсэн.
Шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчээс орон сууцны зах зээлийн үнийн дүнг 84,480,129 төгрөг байх талаар дүгнэлт гаргасан.
Иймд гэрээнээс татгалзаж, 127,513,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Орон сууц захиалан бариулах гэрээ /хх-5-8/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, төлбөр төлсөн баримт /хх-11-12/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-13/
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шинжээч томилж Дамно ХХК-иас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /хх-50-69/ нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Зо нь хариуцагч .... констракшн ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 127,513,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, орон сууц авахаар захиалсан.
Байрны 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож, 43,970,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид төлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд зааснаар 2023 оны 2 дугаар улиралд багтаан барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийн тулд банкнаас зээл авч одоог хүртэл уг зээлийн төлбөр, хүүг төлж хохирсоор байна.
Хариуцагч компанид удаа дараа очиж уулзаж үүрэг гүйцэтгэх хугацааг урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоох талаар ярьсан боловч санхүүгийн хүндрэлд орсон гэх шалтаг хэлж, үүргээ огт биелүүлээгүй, гэрээний үүрэг биелэгдэхгүй болох нь тодорхой болсон тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулна. Инфляцийн өсөлттэй холбоотойгоор дээрх үнээр 2 өрөө орон сууц худалдан боломжгүй болсон тул үнийн зөрүүг хохиролд тооцон хариуцагчаас шаардах эрхтэй гэж тайлбарлав.
3. Хариуцагч .... констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хувийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь танилцуулан, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
4.1 Б.Зо, .... констракшн ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ПЗ-С-01/3-03 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ...Апартмент-3 нэртэй орон сууцны хотхоны ..... тоот хаягт байрлах, 43.79 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан барьж ашиглалтанд оруулах, захиалагч нь 1 м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон, гэрээний төлбөрт 43,970,000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсон өдөр бүрэн төлж барагдуулах, орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцжээ. /хх 5-8/
4.2 Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23,970,000 төгрөг, нийт 43,970,000 төгрөгийг хариуцагчид төлж барагдуулан дээрх гэрээний хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн байна.
4.3 Энэ талаар талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлэн нэхэмжлэгч Б.Зог ПЗ-С-01/3-03 дугаартай ...апартмент П3 хотхоын С блок, 1 дүгээр орц, 10 дугаар давхар, 1008 тоот хаягт байрлах 43.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт нийт 43,970,000 төгрөгийг бэлэн төлөлтөөр төлж, төлбөр тооцооны үлдэгдэлгүй талаар баталгаажуулсан үйл баримт хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогджээ.
5. Талуудыг гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох орон сууцны барилга бий болоогүй байсан, гэрээнд зааснаар хариуцагч орон сууцыг тодорхой хугацааны дараа буюу 2023 оны 2 дугаар улиралд барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байхаар тус тус зохицуулсан.
Хариуцагч .... констракшн ХХК нь гэрээний 3.2-т заасан хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулан, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ...барилга огт баригдаагүй, суурь нь цутгагдаагүй байгаа... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж, няцаагаагүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан, үүний улмаас хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үр дагавар үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас 43,970,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
7. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан тохиолдолд ийнхүү татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зохицуулжээ.
Нэхэмжлэгч нь инфляцийн өсөлттэй холбоотойгоор одоо 2 өрөө орон сууцыг худалдан авахад зөрүү үүсэж хохирсон гэх үндэслэлээр хариуцагчаас хохиролд 83,543,000 төгрөгийг шаардаж байна.
Шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч Дамно ХХК нь Баянзүрх дүүргийн ....дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ...Апартмент-3 нэртэй орон сууцны хотхоны .... тоот хаягт байрлах, 43.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээг нь 84,480,129 төгрөг гэж дүгнэлт гаргажээ. /хх53-67/
Хариуцагч нь үүргийн зөрчил гаргаж, улмаар энэ нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахад хариуцагчийг буруутай гэж үзэх үндэслэл болох хэдий ч нэхэмжлэгч нь 83,543,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардсаныг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, инфляцийн өсөлттэй холбоотойгоор гэрээ байгуулах үе болон одоо үеийн 2 өрөө орон сууцны үнийн зөрүү төлбөрийг нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого, зөрүү төлбөрийн хэмжээнд эд хөрөнгийн алдагдал хүлээсэн, зардал гарсан гэж үзэн 83,543,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч .... констракшн ХХК-аас 43,970,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зод олгож, нэхэмжлэлээс үлдэх 83,543,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, хэргийг хянан хэлэлцэх 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэн, энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.
Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .... констракшн ХХК-аас 43,970,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Зод олгож, нэхэмжлэлээс үлдэх 83,543,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Зогаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 795,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .... констракшн ХХК-аас 377,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Зод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ