Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2026/00164

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

   Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

   Нэхэмжлэгч: Завхан, ........., ............. баг .................. тоот хаягт оршин суух  Г…………..ийн нэхэмжлэлтэй, 

   Хариуцагч: Завхан, .........., ........... баг .............. тоотод оршин суух, Р..............д холбогдох,

   6,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г………..нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй зээлж аваад 2025 оны 03 сарын 03-нд 67,000 төгрөгийн хүү төлж, 133,000 төгрөг дутуу төлж дараа сарын хүүтэй нэмж төлөхөөр зээлийн гэрээг сараар сунгаж хийнэ гээд түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүрч байна. Иймд Р……………аас 6,480,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.......... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Г.............ийн нэхэмжлэлтэй Р.............д холбогдох 6,480,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г............. нь хариуцагч Р................д холбогдуулан 6,480,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г................ийн нэхэмжилсэн 6,480,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч  Р................. нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  118,630 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд        

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Г.............ийн нэхэмжлэлтэй хариуцагч Р..............д холбогдох 6,480,000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Р......... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Г.............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,630 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 59,315 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 59,315 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 118,630 төгрөгийг нэхэмжлэгч Г..............т олгосугай. 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

       ШҮҮГЧ                                  Т.БАЛЖИННЯМ