| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0028/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/228 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох эрүүгийн 1738000920068 дугаар хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.М-,
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Хар үзүүр” гэх газар засмал зам дээр ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг шүргэж замаас гарган онхолдуулж уг автомашинд сууж явсан Ц.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.У-ын амь нас хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Хар үзүүр” гэх газар засмал зам дээр ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашиныг шүргэж замаас гарган онхолдуулж уг автомашинд сууж явсан Ц.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Э.У-ын амь нас хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Замын үзүүр хэсгээр тойроод тэр машинд дохиогоо өгөөд гүйцэж түрүүлсэн. Тэгсэн миний баруун талын ард хаалга руу нөгөө 69 маркийн машин мөргөсөн. Миний машин замын хажуу тал руу унах дөхөөд арай ч уналгүй цаашаа явсан. Нөгөө 69 маркийн машиныг толиндоо хартал тоормозлоод тоос манаргаад зогсож харагдсан. Би тэр чигээрээ цаашаа яваад нөгөө хамт явсан хоёртоо эргээд харчих гэсэн чинь Түвшинөө миний хажууд сууж яваад цонх онгорхой байсан тул түүгээр хараад зүгээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр жолооч Э.У-, жуулчин А-, Ж- нарын хамтаар дөрвүүлээ цагаан өнгийн ... улсын дугаартай 69 маркийн машинаар 18 хоногийн аяллын 16 дахь хоногийн аяллаа хийгээд Мөрөн сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын чиглэлд зорчиж, Мөрөн сумаас 10 цаг 30 минутын үед гараад Тосонцэнгэл сумын засмал замаар явж байсан. ...Тэгээд нилээн явж байтал тэр цагаан өнгийн машинтай залуучууд бид нарын машиныг гүйцэж түрүүлээд урд ороод яваад байхаар нь би тэр машины нойморыг харахад хар өнгийн дугаар нь бүдгэрчихсэн, нойморын гадуурх хүрээ нь шар өнгийн хуучирч, бүдгэрсэн хагарсан юм шиг харагдаж байсан. ...Тэгээд өгсүүр зам өөд явж байгаад манай машин тэр машиныг гүйцэж түрүүлээд явж байснаа нэг мэдэхэд нүдний үзүүрт нэг цагаан юм ороод ирсэн. Тэр үед нь надад жингүйдэж байгаа юм шиг санагдаад хөөрөөд явчихсан. Би дотроо нөгөө цагаан машин манай машины эгнээг булаачихлаа гэж бодсон. Тэгээд нэг мэдэхэд би газарт суун тусаад босоод ирсэн. Нэг өрөөсөн тавчиктайгаа байж байсан. Тэгээд би зам руу харсан чинь ямар ч машин байгаагүй. Манай машин замын хажууд унаад дөрвөн дугуй нь дээшээ харсан байсан. Их тоос шороо бужигнаж байсан. Би машин руугаа их хурдан гүйгээд очтол жуулчин Ж- машины хойд талд гараад ирсэн байсан. Ж- бид хоёр нийлээд машины араар тойроод арын хаалган дээр очтол машины арын шил хагарсан байсан. Тэр нүхээр нь би нөгөө жуулчин А-ааг татаж гаргасан. Би машины урд хаалгыг татаад Уужаа, Уужаа гээд талийгаачийг дуудаад хаалгыг нь онгойлгож чадахгүй байсан. Тэр үед Ж- талийгаачийг машинаас хол зайд байгааг мэдсэн байсан. Тэгээд намайг дуудсан. Намайг талийгаач дээр очиход машинаас хойд зүгт нилээн зайтай талийгаач доошоо хараад хэвтэж байсан. Би дээш нь харуулах гэж татаад сайн дийлэхгүй хажуугаар нь харуулаад байж байтал замын хажуу талд машин зогсоод нэг залуу гүйж ирээд толгойг нь өргөөд унжуулж болохгүй толгойноос нь цус гарч байсан болохоор толгойг нь боох хэрэгтэй гэхээр нь миний хөл доор өмсөж явсан ягаан цамц минь байхаар нь би тэрүүгээр толгойг нь боогоод, толгой дор нь багажны нэг үүргэвчтэй цүнх байхаар нь би тэрийг нь дэрлүүлээд хэвтүүлсэн...Тэгээд тэр хүмүүс үнэртэй ус, спирт бариад үнэрлүүлээд аварч чадсангүй өнгөрчихлөө гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 07 сарын 27-ны өдөр 11 цаг 30 минутын үед Архангай аймгийн Тариат суманд явж байхад манай эхнэр Ц.Б- над руу залгаад осолд орлоо бид нарыг жижиг цагаан машин шахаад унагаачихлаа. Э.У- нас барсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тариат сумаас Мөрөн лүү 3 настай охины хамт гарсан. Би шөнө 21 цагийн үед хэргийн газар дээр очсон. Хэргийн газар дээр очиход цагдаа нар байсан. Мөн талийгаачийн барьж явсан 69 маркийн машин нь юу ч үгүй эвдэрч хэмхэрсэн байсан. Уг машиныг дөрвөн дугуйн дээр нь босгосон байсан. Тэгээд би сумын эмнэлэг дээр очоод талийгаач хүүгийнхээ шарилыг аваад Мөрөнд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
Гэрч А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Цагаан машин тоормосоо дарсан тэгэхэд тэр машин удааширсан тэгсэн тэр цагаан машиныг манай машин гүйцэж түрүүлсэн, тэгээд тэр машин бид нарын машиныг шахаж хажуугаар гарахдаа жолооч талруу хажуугаар мөргөсөн тэхэд нь манай машины жолооч өө гэж дуугараад тэр машинруу харсан, тэгэнгүүт бид нар замын хажуу руу орж 2 удаа эргэсэн. Тэгтэл машин дээшээ хараад дугуй нь дээшээ харж унасан байсан. Машинаас түрүүлж Ж- гарсан. Дараа нь би хамгаалалтын бүсээ тайлаад шар усны савыг холдуулж байгаад машины ар талын цонх хагарсан байсан түүгээр гарсан. Машинаас гараад хартал Ц.Б- орчуулагч машины хойд талд босоод суучихсан жолоочоо асуусан, машин тойроод хартал машины хойд талд жолооч залуу маш их амьсгаадаад дээшээ харсан байдалтай цээж нь төвхөлзөөд байсан. Тэгэхээр нь би жолоочтойгоо ярих гэтэл юу ч ярихгүй байсан. Тэгж байгаад хөдлөхгүй 2 минутын дараа амьсгалахгүй болсон” гэх мэдүүлэг /ххийн 46 дугаар хуудас/,
Гэрч Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Бид нар машинаараа явж байтал хажуугаар нэг машин гүйцэж түрүүлж ирээд манай машиныг жолоочийн талаар мөргөсөн. Тэр нь цагаан өнгийн машин байсан. Тэгтэл манай машины жолооч хажуу талруугаа хараад өө гэж дуугараад баруун тал руугаа жолооныхоо хүрдийг дарж замаас гараад 2 эргээд дөрвөн дугуй нь өөдөө харж буусан. Тэгээд би машины хаалгаар гарч араар нь тойроод А-ыг хаалганы хажууд очиж гарахад нь тусалсан. Шар өнгийн канистрыг холдуулж найзыгаа татаж машинаас гаргасан. Машины эсрэг талаар тойроод орчуулагчаа хайтал Ц.Б- орчуулагч босоод суусан байсан. Жолоочийг хартал машинаас 5 метр зайд байсан. Жолооч дээр очиж хартал дээшээ хараад амьсгал нь их ширүүн бөглөрсөн юм шиг байсан. Би туслахыг хичээсэн. Найз маань өөр машин зогсоож туслахыг хичээсэн. Тэгсэн боловч 2 минутын дараа амьсгалахгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би эхнэртэйгээ Арслангийн баяр луу явах гэтэл манай эхнэр чи архи уусан байна үлд гээд Гурван-Эрдэнэ сургуулийн тэнд буулгасан. Тэгээд би алхаад Гурван-Эрдэнэ сургуулиас өгсөөд явж байтал Б.М- гэдэг залуутай таарсан. Б.М-, Эрхэмээ гээд залуутай цагаан өнгийн аксент маркийн машин унаад явж байсан. Б.М- нь Тосон явж баяр үзлээ гэхээр нь би машинд нь суучихсан юмаа. Тэгээд бид 3 Мөрөнгөөс гарах замдаа Сод-Монгол орж бензин авахаар нь 0,5-тай Соёрхол гээд архи нэг ундаатай аваад Тосонцэнгэл сумруу гарсан. Замдаа явж байгаад нуурын босго дээр зогссон. Нөгөө авсан архиа хувааж уух гээд тойруултал Б.М- машин барьж яваа гээд уугаагүй. Харин Эрхэмээ гээд залуу бид 2 тэр архинаас уусан. Архиа ууж дуусгалгүй цааш явцгаасан. Замдаа явж байтал Улаан үзүүрийн доод талаас цагаан өнгийн 69 маркийн машинтай урд хойноо оролцоод явсан. Манай машины хөгжим нь чанга байсан шиг санагдаж байна. Б.М- тэр 69 маркийн машиныг гүйцэж түрүүлж ортол гэнэт тэр машин манай машины баруун талын хойд хаалга руу тас гээд мөргөсөн. Манай машин унах шахсан. Тэр 69 маркийн машиныг харахад шороо манараад ард тоормоз дараад үлдчихсэн юм шиг харагдаж байсан. Тэр машиныг унасан гэдгийг нь мэдээгүй. Б.М- тухайн үед айгаад сандарсан жолооны хүрдээ тогтворгүй бариад байсан. Тэгэхээр нь би Баянхангай минь гайгүй байхаа гэж хэлсэн. Тэгээд бид нар цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч М.Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2017 оны 07 сарын 27-ны өдөр Б.М-, Б.Э- гэдэг ахтай хамт Гурван-Эрдэнэ сургуулийн тэнд машинтайгаа явж байгаад таарч Арслангийн баярт хамт явахаар болсон. Тэгээд бид 3 Содмонгол колонк орж бензин авсан. Мөн дэлгүүрээс нь нэг шил 0.5-тай архи, коло гээд ундаа, тамхи аваад Тосонцэнгэл сумруу 11 цагаас 12 цагийн орчим бид 3 гарсан. Намайг Б.М- Төвшинөө гэж дууддаг. Харин Б.Э- ах Эрхэмээ гэж дуудаад байдаг. Миний нэрийг тэр хоёр өөр өөрсдийнхөө дуудаж сурсан нэрээр дууддаг юмаа. Тосонцэнгэл сумруу бид 3 явах замдаа Дөрөлж гэх газар зогсож бие засаад Б.Э- ах бид хоёр архиа задалж тойруулсан. Б.М- харин жолоо барьж яваа гээд архи уугаагүй. Ундаанаас уусан. Тэгээд бид 3 цаашаа явсан. Би Б.М-ын хажууд машины жолооч талын эсрэг суудал дээр сууж явсан. Тэр өдөр их халуун байсан учир би машины цонхоор нэг гараа гаргаад сэрүүцүүлээд явж байснаа хэсэг зүүрмэглэсэн байсан. Хар морьтоор даваад Их тахилтын эх гэдэг газарт явж байтал нэг цагаан өнгийн 69 маркийн машин манай машиныг гүйцэж түрүүлсэн. Манай машин тэр 69 машинтай урд хойноо ороод явж байсан чинь тэр 69 маркийн машин гэнэт миний сууж явсан машины баруун талын хойд гупер хэсэгт түс гээд мөргөсөн. Тэгтэл манай машины тэнцвэр алдагдаад 2 тийшээ болоод унах шахсан. Би толиндоо арын машиныг хартал бөөн тоос гозойгоод юм харагдахгүй байсан. Тэгээд бид нар гайгүй байлгүй дээ гээд цаашаа яваад өгсөн. Ямар нэгэн машин унасан зүйл тухайн үед харагдаагүй. Ямар ч байсан их хэмжээний хар тоос босоод, бөөн шороо боссон байсан тул ямар нэгэн зүйл харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 168 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 493 дугаартай 1. Цэдэвийн Ц.Б-гийн биед зүүн эгэм ясны хугарал, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, зүүн баруун сарвуунд зулгарсан шарх бүхий гэмтлүүд учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай 1. Б.Э-ын Э.У-ын биед гол судасны уруудах хэсгийн бүрэн бус тасрал, баруун зүүн талын олон хавирганы хугарал, зүүн хөмсөг дамнасан шарх, цээж зүүн гуянд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн осол, цээж хэсгээр жин ихтэй зүйлд дарагдах үед үүснэ. 3. Гол судасны уруудах хэсгийн бүрэн бус тасрал, баруун, зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүд нь үхэлд хүргэсэн байна. 4. Талийгаач нь нас бараад 6-8 орчим цаг өнгөрсөн байжээ. 5. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Б.Э-ын Э.У-ын биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Б.Э-ын Э.У- нь гол судасны бүрэн бус тасралын улмаас зүрх, судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 6. Б.Э-ын Э.У- нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. 7. Зөөвөрлөсөн гэх шинж тэмдэг мэдэгдэхгүй байна. 8. Онош хэсгээр батлагдаж байна. /дүгнэлтэнд 103 тоот гэрэл зургийн 1-14 үзүүлэлтийг хавсаргав/ гэх дүгнэлт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17- ны өдрийн 69 дугаартай: 1. Э.У-ын цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрэхгүй байв гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “4. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хатуу хучилттай замд Аксент маркийн 87- 31 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.М- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.2, 2.5.а, тус дүрмийн 1-р хавсралтын 25-д заасан “Гүйцэж түрүүлэн үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино”, “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх үүрэгтэй”, “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /ххийн 68 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5- 10 дугаар хуудас/, Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 11 дүгээр хуудас/ , Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зураг /хх-ийн 13 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ххийн 14-17 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 111 дүгээр хуудас/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 161-163 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 164-166 дугаар хуудас/, Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 168 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.М- нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Хар үзүүр” гэх газар засмал зам дээр ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ... улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинд сууж явсан Ц.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Э.У-ын амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, үйл баримтын талаар агуулгын хувьд зөрүүгүйгээр мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтат мэдээллээр тогтоогдсон гэж шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний амь нас хохирсон, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцов.
Харин шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нь авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч Шүүгдэгч Б.М-ын: “...Тэгсэн миний баруун талын ард хаалга руу нөгөө 69 маркийн машин мөргөсөн. Миний машин замын хажуу тал руу унах дөхөөд арай ч уналгүй цаашаа явсан. Нөгөө 69 маркийн машиныг толиндоо хартал тормозлоод тоос манаргаад зогсож харагдсан. Би тэр чигээрээ цаашаа яваад нөгөө хамт явсан хоёртоо эргээд харчих гэсэн чинь Түвшинөө миний хажууд сууж яваад цонх онгорхой байсан тул түүгээр хараад зүгээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Б-гийн: “...Тэгээд өгсүүр зам өөд явж байгаад манай машин тэр машиныг гүйцэж түрүүлээд явж байснаа нэг мэдэхэд нүдний үзүүрт нэг цагаан юм ороод ирсэн. Тээр үед нь надад жингүйдэж байгаа юм шиг санагдаад хөөрөөд явчихсан. Би дотроо нөгөө цагаа машин манай эгнээг булаачихлаа гэж бодсон. Тэгээд би мэдэхэд би газарт суун тусаад босоод ирсэн. Нэг өрөөсөн тавчиктайгаа байж байсан. Тэгээд би зам руу харсан чинь ямар ч машин байгаагүй. Манай машин замын хажууд унаад 4-н дугуй нь дээшээ харсан байсан. Их тоос шороо бужигнаж байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Э-ын: “...Б.М- тэр 69 маркийн машиныг гүйцэж түрүүлж ортол гэнэт тэр машин манай машины баруун талын хойд хаалга руу тас гээд мөргөсөн. Манай машин унах шахсан. Тэр 69 маркийн машиныг харахад шороо манараад ард тоормоз дараад үлдчихсэн юм шиг харагдаж байсан. Б.М- тухайн үед айгаад сандарсан жолооны хүрдээ тогтворгүй бариад байсан. Тэгэхээр нь би Баянхангай минь гайгүй байхаа гэж хэлсэн. Тэгээд бид нар цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг, Гэрч М.Б.Э-ын: “...Хар морьтоор даваад Их тахилтын эх гэдэг газарт явж байтал нэг цагаан өнгийн 69 маркийн машин манай машины гүйцэж түрүүлсэн. Манай машин тэр 69 машинтай урд хойноо ороод явж байсан чинь тэр 69 маркийн машин гэнэт миний сууж явсан машины баруун талын хойд гупер хэсэгт түс гээд мөргөсөн. Тэгтэл манай машины тэнцвэр алдагдаад 2 тийшээ болоод унах шахсан. Би толиндоо арын машиныг хартал бөөн тоос гозойгоод юм харагдахгүй байсан. Тэгээд бид нар гайгүй байлгүйдээ гээд цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн эвлэрлийн гэрээ байгуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Ц.Б- нь эмчилгээний зардал 3.434.650 /гурван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, шатахуун, замын зардал 112.700 /нэг зуун арван хоёр мянга долоон зуу/ төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөр 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг, нийт 8.947.350 /найман сая есөн зуун дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын хэмжээнд 6.134.650 /зургаан сая нэг зуун дөчин долоон мянга гурван зуун тавь/ төгрөгийн баримтыг үнэллээ. Хохирол төлбөрөөс 2812700 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй,өөрөөр хэлбэл НӨАТ-ийн баримтанд хэн хэзээ хэдэн төгрөгний эм тариа хэрэглэсэн нь тодорхойгүй,бичиг үсэг тоо нь мэдэгдэхгүй байгаа, газны үнэ хэн авсан гарын үсэггүй зэргээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох боломжгүй, хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдох төлбөр нь тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна.
Хохирогч Б.Э- нь Э.У-ыг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал 8.306.820 /найман сая гурван зуун зургаан мянга найман зуун хорь/ төгрөг, шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг, эд хөрөнгөд учруулсан гэм хор 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 14.995.020 /арван дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга хорь/ төгрөг, нас барсан хохирогчийн асрамжид байсан 3 хүүхдийн гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилж байх бөгөөд үүнээс шүүгдэгч нь 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн байх ба үлдэх 11.855.020 төгрөгийг шүүгдэгч Б.М-аас гаргуулж хохирогч Б.Э-т олгож шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.М-аас 6.134.650 /зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д, 11.855.020 /арван нэгэн сая найман зуун тавин таван мянга хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т олгох, хохирогч Ц.Б- цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөр хохирол, хохирогч Б.Э- нь тэжээгчээ алдсаны гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан ... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашины эзэмшигч нь Н.Д-ы нэр дээр бүртгэгдсэн байх ба уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн байгаа газар тогтоогдохгүй байгаа гэх мөрдөгчийн тэмдэглэл, мөн шүүгдэгч нь дээрх тээврийн хэрэгслийг худалдаж авсан талаараа мэдүүлсэн байх тул шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатаах гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.М-аас 6.134.650 /зургаан сая нэг зуун гучин дөрвөн мянга зургаан тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д, хохирогч Б.Э-т 11.855.020 /арван нэгэн сая найман зуун тавин таван мянга хорь/ төгрөгийг тус тус гаргуулж олгох, хохирогч Ц.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хохирогч Б.Э- нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан .... улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгохыг дурьдсугай.
7. Эрүүгийн 1738000920068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН