| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2506 01924 1256 |
| Дугаар | 2025/ДШМ/1101 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 11.4.2.2., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1101
2025 09 11 2025/ДШМ/1101
П.Ч т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Машлай,
хохирогч Д.Б-,
яллагдагч П.Ч-,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/4964 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Баасанбаярын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар прокурорын эсэргүүцлээр П.Ч-т холбогдох 2506 01924 1256 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт П-гийн Ч-, ..........., /РД: ........../;
Яллагдагч П.Ч- нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “зээл авч өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Б-гийн цавь хэсэгт удаа дараа өшиглөж, биед нь бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцрал, арьсан доорх цусан хураа, өгзөг, хоёр талын цавь, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч П.Ч-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Үүнд: Хохирогч Д.Б-гийн “...2024 оны 6 сарын 03-ны өдөр миний хамрыг хугалж байсан. Хугарсан хамраа гэмтлийн эмнэлэг дээр тэгшлүүлж эмчлүүлсэн. Аав, ээж 2 минь мэдээд 21 дүгээр хорооны цагдаатай гэрт ирж намайг Сэлэнгэ аймаг аваад явсан” гэх мэдүүлэг /хх 21-23/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0725/2618 дугаартай “...Д.Б-гийн ...хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал нь хуучин 2024 оны 06 дугаар сард үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх 34-36/, шинжээч Э.Эрхэмбаярын “...Д.Б-гийн биед үүссэн бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцрал, арьсан доорх цусан хураа, өгзөг, хоёр цавь, хоёр гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь шинэ гэмтэл бөгөөд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдоно. Харин хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2024 оны 06 дугаар сард үүссэн байх боломжтой хуучин гэмтэл юм. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь 1-2 удаагийн өшиглөх үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх 101-102/, Эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх 41/, Мed trauma эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу “...Өгүүлэмж: ...6/3-нд зодуулсан, нүд хамар хавдаж хөхөрсөн. ...Дүрслэл: ...Хамар ясны баруун хажуу хананд 1,2 см орчим өргөн зайд дотогш үл ялиг цөмөрсөн, хянга дамнасан хугаралтай, таславч баруун тийш бага зэрэг муруйлттай. ...Хамрын эргэн тойрон, хоёр нүдний доод зовхи, хоншоорын хэсгийн зөөлөн эдүүдэд хавантай.” гэх /хх 42/, яллагдагч П.Ч-ийн “...2024 оны 6 сард салхинд гараад нэг гол дээр очсон тэндээ уугаад бүгд согтсон. Бид хоёр өмнө болж байсан зүйлсээ ярилцаж байгаад маргалдаад би хамар руу нь цохисон.” гэх мэдүүлэг /хх 94-95/ зэрэг нотлох баримтуудтай танилцав. Прокуророос яллагдагч П.Ч-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эх 4-1664 тоотод хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар яллагдагч П.Ч- нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон атал Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл байгаа эсэхийг шалгахгүй орхигдуулжээ. Прокуророос энэ талаар нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул эрүүгийн процесс ажиллагаа явуулах боломжгүй гэх тайлбар гаргасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан. Иймээс яллагдагч П.Ч-ийн үйлдлүүдийн хувьд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйлдэл тус бүрт нь шинээр тоолохоор байна. Эрүүгийн хуулийн системчлэл, хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн нэг зүйлийн доторх хэсэг, заалтууд нь гэмт хэргийн үндсэн, хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинждээ хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан учруулсан хохирол, хор уршгийг хөнгөнөөс хүнд рүү гэх дарааллаар бичиглэсэн байвал түүнийг хэрэглэхдээ хамгийн хүнд ялтай гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн дотор багтаан авч үзэж хэрэглэдгээс бус Эрүүгийн хуулийн тусгай анги дахь хэд хэдэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бие даасан эхлэл төгсгөл бүхий хэд хэдэн удаагийн үйлдлээр буй болгосон тохиолдолд үйлдэл тус бүрт нь тохирох Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэх учиртай. Иймээс яллагдагч П.Ч-ийн 2024 оны 6 дугаар сард хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шалгаж, гэмт хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлон, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна. Шүүхээс хэргийг прокурорт буцааж буй тул энэ хэрэгт эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг иргэний нэхэмжлэгчийг тогтоох эсвэл нэхэмжлэх эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр прокурорын байгууллага өөртөө шилжүүлэн авах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй. Шаардах эрхийг хэрэгжүүлэх хуулийн этгээд болох Монгол Улсын Засгийн газрын агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж байсаар атал прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаална гэдэг хэт ерөнхий зохицуулалтыг хэрэглэж шаардах эрхийг нь өөртөө шууд олж авч хэрэгжүүлэх нь зохимжгүй бөгөөд үндэслэлгүй юм. Мөн яллагдагч П.Ч-ийн хувийн байдлыг тогтоох, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг эсэх, хүүхдүүдийг эх нь тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх, хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдал зэрэг эрсдэлийн болоод гэр бүлийн хүчирхийллийн талаар үнэлгээг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.З, 1.4, 1.5, 1.6 дахь заалтад тус тус заасан нотолбол зохих байдлыг нотлох ач холбогдолтой болно. Яллагдагч П.Ч-т холбогдох хэрэгт дээрх ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Баасанбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон тогтоосон. Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд заасан хэргээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд яллах дүгнэлтэд дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй билээ. Прокуророос яллагдагч П.Ч-ийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “зээл авч өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Б-гийн цавь хэсэгт удаа дараа өшиглөж биед нь бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцрал, арьсан доорх цусан хураа, өгзөг, хоёр талын цавь, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласан болно. Гэтэл шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдаагүй гэмт хэргийг буюу 2024 оны 06 дугаар сард хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шалгуулах үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/4964 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Р.Машлай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс энэ хэргийн хөнгөн, хүндэвтэр гэмтлийн талаарх асуудлыг дурдаж прокурорт буцаасан. Шинжээчийн дүгнэлтэд урьд нь хөнгөн гэмтэл авсан байх боломжтой гэсэн. Прокурорын зүгээс үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн хэргийнхээ хүрээнд шүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын зүйлчилсэн зүйлчлэлийн хүрээнд шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж тайлбарласан байсан. Энэ тайлбарыг нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, энэ хэргийн үйл баримтыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шөнийн үйл баримтад тулгуурлж дүгнэлт гаргасан байна. Өөр нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Хохирогч Д.Б-а тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө нь хамраа хугалуулсан асуудалд гомдол байхгүй. ...” гэв.
Яллагдагч П.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна. Ханиа гомдоосонд маш их харамсаж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч П.Ч-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч П.Ч- нь 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “зээл авч өгсөнгүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Б-гийн цавь хэсэгт удаа дараа өшиглөж, биед нь бэлгийн их, бага уруулд зөөлөн эдийн няцрал, арьсан доорх цусан хураа, өгзөг, хоёр талын цавь, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт зэрэг гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх П.Ч-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Хавтас хэрэгт авагдсан дээрх баримтуудаар яллагдагч П.Ч- нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Д.Б-гийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон атал Эрүүгийн хуулийн тохирох зүйл хэсгээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл байгаа эсэхийг шалгахгүй орхигдуулжээ. Яллагдагч П.Ч-ийн үйлдлүүдийн хувьд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн үйлдэл тус бүрт нь шинээр тоолохоор байна. Иймээс яллагдагч П.Ч-ийн 2024 оны 06 дугаар сард хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шалгаж, гэмт хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлон, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна. Шүүхээс хэргийг прокурорт буцааж буй тул энэ хэрэгт эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг иргэний нэхэмжлэгчийг тогтоох эсвэл нэхэмжлэх эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр прокурорын байгууллага өөртөө шилжүүлэн авах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй. Мөн яллагдагч П.Ч-ийн хувийн байдлыг тогтоох, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг эсэх, хүүхдүүдийг эх нь тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлж байгаа эсэх, хүүхдүүдийн амьдарч буй нөхцөл байдал зэрэг эрсдэлийн болоод гэр бүлийн хүчирхийллийн талаар үнэлгээг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. П.Ч-т холбогдох хэрэгт холбогдох дээрх ажиллагаануудыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б-гийн “...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр миний хамрыг хугалж байсан. Хугарсан хамраа гэмтлийн эмнэлэг дээр тэгшлүүлж эмчлүүлсэн. ...” /хх 21-23/ гэсэн, шинжээч Э.Эрхэмбаярын “...Харин хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2024 оны 06 дугаар сард үүссэн байх боломжтой хуучин гэмтэл юм. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 101-102/ гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2618 дугаартай “...Д.Б-гийн ...хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал нь хуучин 2024 оны 06 дугаар сард үүссэн байх боломжтой. ...” /хх 34-36/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд авагдсан байх бөгөөд хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байж болзошгүй, мөн гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагчийн үйлдэл, оролцоо, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг буюу яллагдагч П.Ч-ийн 2024 оны 06 дугаар сард хохирогч Д.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг шалгаж, гэмт хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлон, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/4964 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Баасанбаярын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР