Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/232

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1838000000302 дугаар хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Н-,

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод Н.Э-той маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод Н.Э-той маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай сумын Хавтгай хочтой Н.Э- гээд залуу манай хашаан дотор байх Баатар гэж айлынд орсон. Н.Э- би хотоос ирлээ ахдаа нэг юм авч өгнө гээд байхаар нь за тэгвэл тэг гэж хэлээд 2 шил 0,5-тай Далай гэж архи манай гэрт хувааж уусан. Тэгээд манай гэрт эхнэр Шинэ-Оюун байсан. Тэгэж байтал Н.Э- бид хоёр маргалдаад зодолдсон. Юунаас болж маргалдсан гэдгийг бол сайн санахгүй байна. Н.Э- бид хоёр зодолдож байгаад би аягаар нүүрэн тус газар нь цохиод гэмтээчихсэн. Н.Э- удалгүй эмэнэлэг явахаар гэрээс гараад 1000-н төгрөгний бүжиг рүү яваад бүжиглэж байгаад гэртээ ирээд унтсан. Маргааш нь манай гэрт цагдаа нар ирээд намайг авч явсан. Н.Э- бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзон бол байхгүй. Тэр үед согтсон байсан болохоор архины халуунд ийм зүйл хийчихлээ... Н.Э- бид хоёр маргалдаад би Н.Э-ын нүүр толгой хэсэг рүү хоёроос гурван удаа цохьсон” гэх мэдүүлэг/ххийн 15-р хуудас/,

Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р баг ... тоотод байрлах Баатар ахын гэрт очсон. Тэдний гэрт очиход миний ээж Наранцэцэг маань тэдний гэрт ирчихсэн байсан. Баатар ахын хашаанд нутгийн ах Б.Н-ийн гэр нь байдаг юм. Тэгээд би Б.Н- ахын гэрт нь орж уулзаад: энд ажпаар ирлээ, өнөөдөр танай гэрт хоночихъё гэхэд тэг тэг гэж байсан. Тэгээд би тэдний гэрт хоол унд идсэн. Хоол цай идчихээд би Б.Н- ахаас юм уух уу гэхэд ууя гэж байсан. Тэгээд би Б.Н- ахтай хамт 0,5 литрийн Далай ээж нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Хоёр дахь архиа уугаад байж байхад 19 цагийн үед хамаатны ах Б.Н-ийн найз Энхбат ирсэн. Б.Н-, Энхбат бид гурав Шим нэртэй 0,5 граммын архи хувааж уусан. Оройн 21 цаг өнгөрч байхад байхаа Б.Н- ах өөрийн эхнэр Шинээтэй хэрэлдэж маргалдаад байсан. Б.Н- ах эхнэр Шинээгээ хуучин нөхөртэйгөө утсаар ярьлаа гэж хэрэлдэж маргасан. Би энэ хоёрыг маргалдаад байхаар нь дундуур нь орж салгасан. Үүнээс хойш 23 цагийн үед байхаа /цагийг нь сайн санахгүй байна /Б.Н- ахын гэрийн баруун талын орон дээр унтах гээд хэвтсэн. Тухайн үед гэрийн гэрэл унтраатай байсан. Би тухайн үед унтах гээд хэвтэж байтал юм дуугарах шиг болохоор нь босох гэтэл Б.Н- ах аягаар миний толгой руу цохьчихсон. Тэгж цохиулах үед миний ухаан балартаад л яваад өгсөн. Б.Н- ах намайг аягаар хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна, ямар ч байсан нэг удаа цохиулснаа санаж байна. Тухайн уед миний толгойноос их цус гарч байсан болохоор доошоогоо тонгойгоод юм дуугарч чадаагүй. Тэгж байхад Б.Н- ахын эхнэр Шинээ гэрэл асаагаад юу болж байнаа гэж хэлсэн. Гэрэл асаахад Б.Н- ах намайг гараараа цохих гэж дайрсан. Тэр үед Шинээ хориглоод болиулсан. Тэгээд байж байхад Шинээ Б.Н- ахыг дагуулаад гараад явсан. Харин би гэрт ганцаараа хоцорсон. Тэгж байтал гаднаас манай ээж Наранцэцэг, Б.Н- ахын эгч Чимэгээ энэ хоёр орж ирсэн. Тэгээд байж байхад түргэний эмч нар намайг ирж үзээд эмнэлэг рүү авч явсан. Тухайн үед ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг/хх-ийн 10-р хуудас/,

Гэрч Д.Ш.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр найз залуу Б.Н-ийнхээ хамт Б.Н-ийн хамт байж Б.Н-ийн гэрт байж байхад Б.Н-ийн найз Н.Э- ирсэн...Тэгээд би оройны 23 цагийн үед унтаж амарсан. Намайг унтаж байхад шөнийн 02 цаг өнгөрч байх үед гэрт маань хүн орилолдоод явчихаар нь сэрээд харахад Б.Н-, Н.Э- хоёр зодолдчихсон байдалтай байсан. Тухайн үед Б.Н- миний орны хажууд ирээд суучихсан, гарнаас нь цус гарчихсан, нүүр нь энд тэндээ цус болчихсон байдалтай байсан. Харин Н.Э- гэрийн нөгөө талын орон дээр суучихсан, толгойноос нь цус гарчихсан, нүүр царай нь нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан. Би тухайн үед тэр хоёроос яав юу болов гэж асуухад Н.Э-: танай нөхөр чинь намайг чамтай хардлаа гэж хэлж байсан. Тэгээд би гэрээсээ гүйж гараад Н.Э-ын ээжийг дуудаж түргэн туеламж дуудуулсан. Би түргэн дуудах хооронд Н.Э-ын толгойг нь боогоод өгчихье гэж бодсон боловч Н.Э- толгойгоо боолгохгүй гээд байсан. Удалгүй түргэн тусламж ирээд Н.Э-ыг аваад явсан. Харин Б.Н- гэртээ унтаж амарсан. Тэгээд намайг ажилдаа явсан хойгуур цагдаагийн газраас хүмүүс ирээд Б.Н-ийг аваад явсан байсан. Тухайн үед ийм л юм болсон” гэх мэдүүлэг /ххийн 18-19 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн шинжилгээний 414 дугаартай “1.Н.Э-ын биед зүүн зулайн урд хажуу хэсэг, зүүн зовхины дээд хэсгээс хөмсөг хүртэл үргэлжилсэн шарх, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсэн байна. З.Н.Э-ын биед үүссэн шарх, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх- ийн 24 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Н.Э- нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод Н.Э-той маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан улмаар Н.Э-ын биед зүүн зулайн урд хажуу хэсэг, зүүн зовхины дээд хэсгээс хөмсөг хүртэл үргэлжилсэн шарх, баруун хөмсөгний дээд хэсэг, баруун доод зовхи, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Н-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Хохирогч Г.Н.Э- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Н-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838000000302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838000000302 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Э- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Н-ээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Н.НЯМСҮРЭН