| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2508 00395 0418 |
| Дугаар | 2025/ДШМ/1103 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/1103
2025 09 16 2025/ДШМ/1103
Д.Ч-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
шүүгдэгч Д.Ч-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ч-ад холбогдох 2508 00395 0418 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-ын Ч......., /РД: ........./;
Шүүгдэгч Д.Ч- нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 17.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын урд хэсэгт хохирогч Б.Д-ийг өөрийн найз Д.Э-ыг машины урд талын суудлаас татаж буулгасан үйлдэлд дургүйцэж, түүний эрүүн тус газарт гараар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зүүн 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож, солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-аас 5.242.200 төгрөг гаргуулж хохирогч Б.Д-д олгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-аас 3.418.974 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Б.Д- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолоор миний өмгөөлүүлэгч Д.Ч-ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан хэт хүндрүүлсэн ял шийтгэл оногдуулсан байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд өмгөөлөх эрхээр хангагдаагүй байна. Иймд шүүхээс Д.Ч-ын хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Д.Ч- нь хохирогч Б.Д-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. ... Мөн анхан шатны шүүхээс хохирогчийн хор уршгийг арилгасан эсхүл арилгаагүй гэдэгт дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Д.Ч- нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 17.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, Залуус хорооллын урд хэсэгт хохирогч Б.Д-ийг өөрийн найз Д.Э-ыг машины урд талын суудлаас татаж буулгасан үйлдэлд дургүйцэж, түүний эрүүн тус газарт гараар нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зүүн 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Д-ийн “....2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Төв аймаг руу унаанд суух гээд Хуучин драгон дээр очсон. Тэгээд нэгэн ах “...Төв аймаг руу хөдөлнө” гэхээр нь би зөвшөөрөөд уг машины урд суусан. Удалгүй гурван хүн хүрээд ирсэн бөгөөд машины ард суусан. ... Жолооч машинаа хөдөлгөөд бид бүгдээрээ явцгаасан ба улмаар Залуус хорооллын урд талд зогссон бөгөөд би “CU” дэлгүүр орж ... буцаад машин дээр ирэхэд ... нэг нь миний сууж байсан жолоочийн хажуу талын суудал дээр сууж байхаар нь би “суудал дээрээ сууя” гэхэд уг урд сууж байсан ах надад хандаж “чи даварсан гөлөг вэ, хойшоо суу” гэж хэлсэн. Уг хүн миний куртикнээс татаад буугаад ирсэн ба бид хоёр маргалдаад байж байтал машины хойно сууж байсан нөгөө хоёр хүн нь гарч ирээд, намайг хоёр талаас бариад авсан ...ба 180 орчим өндөртэй, 40 орчим насны ах миний эрүү рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би хойшоо унасан... Би манараад зогсож байтал уг машин яваад ганцаараа үлдсэн бөгөөд цагдаа дуудсан. ...” /хх 15/,
гэрч Ч.Ж-ийн “... Миний харснаар тэр залуу манай найзыг урд суусан байсныг татаж чирч гаргаж ирсэн. Тэгээд тэр хоёр барилцаад авахад нь би очиж болиулаад зогсож байтал Д.Ч- хүрч ирээд тэр залуугийн зүүн шанаа хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж аваад салсан. Тэрнээс өөр зодоон болоогүй. Мөн тэр залуу эсэргүүцэж, дайрч давшилсан зүйл байхгүй. Тэр залуу манай найзыг шууд хүрч ирээд “чи буу, хөгшин толгой минь” гэж татаад машинаас буулгасан. ...” /хх 21-22/,
гэрч Д.Д-гийн “... үл таних залуу “Төв аймгийн Заамар сумын ...алтны уурхай явна” гээд нэг эмэгтэйн хамт хүрч ирээд ... “Хамт ирсэн хүнээ явуулчхаад хүрээд ирье” гэж хэлээд явсан. Тэр хойгуур бас гурван согтуу залуу ирээд “Заамар явна” гэж хэлсэн. ...Би түрүүлж ирсэн залууг “явъя” гэж хэлсэн чинь тэр залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, бас согтуу хүрээд ирсэн. Тэгээд суугаад хөдлөх гэтэл хамт явж байсан гурван залуугийн нэг нь “би зардал мөнгийг нь өгөх юм, ...цуг хөдлөөд зам дагуу АТМ-тэй газар зогсчих” гэж хэлээд, ...баруун тийш яваад зам дагуу Сансар худалдааны төв гэх хоёр давхрын үүдэнд ирээд зогстол сууж явсан хүмүүс бүгд буугаад дэлгүүр орсон. Удалгүй гарч ирээд гурвуулаа ирсэн залуус болох Д.Э- нь миний машины урд орж ирээд суусан. Цаанаасаа түрүүлж ганцаараа ирсэн залуу суугаад хөдөлсөн байсан. Тэгсэн нөгөө ганцаараа явж байсан залуу ...Д.Э- гэх залууг урд сууж байхад хүрч ирээд “Би урд сууж байсан, чи буу” гээд машинаас татаад чирээд буулгасан. Гэтэл Д.Э-тай хамт явж байсан залуучуудын хойно сууж байсан хоёр залуугийн арай эрүүл болох залуу буугаад тэр залууг бариад авсан чинь хамт хойно сууж байсан залуучуудын өндөр биерхүү залуу буугаад тэр залууг цохиж газар унагасан. Би очоод салгасан чинь цохиулсан тэр залуу нөгөө цохисон залуу руу дайраад, шорон орон яриад хэрүүл хийгээд байхаар нь би “та нар бүтэхгүй хүмүүс байна” гээд цохиулсан залууг буулгаад, ... Замаар сум руу явсан ...” /хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Д-ийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зүүн 2-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1491 дугаартай дүгнэлт /хх 51-52/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн “... Б.Д-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүдийн үргэлжлэх цаг хугацаа, түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, биеийн эдгэрэл эмчилгээ, цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. ...” гэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 462 дугаартай дүгнэлт /хх 56-58/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх 6/, хохирогч Б.Д-ийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 53/ зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ч-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хохирол нөхөн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор буюу 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Д.Ч- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролдоо хохирогч Б.Д-д 5.242.200 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.418.974 төгрөгийг тус тус нөхөн төлснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж үзэв.
Мөн шүүгдэгч Д.Ч-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.Ч- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Ч-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1484 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Ч-ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Д.Ч-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч- нь шүүхээс оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ч- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Д.Ч- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Д-д 5.242.200 /таван сая хоёр зуун дөчин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.418.974 /гурван сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун далан дөрөв/ төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР