| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/12444/И |
| Дугаар | 191/ШШ2026/01743 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01743
| 2026 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 191/ШШ2026/01743 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 43 дугаар хороо, 13 хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж ******* хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байгууллагад халагдах гэж 7 жил ажиллаагүй. Иймд гомдолтой байгаа.
Миний бие 2018 онд ахлах ахлах худалдааны зөвлөх албан тушаалд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан, тасралтгүй 6 жил, 4 сар ажиллаж байгаад ******* ******* ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б0523 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Би энэ байгууллагад 2024.04.24-ний өдрийг хүртэл ямар ч зөрчилгүйгээр, сэтгэлээсээ ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс маань мэдэж байгаа.
2024 оны 4 сарын 24-ний өдөр хүний нөөцийн хэлтсээс ахлах брэнд менежер, үйл ажиллагааны менежер дуудаж, 3 сар хүртэлх үндсэн цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлтэй танилцахад огт санал нийлээгүй. Надаас шалтгаалсан сахилгын шийтгэл байгаагүй. Хоцорч дэлгүүрээ нээсэн гэсэнтэй маргахгүй байгаа. Мөн өөр хүнээр дэлгүүрээ нээлгэсэн, хариуцагч байгууллагын цахим хаягт хүмүүстэй зохисгүй харилцсан гэсэн. Өөр лангууны худалдагчаар дэлгүүрээ нээлгэсэн гэдэг нь, нэг компанийн 2 давхарт байрлах дэлгүүр байгаа. Тухайн үед олон дэлгүүрийн зөвлөхүүд бие биеийгээ таньдаг. Би хоцрох гэж байгаа шалтгаанаа хэлсэн. Утсаар холбогдож би унтчжээ, хоцрох гээд байна гэж нэг хүнээс гуйсан. Дэлгүүр нээгээд 5 минутын дараа дэлгүүртээ орж ирсэн. Тангүй хүнээр дэлгүүрээ нээлгээгүй. Өмнө нь байгууллагын ажилтнуудын дунд ийм тохиолдол гардаг байсан. Тухайн зүйлийг хэлэлцээгүй мөртөө над дээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн байгууллагад ажиллаж байсан зөвлөх манай зөвлөхөөр дэлгүүрээ нээлгүүлж байсан олон тохиолдол байдаг. Гэтэл түүнийг авч хэлэлцээгүй, ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй байж над дээр ялгаварлан гадуурхах хандлага гаргасан.
Цахим хаягт үйлчлүүлэгч гутлын хэмжээ асуусан байдаг. Салбар дэлгүүр олон байдаг. Манай салбар дээр байхгүй дэлгүүрийн салбар дээр байгаа гэдгийг тайлбарласан. Үйлчлүүлэгч олон дахин явдал, суудал болсон байсан тул бухимдаж бичсэн зүйлийг надад тохсон. Тэр хүн нь манай ахлах брэнд менежер байсан н.Оюунгэрэл гэх хүний найз байсан. Тухайн хүн нь ажлаа аваад удаагүй байсан тул дэлгүүрүүдээр явуулж шалгалт хийлгэсэн байх. Ингээд худалдааны зөвлөхүүд тоож харьцаагүй, хүн чинээ тоогоогүй гэх сөрөг сэтгэгдлийг над дээр хуулбарлаж, миний алдаа мэт танилцуулсан. Намайг хавчиж, шахаж байсан.
Сахилгын шийтгэл авмааргүй байна гэдгээ тайлбарлаж хэлсэн. Тухайн үед маш олон хүүхдүүдийг ажлаас нь халж байсан. 2024 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл олон ажилчдаа халсан. Гадаад үзэмж байгаа байдлаар нь дүгнэж халж байсан. Заримд нь сахилгын шийтгэл ноогдуулж ажилд нь үлдээсэн. Тухайн үед олон жил хариуцагч байгууллагад ажилласан байсан тул хэл ам хийгээгүй. Хэлэх үгээ хэлсэн. Сахилгын шийтгэл ноогдуулсныг хүлээн зөвшөөрсөн. Үндсэн цалингийн 20 хувийг хасна гэсэн.
Хөдөлмөрийн дотоод журам гэх зузаан зүйлтэй би танилцаж байгаагүй.
Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн 20 хувь хүртэл 3 сараас бууруулна гэсэн боловч миний цалинг 2024.04.24-ний өдөр дуудаж сахилгын шийтгэл оногдуулсан. 5 дугаар сар, 6 дугаар сарыг хасаж тооцсон. Хавар ачаалалтай байдаг, хүн, хүч дутмаг ажиллаж, борлуулалт өндөр байдаг. Борлуулалт өндөр байдаг сар дээр үндсэн цалингийн 20 хувь гэж бодсон байсан боловч илүү цагийг өгөөгүй, урамшууллыг олгоогүй. Цалингаа авчаад маргаан үүсгэсэн. Үндсэн цалингийн 20 хувь гэсэн байхад 70, 80 хувийг суутгасан байна гэхэд ...сахилгын шийтгэлтэй байхад илүү цаг, урамшууллыг олгодоггүй, нэмэгдэл өгдөггүй гэж хүний нөөц хэлсэн.
Дотоод журамтайгаа танилцмаар байна гэхэд шинээр орж ирсэн хүний нөөц байсан өмнөх дотоод журмыг мэдэхгүй байна. Шинээр боловсруулж байгаа гэж хэлсэн. Хөдөлмөрийн дотоод журамтайгаа танилцаагүй. 5 дугаар сарын урамшууллыг авч чадаагүй, 6 дугаар сард зөвхөн үндсэн цалингийн 20 хувиар бодуулсан байгаа. Нэг жил бүтэн ажилласан. 2025 оны 4 дүгээр сард гэнэт дуудаж ажлаас чөлөөлөх болсон талаар хэлсэн. Манай байгууллагад олон жил ажилласан хүмүүс байдаг байсан. Би цалин авдаггүй байсан. Ажилдаа дуртай байсан, илүү цагаар ажиллаа гэж гомдолдоггүй байсан. Тушаал дэвш, цаашдынхаа ирээдүйг харж, олон жил энэ газар тогтвор сууршилтай ажилласан. Олон хүн илүү цагаар ажиллаад халагддаг асуудал байгаа тул тэр олон хүнийг төлөөлж дуугарч байна.
2025 оны 4 дүгээр сарын 3-нд намайг дуудаад гурван хүний бүрэлдэхүүнтэй суулгаад сахилгын зөрчил гэсэн баримт дээр гарын үсэг зуруулаад ажлаас халж байгаа гэж хэлсэн. Энэ тушаалаа бичгээр 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн. Өөрөөр хэлбэл, 4 сарын 3-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулаад энэ өдрөө намайг ажлаас халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь 2010 оноос хойш манай компанид ажиллаж байгаа бөгөөд Шангрилагийн Лакостэ брэндэд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүрэг болох ажлын байрны өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажиллах, дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, санал болгох зэрэг тодорхой үүргүүдээ зөрчсөний улмаас 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/04/99 дугаар сахилгын шийтгэлээр Хөдөлмөрийн гэрээний 7.4.17 дахь хэсэгт заасны дагуу өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдсан гэх үндэслэлийг баримталж сахилгын шийтгэл оногдуулсан.
Сахилгын шийтгэлийг ноогдуулах гол шалтгаан нь, 2024 оны 4 дүгээр сарын 184 минут буюу 3 цаг 04 минутын хоцрогдол илэрсэн. Мөн хэрэглэгч нарт үйлчлэхгүй гэх шалтгаан болоод харилцагч нараас удаа дараа гомдол ирсний дагуу тухай сахилгын шийтгэлийг оногдуулж байсан. 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/0504 тоот тушаалаар компани хооронд шилжүүлэн томилох тушаал гарсны дагуу хавсралтаар Ц.******* нь ******* ******* ХХК-нд ажиллахаар болсон. Гэхдээ ямар нэг байдлаар өөр мэргэжлээр, өөр газар шилжүүлж байгаа бус зүгээр компанийн нэр солигдож байгаа зүйл.
2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05/23 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан. 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах хуудсыг үндэслэн гаргасан тушаал.
Нэхэмжлэгч нь 2025 оны нэг сард 107 минут, 2 сард 103 минут, 3 сард 110 минут тус тус хоцорч хөдөлмөрийн гэрээ болон группийн харьяа компаниудын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 8.17.1 дэх хэсэгт заасны дагуу сард 60-аас дээш минут хоцорсон, эрт тарсан гэх зүйл заалтуудыг зөрчсөний улмаас сахилгын зөрчилд тооцсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж сахилгын шийтгэл оногдуулж байгаа тул мөн хуулийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн дотоод журам нь ******* ******* ХХК-ийн журам байгаа. 8.17.1 дэх нь болохлоороо группийн дотоод хөдөлмөрийн дотоод журам байгаа. группийн харьяа компаниудад дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам гэж байгаа. Үүний 8.17.1 дэх хэсэг. 2 дахь удаа сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл. 2 дахь сахилгын шийтгэлээс үүссэн маргаан гэж ойлгож байгаа. группийн харьяа компаниудын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам. Нөгөө журам нь ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам байгаа. Энэ нь мөн 2 дахь сахилгын шийтгэлд хамаарч байгаа. Тушаал дээр 6.36.4 дэх хэсэг гэж тайлбарлачсан байгаа. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй холбоотой заалтуудыг заасан байгаа. 2 өөр дотоод журам байгаа. Бүх нийтээр дагаж мөрдөх нэг группын харьяа компаниудад дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журам, нэг нь ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам байгаа. Уг 2 журмыг баримталж арга хэмжээ авсан байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх хэсэг болон ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.36.4 дэх хэсэг, мөн Хөдөлмөрийн гэрээний 7.4.17 дахь хэсгийг тус тус үндэслэл болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, иргэний үнэмлэхний лавлагаа, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б 05 23 дугаартай тушаал, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан баримт, эмчийн үзлэгийн хуудас,цалингийн мэдээлэл, тус шүүхийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 00931 дугаартай тогтоол,
хариуцагчаас, ашиг сонирхлын мэдүүлгийн маягт, хөдөлмөрийн гэрээ, худалдааны зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт, 2024 онд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуудас, 2025 онд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуудас, ажилтны ажиллах цагийн хуваарь, цагийн хуваарийн хүснэгт, гэрэл зураг, ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 5 сарын 13-ны өдрийн Б 04 99 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2025 оны 4 сарын 10-ны өдрийн Б 05 23 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, 2025 оны 2 сарын 01-ний өдрийн А 05 01 дугаар тушаал батлах эрх олгох тухай тушаал, 2025 оны 2 сарын 19-ний өдрийн Б 05 04 дугаартай компани хооронд шилжүүлэн томилох тухай тушаал, тушаалын хавсралтууд, тойрох хуудас, гурван талт хорооны шийдвэр, ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хэргийн оролцогчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 10 сарын 17-ны өдрийн албан тоот, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, шийдвэр хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох бичилтийг хийлгэх тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Шүүх зохигч талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг хангуулах үндэслэлийг, ...хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор ноцтой зөрчил болон сахилгын давтан зөрчлийг гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... 3 сар дараалан ажлаас хоцорсон бөгөөд энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.1 дэх хэсэгт заасан сард 60 аас дээш минут хоцорсон гэх заалтыг зөрчсөн. Мөн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 5 сарын 12-ны өдрийн 25/31 дугаар хуралдааны шийдвэрийг 5 сарын 20-ны өдөр авсан гэж гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэлийг 6 сарын 27-ны өдөр гаргаж хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж тайлбарласан.
3.Ажил олгогч ******* ******* ХХК нь 2024 оны 3 сарын 01-ний өдөр Ц.*******той хөдөлмөрийн гэрээ байгуулан, гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/05/04 дугаар тушаалаар ахлах худалдааны зөвлөхийн ажилд шилжүүлэн томилж, ажилтан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй.
Фешн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\05\23 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.36-д хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д заасан дараах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, 6.38-д ажилтын чөлөөлөхөд гүйцэтгэх захирлын тушаал гаргах бөгөөд тушаалд хууль зүйн үндэслэл, ажил хүлээлцэх хугацааг тусгаж, эд хөрөнгийн болон бусад тооцоо хийхийг холбогдох ажилтнуудад үүрэг болгон тусгана гэж, 6.40-д ажилтан ажлаас чөлөөлөгдөх үед ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг тооцон олговор олгоно гэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч ахлах худалдааны зөвлөх ажлаас чөлөөлсөн байна.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус тус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болохоор зохицуулсан байна.
Ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд чөлөөлөх үндэслэлтэй холбоотой хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй байх бөгөөд тушаалын нэг үндэслэл болсон удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг даалгавар зааврыг биелүүлээгүй гэх үндэслэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарахгүй байна. Тодруулбал, тушаалд дурдсан дээрх үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмын 6.37-д заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх, ноцтой зөрчил гэдгийг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг хуулиар зохицуулсан.
Иймд ажил олгогчын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/05/23 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тушаалын үндэслэл болсон удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг даалгавар зааврыг биелүүлээгүй гэх үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байна.
5.Мөн тушаалд нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх тул дээрх үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар Ц.******* нь сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчөөс сахилгын зөрчил гаргасан үндэслэлийг ажлаас 2025 оны нэг, хоёр, гуравдугаар сард ажлаас ажлын цагаас хоцорч ирсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж тайлбарласан.
Шүүхээс 2024 оны 5 сарын 13-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд хууль зүйн дүгнэлт хийхгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлэх хугацаа дууссан байна. Харин 2025 онд ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахдаа шийтгэл ногдуулах тухай хуудас гэх баримт үйлдсэн байх бөгөөд энэ баримтаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хуудас гэх бичгийн баримтаар ажил олгогчийн зүгээс хуульд заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох ямар заалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй, энэ талаар шийтгэл ногдуулах тухай хуудас гэх баримтад тусгаагүй байна.
Түүнчлэн дээрх шийтгэл ногдуулах тухай хуудас гэх баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэх хуулийн заалтад нийцэхгүй байна.
Иймд ажил олгогчоос сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлэр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
6. Хариуцагчаас нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 10 сарын 17-ны өдрийн албан тоот, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэр гардуулсан тэмдэглэл гэх баримтаар нэхэмжлэгч нь тус хорооны шийдвэрийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гардаж авсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах 10 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
7.Дурдсан үндэслэлүүдээр ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул урьд эрхэлж байсан ******* ******* ХХК-ийн ахлах худалдааны зөвлөх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
8.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно гэж зааснаар 2025 оны 1, 2, 3 дугаар сарын дундаж цалин хөлс нь 6,429,855 төгрөг байх бөгөөд нэг сарын дундаж цалин хөлс 2,143,285 төгрөг байна.
Нэхэмжлэгчийн 2025 оны 4 дугээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 9 сарын цалин 19,289,568 төгрөг болж байх бөгөөд нэг өдрийн цалин хөлс /2,143,285:21.2/=101,098 төгрөг, үүнийг ажилгүй байсан 19 өдөрт тооцоход 1,920,868 төгрөг буюу нийт ажилгүй байсан 9 сар 19 өдрийн цалин хөлс 21,210,436 төгрөг байна.
Дурдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас 21,210,436 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
9.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Ц.*******д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,210,436 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсэгт зааснаар хариуцагчаас 269,243 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2..1 дэх хэсэг, 116., 118. дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2., 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* интершнэйл ХХК-ийн ахлах худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,210,436 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч төлбөл зох нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зох нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ******* интершнэйл ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ******* интершнэйл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 269,243 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА