| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0232/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/236 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч П.Итгэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд
Шүүгдэгч О.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Н-д холбогдох эрүүгийн 1838006510316 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.Н-,
Шүүгдэгч О.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Д-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Д-тай хадланд эрт орсон гэх шалтгааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хөмсөгний гадна буланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.Н- шүүх хуралдаанд: Тухайн үед сум орон нутийн зүгээс хадлангийн талбай дээр хадлан тэжээл бэлтгэх тусгайлсан хугацаа зааж, тогтоосон эсэхийг мэдээгүй, бидэнд энэ талаар огт мэдэгдээгүй юм. Бид ч өвс хадлангаа жил бүр авдаг тогтсон хугацаандаа авахаар тухайн өдөр байж байсан. Гэтэл багийн Засаг дарга Б.Д- жаахан ууртай бухимдуу ирсэн. Тухайн үед нь үл ойлголцоод нүүрэнд нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай ах болох О.П- бид хоёрын зодооныг болиулсан гэв.
Шүүгдэгч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:... 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би аав О-, ах О.П- нарынхаа хамтаар өвлийнхөө малын өвсийг бэлдэх зорилгоор Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн сайр гэх газарт хадланд гарсан. Тухайн өдрийн орой нар жаргаж байх үед багийн засаг дарга Б.Д- ирсэн. Багийн засаг дарга Б.Д-: За та нар яагаад хадланд эрт гарчихав гэхээр нь малынхаа аманд өвс авахаар гарч ирлээ. Энд адуу мал яваад өвс шингэрч муудаж байгаа болохоор хадландаа гарчихлаа гэж хэлсэн. Тэгэхэд багийн Засаг дарга Б.Д- нь яасан овоо том пизда вэ гэж хэлснээ, миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байна аа гэж хэлээд зөрүүлээд нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. ...Б.Д-гийн зүүн нүдэнд учирсан гэмтлийг би учруулсан хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх- ийн 17-р хуудас/,
Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн засаг даргын ажлыг хийдэг юм. Уг ажлыг хийгээд 2 жил болж байна. 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би хадлангийн талбай руу хүмүүс түрүүлж ороод байна гэсэн мэдээлэл аваад орой 18 цагийн үед гэрээсээ гараад явж очиход Ганболд, Бямбачулуун гэх айлын өрхийн тэргүүлэгч нар Улаан мод гэх газарт хадлан хадаж байхаар нь шаардлага тавьчихаад үргэлжлүүлээд уруудаад Сэлэнгэ гэх газар руу явсан. Тэнд очиход О.Н-, О-ын О.П- гэх залуучууд хадлан хадаж байхаар нь мэнд ус мэдээд, танайх яагаад хадландаа эрт орчив оо, 08 дугаар сарын 25-аас эхэлж хадландаа орох ёстой шүү дээ гэж хэлэхэд О.Н-, О.П- нар янз бүрийн хариултууд тавьж байсан. Энэ дотроос зухас дурдвал: Үхэр мал, бод мал гатлах гээд байна, мөн өвс хатаж байсан гэж хариулж байсан. Мөн энэнээс гадна сөрөг хариулт өгч байсан. Жишээлбэл: Та нарт хамаагүй, бид нарт тогтоол ном үйлчилдэггүй, бид нар хадлан хаддаг цагтаа орж, хадлангаа хадаж байна гэж тайлбар өгч байсан. Би тухайн үед О.Н-, О.П- нарт учир шалтгааныг ойлгуулах гэж нэлээн хэсэг ярьсан. Би уулзсан хүмүүс болгонтойгоо тэмдэглэл хөтөлж, санал хүсэлтийг авдаг. Тийм учраас би тэр хоёртой уулзсан тэмдэглэлээ хөтлөх гээд цүнхнээсээ дэвтрээ гаргаж ирээд суугаад та нар хадланд яагаад эрт орсон юм бэ, шалтгаан дээр чинь юу гэж бичих вэ гээд асуухад О.П-: Юу гэж бичдэг юм бэ, хадлангаа хадаж байна, өшөө юу гэж бичдэг юм бэ гэж хариулсан. Тэгээд байж байхад О.Н- над руу: Чи юу гэж бичих гээд байгаа юм бэ, хадлангаа хадаж байна, чи яах гээд байгаа юм бэ гэснээ хадлангийнхаа сэрээгээ бариад уурлаад хүрээд ирсэн. Би түүнийг уурлаад хүрээд ирэхээр нь босоод загнасан чинь О.Н- уурлаад сэрээгээ хажуу тийш шидсэнээ нүүр лүү маань гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор өөдөөс нь түлхсэн. Тэгэхэд О.Н- шууд над руу дайрч гараараа болон хөлөөрөө нэлээн олон удаа цохиж зодсон… Гэхдээ О.Н- намайг цохисоноо хүлээж уучлалт гуйсан. Мөн миний эмчилгээнд гарсан зардал болох 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг барагдуулж өгөхөөр болсон болохоор түүнийг сайн дурын үндсэн дээр эвлэрч эвлэлийн гэрээ байгуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч О.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би аав О-, дүү О.Н- нарынхаа хамтаар өвлийнхөө малын өвсийг бэлдэх зорилгоор Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нарийн сайр гэх газарт хадландаа гарсан. Тухайн өдрийн орой нар жаргаж байх үед байхаа /яг цагийг нь сайн санахгүй байна/ багийн засаг дарга Б.Д- ганцаараа мотоцикльтой ирсэн. Ирэнгүүтээ та нар ямар зорилготойгоор хадланд эрт орж байгаа юм бэ гэхэд: Дүү О.Н- маань малдаа өвс авах гэж орж ирлээ гэж хэлсэн чинь Б.Д-: Чи яасан том банди вэ гэснээ шууд нүүр лүү нь гараараа цохиод авсан.Тэгэхэд дүү маань яаж байгаа юм бэ гээд зөрүүлээд гараараа цохисон. Дүү О.Н- маань Б.Д- даргыг хоёр л удаа цохисон байх, өөр цохиогүй. Би тэр хоёрыг тэгээд зодолдоод унахаар нь дундуур нь орж салгасан. Салах үед Б.Д- даргын зүүн хөмсөгнөөс цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 411 дугаартай “1.Б.Д-гийн биед тархи доргилт, зүүн дээд зовхи, доод зовхи, нурууны зүүн доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. З.Б.Д-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Шинжээчийн “Б.Д-гийн биед үүссэн тархи доргилт, зүүн хөмсөгний гадна буланд шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхи, доод зовхи, нурууны зүүн доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэгт учирсан цус хуралт бүхий гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч О.Н- нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Д-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Д-, гэрч О.П- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч О.Н-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч О.Н-гийн нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.Д-д 200.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 59 дугаар хуудас/,
Эрүүгийн 1838006510316 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Н-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006510316 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР