| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2409029520015 |
| Дугаар | 2025/ДШМ/1113 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1113
2025 09 17 2025/ДШМ/1113
А.Э, О.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнхболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
шүүгдэгч А.Э, О.Г, тэдгээрийн өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/1712 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр, шүүгдэгч О.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Э, О.Г нарт холбогдох эрүүгийн 2409029520015 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Э овгийн А-ын Э ................., тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ........... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
2. Х овгийн О-ын Г ..................... дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, .............. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
..........О.Г нь .......... А.Э-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 02 цаг 01 минутын үед Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан "гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүпэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах” гэснийг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон амь хохирогч М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас М.Э- нь осгож нас барсан гэмт хэрэгт,
.......... А.Э нь ........... О.Г-тэй урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 02 цаг 01 минутын үед Сүхбаатар дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан “гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах” гэснийг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон амь хохирогч М.Э-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас М.Э- нь осгож нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: А.Э, О.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Э, О.Г нарыг “үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, А.Э нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хассаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Э, О.Г нараас гэм хорын хохиролд 25,794,672 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-т олгож, 16,466,939 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байх үндэслэлд: Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-аас шүүх хуралд хүүгийнхээ оронд хууль ёсны төлөөлөгчөөр орж байна. Би хавтаст хэргийн материалтай танилцах болон шүүх хуралд өмгөөлөгчтэйгөө оролцмоор байна, өмгөөлөгч хүсэлтээ ирүүлсэн байна гэсэн санал гаргасныг хуралдаан даргалагч татгалзан шийдвэрлэсний улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хурлыг орхин гарахаас аргагүй байдалд орж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд биеэр оролцох, мэтгэлцэх боломж олгоогүйд гомдолтой байна. Хурал даргалагч шүүгчийн энэ үйлдэл нь хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанд оролцох мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын яллагч өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна гэх заалтын дагуу болон 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын шүүх хуралдаанд оролцох зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна" гэснийг зөрчсөн. Өмгөөлөгчийн зүгээс “2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх дээр 9 цаг 30 минутад товлогдсон Н В ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ММК ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцох тул мөн өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралд амжин очиж оролцох боломжгүй тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гарган мэдэгдэх хуудасны хамт шүүхэд хүргүүлсэн атал хүлээж авалгүй үргэлжлүүлэн хохирогчийн хууль, ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, мэтгэлцэн оролцох эрхийг зөрчсөн.
Шийтгэх тогтоолд О.Г, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оноосон нь тэдний үйлдэлд тохироогүй гэж үзэн гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.20 дугаар зүйл болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогоогүй атлаа хэргийн зүйлчлэлийг нь хөнгөрүүлж шийдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдсэн байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Цогцост үзлэг хийсэн 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тэмдэглэл болон шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3067 дугаартай дүгнэлтэд талийгаачид дагзны баруун дээд хуйх, дагзны зулайн ар хэсэг, дух, баруун хацар, хамрын хянга, баруун зүүн өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун бугалга, цээжний баруун, зүүн хөх хэсэг, баруун, зүүн тавхайн хэсэг 20 хэсэг газарт 1,1см-ээс 21см хүртэл хэмжээтэй шарх гэмтлүүд түргэн тусламжийн эмч явснаас хойш үүссэн нь тогтоогддог.
Хэрэгт авагдсан дээрх баримтаар амь хохирогчид үүссэн гэмтлүүдийг А.Э, О.Г нарыг учруулсан гэх үндэслэл тогтоогддог. Шүүгдэгч нар амь хохирогчийг эрэн сурвалжилж байгааг лавтай сайн мэдсэн атлаа эрэн сурвалжилсан цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэн өгөөгүй /Эхнэрийнх нь утас тэмдэглэгдсэн байсан/. Эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгөөгүй байдаг нь зодож гэмтээсэн үйлдлээ нуух зорилгоор дүүрэг хооронд тээвэрлэн Сүхбаатар дүүргийн ....... дүгээр хороонд байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн гадна 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 01 цаг 57 минут 32 секундэд хохирогчийг суганаас нь татан хөл нүцгэн буулгахад хөл дээрээ зогсож чадахгүй ар тийш унах гэхэд цамцнаас нь угзарч татаад газар суулган гутлыг авчирч хажууд нь тавихад өндийх гээд тэнцвэр алдан савж унаад, газар өнхөрч эргэж хөрвөөж байсаар 03 цагийн үед хөдөлгөөнгүй болж байгаа нь камерын бичлэгт авагдсан байдаг. Энэ үед А.Э, О.Г нар ямар нэгэн арга хэмжээ авахгүй шууд 02 цаг 04 минутад хөдлөн явдаг. /1хх-18-23тал/
Шинжээчийн 3067 дүгнэлтэд хохирогчийн өвчүүнд хугарал, хавирганы хугарлыг харуулж фото зургаар бэхжүүлсэн баримт хавсаргасан байхад дүгнэлтдээ хугаралгүй гэж тогтоосон байсан тул 60 хоногийн хугацаанд дахин дүгнэлт гаргуулахаар буцаасан. Гэтэл шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны 832 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд урд гарсан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэстэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байгаа болно. Иймд гэрч нарын мэдүүлгийн зөрүү, хохирогчийн олон тооны үйлдлээр учруулсан 20 тооны гэмтлийг хэн учруулсныг тогтоолгох шаардлагатай байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Анхбаяр гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжийг “...албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас...” хэмээн бичсэн байдаг. Үүнээс харвал хайнга хандах гэмт хэрэг нь обьектив талын хоёр үндсэн хэлбэртэй болох нь тодорхой байна.
Албан үүргээ биелүүлэхгүй байх, зохих ёсоор биелүүлэхгүй байх гэдэг нь хоорондоо маш том ялгаатай ойлголтууд бөгөөд ийм ч учраас хууль тогтоогч дунд нь таслалтайгаар зааглаж, нэг бүрчлэн дурдаж бичсэн. Албан үүргээ биелүүлэхгүй байх гэдэг нь гэмт этгээд үүрэгт ажлаа хийх боломжтой байсаар атал үүргээ биелүүлэхийн төлөө юу ч хийгээгүй байхыг ойлгоно.
Харин зохих ёсоор биелүүлэхгүй байх гэдэг нь гэмт этгээд үүргээ биелүүлэхээр оролдох боловч ажлаа хагас дутуу, шаардлага хангахгүй, нэр төдий хийхийг ойлгоно. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас...” гэж обьектив талын үндсэн шинжийг бичсэн байна. Хууль тогтоогчоос хүндрүүлэх шинж дээр гэмт хэргийн хамрах хүрээг явцууруулж хумьсан болох нь харагдаж байна. Тухайлбал субъектийн хувьд зөвхөн хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан хоёр болгож цөөрүүлсэн. Бас гэмт этгээдийн хүлээсэн үүргийг зөвхөн шуурхай болон яаралтай үүрэг болгож тодотгосон байна. Мөн дээр нь үүргээ биелүүлээгүй хэмээн ганцхан обьектив тал бичсэн бөгөөд зохих ёсоор биелүүлэх гэдгийг хасжээ. Одоо ингээд дүгнэвэл цагдаагийн ажилтан нь хуулиар хүлээсэн шуурхай, яаралтай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон бол гэдэг шинжүүд гарч ирж байна.
Хэргийн тухайд авч үзвэл цагдаагийн ажилтан О.Г, А.Э нь хуулиар хүлээсэн шуурхай бөгөөд яаралтай гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээгүй юу гэдэг асуулт гарч ирнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг нэгтгэн дүгнэвэл: хэрэг гардаг шөнө, төвөөс өгсөн дуудлагыг шийдвэрлэчихээд буцах үед офицер О.Г гудамжинд хүн сууж байхыг хараад жолооч цагдаа А.Э-тэй хамт тухайн хүн дээр очиж байна. Ингээд журмын дагуу 103 руу залгаж эмч дууддаг. Түргэн тусламжийн эмч ирээд амь хохирогч М.Э-ын биеийг үздэг. Эмчийг үзлэг хийх явцад амь хохирогч асуусан асуултад хариулах төдийгүй эмчийн мэдүүлснээр дуу дуулан, инээж байсан гэдэг. Ингээд түргэн тусламж явсны дараа офицер О.Г амь хохирогчоос овог, нэрийг нь асуугаад түүний хэлсний дагуу цагдаагийн АСАП сангаас шүүж үзэхэд амь хохирогчийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс оршин газраасаа алга болсон төлөвөөр эрэн сурвалжилж байхыг олж мэддэг. Тэр дариу офицер О.Г нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс рүү утсаар холбогдож эрэн сурвалжилж байгаа хүнийг чинь хүргээд өгье гэхэд тухайн хэлтсийн цагдаа Э.Д нь амь хохирогчийг битгий авчир гэдэг. Энэ үеэр амь хохирогчийн зүгээс “би өөрөө гэрээ мэднэ, манай гэр ойрхон намайг гэр рүү дөхүүлээд буулгачих” гэхэд цагдаа нар дэлгүүрийн гадаа буулгаад явдаг.
Энэхүү баримтаар тогтоогдсон үйл явдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.Г, А.Э нар нь шуурхай, яаралтай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй биш, харин эсрэгээрээ шуурхай, яаралтай гүйцэтгэх үүргийг цаг тухайд нь хийсэн байна. Төвөөс дуудлагаар ирээгүй ч гэсэн эргүүлийн орчин тойрноо ажиглаж өөрсдийн санаачилгаар амь хохирогчийг гудамжнаас олж илрүүлээд түргэний эмчид үзүүлж, холбогдох цагдаагийн хэлтэст хүргэж өгөх оролдлого хийсэн болох нь нотлогдоно. Хэргийн нөхцөл байдал ийм байтал шуурхай, яаралтай үүргээ биелүүлээгүй хэмээн гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал билээ.
Амь хохирогчийг эрэн сурвалжилж байгаа хэлтэс нь хүлээж аваагүй юм бол үргэлжлүүлээд эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх ёстой байсан гэдэг бол үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шинжтэй болохоос “шуурхай-яаралтай үүргээ биелүүлээгүй” хэмээн дүгнэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэдэг зарчмыг зөрчиж байгаа хэрэг юм.
2. Дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй талаар: Түргэн тусламжийн эмч Н.О нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 130 дугаар талд гэрчээр мэдүүлэхдээ амь хохирогчийг асуусан асуултад хариулна, дуу дуулж байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ нь хэрэг гарах үед амь хохирогч М.Э- нь өөрийн үйлдлийг удирдах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбайд ухаангүй унасан гэдэг хуулийн шаардлагыг үгүйсгэж байгаа юм.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 146 дугаар талд гэрч Э.Д нь гэрчээр мэдүүлэхдээ цагдаа О.Г манай хэлтэс рүү утсаар залгаад манайхаас эрэн сурвалжилж байгаа М.Э- гэдэг хүнийг аваачиж өгье гэхэд нааш нь битгий авчраарай гэж хэлсэн тухайгаа мэдүүлдэг. Хэрэв амь хохирогч М.Э- өөрийн овог нэрийг хэлээгүй бол шүүгдэгч О.Г нь түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг мэдэх боломжгүй юм. Хүн өөрийн овог нэрийг хэлж байна гэдэг нь олон нийтийн газар ухаангүй унасан, өөрийн үйлдлийг удирдах чадваргүй болтлоо согтсон гэж дүгнэх ямар ч боломжгүй болгож байна. Нөгөө талаар гэрч Э.Дгийн мэдүүлэг нь шүүгдэгч нар хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг үгүйсгэж байгаа баримт юм, харин ч эсрэгээрээ шүүгдэгч нар хуульд заасан үүргээ биелүүлэхээр ажиллаж байсныг нотолдог. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг бол шуурхай яаралтай үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учрах нь гэмт болохоор заасан байдаг.
Дээрх нотлох баримтуудаас харвал амь хохирогч М.Э-ыг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1-т заасны дагуу эрүүлжүүлэх үндэслэл бүрдээгүй байсан болох тодорхой байна. Уг хуулийн 5.3-т “Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно.” гэж заасан байдаг. Тэгэхээр өөрийгөө удирдах чадвартай, ухаантай, гэр лүүгээ харих боломжтой хүнийг албадан эрүүлжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл болох юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Г, А.Э нар эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх үүргээ биелүүлэх боломжгүй, учир нь хуулиар хориотой юм.
Анхан шатны шүүх нь өөрийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж хууль зүйн дүгнэлт хийснээ бичихээс гадна цагаатгах, хөнгөрүүлэх талын зөрүүтэй баримтыг яагаад хүлээж аваагүй болох талаар няцаалтыг бичих ёстой. Гэтэл шийтгэх тогтоолыг уншихад өмгөөлөх талын шинжлэн судлуулсан зөрүүтэй нотлох баримтыг яагаад хүлээж авахгүй байгаа талаар ямар ч няцаасан үндэслэл бичээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шүүх тогтоолдоо “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг” заавал дурдана гэдгийг зөрчиж байгаа хэрэг билээ. Улмаар уг хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар энэ нь ноцтой зөрчил болж байна.
Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г, А.Э нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд хэргийн үйл баримт болон Эрүүгийн хуулийн зүйлчлэл хоорондоо тохирохгүй байхад төсөөтэй хэрэглэж хууль зөрчсөн болно. Мөн хэрэгт онцгой ач холбогдолтой баримтууд хоорондоо зөрүүтэй байхад аль нэгийг сонгон авахдаа бусад баримтыг няцаасан үндэслэлгүй бичээгүй тул тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж дүгнэх ямар ч боломжгүй юм. Иймээс шүүгдэгч О.Г, А.Э нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах ёстой хэмээн дүгнэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч О.Г, А.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Г гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Г миний бие улсад 25 жил, цагдаагийн байгууллагад 20 жил, эргүүлийн офицер гэдэг онцгой албанд 10 жил ажилласан хүний амь, амьдралыг шийдэж ял оноохдоо ажил албаны онцлогийг бас харгалзаж үзэх ёстой. Улс орныхоо, ард иргэдийнхээ амар тайвны төлөө энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж, залуу насаа өнгөрүүлсэн. Ард иргэд та бүгдийн залгадаг 101, 102, 103 гэх дуудлага бүрийн ард үнэн чанартаа эргүүлийн офицер ард нь байж, дуудлагыг авч хамгийн түрүүнд халуун цэг дээр очиж хэргийн газрын хамгаалалт авч, галын машин, түргэний машин, аврах албаны машин зэргийг дээр гарах зам харгуйг нээх, цус алдсан хүн байвал анхан шатны цус тогтоох, цочирдсон балмагдсан хүнийг тайвшруулах гэх мэт хойшлуулшгүй ажиллагаануудыг нэн даруй хийж гүйцэтгэх, нэмэгдэл хүч хэрэглэн ирэхийг хүлээж байдаг онцлогтой ажил, 7 буудал нь өөрөө гудамжны тэнэмэл архи ууж, автобусны буудлын сандал дээр унтчихдаг, өдөр бүр л хүн үхэж, золгүй байдлаар амь насаа алддаг тохиолдол ихтэй газар ба шөнөдөө л гэхэд 5-10 хүн тогтмол архи ууж амьдардаг оршин суугчидтай гамшгийн бүс юм. Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т байсныг хүчингүй болгосноор энэ гудамжинд архи ууж байгаа хүмүүст арга хэмжээ авч торгодог байсан хууль дуусгавар болсон. Миний ажил өглөө 9 цагт 7 буудлын автобусны буудлын архи ууж амьдардаг оршин суугчдыг буудлын сандал дээрээс босгож, хөөж явуулахаас эхэлдэг. Гэрч Бэлгүтэйгийн мэдүүлэгт “Дуудлагадаа яваад буцаад ирэхэд л буудлын сандал дүүргээд суучихдаг” гэдэг. Нааш цааш явах өдрөө 9 литр бензиндээ баригдаад хаашаа ч хөдөлж чадахгүй 7 буудал дээрээ л байж байдаг. Би яагаад эрүүлжүүлэх рүү яваагүй гэхээр хүлээлгэж өгөх хуульгүй, хүлээж авах газаргүй, хүргэж өгөх бензингүй, уг амь хохирогчийг унтаж байхад нь биш сууж байхад нь очсон. Ухаантай байсан. Би энэ хүнд хайнга хандсан биш, хайрлаж хандсан. Би авхаалж самбаа гарган гэрлийг үзүүрт олж харан, эргэж очсон нь миний албандаа үнэнч байсны баталгаа. 103-т дуудлага өгсөн зэрэг үйлдэл нь хайнга хандсан биш, хайрлаж хандсан байдал юм. Хүргээд өгөх бензинтэй байсан бол би 3 цаг зууралдах шаардлагагүй байсан. Намайг очиход тэр хүн сууж, Өвөрхангай аймгийн Нарийнтээлээс ирлээ гэж хэлж, хацраас нь цус гарсан байдалтай байсан. Би хамтрагчтайгаа ээлжлэн замын урд хойно гарч 2 согтуу хүнийг 103-т дуудлага өгч эмчийг иртэл ээлжлэн сахисан. Эмч ирээд биеийн байдал хэвийн байна, нэрээ хэл гэсэн инээгээд цээжээ тэврээд суугаад байсан. Амь хохирогчийг аргадан овог нэрийг нь асууж, 19.... оных, регистрийн дугаараар хайж олсон. Мөн зүүн хацартаа шархтай байсан бөгөөд эрүүлжүүлэхийн эмч шархтай хүнийг хүлээж авдаггүй байсан. Мөн архины хордлогод орсон, даралт нь ихэссэн хүнийг мөн эмч хүлээж авдаггүй журамтай. Тэр хүн гэрээ заагаад өгсөн бол хүргээд өгөх боломжтой байсан. Амь хохирогч “энд сууж байгаад харилаа” гэж байсан бөгөөд эхнэрийнх нь дугаарыг асуутал “яах гэж байгаа юм” гэж уурлаж байсан. Уух юм өгчихөөд яв гэж хэлж байсан. Хөл хөдөлгөөнтэй, гэрэл гэгээтэй, камертай газар нь 7 буудлын CU, GS25 дэлгүүр байсан тул камер бараадуулж суулгая гэж бодсон. Дулаан цаг байсан тул хэн ч осгочихно гэж бодоогүй. ...Өршөөл уучлалаа үзүүлнэ үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хоёр хүн нүдэн дээр нь боржур мөргөөд унаж байхад яагаад хаяад явсан юм бэ. Үүнд гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Э.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүгдэгч нар амь хохирогчийг зодсоноос болж амь үрэгдсэн, шүүх өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн хүүг тогтоож мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулан хэргийг хэлэлцээд нэмж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Э нь оролцох боломжгүй болсон тул түүний эхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Э.Э-гийн эх нь өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулаагүй тул анхан шатны шүүх зайлшгүй өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй, хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулаагүй байна гэх үндэслэлээр өмгөөлөгчийг оролцуулаагүй. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрч шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Э, О.Г нар амь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэж ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад дуудлагаар ирсэн 103-н эмч мэдүүлэхдээ “гадна үзлэг хийхэд тодорхой тооны шарх байсан тул цэвэрлэж эрүүлжүүлэх байрны эмчид гэж бичиг хийж өгөөд явсан” гэсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт 103-н эмчээс мэдүүлэг авахад “бүрэн үзлэг хийгээгүй, ил харагдах шарх гэмтэл байсан. Хэвлий хэсэгт нь дарж үзсэн. Дүгнэлтэд тусгагдсан гэмтэл байсан үгүйг мэдэхгүй” гэсэн байдаг. Гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг, яллагдагч нарын мэдүүлгээр шүүгдэгч нар амь хохирогчийн биед халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өмгөөлөгч С.Оюунцэцэгээс удаа дараа шүүгдэгч нар амь хохирогчийн биед халдсан гэдэг хүсэлтийг тавьснаар дахин шинжээч томилсон. Одоо яг ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргаад байгаа нь тодорхой биш байна.
Өмгөөлөгч О.Анхбаяраас хайнга хандах гэмт хэргийн объектив шинж хангагдаагүй гэж байна. Хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай яаралтай тусламж үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүн нас барсан бол гэж объектив шинжийг тогтоож өгсөн байдаг. Шүүгдэгч нар хууль сахиулагч гэдэгт хамаарч байгаа болох нь тогтоогддог. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд зааснаар өөрийн үйлдлийг удирдах, хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай олон нийтийн газар ухаангүй унасан байдлаас болж осол гэмтэл, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй болсоныг үндэслэн цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгнө гэж заасан. Өмгөөлөгч О.Анхбаярын хэлснээр “зохих ёсоор биелүүлээгүй” биш “үүргээ биелүүлээгүйн улмаас” гэж зааж өгсөн. Ямар үүргээ биелүүлээгүй гэхээр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөд эрүүлжүүлэх байр хүлээж аваагүй тохиолдолд зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. Шатахуун байгаагүй гэх зүйлийг ярьдаг ч зохих ёсоор биелүүлсэн гэдэг үндэслэл болохгүй. Хяналтын камерын бичлэгийг харахад амь хохирогч өөрийгөө авч явах чадваргүй байсан болох нь харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч “хүнд зэргийн согтолттой байсан” гэж гарсан нь биеэ удирдан жолоодох чадваргүй байсан болохыг нь нотолж байгаа. Эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх талаар арга хэмжээ аваагүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар хуудсанд авагдсан гэрч О-гийн мэдүүлгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр “2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-ны өдөрт шилжих шөнө цагдаагийн албаны чиг үүргийг зохих нутаг дэвсгэр дээр гүйцэтгэж байсан ..........О.Г, .......... А.Э нарын үйлдэл нь 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө иргэн М.Э-ын нас барсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байсан эсэх, цагдаагийн ахмад О.Г, цагдаагийн дэд ахлагч А.Э нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа явуулсан үйл ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинж байгаа эсэх...” зэрэг үйл баримт нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон эсэх, нотлох баримтыг хуульд заасан арга, хэрэгслээр бэхжүүлэн бүрдүүлсэн эсэх, нотлох баримтын хүрэлцээ хангалттай эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Шүүгдэгч А.Э, О.Г нарт холбогдох хэргийг хянахад:
1.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/3244 дугаар шүүгчийн захирамжид заасан хэрэгт заавал шалган тогтоох шаардлагатай гэж үндэслэл бүхий дүгнэсэн “...хохирогчийн биед үүссэн хавирганы хугарал, өвчүүний хугарал гэмтэл нь хэзээ үүссэн, ...тухайн гэмтлийг хэн, хэзээ учруулсан, ямар үйлчлэлийн улмаас үүссэн болох, хохирогчийн бие, цус, шээснээс илэрсэн спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн ба ийм тохиолдолд хүний байдал, гадагш үзүүлэх харьцаа, чадамж ямар шинжтэй байдаг зэргийг тогтоолгохоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай...” гэсэн ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Энэ нь холбогдуулсан үйл баримтыг бүрэн тогтоож, гэмт хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Хэрэгт, амь хохирогч М.Э-ын цогцост үзлэг хийсэн хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт байна:
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаар дүгнэлтээр, амь хохирогчийн цогцост дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, мөчдийн хэсэгт зулгаралт, цус хуралт тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг, хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэсэн/1-р хх-ийн 159-163/, дээрх дүгнэлтийн “Дотор эрхтнүүдийн шинжилгээ” хэсэгт “...Цээжний хэнхэрцэг бүтэн, өвчүү, хавирга, нугалам, хугарал, гэмтэлгүй. Аарцаг, ууц яс бүтэн, хугаралгүй. Дээд, доод мөчдийн яс бүтэн, хугаралгүй.” ... гэж тэмдэглэгджээ /1-р хх-ийн 162/. Гэтэл, дээр шинжилгээнд хавсаргасан Ж.Эрдэнэбаатар 53/эр гэж бичигдсэн цаас барьж авсан гэрэл зурагт өвчүүний хугарал, хавирганы хугарлыг харуулсан, мөн хугарлыг харуулав гэсэн тайлбар байна.
2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор хийсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 832 дугаар дүгнэлтээр урьд гаргасан дүгнэлтэд “Урьд гаргасан 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3067 дугаартай фото зурагт өвчүү, зүүн 3-р хавирганы дотор талаас харуулсан байх бөгөөд булчин, зөөлөн эдэд цус хуралттай, уг цус хуралтын түвшинд ясны хугаралтай харагдах бөгөөд цогцос шинжилгээний их биеийн ясны өөрчлөлт хэсэгт тэмдэглэгдээгүй байна. ...хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдоно. ...” гэжээ /3-р хх-ийн 103-108/.
Ийм зөрүүтэй дүгнэлтүүд гарсан байхад амь хохирогчийн биед үүссэн байсан гэх “... гэрэл зурагт өвчүү, зүүн 3-р хавирганы дотор талаас харуулсан булчин, зөөлөн эдэд цус хуралттай, уг цус хуралтын түвшинд ясны хугаралт...” гэсэн гэмтэлтэй холбогдох нотолбол зохих байдлуудад мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, шүүгчийн захирамжид заасан шаардлага бүхий ажиллагааг бүрэн хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.2. 2024 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-ний өдөрт шилжих шөнө цагдаагийн албаны чиг үүргийг зохих нутаг дэвсгэр дээр гүйцэтгэж байсан ..........О.Г нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ...........”-аар томилогдон ажиллаж байсан,
.......... А.Э нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн .... дугаар тушаалаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн ..........”-аар томилогдон ажиллаж байсан байхад албан үүрэг гүйцэтгэсэн эсэхтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэснээр иргэний хариуцагчаар зохих цагдаагийн байгууллагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйл (Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага)-д заасан үндэслэлээр иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.
Ийнхүү иргэний хариуцагчийг хэрэгт татан оролцуулах нь зөвхөн хууль хэрэгжүүлж байгаа хэрэг биш, харин гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шийдвэрлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн эрх зүйн байдалд, мөн хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий тогтоох зэрэгт ач холбогдолтой болно.
Хэрэгт, 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр “…гэрч О.Г-өөс гаргаж өгсөн энгэрийн камерыг бичлэг хуулуулах зорилгоор 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 17 цаг 51 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв…” гэсэн тэмдэглэл байгаа боловч шүүгдэгч О.Г нь удаа дараа тухайн өдрийн бичлэгтэйгээр энгэрийн камераа албаны зохих этгээдэд хүлээлгэн өгсөн талаар мэдүүлж байсан тул нотлох баримтын чанарт онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дахин нягтлан тодруулах шаардлагатай гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтуудыг бүрэн, зөв тогтоох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэх нь зүйтэй банйа гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
2. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна:
2.1. Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч С.Оюунцэцэгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-ын сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоосон баримтыг гаргаж өгсөн бөгөөд тус ажиллагаа нь мөрдөгчийн тогтоолоор хийгдсэн ажиллагаа байна. Гэтэл тус нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байхад хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, шийтгэх тогтоолтой хэрэгт гаргасан дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-ын сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх нотлох баримтаар хүлээн авч, үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.
2.2. Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдөр товлогдож, уг хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П- оролцсон боловч өмгөөлөгчгүйгээр оролцжээ.
Иргэн Х.П- нь 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон /3 хх 82/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ илэрхийлсэн /3 хх 116-117/, өмгөөлөгч С.Оюунцэцэг “...М.Э-ын хууль ёсны төлөөлөгч Х.П-ын өмгөөлөгчөөр тус шүүхэд зарлагдсан шүүх хуралдаанд оролцох юм. ...” гэж /3 хх 111, 112/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.П-ын өмгөөлөгчөөр оролцож байгаа тухайгаа илэрхийлсэн байхад шүүх эхний удаа шүүх хуралдаанд оролцож буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн “...шүүх хуралдаан давхацсан...” гэх үндэслэлийг өмгөөлөгч үндэслэлгүй гаргасан байдал хэрэгт тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заасан заалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2025/ШЦТ/1712 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Э, О.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ