| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403004240638 |
| Дугаар | 2025/ДШМ/1114 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1114
2025 09 17 2025/ДШМ/1114
П.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Билгүүн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ч,
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1794 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан гомдлуудад үндэслэн П.Б-д холбогдох эрүүгийн 2403004240638 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн П-ын Б ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч П.Б нь ...... дүүргийн ...... дугаар хороо, -ын гудамж, Шинэ зуун айл худалдааны төвийн зүүн урд талын авто замд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өглөөний 06:36 цагийн үед Toyota crown загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Honda Insignt загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Ж, зорчигч Б.С нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: П.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 124 хоногийг нь түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Б-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т зааснаар шүүгдэгч П.Б-ээс 150,777,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гд 115,170,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т 35,607,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр хүний алтан амь хохироосондоо тэдний ар гэрт хүнд гарз, хохирол учруулсандаа өнөөдрийг хүртэл маш их харамсаж байна. Цаашдаа хэзээ ч мартагдахгүй үйл явдал болсон гэж өөртөө дүгнэлт хийж, гэмшиж байна. Үүнээс гадна хэргийн бүхий л ажиллагаанд хэргийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээж оролцож байсан. Тиймээс ч амь хохирогч нарын оршуулгын зардал болон осолд орсон Хонда инсайт маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүн нийт 42,500,000 төгрөгийг мөрдөн байцаах болон прокурорын шатанд төлж барагдуулсан. Гэсэн ч миний үйлдсэн хэргийн хор уршиг хэзээ ч нөхөгдөхгүй гэдгийг гүнээ ойлгож, амь хохирогч нарын хүүхдүүдтэй цаашид ч харилцаа холбоотой байж, чадлынхаа хэрээр сэтгэлийн дэм, туслалцаа үзүүлнэ. Мөн иргэний хариуцагч Д.Ч-ын гаргасан үйлдэлд хэргийн бодит байдалд дүгнэлт хийн амь хохирогч нарын гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагч Д.Ч болон надаар хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд насан туршийн том харуусал болсон. Гэмшиж байгааг минь харгалзан үзэж, шүүхээс надад оногдуулсан 4 жилийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг богино хугацаанд төлж барагдуулах болно. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ээс 150,777,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д 115,170,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т 35,607,000 төгрөгийг тус тус олгосугай гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Гэмт хэргийн улмаас амь хохирогч нарын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Д.Ч-оор төлүүлэлгүй гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг хэрэглээгүйг зөвтгөж, шүүгдэгч П.Б болон иргэний хариуцагч Д.Ч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.Б-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй. Шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлнэ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд маш их гомдолтой байгаа. Хэрэг болсноос хойш ганц удаа ч холбогдож, уучлалт гуйгаагүй байж шүүх хуралдааны үеэр шүүгчийн өмнө би гэм буруугаа хүлээж байна, уучлалт гуйж байна гэж ярьдаг. 2025 оны 6 дугаар сард шүүх хуралдаан болсон. Мөн ганц ч удаа холбогдож уучлалт гуйгаагүй. Мөн иргэний хариуцагч Д.Ч гэх хүн зүгээр гэртээ байсан хүнийг дуудаж гаргаж ирсэн байхад ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн өмгөөлөгч Д.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад хэлэх тайлбар байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хохирогчид ашигтайгаар шийдвэрлэж өгсөнд нь би баярлаж байгаа. Энэхүү нөхөн төлбөрийг би 10 жилээ төгсөж байгаа дүүгийхээ сургалтын төлбөр, амьдрах орон байр болгож өгөх зорилготой байгаа. Миний ээж өглөө ажилдаа таксигаар явж байсан, зорчиж яваад байхгүй болсон. Мөн иргэний хариуцагч Д.Ч-той хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч П.Б-ий гомдолтой санал нэг байна. Уг осол нь гэртээ унтаж байсан П.Б-ийг иргэний хариуцагч Д.Ч нь дуудаж өөрийн машинаараа жолоо бариулснаас үүдэлтэй. Тухайн үед такси барих, дуудлагын жолооч дуудах гэх мэт өөр боломж байсан. Одоо хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүйд маш их гомдолтой байна. Харин шүүгдэгч П.Б-ий анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэдгийг эсэргүүцэж байна. Энэ нь энгийн нэг осол байгаагүй, 2 урсгал, 4 эгнээтэй зам дээр хурд хэтрүүлэн урсгал сөрсөн хариуцлагагүй жолоочийн буруутай үйлдлээс болж хоёрын хоёр хүн төмөр хийцэд хавчуулагдаж хэрцгийгээр амь насаа алдсан аймшигтай осол. Миний ээжийн хувьд дайчин, сэргэлэн цовоо, олон дунд нэр төртэй нэгэн байсан. Онцгой байдлынхан 15-20 минут ажиллаж байж төмөр хийцийг тасдаж, ээжийн минь цогцсыг гаргаж авсан байсан. Дүү бид хоёрт нэг ч өдөр ээжийгээ санаагүй өдөр байгаагүй. Миний дүү Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн боловч их сургуульдаа орж чадаагүй, нийгмээс тусгаарлагдаж байна. Иймд шүүх бүрэлдэхүүн та бүхнийг хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-гийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6-д, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т заасныг баримтласан байсан. Үүнд бичиглэлийн алдаа гарсан гэж үзэж байгаа. Учир нь, тодорхойлох хэсэг дээр 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн талаар тайлбарласан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн гол онцлог зохицуулалт нь хохирогчид ашигтай байдлаар шийдэх эрхийг шүүгч буюу шүүх эрх мэдэлд олгодог. Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг учрал болсон нөхцөл байдал, учирсан хохирол, түүнээс гарах үр дагаврыг харгалзан үзэж шүүх ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зэрэглэл тогтоолгох байдлаар сэтгэцийн гэм хорыг хохирлыг шийдвэрлэх боломжтой талаар гомдол гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, зэрэглэл нь цаг хугацааны эрхээр буурч байдаг. Зөвхөн сэтгэл санааны хохирол учирсан байна гэдгийг нотолж байгаа нотолгооны хэрэгсэл юм. Тухайн тохиолдол дээр хохирлыг хэрхэн гаргуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Иргэний хариуцагч Д.Ч-ын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үндэслэл бүхий тайлбарласан тул нэмж хэлэх тайлбар байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ял шийтгэлийн хувьд шүүх эрх мэдлийн асуудал тул бидэнд тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргаж буй сэтгэцийн хор уршиг, хохиролтой холбоотой асуудлыг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч, иргэний хариуцагч Д.Ч нараас гаргуулахыг прокурорын зүгээс дэмжиж байгаа. Ял шийтгэлийн хувьд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг зэрэгт ял шийтгэл тохирсон байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно…” гэж заасныг баримтлан шийдвэрлэснийг аль аль талдаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд прокурорт хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч П.Б-д холбогдох 2403004240638 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч П.Б нь “Toyota crown” загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа ......... дүүргийн ..... дугаар хороо, ...- худалдааны төвийн урд талын авто замд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өглөөний 06:36 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаар явж байсан “Honda Insignt” загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж болон зорчигч Б.С нарын амь насыг хохироосон болох нь:
иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Д.Ч-ын: “...Найзуудтайгаа караокед 0.5 литрийн хэмжээтэй 5 ширхэг пиво уугаад караокеноос 04 цаг өнгөрч байхад гараад, нэг ахынхаа автомашин дотор юм ярьж сууж байгаад, би харихаар болоод ангийн дүү П.Бий гэр нь тэндээс ойрхон болохоор нь би түүнийг гар утсаар нь залгаж дуудаад өөрийн Toyota crown загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариулаад, Хан-Уул дүүрэгт байх гэртэй харихаар болоод П.Б-ээр автомашинаа бариулаад, би өөрөө жолоочийн хажуугийн суудалд суугаад Зүүн дөрвөн замын орчимд явж байхад би унтаад өгсөн. Ингээд нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэгт ухаан орсон бөгөөд осол болсон талаар эмч нар хэлж байсан. ...” /1-р хх-ийн 71-72, 76/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд /1-р хх-ийн 3-16/, камерын бичлэг /1-р хх-ийн 53-54/,
Тээврийн цагдаагийн албаны 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1380 дугаартай: “...Toyota crown загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П-ын Б /РД: ......../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 11.5-д “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна.
Honda Insignt загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б-ын Ж /РД:......../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэх мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 228-231/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2254 дугаартай: “...Талийгаач Б.С-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйхны цус хуралт, цээжний баруун талын, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хоёрлосон, 8-р хавирга дан шууд хугарал, баруун атгаал, дунд чөмөг, зүүн шаант, тахилзуур ясны хугарлууд, элэгний эдийн няцрал, бөөрний өөхөн эд, чацархайн, цус хуралт, цагаан мөгөөрсөн хоолойн зөөлөн эдийн цус хуралт, зүүн үүдэн дээд 1-р шүд, доод зүүн шүднүүдийн булгаралт, дух, дээд, доод уруулын шарх, зулгаралт, баруун чих нүдний баруун доод хэсэгт няцарсан шарх, цээж, баруун мөр, атгаал, гуя, зүүн гуя, зүүн бугалгын цус хуралт, баруун, зүүн шуу, ташаа, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн буюу тухайлбал авто ослын үед нэгэн зэрэг учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3, 4.1.12, 4.1.15, 4.1.26-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Талийгаач гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост хийсэн анхны гадна үзлэгээр нас бараад 3-4 цаг болсон...” гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 79-90/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2253 дугаартай: “...Шинжилгээгээр амь хохирогч Б.Ж-ийн цогцост тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хавсарсан гэмтэл, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины завсарт аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цусан хураа, хуйхны цус хуралт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, баруун 1-11-р хавирга, зүүн талд 1-9-р хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралтай, гол судасны тасрал, үнхэлцэг хальс, зүрх, ходоодны хатгагдсан шарх, хэвлийн урд ханын ил шарх, элэгний эдийн бяцрал, урагдал, баруун шуу, дунд чөмөг, шаант, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, умдаг ясны холбоос салсан хугарал, хуухнагт няцарсан шархтай, хоёр гуянд цус хуралт, дух, зүүн хөмсөг, чамархай, хамар, зүүн хацар, цээж хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Их тархины хоёр тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, бага тархины завсарт аалзан хальсан доорх цус харвалт, ховдлуудын цусан хураа, хуйхны цус хуралт, сээрний 3-р нугалмын их биеийн хугарал, мултрал, нугасны бүрэн тасрал, баруун 1-11-р хавирга, зүүн талд 1-9-р хавирганы хоёрлосон зөрөөтэй хугаралтай, гол судасны тасрал, үнхэлцэг хальс, зүрх, ходоодны хатгагдсан шарх, хэвлийн урд ханын ил шарх, элэгний эдийн бяцрал, урагдал, дунд чөмөг, шаант, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтлүүд нь хохирлын хүнд зэрэг, баруун шуу, умдаг ясны холбоос салсан хугарал гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэг, хуухнагт няцарсан шархтай, хоёр гуянд цус хуралт, дух, зүүн хөмсөг, чамархай, хамар, зүүн хацар, цээж хэвлий, баруун гуянд зулгаралт гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь тархи, цээж, хэвлий, аарцаг, дээд, доод мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2024.06.20-ны 09:30 цагт хийсэн цогцсын гадна үзлэгээс нас бараад 4-5 цаг болсон байжээ. Үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй, нэгдүгээр бүлгийн цустай байна. Нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 95-106/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Шүүгдэгч П.Б-ий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 11.5. “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин эсрэг урсгалаар явж байсан “Honda Insignt” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тус тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж болон зорчигч Б.С нарын амь насыг буюу хоёр хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ... хоёр хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн П.Б-ий үйлдсэн хэргийг зүйлчилсэн байна гэж дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Анхан шатны шүүх, шүүгдэгч П.Б-ий хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан “...хорих ялын хэмжээг багасган хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч Б.Намнансүрэнгийн гаргасан хохирогч нарт төлөх гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Д.Ч-оос гаргуулахаар шийдвэрлэж өгөх талаарх давж заалдах гомдлуудыг хүлээн авч, гэмт хэргийн улмаас амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлын зарим хэсгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Ч-оос гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хариуцагч Д.Ч: “....караокеноос 04 цаг өнгөрч байхад гараад, нэг ахынхаа автомашин дотор юм ярьж сууж байгаад, би харихаар болоод ангийн дүү П.Бий гэр нь тэндээс ойрхон болохоор нь би түүнийг гар утсаар нь залгаж дуудаад өөрийн Toyota crown загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулсан. ... Би Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсгийг ойлголоо, ослын улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийг хариуцахад надад татгалзах зүйл байхгүй...” /1-р хх-ийн 71-72, 76/, шүүгдэгч П.Б: “...унтаж байхад үүрийн 05 цагийн үед миний утас руу Ч залгаад “Сансарын тунел дээр байна, анх нь жоохон уучихсан байна, автомашин жолоодоод гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхээр нь би гэрээсээ Сансарын тунел дээр явж очоод ... би Чын автомашиныг жолоодон, Ч автомашины урд буюу жолоочийн хажуугийн суудалд суугаад явсан бөгөөд 13 дугаар хороолол өнгөрөөд Дүнжингаравын уулзварт ирэх үед Ч надад хандан зүүн эргэчих ах нь жоохон салхилмаар байна гэж хэлэхээр нь би Дүнжингаравын уулзвараар зүүн эргээд явж байхад Шинэ зуун айл худалдааны төвийн эргэлтэн дээр эргэх үед миний жолоодон явсан автомашины өөдөөс нэг машин орж ухаан алдсан байсан. ...” /1-р хх-ийн 243-245/ гэсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Toyota crown загварын 0000 ААА улсын дугаартай, өмчлөгч Д.Ч болох талаар Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа/1-р хх-ийн 30” зэргээр Toyota crown загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэний хариуцагч Д.Ч нь өөрийн очих газраа хүргүүлэхээр шүүгдэгч П.Б-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг олгож, замын хөдөлгөөнд оролцуулсан болох нь тогтоогдож байна.
Иймд хэргийн бодит байдал, үйл баримтад нийцүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар:
амь хохирогч Б.С-ийн хууль ёсны төлөөлөгч С.Г-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 115,170,000 төгрөгийн 60 хувь болох 69,102,000 төгрөгийг шүүгдэгч П.Б-ээс, 40% болох 46,068,000 төгрөгийг иргэний хариуцагч Д.Ч-оос гаргуулахаар,
амь хохирогч Б.Ж-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 35,607,000 төгрөгийн 60 хувь болох 21,364,200 төгрөгийг шүүгдэгч П.Б-ээс гаргуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
5. Шүүгдэгч П.Б нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1794 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Ч-оос нийт 60,310,800 төгрөгийг гаргуулж, 46,068,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д, 14,242,800 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т,
шүүгдэгч П.Б-ээс нийт 90,466,200 төгрөгийг гаргуулж, 69,102,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-д, 21,364,200 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-т тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан “ял шийтгэлийн хөнгөрүүлэх” талаарх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ий 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ