| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0235/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/238 |
| Огноо | 2018-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Р.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Б-т холбогдох эрүүгийн 1838006060317 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Р.Б-,
Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Уул сумын 3 дугаар багт иргэн М.Б-ийн зүүн сарвууны дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Уул сумын 3 дугаар багт иргэн М.Б-ийн зүүн сарвууны дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн: “ ... М.Б- орж ирээд заамдаж аваад боосон. Тавиулах гэж ноцолдож байгаад би дээр нь гартал М.Б- хуруугаа нүд рүү хийгээд ална гээд дайраад айсан. Нэг мэдэхэд хуруу нь ам руу орж ирэхээр нь амь тэмцэхдээ хурууг нь хазсан... Би хохирогч М.Б-ийн гарыг хазсан нь үнэн, түүний улмаас БилэгӨрөнхийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг / ххийн 17-18 дугаар хуудас /,
Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... 2018 оны 07 сарын 04-ний өдөр Бямба-Очирыг хөдөөнөөс ирсэнийг хүүхдүүдээс сонсоод гэртээ хүлээгээд ирэхгүй болохоор гь орой 23 цагийн үед байх Р.Б- гэдэг айлд байж магадгүй гэж бодоод яваад очсон. Хашааных гадаа Бямбажавын машин зогсож байхаар нь байгаа юм байна гэж бодоод гэрийнх нь үүдийг тогшсон. Онгойлгохгүй болохоор хүчтэй нүдтэл Р.Б- үүдээ онгойлгож өгсөн. Миний уур хүрээд машин нь байхад өөрөө байхгүй гэж юу байдаг юм гээд бид хоёр зодолдож эхэлсэн. Нэг мэдэхэд би доор нь орчихсон, ноцолдох явцдаа нүүрийг маажчихсан чинь миний гарыг ам руугаа хийгээд хазсан. Би зодолдохоо больж хуруу өвдөөд байхаар нь тавиач гэхэд улам хүчтэй хазаад байсан. ... Хувиараа эм тариа авч боож байсан. Эмчилгээнд 20.000 төгрөг л зардцуулсан байх. Би гомдолгүй байна Эмчилгээнд гарсан зардал болон нааш цаашаа явсаны зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-15 дугаар хуудас/,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Намайг хажуу өрөөнөөс харж байхад М.Б- орж ирмэгцээ Р.Б-ыг заамдаад авсан. Тэгээд ноцолдоод салахгүй болохоор нь би гарч ирсэн. Тэр хоёр юу гэж ярьсныг сонсоогүй. М.Б- хуруу хазчихлаа гээд орилж байсан. ...” гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 дугаар хуудас /,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 386 дугаартай “ М.Б-ийн биед зүүн сарвууны дунд хуруунд шарх, зүүн хацарт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. М.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт / хх-ийн 23 дугаар хуудас /,
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Цагаан-Уул сумын 3 дугаар багт иргэн М.Б-ийн зүүн сарвууны дунд хурууг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч М.Б-, гэрч А.Бямба-Очир нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Р.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч М.БилэгӨрнөхөд 50.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 43 дугаар хуудас/
Эрүүгийн 1838006060317 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006060317 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР